НИЙГЭМ
НИЙГЭМ
Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгыг шийдэх талаар санал солилцлоо.Агаарын чанарын хуульд заасны дагуу дүүргүүдийн шар болон ногоон бүсчлэлийг тогтоосон. Ногоон бүсчлэлд 101 мянган айл багтаж байгаа бөгөөд энэ бүсэд цаашид хатуу түлш хэрэглэхгүйгээр үе шаттай хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гарсан билээ.Төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай санал солилцох үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил ногоон бүсчлэлд хамрагдсан 51 мянган өрхийн сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэх ажлыг зургаадугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Уг ажлыг есдүгээр сарын 15-нд гүйцэтгэж дуусна” гэв.
2025/05/19
125
НИЙГЭМ
Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
СХД-ийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа. Дээрх байршилд өмнө нь орон сууцны барилга барих зориулалтаар гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байсан. Газрыг хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц гарц хааж хашаалсан байсан юм. Иймээс зөрчлийг арилгаж, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
2025/05/19
126
НИЙГЭМ
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэгдэх авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг зам дээр зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж ирсэн. Иргэдийн зүгээс дээрх авто замыг шинэчилж өгөөч гэсэн санал хүсэлт цөөнгүй ирүүлсэн учраас нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байна. Тус авто замын ажлын гүйцэтгэгчээр "Фючер Прогресс" ХХК ажиллаж байна. Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Замыг засаж, шинэчлэхдээ 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь тавьж, 5 см өнгөн хучилт хийнэ. Зорчих хэсгийн баруун талаар дугуйн зам, зүүн талд нь явган зам барина. Ус зайлуулах хоолойг замын налуу хэсгүүд дээр шийднэ. Тиймээс зам засварын ажлыг гурван хэсэгт хувааж, авто замыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, цементэн суурь бэхжих 48 цагийн хугацаанд гол замын хөдөлгөөнийг хааж, түр зорчих зам гаргаж зохицуулалт хийнэ. Бидний тооцооллоор хэсэг бүрийг ойролцоогоор дөрвөн өдөр хааж, засвар шинэчлэлтийг хийнэ. Авто зам дээр ус тогтохоос сэргийлж, зургаан байршилд авто замаас доош 10 см орчим хоолой гаргана" гэв.Авто замын ажлыг гүйцэтгэгч "Фючер Прогресс" ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр "Өвөр гүнтийн замын эвдэрсэн хэсгүүдийг шинэчилж, хашлагуудыг солино. Дугуйн зам, явган хүний замыг шинээр барина. Ус зайлуулах хоолойн бөглөрлийг арилгаж, уулын шуудуу гаргана" гэлээ. О.Энхбаатар: Өвөр гүнтийн замд замбараагүй орц, гарц гаргаж, шуудууг эвдсэнээр ус ихээр тогтдог болсонНЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Өвөр гүнтийн замыг энэ жил ийнхүү шинэчлэхээс гадна 2024 онд тус замын намагтай хоёр хэсэг газарт 1.5-2 метр гүнд суурь сольсон. Тус замын эвдрэлийн гол шалтгаан нь орц, гарц замбараагүй гаргаж, шуудууг нь эвдсэн учраас ус тогтдог болсон байсан. Тиймээс бид одоо эхэлж буй засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 метр замыг цементээр бэхжүүлж, хоёр талын явган хүний болон дугуйн замыг 1.5 метр асфальт бетоноор хучна. Мөн шуудууг дахин шинээр барьж, орц, гарц бүр дээр 500-700 метр ус зайлуулах хоолойг хийхээр төлөвлөөд байна" хэмээн тодотгов. Нийслэлийн хэмжээнд энэ онд 41 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газраас хийж байна. Үүнээс 33 байршилд нь он дамжих зам засварын ажил, 8 байршилд нь шинээр зам барьж байна. Өнгөрсөн долоо хоногт Гранд плазагийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн зам засварын ажил дууссан. Үргэлжлүүлэн энэ жишгээр Гранд Плазагийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх зам засвар, Денверийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу зэрэг байршилд зам засварын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэнэ. Зам засварын ажил нь улирлаас шалтгаалж богино хугацаанд явагддаг тул зайлшгүй нөхцөлд ажлын өдрөөр хэсэгчлэн хааж, ажил гүйцэтгэх шаардлагатай байдаг тул иргэдийг хүлээцтэй хандаж, засвар, шинэчлэлтийн талаарх мэдээлэлд ойр байхыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж хэллээ.
