mmnews.mn | 2024-05-20

СОНИРХОЛТОЙ ТҮҮХ

СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Аргалд явсан ижий (дуу төрсөн түүх) ...
Би ээжтэйгээ 1969 оноос хойш хамт амьдарсан хүн л дээ. Ээж минь 1991 онд нас барсан юм. Битүүний урд өдөр ээж их ажилтай. Бурханаа цэвэрлэнэ, зулын гол орооно. Ээжийг нас барсан жилийн битүүний урд өдөр гэртээ орсон чинь нэг юм бодогдлоо. Бурханаа хэн цэвэрлэдэг билээ, хамгийн түрүүнд хэнд золгох вэ гэж. Намайг бүр жааханд манайх зуухгүй, тулгатай байлаа. Үнс бужигнана гэж жигтэйхэн. Ээж аргалд явахдаа намайг бүсээр ороож орны хөлнөөс уяж, өмнө минь хоёр ааруул тавьчихна. Гурав, дөрөвтэй байсан үе. Тэр жаахан хүүхдэд ээжийгээ хүлээх шиг том хүлээлт энэ ертөнц дээр байхгүй.... Битүүний өдөр ээжийгээ үгүйлж дурсаад сууж байхдаа аргалд явснаасаа илүү урт хугацаагаар явчихлаа даа гэсэн бодол төрдөг юм. Гэтэл “Аргалд явсан ээжий минь та арай дэндүү удлаа” гэсэн мөр шууд ороод ирсэн. Ж.Бадраа гуай руугаа утасдлаа даа. “Бурханаа цэвэрлэж, зулаа барих гээд сууж байна. Ээжийгээ хамгийн их хүлээсэн цаг гэвэл аргалд явдаг үе нь байжээ. Надад нэг ийм мөр ороод ирлээ” гээд ярилаа. Өнөөх маань догдолчихож. “Утсаа тавь” гэж байна. Ээждээ амь гэж жигтэйхэн хүн байсан л даа. Хорин мину­тын дараа утас дуугарлаа. Бадраа гуай байна. “За үзэг цаас гаргаад бич” гэдэг юм. Ингэж л төрсөн дуу.~ Н. ЖАНЦАННОРОВ(МУ-ын Төрийн хошой шаг­налт, хөгжмийн зохиолч)
2024/03/08
556
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Хорт хавдрын төгсгөлийн шатны комоос эрүүлжсэн бүсгүй
АНУ-ын иргэн, Анита Муржани гэх  эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ комд орсноор клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комд ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлсэн аж.Бүх зүйлс нэгэн ухамсарт оршдогийг бас мэдэрсэн байна. Нас барсан аав, хамгийн сайн найз нь түүнтэй уулзаж биедээ буцаж орохыг зөвлөжээ. Анитад эргэн хүний амьдралаар амьдрах нэг ч хүсэл төрсөнгүй.Анита яагаад хорт хавдраар өвдөх болсноо тэндээс ойлгожээ. Анита амьдралдаа бүх зүйлсээс айдаг байж. Хүсээгүй харилцаа, ажилгүй болох, өвдөх, муу хоол идэх гээд аюулгүй байхын тулд бараг бүх зүйлсээс айдаг байсан учраас энэ блок түүнийг үхэлд хүргэх өвчин тусгахад хүргэсэн байна. Анита үзэл ухамсраа өөрчлөхөд өвчин нь эдгэж болохыг ойлгожээ. Клиник үхлээс сэрээд 5 долоо хоногийн дараа Анита эмнэлгээс эрүүл гэсэн оноштой гарсан байна. Анита эндэх физик амьдралыг ийнхүү тайлбарлаж байна.“Та бүхэн маш харанхуй зааланд нэг жижигхэн гар чийдэнтэй явж байна гэж төсөөл. Танд өрөө, заал тэр чигтээ харагдахгүй. Та гар чийдэнгээ тусгасан газраа л сайн харж чадна. Бидний амьдрал үүнтэй яг ижил. Бидний дэргэд замд байж болох бүх л гайхамшгууд, маш олон сайхан учрал, тохиолдлоор дүүрэн байдаг ч та анзаардаггүй. Би энэхүү туршлагаас хамгийн том 5 зүйлийг сурсан.