mmnews.mn | 2024-05-10

СОНИРХОЛТОЙ ТҮҮХ

СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Прокурорын дурсамж: Удам даасан Бөө
2016 оны хавар 5 дахь өдөр ажил тарахын өмнөхөн цагдаагаас 3 хүн дагуулаад ороод ирлээ. Эзгүй хээр газар ухаж байгаад малчид мэдэгдсэнээр баригджээ.  3 метр гүн нүх ухаад, дотор нь ажиллаж байж. Яагаад ингэсэн талаар нь асуухад:Эдгээр гурван залуугийн 2 нь нэг айлын хүргэн, базууд, харин нөгөөх нь тэр айлын удмыг даасан бөө гэнэ. Бөө нэг өдөр бөөлөөд,  тэр айлын өвөг дээдэс нь 1000 бээрийн цаана танай удмын дарж нуусан эрдэнэс байна. Тэрийг очиж ав гэлээ гэжээ. Ингэснээр дарагдмал алт эрдэнэс эрж, олж ирэх экспедиц 3 хүнтэй бүрдэж, хадам аав зардлыг гаргав. Ингээд Улаанбаатараас урагш явсаар Дорноговь аймгийн Мандах суманд ирж хуучин хатсан сайранд эрдэнэс хайсан нь энэ. Азаар нутгийн хүмүүст мэдэгдэж баригджээ. Хэрэв тэгээгүй бол шороо нурж нэг хүргэнээр хохирох байсан.Нөгөө гурваар болсон явдлыг яриулаад, Монгол улс 1.5 сая км том нутагтай. Ийм хүний ийм яриагаар эрдэнэс олох ямар ч боломжгүйг 2 хүргэнд тайлбарлаж өгөв. Маш сайн ойлгов. Ярианы завсарт бөөгөөс: Чи чинь Шар хаданд хэдэн удаа хэвтэж байлаа? гээд асуув. Хариулт : 2 удаа гэж байна.Ойлгомжтой боллоо. 2 хүргэн гайхаад л, тэдний гэр бүл ямар нэг шийдвэр гаргах, ямар нэг үйлдэл хийх бүртээ удам даасан бөөгөөс зөвлөгөө авч хэвшсэн байв. “Одоо та 2 ойлгосон уу?” гэлээ. “Ийм хүн байсныг мэдсэнгүй. Дахиж энэний үгэнд орохгүй” гээд, би асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзаад буцаасан.Via П.Төртүвшин
2024/04/25
989
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Баян, ядуу хоёр юугаараа ялгаатай вэ
Билл Гейтс охиноо яагаад ядуу хүнтэй амьдралаа холбон гэрлэж болохгүй вэ, гэдгийг ингэж тайлбарласан юм. Хэдэн жилийн өмнө би АНУ-д болсон санхүү, хөрөнгө оруулалтын тухай бага хуралд оролцсон билээ. Илтгэгчдийн нэг нь Билл Гейтс байсан бөгөөд асуулт хариултын үед нь би түүнээс хүн бүрийн инээдийг хүргэсэн нэг ийм асуултыг тавьсан юм.Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох таны хувьд охиноо ядуу эсвэл жирийн нэг эгэл даруухан залуутай гэрлэхийг нь хүлээн зөвшөөрч чадах болов уу? Билл ингэж хариулав: Нэгдүгээрт, баялаг гэдэг нь банкинд их хэмжээний мөнгөтэй данстай байна гэсэн үг биш гэдгийг нь ойлгоорой. Баялаг гэдэг бол юуны түрүүнд баялаг бүтээх чадвар юм.Жишээ нь: Сугалаагаар ч юм уу эсвэл тоглоомонд санамсаргүй аз тохион 100 саяын мөнгө олдог хүн бол баян хүн биш, зүгээр л ихээхэн мөнгөтэй ядуу хүн гэсэн үг. Ийм учраас сугалааны саятнуудын 90% нь 5 жилийн дараа гэхэд л эргээд ядуу болж хувирдаг.  Мөнгөгүй мөртлөө баян гэгдсэн танил хүмүүс ч чамд бас байгаа байх. Жишээ нь: Ихэнхидээ бизнес эрхлэгчид. Тэд бол санхүүгийн оюун ухаанаа хөгжүүлж байгаа учраас мөнгөгүй ч гэсэн баялгийн зам мөрд хэдийнэ орсон хүмүүс, энэ бол жинхэнэ баялаг мөн. Баян ядуу хоёр юугаараа ялгаатай вэ? Хэрэв та сургуулиа төгсөхөөр шийдэж, шинэ зүйл сурч, байнга сайжирч байхыг хичээж буй залууг харвал түүнийг баян хүн мөн гэдгийг нь мэдээд аваарай. Асуудлыг төрд байна гэж боддог, баячууд бүгд хулгайч гэж үзэн, тэднийг байнга шүүмжилдэг залууг харвал харин түүнийг ядуу хүн гэдгийг нь мэдээрэй.Баячууд сугарч нисэхийн тулд л зөвхөн мэдээлэл, сургалт хэрэгтэй гэдэгт итгэлтэй байдаг. Харин ядуу хүмүүс болохоор ингэж хөөрч нисэхийн тулд өөр бусад нь түүнд мөнгө өгч дэмжих ёстой гэж боддог.Эцэст нь хэлэхэд миний охин ядуу хүнтэй суухгүй гэж хэлэхдээ, би ингэж мөнгө яриад байгаа юм биш. Би энэ хүний ​​баялаг бүтээх чадварыг нь л хэлээд байгаа юм. Гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь ядуу байдаг нь үнэн. Мөнгөний өмнө ухаанаа алдаж, өөрсдөө мөнгө олох аргаа мэдэхгүй учраас л хулгай хийх гэж дайрдаг. Нэг удаа банкны манаач цүнхтэй мөнгө олоод, банкны захиралдаа өгч гэнэ.Гэтэл хүмүүс энэ хүнийг тэнэг маанагаар нь дуудаж  байсан ч, үнэндээ бол энэ хүн зүгээр л мөнгөгүй баян хүн байж.  Жилийн дараа банк нь түүнд хүлээн авагч ресепшний ажлыг санал болгож, 3 жилийн дараа гэхэд тэр үйлчлүүлэгчдийг удирдах болж, 10 жилийн дараа гэхэд энэ банкны бүс нутгийн салбарыг удирдах болж. Тэрээр одоо олон зуун ажилчдыг удирдаж байгаа бөгөөд түүний жилийн урамшуулал нь гэхэд л өнөөх хулгайлж болох байсан тэр мөнгөнийх нь үнийн дүнгээс ч өндөр байна. Эд баялаг гэдэг нь угтаа бол юун түрүүнд сэтгэлийн төлөв байдал л юм шүү, найз минь. Орчуулсан Норзонгийн Энхбаяр
2024/04/24
13500
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Прокурорын дурсамж: Өмсөж явсан хувцас нь угсраатай хэрнээ доторх бие нь алга болсон....