2025/05/19
124
НИЙГЭМ
Тахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна
СХД-ийн 33 дугаар хороо, Тахилтад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. Уг цогцолборын барилга угсралтын ажил 89 хувьтай үргэлжилж байна. Тус барилга нь 36м х 36м хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай юм. Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлыг хийж байна. Тус цогцолборын барилга угсралтын ажлыг “Байгаль-Алтай” ХХК хийж гүйцэтгэж байна. Тус цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна.
2025/05/19
124
НИЙГЭМ
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид шилжүүлж авав. Тодруулбал, 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийджээ. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд байв. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.Тэгвэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлж авав.Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав.Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авав.Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаанд оруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Газрын дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах юм. НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр Ж.Хатанбаатар Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын баг ажиллуулж байв. Өнгөрсөн сарын 15-нд нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авав. Уг төвийг шинэчлэн засварлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн 100 ортой тасаг, 12 төрлийн кабинет, дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
2025/05/19
151
НИЙГЭМ
НЗДТГ, Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
НЗДТГ болон Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэгт хамтарч ажиллах юм.Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монголын барилгын үндэсний ассоциацитай дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.Нэгдүгээрт, олон улсын жишиг инженерийн холбоодын гэрээ болон хууль, эрх зүйг эх орондоо нутагшуулахад хамтран ажиллана.Хоёрдугаарт, Монгол Улсын дэд бүтцийн салбарын хууль, эрх зүйн орчныг хамтарч өөрчлөх, ингэснээр монгол компаниуд мега төслүүдэд оролцох боломжтой болох юм. Мөн санхүүгийн эрх зүйн орчныг зохицуулснаар дотоодын үйлдвэрлэгчдийн худалдан авах чадвар болон төсөл гүйцэтгэх боломжийг нээнэ.Гуравдугаарт, Улаанбаатар хотын 24 мега төслүүд болон бусад бүтээн байгуулалт дээр монгол барилгачдыг дэмжих талаар санамж бичиг байгуулж, цаашид хамтран ажиллах боломжтой болно.Дөрөвдүгээрт, Монгол Улсын хэмжээнд залуучууд инженерийн мэргэжлээр сурах нь ховордсон байна. Тиймээс хамтдаа инженерийн мэргэжлийг орон даяар сурталчлах, зөв таниулах, залуучуудыгаа уриалах зэргээр сошиал компанит ажилд ассоциацитайгаа хамтарч ажиллана. Ингэснээрээ, Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад инженерийн мэргэжлээр сурч байгаа залуучууд мэргэжлээрээ бахархах, улсдаа бүтээн байгуулалтууд хийх суурийг бүрдүүлнэ.Худалдан авах тухай хуулийг өөрчлөх тухай санал оруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн дэд бүтцийн хуулиуд дээр шинэчилсэн найруулга, өөрчлөлт оруулах талаар бэлтгэл ажил явж байна. Ялангуяа дэд бүтцийн буюу төмөр замын, авто замын, барилгын, эрчим хүчний тухай асуудалд холбоотой хуулиуд дээр дэлхийн стандартын дагуу шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг хийгээд явж байна. Яагаад гэвэл томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин манай улсад байдаггүй. Иймд, цаг үетэйгээ нийлүүлж бүтээн байгуулалтын шинэ аргачлал хэрэглэж ажиллах тал дээр хамтдаа өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна” гэв. "Монголын барилгын үндэсний ассосиаци" ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан “Сүүлийн жилүүдэд зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад Монгол Улсад орон сууцны барилгын ажил хурдацтай явж байна. Статистикаас үзэхэд сүүлийн нэг жилд 20 мянга гаруй орон сууц ашиглалтад орсон байна. Цаашид энэхүү том бүтээн байгуулалтын цар хүрээ улам тэлнэ. Тиймээс дотооддоо эдийн засгийн болон нийгмийн үр нөлөөг авч үлдэхийн тулд дотоодынхоо компаниудыг оролцуулах нь чухал юм. Ялангуяа манай орны барилгын салбарыг хувийн хэвшлийн компаниуд бүрдүүлдэг учраас оролцогч нарын санал, санаачилга, шийдэл хэрэгтэй. Монголын барилгын үндэсний ассоциацийн хувьд олон жил энэ асуудал дээр ажиллаж ирсэн тул илүү сайжруулъя гэдэг үүднээс энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа” гэлээ.