НЭГД: Бидний энэ амьдралдаа анхаарлаа хандуулах ёстой зүйл бол ХАЙР. Би өөрийгөө хайрлаагүй учраас хорт хавдар туссан юм. Тиймээс юуны түрүүнд өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж сурах ёстой. Өөрийгөө хэр их хайрлаж чадна, бусдыг төдий чинээ хайрлаж чадна.ХОЁРТ: Амьдралыг айдасгүй нүүр тулж сур. Би бүх зүйлсээс айдаг байсан. Айдас аюулгүй байлгадаг гэж бодож байгаа бол алдаа юм. Айдас биш хайр л таныг аюулгүй байлгаж чадна.ГУРАВТ: Баяр баясгалан, инээд, хөөрөөр амьдар. Инээд баяр баясал маш чухал зүйл. Бид хэрхэн ийм байхаа бүгд мэддэг. Бид инээд, баяр хөөр ихтэй байсан бол эмнэлэг, шорон, хорт хавдрууд улам цөөхөн байх байсан.ДӨРӨВТ: Амьдрал бол бэлэг. Амьдралыг бэлэг байж гэдгийг харамсалтай нь та амьдралынхаа сүүлийн мөч хоромд мэддэг. Бэрхшээл саад хүртэл бэлэг юм. Миний бэлэг хорт хавдар байсан юм. Хорт хавдар намайг алж байна гэж бодож байсан ч үнэндээ би хорт хавдар тусахаас өмнө өөрийгөө алж байсан юм. Харин хорт хавдар намайг аварсан. Хэрэв зовлон бэрхшээл тань бэлэг шиг харагдаагүй бол та бэлэг гэж харах төгсгөл хэсэгт нь ирээгүй байна.ТАВД: Хамгийн чухал зүйл бол ТА ӨӨРӨӨРӨӨ Л БАЙ. Өөрийнхөө өвөрмөц онцгой хувилбарт талархаж, таашаан амьдар. Өөрийгөө хэн гэдгийг мэдэрч өөрийгөө нөхцөл болзолгүй хайрлаарай” гэжээ.
2024/03/05
881
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Гангстерийн буян
Итали гаралтай Америкийн домогт гангстер Аль Капоне буюу Альфонсо Габриель Капонегийн зээ охин нь гашиланги сүү ууснаас болж хэд хоног өвдөн эмчилгээ хийлгэсний дараахан Чикаго хотын хамгийн хүчирхэг дээрэмчин Аль Капоне аман тушаал гаргаж, хотын бүх сүү тараг үйлдвэрлэгч хийгээд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг бүх цехүүдийг үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн дээрээ үйлдвэрлэсэн он, сарыг дуусах он, сарын хамт заавал тавьж байхыг шаардсан хэл хүргүүлж байжээ. Энэ нь тухайн үед олон олон жирэмсэн эмэгтэйчүүд болон сүү багатай эмэгтэйчүүдэд ихэд таалагдсан тушаал байсан тул Чикаго хотоос эхлэн Америкийн өнцөг булан бүрт сүү, сүүн бүтээгдэхүүн дээрээ аюулгүй байдлын үүднээс дуусах хугацааг нь заавал бичиж байх шаардлагыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй юм байна. Үүнээс өмнө дэлхий даяар зөвхөн үйлдвэрлэсэн өдрийг л тэмдэглэж байсан бөгөөд дуусах хугацааг огт заадаггүй байсан аж.Via tengiscc
2024/03/03
4702
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Алдсан iPhone утсаа олж авсан туршлагаа хуваалцжээ
Find my app юмыг яаж мэдэхэв үргэлж асаалттай байлгах /батерей бага зэрэг илүү иддэг/. Icloud хаягаа пасс-ын хамт заавал цээжлээрэй. Чихэвч юмуу iwatch-тай байвал олоход нэмэртэй юм байна. Утсаа алга болсныг багцаагаар 5 минут хүрэхгүй хугацаанд мэдсэн. Ингээд мэдсэн даруйдаа Хавдар судлалын эмнэлгийн камерыг шүүх хүсэлт гаргасан ч ажилладаггүй гээд тоогоогүй. Хамт явсан дүүгийнхээ утсаар icloud site руу ороод өөрийн хаяг, пасс-аа хийж шалгахад миний утас аль хэдийн 1-р эмнэлгийн хажууд очсон байсан. MAP дээрээ баримжааг байшингаар л заадаг юм байна лээ. Тэгээд 1-р эмнэлгийн яг байршил зааж байгаа газар нь