Мэнэнгийн талд нэг малчин аянганд цохиулж үхсэн байдалтай гэрийн буурийн чинээ газар шатсан, эмээл хазаартай морь нь үхчихсэн, малчны өмсөж явсан хувцас нь яг өмссөн байдалтай угсраатай. Гэхдээ бие байхгүй олдсон юм. Хэргийн газрын үзлэг хийсэн. Шатаад алга болсон юм байхгүй, Морь, иж бүрэн хувцас нь яг өмссөн угсраатай байгаад байдаг. Харин бие нь байхгүй. Гэртээ ирэхгүй. Аянганд цохиулсан гэхээр 3 сард болсон явдал, шатаад үнс болчихсон гэхээр хувцас нь бүтэн. Ойр хавийн хүмүүсээс мэдүүлэг авахаар их цагаан гэрэл гарсан гэхээс өөр сураггүй. Гайхаад бүгдээрээ ярилцана. УЕПГ рүү танилцуулга явуулсан чинь хэргийн мөрдөн байцаалтын харьяаллыг тагнуул хийхээр болоод аваад явчихсан. Одоо болтол 21 жил гайхаж байна. Хэргийг авсан тагнуулын мөрдөн "ийм юм байдаг юм аа" л гэж хэлсэн. Тэр хүн ор сураггүй алга болсон. Гарч ирээгүй.... Миний хувьд 2 таамаглал үлдсэн. 2 нь бодит байж болохоор, 1 нь фантаз, Өөрөө хувцсаа тайлж тавьж орхиод амьдралаа өөрчлөхөөр явсан. Хүн алаад тийм болгож тавьсан. Хэрвээ харь гаригийнханы тухай яриа үнэн бол аваад явсан байх гэж боддог.Via П.Төртүвшин  
2024/04/21
686
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Том Ах
Сүүлийн өдрүүдэд ажил ихтэй, ээжийнхээр орох завгүй явна. “Хүүе хүү минь хүрээд ир, ярих зүйл байна” гээд ээж минь залгаастай. Нэг өдөр арай эрт дууссаных ажлаа тараад очив. Бие гайгүй юу? гэж асуухад зөрүүлээд л “Би яах вэ, чи Болроогийнхоо хөөцөлдөөд буй ажлыг нь нэг шалавлах арга байна уу? Батаа ойрдоо нэг л биш. Чи яасныг нь мэдээдэх. Баяраа бас авгай хүүхэдтэйгээ тар тур хийсэн. Нөгөө юмаа хүртээд байгаа бололтой. Баярмаа удахгүй төрнө. Гэр орон нь хоол унд байна уу?" гээд урсгаж өглөө. Ээлжит гэрийн даалгавар эхэлж буй нь энэ. Ингээд л ээжээсээ даалгавраа аваад шуударлаа даа.Би айлын том, 4 эрэгтэй 4 эмэгтэй дүүтэй хүн. Багад нь нэгнийх нь даалгаврыг нь хийлгэнгээ нөгөөхийг нь бантанг идүүлж, суултуурт нь суулгаж, бас нэгийг нь хуурайлж эрэгтэй хүүхэд гэмээн жаран чавганцын ажил хийсээр дунд сургуулиа дүүргэж, Орос руу сурахаар мордсон доо. Тэнд сурах, наймаа хоёрыг хослуулан байж олсон хэдэн бор төгрөгөө ээж, аав, дүү нартаа явуулдагсан.Араасаа лан лангаар ачаа үүрсэн надад харин сайн хань заяажээ. Айлын бага охин олон дүүтэйг минь мэдсээр байж надтай гэрлэсэн. Халамжтай шүү гээд үнсэхэд нь хичнээн их баярладаг гээч. Хань минь миний дүү нарт их сайн. Азтай золигнууд бас нэг том аниатай болчихож байгаа юм даа.Өнгөрсөн хавар олгойн мэс засал хийлгэхээр түргэнээр эмнэлэгт очвоо. Хагалгааны дараа хажууд хань минь байна. Харц яагаад ч юм дүү нараа хайгаад. Эхнэр “Хөнгөн хагалгаа болохоор ээж дүү нарт хэлээгүй” гэхэд нь уур ёстой дүрсхийв. Утсаа шүүрч аваад ээж рүү залгаад “Би энд үхэж байна мэдэв үү” гэж хэлээд тасалчихав. Хориод минут өнгөрсний дараа манай арми цувж байнаа. Эхлээд ээж дүү нар, араас нь хүргэн бэрүүд гээд бөөндлөө. Бүгд л яаж байна, юу хэрэгтэйв гээд л. Би яахав өндийгөөд суучихсан нэг өрвийсөн юм: Та нарыг мэдээгүй байхад ингээд мажийчих юм байна л даа. Мажийсан хойно ирэхгүй яасын” гээд зарц барлагаа загнаж байгаа ноён аятай таахалзаад л.Эмнэлэгт зургаа хоновоо. Эргэлт гэж бялхам, тасаг дэлгүүр болсон. Хажуугийн орны залуу “Та их сайхан буянтай ах юмаа. Ийм сайхан олон дүү нартай. Танд атаархлаа” гээд эр хүн байж уйллаа. Эвий дээ, 4  дүүтэй ажээ. Харамсалтай нь хол хөндий гэнэ. Жилдээ уулзах нь ховор, уулзсан ч элэг нэг улс мөн үү гэхээр хоосон хөндий байдгаа хуучиллаа. Хөөрхий залууг өрөвдлөө. Тэгэхгүй яахын бөгсийг нь арчиж, бантанг нь халбагадаж өсгөсөн юм чинь гээд би цээжээ түнхийлгэж байгаад нээх сайхан таахалзав. Залуу инээмсэглэж харагдана. Эмнэлгээс гарлаа. Оёо ч сайхан эдгэрлээ. Дүү нар ирж нэгэн оройг сайхан өнгөрүүлэв.Маргааш орой нь утас дуугарав. Цагдаагийн газраас бага дүүгийн нэрийг хэлж, хамтраад зодоон хийсэн байна гэв. Уур дүрс, улангассан амьтан цагдаагийн газар луу харайлгав. Байцаагчтай нь ярилцав. “Ах нь юм байна танд дүүг чинь өгөөд явуулъя. Харин дуудсан цагт бэлэн байлгаарай” гэв. Гарын үсэг зурмар болчихоод нөгөө золигоо хүлээв. Өрвийсөн юм байцаагчийн өрөөнд ороод ирлээ. Байцаагчийн хэлсэн үгэнд ойлгосон дүр эсгэн толгой дохиж харагдана. Миний алга, ам хоёр тэсээд л хүлээгээд байв. Тэгсэн яасын шурд гээд гараад гүйгээд явчихав. Дүүгийн чинь эд юмс гээд байцаагчийн өгсөн юмнуудыг базаад би араас нь харайлгав. Үүдэн дээрээс л өнөөх сүрхий гарыг алдчихав. Гялс мялс бараа сураггүй. Утсаа гарган утас руу нь залгав. Жижиг торонд дуугарч байна. Авлаа, харлаа. Тэгсэн намайг утсан дээрээ “Асаалттай танк” гээд дугаарыг минь хадгалчихсан байдаг байгаа. Дуудлагыг нь харж хэсэг зогсоод ганцаараа инээчихэв.Эвий дээ, миний дүү. Бусдын дүү нар будант хорвоод нэгэн хэвлийгээс унасанаа мартаж амьдарч байхад миний дүү нар мундаг юмаа. Бүр айгаад зугтчихлаа шүү дээ. Бас ахыгаа асаалттай танк гэж боддог юм байна. Ах нь амьд мэнд хорвоогийн тоосыг хөдөлгөж байвал дүү нарынхаа ард асаалттай танк,  урд нь бамбай бололгүй яах вэ. Болох болохгүйд нь аавыгаа орлосон ах байх нь миний үүрэг шүү дээ. Эвий дээ хэдэн дүү нар минь энх тунх, аз жаргалтай байвал ах нь баярланаа хэмээн бодоод алхтал аньсага чийгтэн, хацар нойтон дусалд хайрагдсан нь бахдал  омогшлын нулимс байлаа....За орой болжээ. Ойрын дэлгүүрээс ээждээ дуртай боов сүүг нь аваад очъё доо. Сүүлийн гэрийн даалгавар авснаас хойш овоо удчихлаа хэмээн бодож тэнгэр өөд харав. Жаргах наран надад “Жарганаа ах минь та жаргана. Аавын тань үнэр зөвхөн таниас үнэртдэг” хэмээгээд шоолонгуй инээмсэглээд уулын цаагуур түрхэн жаргаж буй нь тодоос тод мэлмийд буулаа….  Via arigatoukanji.com
2024/04/12
330
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Сэтгүүлч Г.Золжаргал: ….’Ийсус’ Зоригоо