2025/05/19
162
НИЙГЭМ
Нийслэл 'Улаанбаатар смарт карт' ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулсан. Нийслэл тус компанийн 24 хувийг эзэмшиж байсан. Тэгвэл 55 хувийг эзэмшигч БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдлээ.Энэ үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл “Улаанбаатар смарт карт” компанийн зөвхөн 24 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол өнөөдөр 79 хувийн хувьцаа эзэмшигч боллоо. Одоо бид нийтийн тээврийн U-Money төлбөрийн системийн жил ирэх тусам буураад байсан орлогыг хянах, нийтийн тээврийн үйл ажиллагаа, дата мэдээллийг өөрсдөө хянах боломж бүрдлээ. Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зөвшөөрөл олгосны дагуу “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үлдсэн хувьцааг нийт дөрвөн хуулийн этгээд эзэмшиж байгаа. Бид цаашид эдгээр компанитай хэлэлцээр хийж, уг компанийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авах ажиллагаа үргэлжилнэ” гэдгийг хэллээ.Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үе шаттай оруулж ирснээс гадна хамгийн сүүлд 10 шинэ автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд үйлчилгээнд явуулж байгаа билээ. Мөн нийтийн тээврийн олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлж болох хялбар хэрэглээг бий болгосон юм. Нийтийн тээврийн автобусанд ухаалаг дэлгэц, WIFI суурилуулах, Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулах зэргээр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, дэвшилтэт технологи, системийг нэвтрүүлэх ажил цаашид ч үргэлжилнэ гэдгийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан мөн тодотголоо.
2025/05/19
170
НИЙГЭМ
37 дахь удаагийн 'Номын баяр'-ын шилдгүүд тодорлоо
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ тодрууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар баярыг нээж, уншигч, зохиолч, туурвигч, хэвлэн нийтлэгч, эх хэл, үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгчдэд баярын мэнд хүргэлээ. Тэр бээр, энэ баяр нь ном унших соёл, дадал хэвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг шинэ бүтээлээ нийтэд толилуулах, түгээх, уншигчидтай уулзах боломжийг бүрдүүлэх, тэднийг дэмжих, урамшуулах зэрэг ач холбогдолтойг тэмдэглэв. Энэ жилийн: “Шилдэг ном”-оор сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”, Шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” хэвлэлийн газар,Шилдэг уншигч-Насанд хүрэгч- “Ном бол цөм” клуб. Архангай аймаг, Шилдэг номын сангаар Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулдаг “Мөнххада” номын сангийн төсөл шалгарлаа. Шилдэг уншигч хүүхэд:Ахлах анги- Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги,Дунд анги-Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги,Бага анги-“Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй,Шилдэг уншигч анги-Дархан-Уул аймаг, Дархан сумын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги тодорлоо. Мэргэн номын шагналыг:“Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөн,“Аргун” хэвлэлийн газар,Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гардаж авлаа. Мөн нэр бүхий 13 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн жилийн “Номын баяр”-т “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Нууц товчооны англи орчуулга, төрийн тахилгат зарим хайрхны судалгаа бүхий бүтээлийг уншигчдад толилуулж байсан. Энэ удаа “Монгол-Казах”, “Казах-Монгол” хэлний толь бичгийг шинээр хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, өргөн барилаа. Номын баярт дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцдог. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн иржээ. Манай улсад жилд дунджаар 4,000 орчим бүтээл шинээр болон дахин хэвлэгддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар 18,000 гаруй ном, бүтээл олон улсын стандарт дугаарт шинээр бүртгүүлсэн байна. Эдгээрийн 22 орчим хувийг уран зохиолын, 10 орчим хувийг боловсролын салбарын, 13 орчим хувийг намтар, түүхийн, үлдэх хэсгийг бусад салбар, шинжлэх ухааны чиглэлээр туурвисан ном, бүтээл эзэлж байгаа юм. “Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Номын баяр ням гарагт өндөрлөнө.
