mmnews.mn | 2024-05-10
Энтертайнмент
МУГЖ О.Бат-Өлзий ихэр хүүхэдтэй болсон дурсамжаа хуваалцжээ
2024/05/07
МУГЖ О.Бат-Өлзий: Эхнэр маань бие давхар болж бид 2 бөөн баяр боллоо. Удалгүй 3 сар гарантай байхад нь Драмын эрдмийн театрын хаврын бригад баруун аймгуудаар явах болж, эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй тайзан дээр гарахдаа гэдсээ чивчиртэл сайн боогоод гар! гэсэн тушаалтай  явлаа. Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж, ялангуяа МУГЖ Сэлэнгэ эгч (талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явсныг эхнэр дурсан ярьдаг юм. Сарын бригадаар сайн явж ирлээ. Харин намар тулгар гэдэстэй өнөө маргаашгүй төрөх болсон үед манай театр говийн аймгуудаар бригад гарах боллоо. Би И.Нямгаваа найруулагчаас- Эхнэр маань төрөх дөхсөн учраас энэ бригадаас үлдэх чөлөө өгөөч гэж хүслээ.Найруулагч Нямгаваа: -Чи төрөхөд нь хажууд нь байж байгаад дүлж өгөх юм уу?Бат-Өлзий:-Үгүйдээ би аав болох гэж байна, хажууд нь баймаар байна.Нямгаваа:  Улсын ажил, цалин авч байгаа бол ажлаа л хий!Ингээд говь руу  бригадаар марш. Очсон сум болгоны холбооноос утсаар холбогдож явлаа. 7 хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан сумын холбоон дээр очоод 1-р төрөхтэй холбогдлоо.Бат-Өлзий: -Сарантуяа нэртэй хүн төрсөн үү?Сувилагч: Жүжигчин Сарантуяа юу?Бат-Өлзий: Тийм ээ Сувилагч чимээгүй болчихлоо, миний дотор палхийгээд явчихлаа. Хэсэг хугацааны дараа Сувилагч : Байна уу? Танай хүн төрсөн 2 ихэр, хүү охин төрүүлсэн.Би хэсэг үхмэл пауз авч ам хагас ангайсан байдалтай манарав.Бат-Өлзий: Хүү охин хоёроо.... гээд утсаа таслаад утасны путекнээс үсрэн гараад - Би хүү охинтой болчихлоо...гээд орилоход сумын холбоонд байсан танихгүй хэдэн хүн надад баяр хүргэж билээ. Тэр чигээрээ гүйсээр сумын клубд очиж жүжигчиддээ дуулгаж бөөн баяр хөөр боллоо. Гэтэл манайхан Сайнаагийн (Сарантуяа) биеийг асууж байна.Бат-Өлзий: Асуусангүй, мартчихжээ.Жүжигчин Дашхүү ах: Тэнэг мал минь ээжийнх нь биеийг асуугаач! гээд намайг нэг сайн амбаардаад хөөлөө, би буцаад холбоо руу гүйж билээ. Миний өгзөгнөөс утаа уугиж байсан байхаа. Холбоонд очиж төрөх рүү залгуултал нөгөө сувилагч авч байна. Сувилагч: -Чи эхнэрийнхээ биеийг асуулгүй утсаа тасалчих юм аа. Эхнэр чинь сайн байгаа чамд үг хэлүүлсэн. Ирэхдээ хүүхдүүддээ нэр бодож ирээрэй" гэсэн шүү гэлээ. Намрын бригад бууж, эхнэртээ хонины шинэ махтай театр дээр шөнө буулаа. Жүжигчин Авирмэд ах: Дүү минь нялх хүүхэд дээр шөнө очихдоо нойтон махтай очдоггүй юм гэлээ. Би театрын жижүүрт махаа орхиод гэр лүүгээ жирийлгэлээ. Хадмын жижиг өрөөнд бид амьдардаг байв. Хаалгаа зөөлөн онгойлгон орвол нялх хүүхдийн анхилуун үнэр ханхийж ээж ихэр маань тайван унтаж байлаа. Ээжийнхээ нялхдаа өсөж бойжсон модон орон дээр зөрүүлдүүлээд өлгийдөн унтуулчихаж. Эхнэр маань эх хүний хүнд ачааг үүрч, эцэг нь болсон ханийгаа том бэлэгтэй угтан амар тайван нойрсож байхыг хараад хичнээн ихээр хайрласан гээч.(үг дутав) Тэр үед манай театрт Д.Гармаа гуайн зохиол "Эрх гүнж" хүүхдийн жүжиг тоглож байлаа. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэръяагийн нэрийг охиндоо өглөө. Халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн юм.Энэ бол 36 жилийн өмнөх 9 сарын 16 байлаа.
Цэргийн чуулга хээрийн тайзнаа.....
2024/04/08
 Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцож буй дайчдадаа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга уран бүтээлийн тоглолтоо хээрийн байрлалд /2024.04.04/ өргөн барилаа.    Дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цэрэг эрсээ ялалтад зоригжуулсан цорын ганц чуулга хэмээгдэх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээлээ.   Урлаг соёлын арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад урлаг гоо зүйн мэдлэг олгоод зогсохгүй цэргийн хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцөл болон албаны онцлогоос үүсэх ачааллыг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой ажил юм.
Алдарт 'Манжуурын толгод' вальс
2024/04/03
 “Манжуурын толгод дахь Мокшаны хороо” вальсын нэрийг 1911 оноос товчилж, зүгээр л “Манжуурын толгод” гэдэг нэртэй болгожээ...Энэхүү гэгэлгэн аялгуу эртнээс монголчуудад танил дотно болж, түүний хөг хэмнэлд уяранхан вальс бүжиглэсээр ирсэн билээ...