Найз маань хэзээ ч Ийсусийн сүмд  явж байгаагүй. Өнгөт хорвоогийн жамаар бурханд одлоо.....Гэхдээ "Ийсуст" дуу хоолойн өнгөөрөө  сонгогдсон явдал байдаг .Өөрөө  надад олон удаа ярьсан болохоор  түүхийг нь би энэ өдөр дурсах учиртай.1989 бил үү, тэрнээс арай хойхно бил үү? Америкаас Холливуудын киноны уран бүтээлчид манайд ирсэн юм. Монгол кино үйлдвэрт ирж Ийсус киног "ам" барьж монгол хэлээр дуу оруулах  том төсөлтэй ажилласан. Дэлхийн бараг 160 гаруй  оронд өөр өөрийнх нь хэлээр "дубляж" орчуулга хийсэн найруулагч гэж ланжгар байлгүй яахав..Энэ кино, уран бүтээлийн хувьд ч,  киноны хувьд ч ярилтгүй.  Бараг л "Спартак" "Бен Хур" "Титаник" кинотой дүйнэ. Гайхалтай бүтээл. Өөрсдийн Эзэн тэнгэрийнхээ  тухай хөрөнгө хүч гаргаж хийхгүй бол өөр юуг тэгэж хийх билээ,  Америк гүрэн!....Монголд ирээд маш олон жүжигчнээс тохирох дуу хоолойны  "проб" авчээ.  Аваад л байж аваад л байж. Эцсийн эцэст яг таарах  цорын ганц хүнээ олсон нь Зориг байв. Зориг найзын маань зөөлөн дуу,  сэтгэлд хүрсэн ухаарал сэтгэлийн өнгө  үнэхээр гайхалтай. Америкууд Монгол хэл мэдэхгүй ч:- Энэ жүжигчний дуу хоолой яг Ийсус бурханы  дуу хоолой шиг сонсогдоно.  Урьд нь бурханд "ам " барьсан  жүжигчнийг Дэлхийн  олон улсаас хайгаад  олоогүй. Харин  танай  Монголд байжээ  гэсэн.Ингээд Америкаас дуу оруулалт бичих  Холливуудын мэргэжилтнүүд ирж ажилласан. Юун бидний мэдэх практик ажил .  Амьсгаа, үг өгүүлбэр, хатуу зөөлөн хэлсэн үг бүрийг маш нарийн багажаар хэмжиж "дуу хийх"  сэтгэл зүрхний угаас Тэнгэр бурхан ярьж байна уу гэдгээр нь хянаж   ажилласан юм билээ.Холливудын "Ийсус" кино нь уран бүтээлийнхээ хувьд дээгүүр ордог кино ,үнэхээр сайн бүтээл. Өгүүлэгч нь Монголын радиогийн "нөгөө"  Чулуунбат ах уншсан санана. Ингэж найз минь бурханы дуу хоолойгоор дэлхийн нэг чухал  уран бүтээлд мөнхөрчээ. Түүнээ ярихдаа Америкийн киночдын мэргэжлийн  чадварыг гайхсанаа хэлнэ.Харин MNB-гийн "Үдшийн хэмнэл" студид  байхад Авирмэд редакторын "Сартагтайн гуу" нэвтрүүлгийг Ховд аймагт очиж хийсэн  нь Телевизийн анхны нэвтрүүлэг, тун аятайхан болсон гэж зохиогч нь  сэтгүүлч  Авирмэд  олон жил ярьдаг байсан даа. Би  дандаа дэргэд нь сонсоно.Н.Зоригийн  бие нь дээд  ертөнцдөө заларсан ч  дуу оруулсан гадаадын  хэдэн арваар тогтохгүй кино,  өөрийнх нь тоглосон "Аль нь вэ" "Загийн алим" -аас авахуулаад өчнөөн бүтээл энд үлджээ. Тийм  учир биднийхээ дунд  бүтээлээрээ амьд байна.1986-1990 он хүртэл Хүүхэд залуучуудын театрт Нямгаваа найруулагчийн удирдлага дор Зориг, Нямсүрэн, Төмөрбаатар, Бат-өлзий, гээд шижигнэсэн-тажигнасан залуус  монголын тайзны урлагийн тэнгэрт Од болон гялалзаж, Монгол театраар амьсгалж байв.. Тоглолттой өдрийн тасалбар нь   олдохгүй. Хүүхдийн театрын өмнөөс Цирк хүртэл билет хайсан үзэгч багширч машин зам хаагдаад, театрын хаалга руу дайрч, дайн дажин шиг юм болдог байсан үеийн бас нэг гол баатар шүтээн-жүжигчин мөн  Аан харин Эсээ, Зоригоо бид гурав "Үдшийн хэмнэл" студид Үндэсний Телевизийн өнгөтэй өөдтэй нэвтрүүлгүүдийг хийх гэж чардайж явлаа.  Хэн маргах билээ...?Найз маань "бурханы" дуу хоолойтой жүжигчин байлаа.  Тэр дууных нь өнгө нь сэтгэлээс гарахгүй. Ямар сайндаа Америкийн Холливуудаас киночид ирээд  зунжин муу найзыг маань   "Чайка" машинаар ганцааранг нь зөөдөг байхав. Өндөр ч цалинтай. Өөр тийм жүжигчин дуулаагүй дэг. Нэргүйбаатар СГЗ жүжигчин нэг дурсдаг. Болсон үнэн явдал юм ...Оюутны байрны 307 тоот өрөөнд бид хоёр хэсэг сууж олон ч удаа төмс шарж нэг савнаас хувааж идээд, бильярд нүдсэн, хагас сайны орой  манай оюутны "общагт"  физикийн факультетын байрнаас Буян Жагаа ирж дискотека зохиоход Зориг маань  мөн олон удаа DJ нь хийж байв даа.Тэрнийг дурсвал өчнөөн  түүх хөвөрнө.Ингэсгээд өндөрлөе дээ....Сэтгүүлч Г.Золжаргал /Баримтат киноны продюсер/
2024/04/11
621
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Настай хүмүүс ч ичдэг…..
Эмнэлэгт харсан нэг үзэгдэл сэтгэл эмтэлж бичихээс аргагүй болов. Монголчууд настнаа хүндэлдэг сайхан уламжлалтай ч, 60+ настай л бол тэр хүнд ичих нэрэлхэх, хайрлах дурлах, гоёж гангалах эрх үлдээгүй мэт харгис үзэлтэй байх юмаа. Эмнэлгийн сэхээний тасагт ухаан нь орж гаран буй 80 орчим насны эмэгтэй өвчтөнг цээжээр нь нүв нүцгэн түрдэг орон дээр хэвтүүлэн авчрав./Эмээ гэхийг хүссэнгүй, бичвэрийг уншаад учрыг нь ойлгоно/ Дусал, хүчилтөрөгч залгаастай бие нь хүндхэн байсан тул хувцсыг нь тайлсан юм болов уу гэж эхэндээ бодов.Төдхөн өвчтөн ухаан оров. Цээжин дээр нь нөмрөх юм ч харагдсангүй.Гаднаас эрэгтэй, эмэгтэй дадлагын оюутан эмч, нар сувилагчид орж ирж түүнээс асуумж авч үзлэг хийв. Тариа нь  нэмэгдэж, хөгшин сахиуртаа,  надад хэдрэх юм байна уу, би ичээд байна гэв.-Байхгүй ээ. Үзлэг нь дуусаагүй байхад маяглаад гэж 50 гаруй насны охин нь зэмлэв.Гэтэл дуслыг нь солих гэж орж ирсэн сувилагч хөгшний яриаг сонсоод "Аальгүй эмээ вэ?" гээд хөхөрч,  шоолж байна.Хөгшин өрөөнийхнөөсөө ч, өөрийг нь инээж доог хийсэн сувилагчаас ч ихэд  ичиж байгаа нь харцнаас нь  илт байсан ч хүний эрхэнд байгаа  хойно яалтай ч билээ.Охин нь утсаа ухсаар суухад:-Шолхойсон дэлэн унжуулаад... эвгүй юм гэж аяархан хэлсэн юм. Тэгээд орой болсон хойно нэг хүүхэд нь ирж ашгүй юм өмсгөх шиг болсон. Настай эмэгтэй гэдэг олон жил амьдарсан охин шүү дээ! Дотор сэтгэлдээ бага саваагүй охин, цэл залуухан бүсгүй явсан тэр л эмэгтэй настай болчихоод байгаа нь тэр.Анх сэхээний тасагт түүнийг оруулж ирэхэд ухаангүй шахуу байсан бол орчноо мэдэрч, эмч нарын асуумжинд хариулж 2 ч дусал хийж дууссан ч хөөрхийд юм өмсгөөгүй л байлаа.Хөгшин хүнд ичээд байх юм байхгүй гэж манайхан боддог нь их харагддаг. Зарим сошлд танил болсон хүмүүс ч настай ээжийгээ усанд оруулж байгаа, эмчид үзүүлж буй нүцгэн шалдан зураг бичлэг оруулахдаа ээжийгээ ичнэ, хүн л юм чинь нэр хүнд гэж буй гэдгийг хэзээ ч бодохгүй, эцэг эхээ ачилдаг гайхамшигт  хүмүүн гэж хандалт авахад л улайраад байгаа санагддаг. Эрэгтэй, эмэгтэй хэд хэдэн хүн ээжийгээ усанд оруулаад, биеийг нь тослоод гээд нүцгэн шалдан бичлэг оруулж байгааг хараад хөөрхий хөгшдийн нүцгэн шалдан биеийг танихгүй олон  түмэнд цацаж байгаад нь дургүй хүрч байв. За саяхан даа, хоёр гурван хоногийн өмнө, жараад насны эрэгтэй хүн эмнэлэгт ачийгаа сахиж бга гэргийдээ төрсөн өдрийн бялуу лаатай аваачиж гэнэтийн бэлэг барьж буй бичлэг цацагдлаа. Бялуун дээр 58 гэсэн тоон лаа асааж байсан. Гэтэл олноороо тэр бичлэгийг хөөрхөн эмээ өвөө гэцгээн өхөөрдөцгөөн шэйрлэж гарлаа. Тэр өхөөрдөөд байгаа нь ч тохуурхсан, хүнд байж боломгүй гаж инээдтэй явдал гэж үзэж байгаагийн илрэл шдээ.58 настай эмэгтэй нөхрөөсөө төрсөн өдрийн гэнэтийн бэлэг авах нь тийм гайхаж хачирхаж, "өхөөрдөх" явдал огт биш л дээ!Зарим нь бүр, эмнэлэгт байгаа хөгшиндөө торт аваачиж байгаа "Хөөрхөн өвөө" ч гэж байх шиг. Ер нь чиний л өвөө, эмээ биш бол дөнгөж жар хүрч яваа, дал шүргэсэн хүмүүсийг нээх эмээ өвөө гэж налиганах нь бүдүүлэг явдал шүү!Тэр хөөрхөн өвөө гэсэн хүүхэн 30 гарсан л хүн харагдсан. Жар ч хүрээгүй хүмүүс яахаараа гучаад насны хүүхний эмээ өвөө болдог юм?Яагаад жараад насны хайртай хос нэгэндээ баяр хүргэх гэнэтийн бэлэг өгөх нь тэгж өхөөрдөж хачирхах явдал юм? Залуу л хүмүүс баяр хөөр тэмдэглэж, нэгэндээ бэлэг барьж хайраа илэрхийлэх ёстой гэж боддог бол ёстой дэлхийгээс хол хоцрогджээ!Хүн амьд сэрүүн л бол хэдэн настай байсан ч нүцгэн шалдан харагдахаас ичнэ гэдгийг настай эцэг эхээрээ шоу хийж усанд оруулж байгаа нтрээ сошлд дэлгэгчид ойлгоосой! Эмнэлэгт нүцгэн байгаагаасаа ичиж буй настныг аальгүй эмээ гэж байгаа сувилагч хүний эрхийн мэдрэмжтэй болбол таарна!Бүх хүнд нэр төр, ичих эмээх мэдрэмж гэж бий! Нас ахимаг хүн харахаараа л учиргүй эмээ, өвөө гэхээ ч болимоор байна! 
