mmnews.mn | 2024-05-20
Боловсролын салбарын цахим шилжилт
Боловсролын салбарын цахим шилжилтийг хийх үүднээс бид Цахим шилжилтийн суурь асуудал болох интернэт, дэд бүтэц, компьютер хэрэгсэл, үйлдлийн систем, цахим платформ, контент зэрэг асуудлыг Үндэсний боловсролын хөтөлбөртэй нийцсэн байдлаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд бид Microsoft, Google компаниудтай хамтран албан ёсны үйлдлийн системийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн бага ангийн математикийн хичээлийн хоцрогдлыг арилгах, сурагчдыг тоглонгоо суралцах боломжоор хангахаар SURAAD, EDUTEN  платформыг нэвтрүүлээд байна. Мөн Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах зорилгоор PEARSON платформыг улсын хэмжээнд төрийн өмчийн 5,6 дугаар ангид хэрэгжүүлж байна. 

Мөн Боловсролын салбарын их өгөгдлийг бий болгож багшаас эхлэн салбарын бүх талын оролцогчид өдөр тутамдаа ашиглах боломжоор хангахад GOOGLE болон Новелсофт компаниудтай хамтран ажиллаж байна. Багш бүрд хиймэл оюун ухаант туслахыг бий болгоход Дотоодын LLM хөгжүүлэлтийн талаар ажилладаг Болорсофт, UBML болон хувь хөгжүүлэгч нартай хамтран ажиллахаар бэлтгэл ажлыг хийж байна. Хүүхэд бүр өөрийгөө хөгжүүлэх, өөрийн үнэлгээний тогтолцоонд шилжихэд Олон Улсын тэргүүлэх контентыг сурагчдад хүргэх шаардлагатай байгаа тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг бүрэн олгохуйц Үндэсний хөтөлбөртэй нийцтэй Монгол хэл дээрх мэдлэгийн сан сурагчдад хэрэгтэй болоод байна.

2024 онд БШУЯ-аас байгалийн ухаан, математикийн хичээлийн ур чадварыг хөгжүүлэх, багшид хичээлээ илүү олон төрлийн агуулгаар баяжуулж, сонирхолтой заах боломжийг бий болгох, тэдний хичээлийн бэлтгэл хийхтэй холбоотой ажлын ачааллыг бууруулах зорилгоор 6-12 дугаар ангийн 133 нэр төрлийн сурах бичгийн агуулгыг баяжуулах, алдаатай дасгал даалгаврыг засах, математик, хими, физик, биологи, газарзүйн сэдвийн сантай, мөн явцын үнэлгээний сантай системийг ерөнхий боловсролын сургуульд нийлүүлэхээр Боловсролын салбарын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэн Боловсролын ерөнхий газарт худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүргийг шилжүүлсэн.

Сургалтын чанарыг сайжруулахад томоохон хувь нэмэр болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн системийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар Боловсролын ерөнхий газар нь нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тендер сонгон шалгаруулалтад Унгар улсын компани, Монгол улсын компаниуд тендер ирүүлсэн байна. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ хуулийн 8 дугаар зүйлийн дагуу дотоодын компани давуу эрхтэй оролцох нөхцөлтэй бөгөөд тендер сонгон шалгаруулалтын шийдвэр нь гараагүй байна. 

Иймд олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаад харамсаж байна.

МЭДЛЭ цахим сургуулийг Виртуал орчинд байгуулахаар Боловсролын мэдээллийн технологийн төв нь 2023 онд 330 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан боловч тухайн худалдан авалтын шаардлагыг хангасан тендерт оролцогч шалгараагүй тул тухайн төсөл арга хэмжээ хэрэгжээгүй болно.
Эх сурвалж: БШУЯ




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