mmnews.mn | 2024-05-20
Аргалд явсан ижий (дуу төрсөн түүх) ...

Би ээжтэйгээ 1969 оноос хойш хамт амьдарсан хүн л дээ. Ээж минь 1991 онд нас барсан юм. Битүүний урд өдөр ээж их ажилтай. Бурханаа цэвэрлэнэ, зулын гол орооно. Ээжийг нас барсан жилийн битүүний урд өдөр гэртээ орсон чинь нэг юм бодогдлоо. Бурханаа хэн цэвэрлэдэг билээ, хамгийн түрүүнд хэнд золгох вэ гэж. Намайг бүр жааханд манайх зуухгүй, тулгатай байлаа. Үнс бужигнана гэж жигтэйхэн. 

Ээж аргалд явахдаа намайг бүсээр ороож орны хөлнөөс уяж, өмнө минь хоёр ааруул тавьчихна. Гурав, дөрөвтэй байсан үе. Тэр жаахан хүүхдэд ээжийгээ хүлээх шиг том хүлээлт энэ ертөнц дээр байхгүй.... 
Битүүний өдөр ээжийгээ үгүйлж дурсаад сууж байхдаа аргалд явснаасаа илүү урт хугацаагаар явчихлаа даа гэсэн бодол төрдөг юм. Гэтэл “Аргалд явсан ээжий минь та арай дэндүү удлаа” гэсэн мөр шууд ороод ирсэн. 
Ж.Бадраа гуай руугаа утасдлаа даа. “Бурханаа цэвэрлэж, зулаа барих гээд сууж байна. Ээжийгээ хамгийн их хүлээсэн цаг гэвэл аргалд явдаг үе нь байжээ. Надад нэг ийм мөр ороод ирлээ” гээд ярилаа. Өнөөх маань догдолчихож. “Утсаа тавь” гэж байна. Ээждээ амь гэж жигтэйхэн хүн байсан л даа. Хорин мину­тын дараа утас дуугарлаа. Бадраа гуай байна. “За үзэг цаас гаргаад бич” гэдэг юм. Ингэж л төрсөн дуу.

~ Н. ЖАНЦАННОРОВ
(МУ-ын Төрийн хошой шаг­налт, хөгжмийн зохиолч)



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