2024/04/10
301
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Нарны бүх цадигийг багтаасан зураг….
Ван Гог хэдэн мянган зураг зурсан ч хоёр зуугаад нь үлджээ. Хэн ч худалдаж авдаггүй учраас зурагаа найз нөхөд, таарсан хүмүүстээ бэлэглэдэг байв. Хүмүүс түүний зурсан зургийг зочдын өрөөндөө өлгөхөөс ичиж зовдог байлаа. Тийм этгээд зураг тавибал бусдын нүдэнд солиотой харагдах вий гээд. Ван Гогийн сэтгэлийг бодож л бэлэглэсэн зургийг нь хүлээн авдаг байж. Авсан хойноо арандаг аятай подваль руугаа шидэж орхино. Тийм байдлаар олон зураг нь үрэгджээ. Өнөө үед Ван Гогийн зураг бүхэн сая доллараар үнэлэгдэж байна. 100-хан жилийн дотор юу болоо вэ?Гучин хоёртой байхад нь Ван Гогийг сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлжээ. Уул нь тэр бусдад гай хор болоогүй. Зурагаасаа болж сэтгэцийн өвчтөн гэж оношлогдсон хэрэг. Жишээ нь, оддыг тэр мушгирсан байдлаар зурдаг байсан. “Од ийм биш шүү дээ” гэж хүмүүсийг хэлэхэд “Би ч бас оддыг мушгиа бишээр хардаг. Гэхдээ яг зураад эхлэх үед дотроос минь нэг дуу хоолой маш чангаар хэлдэг: Од угтаа ийм шүү дээ гэж. Дэндүү хол учраас тэдний жинхэнэ дүрийг усан нүд минь харж чадах уу? Миний хувьд тэр дуу хоолойг дагахаас аргагүй” гэсэн. Орчин үеийн физикчид оддын эрчлээг нээжээ. Галзуу солиотой гэж ад үзэгдэж байсан Ван Гогийг ододтой харилцдаг зураач байсныг хүмүүс хожим ойлгосон юм. Гучин гурван насандаа тэр амиа егүүтгэжээ. Сэтгэцийн эмнэлгээс гараад ганцхан зураг зурсан. Тэрээр нарыг зурах гэж бүтэн жилээ зориулжээ. Өглөө ургахаас орой шингэх хүртэл нь нар руу харж, өнгө гэрэл бүрийг сэрж мэдэрч. Үүнээсээ болж хараагаа алдсан юм. Түүнд сайн санасан нэг хүн “Та арай дэндүү юм аа. Ив ижил нарыг нэг л өдөр тольдоод болох биш үү?” гэхэд нь Ван Гог ийн хариулжээ: “Би ижил нар ургаж, жаргахыг харж байгаагүй. Хэзээд дахин давтагдашгүй байдаг. Тэр бүх нарны цадигийг би нэг зурагт багтаах гэсэн юм” Бүтэн жилийн турш нарыг ажсан зураач харах мэлмийгээ алдсан ч санасандаа хүрчээ. Мөрөөдөл болсон зурагаа зурчихаад, Тео дүүдээ бяцхан зурвас бичсэн нь: “Би цөхрөл, гутралаас болж амиа хорлоогүй. Бүх дэлхий доог тохуу хийвч хувь зохиолоо гүйцээсэн азтай хүн, би. Нарны цадигийг ганц зурагт багтааж зурах миний сүүлчийн хүсэл байсан. Өнөөдөр гүйцлээ. Үгээр хэлшгүй ханамж төрлөө. Би амьсгалахын тулд биш, зурахын тулд амьдарч байсан. Одоо боллоо” гэжээ. Тэгээд Ван Гог өөрийгөө буудсан юм. Тийм гүн ханамж, төгс тавирлыг амссанаас хойш үхлийг хүлээн сажилж явах хэрэг юу сан ...Тэр солиотой хүн биш, ердийн молхи сэтгэхүйн хязгаараас хальсан нэгээн...
2024/04/03
371
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Бусдыг бодох, хүндлэх соёл гэж үүнийг хэлнэ.....
Солонгосын Сөүл хотоос АНУ-ын Сан Франциско хотыг чиглэн 10 цаг нисэх нислэгийн үеэр энэ ээж онгоцонд сууж явсан 200 гаруй зорчигчид тус бүрд нь гялгар ууттай бэлэг тараажээ. Уг уутанд чихэр, бохь, чихний бөглөө зэргийг багтаасан бөгөөд нислэгийн үеэр 4 сартай хүүхэд нь уйлж бусдын тав тухыг алдагдуулсан тохиолдолд уучлаарай хэмээн өгсөн аж.Мөн уг уутанд "Сайн уу, би Жан Вүү байна. Би 4 сартай, өнөөдөр ээж, эмээтэйгээ нагац эгчийнх рүү Америк орныг зорин аялж явна. Би анх удаагаа онгоцонд сууж үзэж байна тиймээс бага зэрэг сандарч, айж байна. Хэрвээ би уйлж та бүхэнд төвөг удвал уучлаарай. Би аль болох тайван байхыг хичээх болно, гэхдээ амлаж бол чадахгүй. Хэрвээ миний хоолой чанга байвал чихний бөглөөг ашиглаарай. Аян замдаа сайн яваарай. Баярлалаа." гэсэн мессеж байв.
2024/03/31
374
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Гудамжны амьдралаас Харвардын тэтгэлэгт оюутан болсон түүх
Миний ээж намайг 14 насандаа гудамжинд төрүүлсэн юм.   Ээж бид 2 Нью Иоркын гудамжаар сэлгүүцэн үнэгүй хоол хайж, хогийн савыг нэгд нэгэнгүй ухан өлсгөлөнгөө даран амьдарч байлаа. Би юу ч мэдэхгүй...тэгж л гудамжинд өссөн.   Үнэтэй дэн буудал, орон гэргүй хүний амрах газрыг хайж олно гэдэг үнэхээр амаргүй, ихэнхдээ хүйтэн зам дээр үнэр танартай гудамжны буланд амьдрах тохиолдол их байлаа.Миний гэрийн хаяг үргэлж л Нью Иоркийн захын нэг гудамжны хоолны газрын арын булан байлаа.Тиймээс миний нэр “ОРОН ГЭРГҮЙ ХҮН” болсон юм.Би сурах дуртай.Эзэмшсэн хөрөнгөгүй би, бусадтай адил болохын тулд нэг ном уншаад дахин уншиж, тэр номоо дахин бодох аргыг сонгосон юм.Орон гэргүй хүмүүсийн цуглардаг оромж тосгонд ээж бид хоёр хүлцэн тэсвэрлэхийн аргагүй аюултай харцыг тэсэн, үхэх сэхэхээ үзэн сургуульд сурсан юм.12 жил сурах хугацаандаа бараг л 12 газар сургуулиа солин байж суралцсан.Гэхдээ үнэхээр шантарч болохгүй байлаа.Нэг сард 5 ном уншиж, Нью Иоркийн бүх үнэгүй сонинг нэг бүрчлэн уншсан юм.Гудамжны зам л надад энэ дэлхийн хамгийн өргөн хичээлийн танхим болж байлаа.Мөрөөдөлтэй болж эхэллээ.Дээд сургуульд элсэн орж, өөрийн хувь тавиланг өөрөө өөрчлөх мөрөөдөл...Манай гэр бүл дахин бусдын доог тохууны бай болохгүй байх мөрөөдөл...“Орон гэргүй хүнд дээд сургууль мөрөөдөх ч юм биш" гэж...Хүмүүс бүгд л адилхан үг хэлдэг.Би орон гэргүй хүн шиг харагдахгүйн тулд даруу төлөв байж, хувцсаа ч үргэлж цэвэрхэн өмсөв.Шүдээ тас зуун хичээллэв.11-р ангид байхдаа ээждээ нүүдэл суудал хийсэн ч дахин сургуулиа солихгүй шүү гэж гуйв.Дээд сургуульд орохоор болбол намайг сайн мэддэг багшийн тодорхойлолт хэрэгтэй учраас...Тиймээс би өглөө үүрийн 4 цагт босон хичээлдээ явж, шөнө 23 цагт оромжиндоо ирдэг байлаа.4.0-той ойролцоо дүнгээ сахин хамгаалж, хэлэлцүүлэгт оролцон, багаар ажиллах хөдөлгөөн зэрэг янз бүрийн хөдөлгөөнд оролцов.Бүх газар л надад суралцах талбар болж байлаа.Ингээд өөрчлөлт гарч эхэллээ.Нийгмийн халамжийн газрууд тэтгэлгээр тусалж эхлэв.Олон нийтийн байгууллагуудаас намайг анзаарч харж эхлэв.Надад итгэдэг хүмүүс гарч ирж байна гэсэн үг.Үнэхээр байдаг хүчээрээ хичээсээн...Өөрийн амьдрал хувь тавилангаа өөрчлөхийн тулд зөвхөн урагшаа л харан гүйсэн.Энэ бүгдийн эцэст Броун, Колумбиа, Амхости зэрэг Америк даяар 20 гаруй дээд сургуулиас тэнцсэн гэсэн мэдээг авсан.“Түүнийг тэнцүүлэхгүй бол та бүхэн 2-р Мишель Обамаг алдах болно”         Khadijah Williams!Орон гэргүй байсан би Харвардын 4 жилийн тэтгэлэгт оюутан болсон юм.Би өөрийгөө ухаантай гэдэгт үргэлж итгэлтэй байсан. Бусдын "орон гэргүй юм чинь яасан ч яахав” гэдэг үгэнд дургүй.       Миний нэр КHADIJAH WILLIAMS!!!Дахин хүмүүс намайг “орон гэргүй” гэж дуудахгүй. Мөрөөдөл байхад хүрэх зам зурайж байдаг.Via X