хэд хэдэн хаалгаар ороод олон хүний дунд утас руугаа залгаад цагаа, чихэвчээ шалгаад байсан /учир нь утас руугаа ойртвол шууд холбогдох учраас/. Гэвч олоогүй. “За явж өргөдөл өгье” гээд Баянзүрхийн цагдаа орж бүртгүүллээ. Маргаашнаас хайж эхлэх юм яриад, мэдүүлэг аваад өнгөрсөн. Тэндээ байршлыг дахин шалгатал Сонгдо эмнэлгийн хажууд зааж байхаар нь дахиад очсон /замдаа бас юмыг яаж мэдэхэв гээд харилцдаг бүх банк руугаа утасдаад интернет дансаа хаалгасан/. Яг заасан газар нь орсон байдаггүй. Дахин апп-аа шалгахад Анагаахын зүүн урдхан заав. Гарч алхаад очтол яг харж байсан тод хувцастай хүн гадаа сандал дээр ганцаараа сууж байхаар нь дөхөж очоод өөрт нь хэлэхгүйгээр Find my app-ын play sound товчийг дартал үүргэвч дотор нь шууд утас дуугараад, цаг, чихэвч маань холбогдсон. Тэгэж л утсаа олж авлаа. Цагдаа руугаа утасдаад “утсаа олчихлоо” гэхэд “яаж?” гээд гайхаад байна лээ. Ингээд хүмүүст хэрэг болж магад гээд л бичлээ.... Via Borhuul
2024/03/01
12901
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Андуурч явуулсан зураг бяцхан хүүгийн амийг аварчээ
Санамсаргүй үйл явдал гайхамшгийг бүтээж болдог аж. Нэгэн бүсгүй өөрийн хувийн зурагаа танихгүй хүн рүү андуурч явуулсан нь бяцхан хүүгийн амийг аварч, гэр бүлийнх нь амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал тохиолджээ.Сидней Уэлтон (Sydney Welton) хэмээх охин үдэшлэгт өмсөх даашинзаа сонгож чадахгүй байсан учраас доорх зургийг найз руугаа илгээжээ. Гэвч тэрбээр Теннесси мужийн оршин суугч, 6 хүүхдийн эцэг Тони Вүүд (Tony Wood) хэмээх эрийн дугаар руу андуурч зургаа илгээж орхисон байна.Тони зургийг хараад таван хүүхдийнхээ эрхий хуруугаа гозойлгож буй зургийг доорх зурвасын хамт хошигнон явуулсан аж:"Та дугаар андуурч зургаа илгээсэн бололтой. Харамсалтай нь эхнэр  маань гэртээ байхгүй байгаа учир би өөрийнхөө саналыг танд хэлье. Танд наад даашинз чинь сайхан зохиж байна. Хүүхдүүдэд маань ч гэсэн таалагдсан. Тийм болохоор үдэшлэгтээ өмсөж болно"Энэ мессиж Сиднейгийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул твиттер дээрээ хуваалцжээ.Тэгвэл энэ зураг яаж хүүхдийн амийг аварсан юм бол?Сиднейгийн жиргээний доор Тони өөрийгөө 6 хүүхдийн эцэг гэдгийг бичсэн мөртлөө зурган дээр 5 хүүхэд байгаа нь олон хүний анхаарлыг татсан байна. Тэрээр дараа нь түүний хамгийн бага хүү Кайслер хорт хавдартай бөгөөд химийн эмчилгээ хийлгэн ээжийнхээ хамт эмнэлэг дээр байгааг тайлбарлаж өгчээ.Үүнийг мэдсэн хүмүүс цахим ертөнцөд хөдөлгөөн өрнүүлж хүүд 15 мянган ам.доллар цуглуулж өгсөн байна.Тони удалгүй:"Эхнэр бид 2 хоногийн хоолоо дөнгөж залгуулахтайгаа байсан учраас хүүгээ эмчлүүлэх арга олж чадахгүй байсан юм. Тэгтэл нэг хөгжилтэй зургийн хүчээр манай хүү эдгэрлээ" гэж ярилцлага өгөхдөө хэлжээ.Сидней Уэлтон ч тэрхүү даашинзаа өмсөөд үдэшлэгтээ орсон гэнэ.Via Lord
2024/02/29
16116
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Архичин ээжийн арчаагүй хүүхэд гэж бодсон нутгийн зон олон амаа барьсан юм...