2025/05/19
162
НИЙГЭМ
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын 10 дугаар хуралдаан боллоо. Ээлжит хуралдаанаар “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийн явц, хөрөнгө оруулалт, уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны зохицуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, орон сууцжуулалтын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүдийг шуурхай штабын гишүүд ач холбогдлоор нь эрэмбэлсэн. “Нэгдүгээр тойрог зам” нь 2025-2028 онд нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн төсөл юм. Нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-г ирэх сарын 20-нд дуусгаж, тендер зарлахаар төлөвлөжээ. Төслийн санхүүжилт, газар чөлөөлөлт зэргийг шийдвэрлэхэд Төсвийн тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль зэрэгт зарим өөрчлөлт хэрэгтэйг Хотын удирдлага танилцуулаад Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.Өнөөдрийн хуралдаанаар мөн орон сууцжуулах таван багц үйл ажиллагааны төслийг танилцууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, амины орон сууц барихад зээл олгох, газрын эздэд бизнес хийх боломж бий болгох, гэр хорооллыг дэмжих сан байгуулах, ипотекийн хөтөлбөрийг бага орлоготой айл өрхөд чиглүүлэх зэрэг санал гарч байлаа. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нийслэлийн утааг бууруулахад гэр хорооллын зөв төлөвлөлт, шийдэл чухал. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хэсгийг ахалж ажиллаад, санал дүгнэлтээ боловсруулаад бараг дуусаж байна. Иргэдийн оролцоотой хот байгуулъя, хашаандаа сайхан амьдрах боломж нээж өгье, дулаалгаар утааг шийдье гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дулаанбаатар аян эхлүүлнэ” гэлээ. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, хийн шилжилт, гэр байшингийн дулаалгын ажлаа эрчимжүүлэхийг штабын гишүүдэд үүрэг болголоо. Шуурхай штабын хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр тойрог замын трасс, төлөвлөлттэй танилцлаа. Нэгдүгээр тойрог замтай холбогдох Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаад зарлаж, бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлж, 20 сарын хугацаанд эхний урсгалыг нээхээр тооцоолжээ.Ерөнхий сайд “Говийн бүсэд дөрөв хоног ажиллаад ирлээ. Бүсийн зөвлөлийн хуралдаан амжилтай болж, орон нутгийн удирдлагууд, иргэдтэй хөгжлийн шийдлээ хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ бол монголчууд хэлсэндээ хүрдэг, төлөвлөснөө хэрэгжүүлдэг гэдгийг харуулсан үйл явдал. Нийслэлийн Туулын хурдны зам төсөл ч хөдөллөө. Нэгдүгээр тойрог замын төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц сайн байна. Энэ хоёр зам холбогдсоноор түгжрэл 50 хувиар буурах тооцоолол гарсан. Энэ бол улс төрийн намууд хамтдаа сууж байгаад гаргасан чухал шийдвэр. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байж, эхлүүлсэн ажлуудаа чанартай, тасралтгүй гүйцэтгэж чадвал энэ бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн түгжрэлийг бүрэн шийдвэрлэх боломж байна” гэлээ
2025/05/19
165
НИЙГЭМ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов. 1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон. Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв. Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ. Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов. Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо. 2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
2025/05/09
220
НИЙГЭМ
Дүнжингаравын зам дээр томоохон осол гарчээ
Дүнжингаравын замд том оврын ачааны машин Приус 20 загварын автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна. Өнөө өглөөний 10 цаг 55 минутад тухайн осол бүртгэгдсэн бөгөөд "Приус загварын автомашиныг 40 орчим насны эмэгтэй жолоодон урсгал сөрж орж ирснээр осол гарсан” хэмээн эх сурвалж мэдээллээ. Ослын улмаас 40 орчим насны эмэгтэй хүнд бэртэж, ГССҮТ-рүү хүргэгджээ.
2025/05/06
252
НИЙГЭМ
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
2025/05/05
200
НИЙГЭМ
'Баруун сэлбэ' үйлчилгээний төвийн 1226.96 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1226.96 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа. Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1226.96 ам метр талбайг хувьчлаагүй байсан юм.Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Улаанбаатар Радио” ХХК нь анх нийслэлийн харьяаны радио байсан боловч менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. 2008 онд нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокын зүүн жигүүрт нийт 1226.96 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон. Иймээс нийслэлийн өмчид буцаан авлаа. Энэ асуудал олон жил маргаантай байсны эцэст өнөөдөр "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт талбайг өөр газар шилжүүлэн олгох, тэдний оруулсан зарим хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг буцаан олгох байдлаар өмч хөрөнгөө эргүүлэн авч байна. Цаашид газар ашиглалтыг сайжруулахын тулд нийслэл өөрийн хөрөнгөөр барилгын гадна талбайд байрлах ашиглагддаггүй гүүрэн байгууламж, гараашийг нураана. Үүний дараагаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх санал авах тул аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ. Мөн тэрбээр нийслэлийн өмч хөрөнгө алдагдах, устах, хууль бус ашиглалт, эзэмшилтийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн өмч хөрөнгө иргэдэд үр өгөөжөө өгдөг байх ёстойг онцлов.
2025/04/30
201
НИЙГЭМ
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол. Цагийн хуваарь:Багануураас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30Улаанбаатарт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00Улаанбаатараас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30Багануурт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00 Рейсийн тоо: Өдөрт 4 Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгДашрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
2025/04/30
197
НИЙГЭМ
Ирэх сарын 1-ний өдөр болох 'Хуульчийн Про боно-2025' өдөрлөгт урьж байна
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Өмгөөллийн "Легал гайд" ХХН, "Сноухилл консалтанси" ХХН, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, "Анбаунд Монгол" ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм. Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллийг авахыг урьж байна.
2025/04/30
206