2024/03/28
414
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Герсоны аргаар эдгэршгүй өвчнөө анагаасан түүхүүд
Paul Schofield 38 настай байхдаа 1981 онд элэгний үрэвсэлтэй болж арьс нь шарлаж, элэгний үзүүлэлт нь маш өндөр болж, үе үе халуурч, дотор нь муухайрдаг болжээ. Эмчилж байсан эмч нь таныг баталгаатай эмчлэх эм одоогоор байхгүй тул содтой ус, жүржийн шүүс уугаад гэртээ хөдөлгөөн багатай байхыг зөвлөсөн байна. Ингээд арьсаар эмээл, цүнх, суран бүс, малгай хийж зардаг байсан дэлгүүрээ ажиллуулж чадахгүй болжээ. Өдрөөс өдөрт бие нь дордож байв. Хэцүү байдалд орсон Paul хиреопрактик (нуруу засдаг) хүнээс Герсоны эмчилгээний тухай сонсож номыг нь аваад дэглэмийг нь сахиж, өдөрт 13 стакан сок уусан гэнэ. Бие нь зугуухан сайжирч эхэлж, 2 сарын дараа шинжилгээгээ давтаж, эмч дээ үзүүлэхэд элэгний  үзүүлэлт нь эрүүл хүнийх шиг болсон байна гэсэн аж. Үүнээс хойш үе үе ханиад хүрсэн юм шиг болж бие нь муудахад богино хугацаагаар Герсоны эмчилгээгээ хийгээд зүгээр болдог байж, сүүлдээ бүрмөсөн эдгэрч Герсоны эмнэлгийнхэнд баярласнаа илэрхийлэн захиа бичиж өөрийнхөө зургийг номондоо хэвлэхийг зөвшөөрчээ. 1995 оны 2 сард Paula Ptak 34 настай байхдаа гэнэт нэг өглөө нүдний дунд талын хэсэг нь юм харахгүй болсон байна. Нүдний эмчид үзүүлэхэд ретинопати буюу нүдний шар толбо гэмтсэн гэж хэлсэн байна. 4 сар эмчлүүлэхэд ямарч өөрчлөлтгүй хэвэндээ байв. Ангиографи хийлгэхэд нүдний шар толбон дээр шувууны үүр шиг юм байна гэсэн байна. Өөр нэг нүдний эмчид үзүүлэхэд Histoplazmoza capsulatum гэдэг мөөгөнцрөөр үүсгэгддэг өвчин бөгөөд аэрозоль мэтийн химийн бодис их хэрэглэдэг хүмүүст тохиолддог гээд мэс заслаас өөр  эмчилгээ байхгүй гэсэн байна. Түүний 2 танил нь Герсоны аргаар хавдраа эмчилсэн байсан тул энэ аргаар эмчлэхээр шийдэж өдөрт 2 удаа өглөө, орой кофегоор клизм тавьж өдөртөө хэдэн удаа ногооны шүүс уусан байна. Сар гаруйн дараа нүдийг нь мэс заслаар эмчлэнэ гэсэн эмчдээ үзүүлэхэд толбо маш бага болсон байна мэс засал хийх шаардлагагүй болсон байна гэсэн байна. Ийм богино хугацаанд Герсоны эмчилгээ дархлааны эсүүдийг сэргээж нүдэнд үүссэн мөөгөнцрийг нь эмчилсэнд бөөн баяр болсон байна.Xavier Naude 58 настай байх даа (1992онд)  уушгины ателектаз өвчтэй болж байнга амьсгаадаж, хөдлөх бүрт нь амьсгал нь бөглөчих шахаж хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалдаг болсон гэнэ . Эмч нар уушигны эдийн 70% нь гэмтсэн гэж хэлсэн байна. Үүнээс гадна сарвууны үе нь хүчтэй өвдөж аягатай ус барьж чадахгүй болсон гэнэ. Олон янзын эмчилгээ хийлгээд  үр дүн өгөөгүй тул 1993 онд Герсоны эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн байна. Мексикт ирээд эмчилгээ эхлээд хэдхэн хоноход сарвууны өвдөлт нь гайгүй болж 2 долоо хоногийн дараа алхах үедээ амьсгаадаж хэсэг зогсож амьсгаагаа дардаг байсан нь алга болж 3 долоо хоногийн дараа Англидаа буцан ирж өөрөө эмчилгээгээ үргэлжлүүлж өдөр ирэх тутам бие нь сайжирч байжээ. Эмч нартаа үзүүлэхэд уушигны 50% нь эрүүл болсон байна гэж хэлсэн байна. Сакраменто хотод амьдардаг Александра Леннокс 1984 онд баруун хөхөндөө хавдартай гэсэн онош сонсжээ. Нөхрөөсөө салаад сургуулийн  насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг байв. Нэг найз нь Стэнфордын Их Сургуулийн Анагаахын салбарын хавдрын тасгийн эрхлэгчид үзүүлэх цаг авч өгсөн тул очиж үзүүлэхэд та 2 жил хүрэхгүй амьд явна гэсэн байна. Машинаараа гэрлүүгээ явж байхдаа маш их уй гашууд автаж уйлж явсан гэнэ. Буцаж ирээд гэртээ шууд буусангүй ойролцоо байдаг эрүүл хүнс зардаг дэлгүүр лүү явж дэлгүүрийн эзэнд өөрийнхээ тухай ярихад түүнд Герсоны номыг уншихыг зөвлөсөн тул худалдан авч гэртээ ирсэн байна. Удалгүй Герсоны эмнэлэгт ирж эмчилгээгээ заалгаад өөрөө гэртээ үргэлжлүүлэн 2 жилийн дараа хавдар нь алга болсон гэнэ. Хөхний хавдраа мэс засал, химийн эмчилгээгүй эмчилсэн дээ маш их баярласан байна. Кент Гарднер 46 настайдаа улаан хоолой, мөгөөрсөн хоолойг хамарсан гольфийн бөмбөг шиг том хавдартай болсон гэнэ. Эмч нар дараагийн 5 жилд амьд байх боломж танд 8% гэж хэлсэн тул альтернатив аргаар эмчлэхээр шийдэж Герсон эмчийн номыг авч  20 хоногт 2 удаа уншиж,  бие даан өөрийгөө эмчилж эхэлсэн байна. Эмчилгээ эхлээд 1,5 сарын дараа хавдар нь багасч 7 хоног тутамд багасч байсан гэнэ. Хоолойд буй хавдар нь задарч маш өмхий үнэр гардаг болсон байна. 2,5 сарын дараа нэг удаа ойролцоо байдаг дэлгүүр лүү явж байтал хоолой дээрхи хавдар нь салж байгаа мэдрэмж төрж хоолой руу нь ороход нулимж хаях газар байхгүй байсан тул залгисан гэнэ. Дэлгүүрт ороход дотор нь муухайрч хүйтэн хөлс цутгаж, хамаг бие нь дагжин чичирч, ухаан балартаж өвдөглөн суусан гэнэ. Арай ядан гэртээ ирж 5 өдөр орноосоо ч босох тэнхэлгүй хамаг бие нь суларч хэвтсэн байна. Энэ үед толгой нь өвдөж, дотор муухайрч, гэдэс нь базалж, үе мөч булчин нь өвдөж, халуурч, нойргүй болж зүрх нь дэлсэж  байсан гэнэ. 6 дахь өдрөөс бие нь арай гайгүй болж орноосоо боссон ба үүнээс хойш өдрөөс өдөрт бие нь сайжирсаар эрүүл болсон байна. Энэ хугацаанд эмчилгээгээ байнга үргэлжлүүлж байсан гэнэ. Н.R.Feinstein гэдэг 82 настай эмч түнхний үений үрэвсэлтэй болж маш хүчтэй өвддөг байсан тул Герсоны эмнэлэгт ирсэн байна. Мэс заслаар түнхний үеийг нь солино гэсэн тул татгалзсан гэнэ. Даралт ихтэй тул байнга даралтны эм уудаг ба холестерин нь өндөр  байсан ба сонсгол нь бас муудсан байсан гэнэ. Эхнэр нь үе  мөчний өвчтэй, холестерин нь ихэссэн байсан тул цуг ирсэн байна. Эмчилгээ эхлээд удаагүй байхад холестерин нь багасч, удалгүй даралт нь ихсэхээ больсон байна. 