mmnews.mn | 2025-11-02

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
"2024 оны хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга" уулзалт боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны нэг дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын түвшний “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцов.            Айлчлалын хоёр дахь өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Гүнтэр Бэгер тэргүүтэй төлөөлөгчдтэй хоёр талт уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ололт, амжилтыг онцлон тэмдэглэж, цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглэв. 2024 оны 07 дугаар сард Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдах үеэр НҮБ-ын АҮХБ-ын удирдлагуудыг Монгол Улсад айлчилж, дээрх арга хэмжээнд оролцохыг урилаа.Дараагаар дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан (ХААХОУС)-ийн Дэд ерөнхийлөгч доктор Жерардин Мукашимаратай уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС хоорондын түншлэлийн хүрээнд тогтвортой үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн тогтолцоог бий болгоход гол хүч, анхаарлаа төвлөрүүлж ирсэн, малчид, хоршооллуудыг дэмжиж, тэдгээрийн зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсныг дэд сайд сайшаан онцолсон.Талууд ХААХОУС-ын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж ирсэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 2 дугаар үе шатыг санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газрын ХААХОУС-ын өмнө хүлээсэн үүргийн талаар санал солилцож, ажиллалаа.Мөн өдөр нь Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс (ДБНУУ)-ын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Мэттоз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг ойрын хугацаанд ДБНУУ-д ажлын айлчлал хийх, мал, амьтны эрүүл мэнд, мөшгөх тогтолцоо, бүртгэлжүүлэлт, хамгаалалттай аж ахуй, эрүүл бүс, хүнсний үйлдвэрлэл болон инновац, судалгааны хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.2024 оны 01 дүгээр сарын 19-ий өдөр мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ахлах эдийн засагч, захирал ноён Максимо Тореро-той уулзалт зохион байгуулав. Монгол Улс НҮБ-ын ХХААБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг 2023 онд тэмдэглэсэн, тус байгууллагын манай орны хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, дараагийн 50 жилийн ажлын төлөвлөгөөний талаар талууд санал солилцож ажиллалаа.Нэгдсэн Үндэсний Байгууллагын зүгээс Монгол Улсыг дэмжин 2024 оныг “Олон улсын тэмээний жил”, 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон зарласан холбогдуулан Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй бэрхшээлийг үнэлэн тогтоох, даван туулах арга зам, шийдлийг хамтран боловсруулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргаж ажиллахаар тохиролцов.
2024/01/23
486
ДЭЛХИЙ
Иран улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, экспорт, импортоо нэмэгдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт 2024 оны нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Хэбэй, Шандун мужуудад болон Шанхай хотод албан томилолтоор ажиллалаа.Албан томилолтын үр дүнд, Хэбэй, Шандун мужуудын зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.Мөн агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх хүрээнд агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, иргэний нисэхийн чиглэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг асуудлаар мужийн удирдлагуудтай санал солилцов.Түүнчлэн Иран улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, манай хоёр улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.Ингэснээр хоёр улс аль аль нь экспортоо нэмэгдүүлж, манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
2024/01/23
369
ДЭЛХИЙ
Өмнөдийн дээд түвшний уулзалт эхлэв
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн шийдвэр гаргах гол механизм болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо 2024 оны 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болж байна.“Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдвийн хүрээнд болж буй Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтаар хөгжиж буй орнуудын түншлэл, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг арилгах, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, цахим эдийн засаг, шилжилт хөдөлгөөн зэрэг өргөн хүрээний олон асуудлыг хэлэлцэх юм.Дээд түвшний уулзалтад Уганда, Ботсвана, Экваторын Гвиней, Шри Ланка зэрэг улсын Ерөнхийлөгч, Куба, Бенин, Мальдив зэрэг улсын Дэд ерөнхийлөгч, Алжир, Гаяана, Руанда, Эсватини, Өмнөд Африк, Филиппин, Сингапур, Бразил зэрэг улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг 130 гаруй улс, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид оролцож, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөгжиж буй орнуудын түншлэлийг бэхжүүлэх талаарх байр сууриа танилцуулж байна.Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад оролцож байгаа бөгөөд тэрээр 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, санаачилгын талаар танилцуулна.Өмнөдийн дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтын дүнгээр төлөөлөгчид олон улсын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын хөгжлийн дэмжих замын зураглал болох төгсгөлийн баримт бичгийг гаргана.Хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий 77-ийн бүлгийн үйл ажиллагаанд Монгол Улс 1989 оноос хойш идэвхтэй оролцож байна.
2024/01/23
388
ДЭЛХИЙ
Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийжээ
Монгол Улсаас анх удаа 6 хүнтэй баг Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийгээд иржээ. АНУ-д 20 жилийн өмнө байгуулагдсан аналог төв дээр манай улсын баг 287 дахь баг болж зочлон, Марс руу илгээгдэх хүмүүс ямар нөхцөлд, юу хийх ёстой вэ гэдэг даалгаварыг биелүүлсэн байна.Энэ талаар “МARS V” төслийн багийнхан  /2024.01.19/ иргэний нисэхийн салбарынханд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах үеэрээ танилцууллаа.Тус туршилтын судалгаа нь Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагаас хойш анх удаа сансарт илгээх хүмүүсийг бэлтгэх сургалтанд суугаад ирсэн тохиолдол болж байгаа юм.МARS V төсөл нь Монгол Улсын говь хээрийн бүсэд сансрын нисэгчдийг бэлтгэх бааз, олон улсын сансрын технологийн хүрээлэн бүхий аялал жуулчлалын загвар хотыг байгуулах зорилготой.Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан МARS V төслийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд  ИНЕГ-ын дарга тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй. ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн шинэчилсэн бүтцээр байгуулагдсан Бизнес, хөгжил төлөвлөлтийн газар нь тус төслийн багтай хамтран ажиллах нэгжээр томилогдож, энэхүү MARS V төслийн хэрэгжүүлж буй ажлын талаар салбарынхандаа мэдээлэл өгүүллээ.