Аав минь Онцгойд ажилладаг хүн байлаа. Гэвч тэр нэгэн аймшигт өдөр би аавыгаа галын аюулаас болж алдсан юм. Тэр үед би 12 настай хүү ээжтэйгээ хоцорч байлаа. Аавдаа маш их хайртай аавтайгаа үргэлж тоглодог, ааваараа бахархдаг байснаа маш сайн санадаг. Ослын дараа ээж минь өөрийгөө хянах чадвараа алдаж, архинд орж ажлаасаа халагдаж, яг л архичин хүмүүс дэлгүүрийн үүдэнд таньдаг хүнээ таарахыг хүлээгээд зогсож байдаг шиг тийм л хүн болсон. Би бараг л ганцаараа амьдарч байсан. Зарим шөнө ээж хөл дээрээ тогтож чадахгүй болоод орж ирнэ, өглөө үүрээр шахуу архиа хайгаад босоод гараад явчихна. Би ч тэгээд зөнгөөрөө айл айлаар хэсч хоол буудаж найзуудтайгаа тэвэг сега тоглож, хаа сайгүй тэнэдэг болж манайх гэдэг айл сүйрсэн гэхэд болно. Ээж архинд орсноор таньж мэддэг бараг бүх л хүн холуур өнгөрч, ам хамраа даран шивнэж зарим нэг нь толгой сэгсэрч өнгөрнө. Би ч дутуугүй ээ нэг их шальсан юмгүй тамхи сорж үзсэн шигээ ээждээ ч санаа зовохоо больсон. Тэгж явтал 3 жилийн дараа ээж согтуу орж ирж унтаад өглөө нь сэрээгүй юм. Бүтэн өнчин хүүгийн амьдрал үүгээр эхэлсэн. 8-р анги төгстлөө холын хамаатныдаа амьдарсан. Будаатай хоол хийвэл надад махгүй аягална, бууз хийвэл надад жигнүүрэнд үлдсэн ганц хоёрыг өгнө иймэрхүү. Өнчин, золбин, хулигаан гэж хэлүүлж загнуулж өссөн. Сүүлдээ ямар ч муухай жигшмээр үг сонссон ер тоосон шинжгүй чих дөжирсөн гэхэд болно. 8-р ангиа төгсөөд 9д оролгүй МСҮТ-д орж аймагтаа биш Улаанбаатарт анх удаа хөл тавьсан. МСҮТ-ийн дотуур байранд амьдарч, тэндээсээ их хотын амьдралд хөл тавьсан даа. Удалгүй ажлын гараан дээр гарч халтуур хийж, барилга өрлөг гээд л хаана цалингаа тогтмол өгч байна тэнд очиж ажиллах болсон. Анхандаа ч залуу жаахан учир цалингаа хувцас хоол хүнс автобус унаандаа шууд л хэрэглэж ирээдүйд яах нь сонин биш өнөөдрөөрөө амьдарч байв. Хааяа бас бар цэнгээний газар орж үзнэ. Гэсэн ч архи гэдэг зүйлд бол за гэж хэлээгүй өдий хүрлээ. Үе үе их өндөр хөлстэй ажил орж ирнэ. Тэр үеэс бодох болов. Ер нь аль хүртэл явахаа үзье дээшлэх нь үү доордох нь уу ямар ч байсан яг байрандаа байснаас л дээр юм гэж бодоод зуслангийн байшингийн захиалгаар хавраас намар хүртэл явж цалингаа яг түрийвчиндээ хийгээд банк орж данс нээлгэлээ. Анх удаа данстай болж байгаа нь тэр. Бага идье, бага унтья, бага залхууръя гэж гүрийж дараа зун нь гэхэд овоо юмтай болсон байлаа. Хамт ажилладаг ах хүүтэй ярилцаж хамтарч