3 долоо хоногийн дараа сонсгол нь эрс сайжирч, даралтны эмээ уухгүй болсон. Удалгүй түнхний өвдөлт нь намдаж рентгенд харахад түнхний эвдэрсэн үе нь сэргэсэн байсан гэнэ. Joergon van Zsidy гэдэг эмч Голланд улсад сэтгэцийн эмчээр ажиллаж байгаад нутагтаа буцан ирж Монреалийн Анагаахын сургуульд багшилж хажуугаар нь натурапат эмчээр ажилладаг байв. 1988 оноос бүх бие нь ядардаг болж бие нь загатнаж, дотор нь муухайрч, бие нь өвддөг болж, сэтгэл гутралтай болсон байна . Удалгүй өтгөн хатдаг болж, үе мөч ялангуяа өвдөг нь хүчтэй өвддөг болсон гэнэ. Үе мөчөө намдаахын тулд аспирин болон бусад үрэвслийн эмнүүдийг уусан байна. Жилийн дараа арьсан доор нь тосны гаралтай гүвдрүүнүүд гарсан ба шинжилгээ хийлгэхэд элэгний үрэвсэлтэй гэж гарсан байна. Арьс нь шарлаж, турж эхэлсэн ба 20кг-г 6 сарын дотор хаясан гэнэ. Үе үе хүчтэй огиулдаг болж хагас жилийн дотор 7 удаа эмнэлэгт хэвтжээ. СТ-шинжилгээ хийлгэхэд элэгний баруун дэлбээнд нь хэдэн жижиг хавдартай, зүүн дэлбээнд  нь 2-3см хавдар байжээ. Удалгүй хөлийн ул нь хавдаж хэвлийд нь шингэн хуримтлаглаж, хавдар нь түргэн томорч юм идэхэд дотор нь муухайрдаг болж, өвдөгний өвдөлт нь маш хүчтэй болж, хэвлийгээр нь ч өвддөг болсон байна. Бие нь эрс муудсан тул химийн эмчилгээ хийлгэж чадахгүй байсан ба сүүлдээ бүр 44 кг турж орноосоо ч босож чадахгүй болсон тул эмч нар хэдхэн хоногийн нас үлдлээ гэсэн байна. Дүүдээ хэлж аав, ээжийнхээ шарилын хажууд өөртөө нүх ухуулж бэлдүүлээд эцэг эхтэйгээ бага насаа өнгөрөөсөн байшиндаа сүүлийн хоногуудаа өнгөрөөхөөр шийдэж Монреаль хотын ойролцоо ууланд байдаг бага насаа өнгөрөөсөн байшин даа ирсэн гэнэ. Дүү нь нэг өдөр ирэхдээ Герсоны номыг авчирсан тул нэгэнт алдах юмгүй тул энэ аргаар үзээд алдая гэж шийдсэн гэнэ. Ингээд сок уудаг болж, кофегоор клизм тавьж эхэлсэн ба өдөрт 8-10 удаа клизм тавьсан ба баас нь өмхий үнэртэй , маш их шимэгч гарч байжээ. Хэсэг хугацааны дараа тамир тэнхээ нь арай гайгүй болж 7 хоногт 0,7 кг жин нэмэж эхэлсэн байна. 8 сарын дараа өвдөгний өвдөлт нь намдсан тул гэрээсээ гарч ойгоор гүйдэг болж, 2 жил эмчилгээгээ үргэлжлүүлж бүрэн эдгэрсэн байна. Эрүүл болсоны дараа ханиад ч хүрээгүй, толгой, өвдөг нь өвдөөгүй цоо эрүүл хүн шиг байсан гэнэ. Урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр миний бие маш сайн байна гэж ярьдаг болсон гэнэ. Эрүүл болоод 7 жилийн дараа Герсоны эмнэлгийнхэнд захиа бичиж баярласнаа хэлж, өөрийнхөө түүхийг хэвлэхийг зөвшөөрсөн байна.1985 оны 8 сард Ronald Patricia Ainey 46 настайдаа нойр булчирхайн хорт хавдар 3-4 үе гэсэн онош сонсжээ. Хавдар нь элэг, цөсний хүүдий, дэлүүндээ  үсэрхийлэл өгч хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байж, өмнө нь архины гаралтай элэгний архаг үрэвсэлтэй байсан тул эмч нар ямарч эмчилгээ тус болохгүй гэсэн байна. Хамаг бие нь өвдөж, ямарч тамир тэнхээгүй болсон байв. Сониноос Герсоны эмчилгээний тухай сонсоод Канадаас Мексик улсруу Герсоны эмнэлэг рүү сүүлчийн найдлага тээн явжээ. Тэнд 14 хоног болж эмчилгээгээ заалгаад бие нь арай гайгүй болоод гэртээ ирж эмчилгээгээ үргэлжлүүлсээр 1986 оны 12 сард эмчид үзүүлэхэд хавдар нь бүрмөсөн эдгэрсэн байжээ. 1999 онд буюу 15 жилийн дараа Герсоны эмнэлэг рүү ярьж баярлаж явдгаа дахин илэрхийлжээ.Rob гэдэг залуу хар тамхинд донтож Герсоны эмнэлэгт эмчлүүлээд зүгээр болсон байна. Үүнээс хэдэн жилийн дараа 1993 онд 77 настай өвөө нь шигдээс болсон ба түргэнээр эмнэлэгт ирээд хүлээж байхдаа тархинд нь цус харваж тал бие нь саатай, ярьж чадахгүй 3 долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. Охин нь буюу Rob-н ээж аавдаа шууд Герсоны эмчилгээ хийсэн ба 3 долоо хоногийн дараа өвгөн босож алхаж эхэлсэн ба 3 сарын дараа ойролцоо байдаг цэцэрлэг  лүү алхаж очдог болж эмчилгээгээ үргэлжлүүлсээр бүрмөсөн эдгэрсэн ба үүнээс 8 сарын дараа 1994 онд 78 настайдаа жолооны үнэмлэх авсан  ба 93 настайдаа бэртлээс болж нас барсан байна. Энэ аргаар үе мөчний өвчин, элэгний архаг үрэвсэл, чихрийн өвчний 2-р хэлбэр, харшил, багтраа зэрэг олон өвчнийг төгс эмчилдэг. Чихрийн өвчний 1-р хэлбэрийг  бүрмөсөн эмчлэхгүй боловч хүндрэл үүсэхээс нь сэргийлж чаддаг байна. Харин энэ эмчилгээнд өдөрт 7.7-9 кг ногоо хэрэгтэй тул химийн бордоогүй цэвэр ногоогоо тарьж бэлдэх ёстой болж байна.       БАДРАХЫН   БАЯРСАЙХАН   КРАКОВ  2021-5-13
2024/03/24
3815
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Монгол эмэгтэйд тас загнуулсан Араб эрчүүд
Голландад 2015 онд сонинд гарч, шуугиан тарьсан гэрэл зураг. Дулаан хувцастай дүрвэгч 7 эр ба 3 хүүхэдтэй хөл нүцгэн эмэгтэй. Монгол залуус бол хувцаснаасаа илүүчлээд, хүүхдүүдийг нь ээлжилж үүрээд явна даа, тийм ээ.Энэ зураг надад нэг үйл явдал санагдуулав. ХОЁР АРАБ ЭР МОНГОЛ ЭМЭГТЭЙГЭЭС ЭРҮҮНИЙ ШӨЛ ХҮРТСЭН ЯВДАЛТэр жил би, хоёр араб эр монгол эмэгтэйгээс эрүүний шөл хүртсэн явдлын гэрч нь болсон юм даг. Би ч гэж дээ бид. Инчоноос УБ хүрэх онгоцонд нэг монгол хүү уйлаад салдаггүй. Ээж нь аргаа барж байгаа бололтой. Гадны зорчигчид цөөхөн, ихэнх нь манайхан. Эхэндээ хүмүүс тэр 2-оос залхах шинжтэй байснаа сүүлдээ санаа нь зовинож асууж байгаа нь монголчууд. "Хүү нь яагаа юм болоо, эгч нь өргөх үү? Ах нь саатуулах уу?" гээд л... Онгоцны үйлчлэгчдийг хэн нэг нь байнга дуудаастай, хонх нь дугарах тоолонд хөөрхий үйлчлэгчид хий дэмий л сандарч ирээд асууна, өөр арга чарга байхгүй шинжтэй.... Тэр ээж, хүү 2-ын арын эгнээ хавьцаа явсан хоёр араб эр цухалдсан маягтай:    - Эмэгтэй та наад хүүгээ дуугүй болгоно уу? Бид удаан тэвчлээ гээд англиар хэлж орхив. Тэр үед л би, байн байн үйлчлэгчдийг дуудаад байсан нөхөд тэр 2 болохыг мэдэв. Яг энэ үед тэр ээжид туслаад хүүг нь өргөж саатуулж байсан монгол эмэгтэй цэвэр англи хэлээр нөгөө хоёр араб эрийг загнаад хаясан.   - Танай нутагт л хүүхэд, эмэгтэйчүүдийн амыг хүчээр хорьдог байх, ардчилсан Монгол руу нисэж байгаа бол хүний эрхийг, тэр тусмаа эмэгтэйчүүд, хүүхдээ дээдэлдэг газар гэдгийг сайн ойлго! гээд тас загнаад. Тэр 2 араб эрийн царай одоо ч нүдэнд харагддаг. Бараг амьдралдаа анх удаа эмэгтэй хүнд загнуулж байгаа болов уу гэмээр 2 бие рүүгээ хараад давхраатай том нүднүүдээ эргэлдүүлээд яахаа мэдэхгүй гайхаад шок шүү дээ. Тэр онгоцонд явсан гэрч нар байдаг бол батлаарай кк.    Монгол эрчүүд бид ч яахав ээ дээ, тэр зэргийн эрүүний шөлөнд дассан улс.Via Tsolmonbaatar Gelenkhuu