2024/01/22
439
ДЭЛХИЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Шандун мужийн удирдлагуудтай уулзлаа
Тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч Шандун мужийн удирдлагуудтай уулзлаа. Мужийн удирдлагууд, бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцууллаа. Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.Уулзалтын хүрээнд: Иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотуудруу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх; Зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах;  Баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.    
2024/01/22
375
ДЭЛХИЙ
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд Давос хотод зохион байгууллаа.“Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион байгуулсан “Welcome to Mongolia”-ийн хүрсэн үр дүн, Монгол Улсын эдийн засгийн орчин сэргэж буй зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр олон улсын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулаад жил бүр Улаанбаатар хотноо болдог Монголын эдийн засгийн форумд 2024 онд хүрэлцэн ирэхийг урилаа.2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүнгүүд гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн. Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Дотоод нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулсан. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд онцоллоо.Давос хотод зохион байгуулсан “GoMongolia” арга хэмжээнд Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далай бүсийн тэргүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн Жөү-Өүк Лий, Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далайн асуудал хариусан дэд дарга Пиамит Бинг Чомпрасоб, Лондонгийн металлын биржийн гүйцэтгэх захирал Матью Чэмберлэйн, Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан, “Air Asia” компанийн үүсгэн байгуулагч Тони Фэрнандэс, “Rio Tinto” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, “Partnership for Central America”-ийн гүйцэтгэх захирал Жонатан Фантини Портер, CNN сувгийн сэтгүүлч Ричард Квэст зэрэг нэр хүндтэй олон зочин, бизнесмэн, хөрөнгө оруулагчид уригдан оролцлоо.
2024/01/22
397
ДЭЛХИЙ
Буданов: Украин цэрэг нэмж дайчлахгүйгээр амжилтад хүрэхгүй
Украины зэвсэгт хүчинд цэрэг дайчдын бие бүрэлдэхүүний дутагдал мэдэгдэхүйц байгаа талаар Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов мэдэгджээ."Бид цэрэг нэмж дайчлахгүйгээр амжилтад хүрч чадна гэж бодох нь санаанд ч  багтамгүй зүйл" гэж тэрбээр Financial Times сонинд ярилцлага өгөх үедээ онцлон дурдсан байнаҮүний зэрэгцээ Украины Зэвсэгт хүчний зуны сөрөг довтолгоо амжилтгүй болсон нь гамшиг биш хэмээн Буданов үзэж байгаа аж.2023 оны арванхоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  хагас сая хүртэлх хүнийг армид нэмэлтээр татах хүсэлтийг Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргаж байгааг зарласан. Дайчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгад насны хязгаарыг бууруулах, цэргийн алба хаах, хойшлуулах хэд хэдэн заалтыг хүчингүй болгохоор  тусгасан байна.
2024/01/21
366
ДЭЛХИЙ
Абхазын галерейд гал гарсны дараа дөрвөн мянган зурагаас 150-ыг л аварчээ
Сухум дахь Абхазын улсын галерейд гарсан томоохон түймрийн дараа дөрвөн мянган зурагаас 150 орчим нь аврагдсан байна. Энэ талаар Соёлын яамны даргын үүрэг гүйцэтгэгч Динара Смир мэдэгджээ.Түүний өгүүлснээр, нурангид дүн шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд тэндээс олдсон уран зургийн хэлтэрхийнүүдийн тусламжтайгаар  заримыг нь сэргээж магадгүй юм. Галын хохирлыг үнэлнэ гэж РИА Новости мэдээллээ.Нэгдүгээр сарын 21-нд шилжих шөнө Абхаз улсын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд гал гарсны улмаас галерейн бараг бүх цуглуулга шатсан аж.
2024/01/21
380
ДЭЛХИЙ
ОХУ, Египетийн ерөнхийлөгчид Эд-Дабаа атомын цахилгаан станцын шинэ блок дээр бетон цутгах тушаал өгнө
 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Египетийн удирдагч Абдель Фаттах ас-Сисигийн хамт "Эд-Дабаа" атомын цахилгаан станцын барилгын шинэ шатанд зориулсан ёслолд оролцоно. "Тэд гарч ирээд эхний бетон цутгах тушаал өгнө" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.Өмнө нь "Россия 1" телевизийн "Москва. Кремль. Путин" хөтөлбөрөөр Оросын удирдагч энэхүү арга хэмжээнд онлайн хэлбэрээр оролцоно хэмээн дурдаж байсан билээ. "Эд-Дабаа" бол Египетийн анхны атомын цахилгаан станц бөгөөд түүний барилгын ажлыг Росатом гүйцэтгэж байна. Дөрөв дэх эрчим хүчний блок дээр эхний бетон цутгалтыг эхлүүлснээр станцын бүхий л бүтээн байгуулалтын барилгын үндсэн үе шатанд шилжих юм. 2023 оны 10-р сард анхны эрчим хүчний блок дээр мэргэжилтнүүд цөмийн тоног төхөөрөмж суурилуулж эхэлжээ.
2024/01/21
395