барилгын бизнес хийе гэж тохироод тухайн үед надад төрсний гэрчилгээ, төрсөн газар хорооны захиргааны тодорхойлолт хэрэг болсноор нутаг зорилоо. Нутагтаа очиход бага ангийн багшаас эхлүүлээд, сумын Засаг дарга хүртэл юм гуйх нь дээ гэсэн маягтай төвөгшөөн хүлээж авч байх. Ганц мод гал болдоггүй гэж л тэр юм даа. Зориод очих айлгүй, орсон айл нь цааш түлхэж хар цайгүй гаргах гэх мэт. Энэ нэг өнчин өрөөсөн, архичин ээжтэй хүүхэд хотоос яадгаа алдаад нутагтаа ирж л гэж хараа биз. Аргагүй л дээ зунжин намаржин наранд ажиллачихсан царай зүс гэж авах юмгүй. Нүүр пад хар, гар хуруу эвэршсэн, хурааж хуримтлуулсан хэдэн юмаа зорьсон ажлаа хийх гээд хадгалсан энгийн ажлын хувцастай явсан юм чинь. За ингээд нутгаасаа буцлаа. Тухайн үед залуу омголон "эргэж энэ нутагт хөл тавихгүй дээ" гэж дотроо гомдож хөмхий зуугаад л буцаж байлаа. Жилийн дараа ах хүү бид хоёр компанийнхаа тамга тэмдгийг авч, албан ёсоор доороо 5 хүнтэй ажлаа эхлүүллээ. Ах хүү 30 хол гарсан, би 28 настай. Энэ насандаа их хайртай. Ажлын амтанд орж хамт олонтой болж, хамтран зүтгэгчтэй болж бүр хүн цалинжуулдаг этгээд болсон учраас. Шууд л ашигтай байж мөнгө олж амьдрал дээрдсэн гэж хэлэхгүй ч "явсан нохой яс зууна" гэж ахисаар л байв. Анхны машинаа 29 насандаа ямар ч өр зээлгүй цэвэр тоолоод худалдаж аваад араасаа гүйлгээд нэлээн удсан хайртай хүн дээрээ үзүүлэх гээд давхиж явлаа. Эхнэр маань их ч гүйлгэсэн дээ намайг. Тоогдох гэж ч их бараадсан. Ирэх жил нь анх удаа нийтийн орон сууцны захиалга гүйцэтгэгч компаниар сонгогдож анхны том ажлаа ханцуй шамлан авсан. Ганцаараа зүтгэсэн бол хаана алдаж, хаана буруудах байсан юм бол бүү мэд. Хамтран зүтгэгч амьдралын найз ах бүхнийг орлогч ахынхаа хүчинд сайн сайханд хүрч эхэлж билээ. Анхны гүйцэтгэл анхны том төсөл болсон орон сууцандаа одоо ч амьдарч байна. Хайртай хүнтэйгээ гэр бүл болж хүүхэдтэй болж үргэлжлэлээ үлдээлээ. Амьдралд ёстой л одоо талархаж байна. Нутгийн зөвлөлөөс холбогдож, өнгөрсөн жил нутгийн зөвлөлд элсүүлж хүндэт иргэн тууз өгч байна лээ. Ангийн багш "хүндэт шавь нарын минь нэг байсан" гэж нутгийн наадам дээр нэр цохон магтаж байна. Яахав би өш санаж өр нэхэх хүн биш л дээ. 26 настай тэр үеийн би байсан бол "та нар танихгүй чигээрээ байхгүй яагаав" гэж хашгирах байсан биз. Нэг л юм ойлгож авсан. Хүн муу явахад ядарч явахад, ганцаардаж явахад эцгийн нэрээр цоллож дуудаж ярьж хөөрхийлөх юм билээ. Харин