2024/03/20
2980
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Хиагтыг чөлөөлсөн түүх
Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөн нь олон жилийн харийн дарлалаас эх орноо чөлөөлөх, тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхаглахад томоохон түлхэц болсон түүхэн үйл явдал юм.Хиагтыг чөлөөлөх асуудлыг 1921 оны гуравдугаар сарын 6-7-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хороо, Цэргийн штабын гишүүдийн хамтарсан хурлаар хэлэлцэж, зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй тул хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдэж, уг хэргийг Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтангаас Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газар шилжүүлэн байрлуулсан байна.Хиагтыг дайлах бэлтгэл хангагдсан гэж үзсэний дараа тус хот дахь хятад цэргийн эрх баригчдад тулган шаардах бичгийг 17-ны өдөр Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар дамжуулан өгчээ.Энэ нь давуу хүчтэй дайсан хориглон суусан олон хөлийн боомт газрыг эзлэн авах нь Ардын журамт цэргийн хувьд төдийгүй энгийн иргэд, хотын оршин суугчдын амь нас сүйдэж, ихээхэн хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн хэрэг байв. Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин Д.Сүхбаатарын нэрээр илгээсэн тэрхүү бичигт “Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захирапд мэдтүгэй хэмээн цаг болзоолон явуулах учир. Манай Монголын ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан даруй танай харьяат цэргүүд зэвсгийг цөм хураалгаж, Монголын Хиагт хотыг хамт бидэнд тушаавал зохино. Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвээс танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж, уул орон нутагт буцааж болно.Хэрэв манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх болбоос манай Монголын цэрэг шууд байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвээс зохино” гэжээ.Хотыг байлдаангүйгээр шилжүүлэн өгөх тухай Ардын журамт цэргийн шаардлагыг хятад цэргийн удирдлага хэрэгсээгүй учир гуравдугаар сарын 17-ны орой Ардын журамт цэргийн хороод Ханын хөндийгөөр өгсөн хоёр улсын хил болох Хонгор морьтын даваагаар давж, Жононгийн хөндийн эх, Эрээн нарсны нуруугаар дамжин шөнөжин явсаар 18-ны өглөө Хиагтын дэргэд хүрч хуралдуулжээ.Хиагт болон түүний орчимд хятад цэргийн 25 дугаар морьт дивизийн штаб, 500 хүнтэй 2 морьт хороо, 400 хүнтэй хотын комендант, Улаан бургасанд 600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо, Ивцэг ба Хиагтын хороонд 3000 хүнтэй 4н хороо, явган цэргийн тус бүр 2000 хүнтэй 1 ба 2 р хороод Ивцэгт 500 хүнтэй 3 дугаар морьт хороо, 1500 хүнтэй явган цэрэг, 12 пулемет, 140 цэрэг бүхий 7 их буутай хүч байрлаж байжээ. Нийслэлээс ухарсан хятад цэргүүдийн тоог оруулаад Цэргийн комиссын мэдээгээр 9000-10000 дөхсөн гэсэн баримт ч бий.Журамт цэргийн хувьд хотыг чөлөөлсний дараа хороодоос ирүүлсэн мэдээ болон журамт цэргүүдийн дурдатгал зэргээс үзэхэд 400 арай хүрэхгүй тооны цэрэг байлдаанд оролцсон байна. Зэвсгийн хувьд 2 их буу, 4-5 пулеметтай байсан бөгөөд ЗОУ-аас Ардын журамт цэрэгт зориулж, 2 дугаар сард морин цэргийн винтов 750, сум 150 мянга, хүнд, хөнгөн пулемет, гар бөмбөг зэргийг урьд хүссэн тусламжийн дагуу ирүүлсэн ба мөн Хиагтыг чөлөөлөх үеэр мянган ширхэг винтов, бусад галт хэрэгсэл өгсөн гэх баримт байдаг.Жанжин Д.Сүхбаатарын боловсруулсан төлөвлөгөө ёсоор хорооны дарга Б.Пунцаг, Ц.Хасбаатарын 1,2-р хорооны цэргүүд Хиагтын баруун талын Эрээн нарсны хамар болон Төгсгөө булагийн эхний манхан хүртэл, хорооны дарга С.Цэрэндоржийн 2-р хорооны цэргүүд Төгсгөө булагийн баруун тал Ноён овооны зүүн Орос булгийн хамар хүртэл. Эрдэнэ вангийн хошууны Ч.Базарсадын 4-р хорооны цэргээс 100 цэргийг баруун үзүүртэй залгаж зуун цэргийн дуган, хойт манхан элс, Дух нарсны дотор хүртэл, Пунцагийн хорооноос 15, Цэрэндоржийн хорооноос 5, Базарсадын хорооноос 20 бүгд 40 цэргийн 20-ийг Оргойтын баруун талын дэвсэгт , 10 цэргийг Ноёны овооны баруун гууд байрлуулж, Тужийн нарс, Согоо булгийн зүгээс Монголд цэргийн харуулыг ороон ирэх гамин цэргийн араар бүслэн байлдах үүрэгтэй байжээ.Хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөний дагуу журамт цэргийн хороод хотыг баруун, баруун хойд, хойд талаас нь довтлохоор байлдааны журам эзэлсэн байна. Хиагтыг чөлөөлөх байлдааны ажиллагаа Ардын журамт цэргийн гэнэтийн довтолгооноор эхэлж, хотыг бүслэн хятад цэрэг бөөнөөрөө хотоос зугатан гарч, удирдах дарга нар нь Оросын хилийн зүг зугатсан байна. Гэсэн ч хятадын морьт цэрэг зохион байгуулалттайгаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд сум галт хэрэгсэл нь дууссан журамт цэргүүд хүчин мөхөсдөж, үдийн орчимд хотоос ухарч эхэлсэн байна.Ардын журамт цэргийн удирдлага сум галт хэрэгслээр хангалт хийхийн хамт замд хоцорсон 2 их буугаа татан ирүүлж галт байр эзлүүлэн, үдээс хойш 16 цагийн үед их бууны галын бэлтгэлийн дараа журамт цэргийн хоёр дахь довтолгоо эхлэв. Энэ удаагийн довтолгоо амжилтад хүрч, хятад цэргийг хотоос шахан гаргасанд тэд Ивцэг, Бөхлөө зэрэг газрыг чиглэн зайлан оджээ. Бүрэнхий болж эхлэхтэй зэрэг байлдааны ажиллагаа зогссон байна. Монгол Ардын түр Засгийн газраас ардын журамт цэргийг хот руу орохыг хойшлуулах тухай мэдэгдсэний дагуу жанжин Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу 1921 оны гуравдугаар сарын 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ.Хиагтын орчимд сарнин тархсан хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж, багагүй хохирол учруулсан байна. Үүгээр Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулав.
2024/03/18
353
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Гайхалтай түүх: Юм бүхэн учиртай....