амжилттай бүтээлтэй, хийсэн зүйлтэй сайхан явахад эцгийн биш нутгийн нэрээр цоллож ярьж, хошуу дэвсдэг юм билээ. Уг нь хаана ч, хэзээ ч, ямар ч үед хүнийг хүн л гэж хүлээж авбал. Хожим юу тохиолдохыг, яаж эргэхийг бид мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр чиний дутуу үнэлсэн бассан дорд үзсэн нэгэн ирээдүйд ямар том өөрчлөлт хийхийг, яаж сайжрахыг та ч, тэр хүн ч үл мэднэ. Тийм учраас зүгээр л нэгнээ дэмжиж хүн гэж харьцаж яваасай.Via ~ Ami Kavaii
2024/02/27
12373
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Эерэг пост: Аавынхаа хүүхэд насанд очицгоов
Нэгэн аав ийнхүү бичжээ:Ээж нь гэдсээр сайхан гурилтай шөл хийгээд өгсөн чинь 3 хүүхэд маань голж байна. Маргааш нь толгой чаналаа, бас л голж байна. Ер нь хүүхдүүд хоол, хувцсаа их голоод байгаа нь анзаарагдсан юм. Тэгэхээр нь нэг бодол төрлөө. Гэр бүлээрээ сууж байгаад: "Аавынхаа хүүхэд насанд очих уу?" гэсэн "тэгье" гэж байна. "Бүгдээрээ яг аавынхаа та нар шиг байх үед очиж амьдарна шүү" гэсэн чинь, "За,  ямар гоё вэ!" гээд хүүхдүүд шуугилдав. Орой болж хүүхдүүд унтахаар нь  гэрт байсан боов боорцог, үхэр, тахианы мах, хоолны амтлагч гээд амттай шимтэй бүх юмаа доор манаачийнд оруулж өгөөд. Хүүхдүүдийнхээ хувцаснуудаас нэг шорт подволк, нэг цамц өмд, сандаал нэг пүүз үлдээгээд бусдыг нь бүгдийг  нуугаад унтлаа. Өглөө боллоо. Хүүхдүүд цайгаа уух гээд хөргөгч онгойлгоод 2 -р гурилаар хийсэн гамбирнаас өөр юм олдсонгүй. Бүгдээрээ гайхаад л байна. Идэх болов уу гэсэн идсэнгүй шүү! /зун байсан юм л даа/ "Аав утас яасын?" гэхээр нь "аавынх нь хүүхэд байхад утас байгаагүй" гэлээ "аан" гэж байна. "Аав миний падь ком яасын?" л гэнэ би ч нөгөө хариултаа өглөө. Бүгдээрээ хөзөр тоглолоо хөзөр зааж өгөөд. Өлсөөд л байгаа бололтой байн байн хөргөгч очиж ухаад. Хөөрхий нөгөө 2- р гурилын гамбираа хазаал тавиад байна. Ээж нь орой жоохон ямааны мах аваад ороод ирлээ. Нөгөө махаараа 2-р гурилтай хоол хийгээд тавьсан өдөржин өлссөн нөхдүүд чинь гусаж өгч байна шүү! Том хүү юм бодоод суугаа бололтой. "Миний хүү 2-лаа маргааш мах хоолны юм олноо. Аав нь хүүхэд байхдаа гэр хоолгүй, 3 дүүгээ яаж тэжээж байсныг мэдмээр байна уу?" гэсэн чимээгүй "за" л гэж байна. Өглөө ч боллоо. Том хүүгээ дагуулаад зах гараад өдөржин 2- лаа ачаа бараа зөөгөөд орой 50 мянган төгрөгтэй буулаа шүү. Эвий муу хүүгийн минь нүд ёстой туулайных шиг болчиж. Дэлгүүр ороод гэртээ юу авах уу