Надад нэг хуваалцах ёстой түүх байдаг юм. Уучлаарай эрэгтэй хүн захиа бичиж болдог бол нийтлээд өгөөрэй. Одоогоос 37 жилийн өмнө төрөхийн хүндрэлээр маш их цус алдаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан нэгэн эмэгтэйд туслахаар эх баригч эмч 69 машинтай сумын төвөөс малчны баг уруу яаран давхисан гэдэг. Тэнд гэдсэн дэх хүүхэд нь бүтэж, төрөх чадваргүй цус алдаж үхэл амьдралын заагт тулгарсан эх үр хоёрыг аврахаар өвлийн идэр 9-ийг үл тоон алтан гартай эмч яаран ирж ур чадвар, сэтгэл зүрх, эзэмшсэн мэргэжлээ дайчлан байж эх үр хоёрыг эсэн мэнд амаржуулж эх барьж авсан гэдэг.Тэр үхэл амьдралтай тулгарсан байсан жирэмсэн бүсгүй бол миний ээж, амьд төрөх үгүй нь аз гэж хэлэгдэн энэ хорвоод мэндэлсэн хүү нь би байлаа...Төрөхдөө бүх хүнд хэцүүг ардаа хийсэн болов уу гэмээр өсвөр насандаа өвчин ч тусалгүй эрүүл чийрэг хүү байв.Ээж бид хоёрын амийг аварч манай гэр бүлд нар гийгүүлсэн тэр ачтай эх баригч эгчийг дахин хараагүй ч хэзээ нэг өдөр олж уулзаад заавал ачийг нь хариулна даа гэж боддог байлаа. Ээж бас их ярина. "Нэг олоод уулзах юмсан хот руу нүүсэн гэсэн аль нэг эмнэлэгт л ажиллаж байгаа даа" гэж. Би дунд ангид орсон цагаасаа эмч болохоор сэтгэл шулуудаж 10-р ангиа төгсөөд Анагаах ухааны их сургуульд элссэн юм. Айл гэрт нэг нь эмч байх ёстой юм байна гэж аав минь их ярьдаг байж билээ. Энэ ч нөлөөлсөн байх.3-р курст байхдаа нөгөө ачтай эх баригчийнхаа сургийг гаргаж, аав ээж хоёрыгоо хотод ирэхэд нь хамтдаа хайж очиж уулзав. Эх баригч маань тэтгэвэртээ гарсан байсан...Ээж уйлж, дурсамж яриа болон тухайн үед сонин дээр эх үрийг аварсан эмчийн мэдээг хайчилж аваад жаазлаад хадгалсанаа хуваалцан их л гоё уулзалт болсон юм. Аав маань ачийг тань хариулмаар байна, таныг баярлуулмаар байна гэхэд эх баригч маань хэрэггүй дээ гээд нэрэлхээд болдоггүй. Сүүлдээ аав хүчээр заавал ямар нэг зүйл хийж баярлуулмаар байна, хүүг минь ханийг минь аварсан учраас гээд зүтгэсэн. Эмч сүүлдээ бууж өгөөд "Манай ач охин гөлөг гуйгаад болдоггүй, нэг сайхан Монгол нохойны гөлөг хөөрхөн дөрвөн нүдтэй эр гөлөг олж өгөөч" гэсэн юм. Аав ч уухайн тас нутагтаа очоод өөрийнхөө том ахын хотыг манадаг Монгол банхрын 1, 2 сартай бандайсан гөлөг тэврээд 7 хоноод буцаад ирэв.Амины үнэтэй гөлөг байгаа юмаа гээд л их л сүртэй тэвэрч ирсэн байсан, замын унаанд хэл ам татлан байж. Ингээд аав ээжийн санаа амарч, банхарын гөлөг Гачууртад таван настай өөрийн шинэ эзэндээ очлоо.Харин 2-3 жилийн дараа аймшигтай зүйл болж тэдний шинэ барьж байсан байшингийн хураалттай дүнз нурж, эх баригчийн маань ач охин дарагдахад аавын минь өвөртөлж авчирч өгсөн банхар нохой бяцхан эзнийхээ дээр хэвтэж дээрээсээ мод нурахад нэг ч босолгүй нэг ч гаслалгүй хэвтэж амийг нь аварсан байсан. Харамсалтай нь эр зоригтой банхар нь амь тавьсан байсан. Эх баригч эмч маань бидэн рүү залгаж, охины минь амийг та нар л аварлаа. Буян минь эргээд над дээр ирлээ. Хэн хэнийхээ л амь насанд аврал болж зурагдсан 2 айл юм аа, манайх танайх 2 гээд сүйд болж билээ. Хөөрхий охин нохойгоо зүүдлээд санаад хэсэгтээ уйлсан байна билээ.Нэг ийм сонин тохиолдлоор 2 айл нэг нэгэндээ өр нэхэлгүй тусалж, хэн хэнийхээ гэр бүлээс хайртай хүмүүсийг нь аврахад оролцсон байдаг юм. Одоо болтол энэ түүх надад байнга л бодогдож явна. Ажил дээрээ өдөр бүр хэн нэгэнд тусалж, амь насыг нь аврах, хамгаалах бүртээ мэс заслын дараа магадгүй хэзээ нэг өдөр сонин тохиолдлоор энэ өвчтөний үр хүүхэд ач гуч миний үр хүүхэд ач гучтай тохиолдож тааралдаж муугаар бодоход хүнд хэцүү зүйлд буян болох нэгэн ч юм билүү гэж бодох болсон доо. By Zoom Bangla
2024/03/15
1315
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Эхийн хайр /бодит түүх/
Японд газар хөдлөлтийн дараа аврагчид нэгэн залуу эмэгтэйн гэрийн нурангийн завсраар түүнийг хэвтэж байхыг олж харжээ. Түүний хэвтсэн байрлал их эвгүй, нэг л сонин байлаа. Тэрээр залбирч байгаа хүн шиг өвдөг дээрээ сөхрөн суугаад, бие нь урагшаа бөхийсөн, гараараа ямар нэгэн зүйл тэвэрсэн мэт харагджээ. Нурсан байшин түүний нуруу, толгойг гэмтээсэн байдалтай байлаа. Аврах багийн ахлагч бүсгүйг амьд байх гэж найдан нурангийн жижигхэн завсраар гараа шургуулж биед нь хүрэхэд түүний хүв хүйтэн бие нь бүсгүйг аль хэдийн нас барсан болохыг баталлаа.Ахлагч багийн хамтаар цааш эрэл, хайгуулын ажлаа үргэлжлүүлэхээр өөр байшингийн нуранги руу явлаа. Гэтэл яагаад ч юм нэгэн үл мэдэгдэх совин багийн ахлагчийг татсаар тэрээр буцаж нас барсан бүсгүйн байшингийн нуранги дээр ирж нөгөөх завсраар гараа явуулан эмэгтэйн цээжин доогуур шургуулаад гэнэт “Хүүхэд! Энэ дор хүүхэд байна!” гэж сандран дуу алдав.Аврагчид нурсан хана, туургыг гялс холдуулж цогцсыг чөлөөлөхөд дор нь цэцэгтэй хөнжилд ороосон нялх хүү байлаа. Байшин нурах үед бүсгүй хүүгээ тэвэрч өөрөөрөө халхлан хамгаалж нас барсан бололтой байжээ. Хүүг гаргаж ирэх үед тэрээр сайхан, тайван унтаж байв. Түргэн тусламжийн эмч ирж хүүд үзлэг хийхээр хөнжлийг дэлгэхэд дотор нь гар утас хийсэн байлаа. Гар утасны мессэж хэсэг нүүрэн дээр ил байсан бөгөөд “Хэрэв хүү минь амьд үлдвэл ээж нь чамд маш их хайртай байсныг санаж яваарай” гэсэн зурвасыг үлдээсэн байв. Аврагчид тэрхүү зурвасыг гар дамжуулан уншиж нулимс дуслуулж байлаа…Via-Ninjbat Lkhagva
2024/03/14
809
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Аргалд явсан ижий (дуу төрсөн түүх) ...
Би ээжтэйгээ 1969 оноос хойш хамт амьдарсан хүн л дээ. Ээж минь 1991 онд нас барсан юм. Битүүний урд өдөр ээж их ажилтай. Бурханаа цэвэрлэнэ, зулын гол орооно. Ээжийг нас барсан жилийн битүүний урд өдөр гэртээ орсон чинь нэг юм бодогдлоо. Бурханаа хэн цэвэрлэдэг билээ, хамгийн түрүүнд хэнд золгох вэ гэж. Намайг бүр жааханд манайх зуухгүй, тулгатай байлаа. Үнс бужигнана гэж жигтэйхэн. Ээж аргалд явахдаа намайг бүсээр ороож орны хөлнөөс уяж, өмнө минь хоёр ааруул тавьчихна. Гурав, дөрөвтэй байсан үе. Тэр жаахан хүүхдэд ээжийгээ хүлээх шиг том хүлээлт энэ ертөнц дээр байхгүй.... Битүүний өдөр ээжийгээ үгүйлж дурсаад сууж байхдаа аргалд явснаасаа илүү урт хугацаагаар явчихлаа даа гэсэн бодол төрдөг юм. Гэтэл “Аргалд явсан ээжий минь та арай дэндүү удлаа” гэсэн мөр шууд ороод ирсэн. Ж.Бадраа гуай руугаа утасдлаа даа. “Бурханаа цэвэрлэж, зулаа барих гээд сууж байна. Ээжийгээ хамгийн их хүлээсэн цаг гэвэл аргалд явдаг үе нь байжээ. Надад нэг ийм мөр ороод ирлээ” гээд ярилаа. Өнөөх маань догдолчихож. “Утсаа тавь” гэж байна. Ээждээ амь гэж жигтэйхэн хүн байсан л даа. Хорин мину­тын дараа утас дуугарлаа. Бадраа гуай байна. “За үзэг цаас гаргаад бич” гэдэг юм. Ингэж л төрсөн дуу.~ Н. ЖАНЦАННОРОВ(МУ-ын Төрийн хошой шаг­налт, хөгжмийн зохиолч)
2024/03/08
545