гэсэн шууд цагаан гурил, жоохон мах авч байна. Үлдсэн цөөхөн мөнгөөр нь аав нь хүүхэд байхдаа гөөхийнд дуртай байсан гээд гөөхий авчихлаа. Гэртээ харьсан 2 дүү нь "өнөөдөр ээж гэдсээр хуушуур хийж өгсөн ёстой гоё байлаа" л гэнэ. Гөөхийгөө гаргаж ирээд өгсөн амаа олохгүй идэж байна. Иймэрхүү байдалтай 7 хоноод, 8 дахь хоног дээрээ хуучин хэвэндээ ороод гахайн мах аваад гэр бүлээрээ шарж идлээ. Том хүү минь нулимс нь цийлэгнээд "биднийг сайн сайхан, юмаар дутаахгүй амьдруулж байгаа ааваа, ээжээ  тандаа маш их баярлалаа" гээд эхэр татан уйллаа. Жоохон ч гэсэн дагаад уйлж байна. Юм ойлгож ухаарсан бол болоо доо үрс минь…
2024/02/27
687
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Ухаалаг хүний чихэнд хов ирээд төгсдөг....
Нэг эмгэн хөрш залуугаа "хулгайч" гэсэн цуу тараажээ. Цуу яриа тархсаар удалгүй залуу эр цагдаад баригдсан ч хэдэн өдрийн дараа буруугүй болох нь тогтоогдон суллагдаж, суллагдсан даруйдаа эмгэнийг шүүхэд өгчээ.Эмгэн шүүхэд очоод хийсэн хэргийнхээ талаар мэдүүлэхдээ: "Ердөө л цуурхал шүү дээ, би хэнд ч гай болоогүй" гэв.Шүүгч эмгэнд хандан: "Хөршийнхөө талаар ярьсан бүхнээ нэг цаасан дээр бич, тэгээд хэдэн хэсэг болгож ураад гэртээ харих замдаа хая.Маргааш ирж шийтгэлээ сонсоорой" гэв.Маргааш нь шүүгч: "Та шийтгэлээ авахаасаа өмнө гарч яваад өчигдрийн хаясан цаасны хэсгүүдээ цуглуулаад ир!" гэхэд, эмгэн: "Тэгэх боломж байхгүй, өдийд салхинд хийсээд явчихсан байх, би хаанаас олж ирэх вэ?" гэв.Шүүгч хариуд нь: "Нэгэнт салхинд хийсээд явсан цаасны тасархайнуудыг эргэн цуглуулж болохгүйтэй адил санамсаргүй хэлсэн цуурхал үг хүний нэр төрийг дахин сэргэх боломжгүйгээр сэвтүүлдэг юм. Хэн нэгний талаар сайнаар ярьж чаддаггүй юм бол юу ч ярих хэрэггүй" гэв.Мэдэхгүй зүйлсээ мэдэмхийрч ярих шиг ичгүүртэй юм гэж үгүй болов уу! Баталгаатай баримттай, нүдээр харсан зүйлсдээ л итгэж байгаарай. Хэн ч, хэний ч тухай, юу ч гэж бухаж тохож, гүтгэж хэлмэгдүүлж ярьж болно. Ухаалаг хүний чихэнд хов ирээд төгсдөг гэдэг дээ....
2024/02/24
829
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Ээжийнх нь үглэлт хүүд ажилд ороход нь тусалжээ
Аав ээжтэйгээ хамт амьдардаг нэгэн залуу ээжийнхээ яншаанд үнэхээр залхдаг байлаа. "Ашиглахгүй бол сэнсээ унтраа, зочны өрөөнд хэн ч байхгүй байхад зурагт асаалттай байна унтраа наадахаа, хаалгаа хаа, битгий их ус гарздаад бай" гэх мэт. Ажилд орох хүртлээ л тэсье. Ажилд орчих юм бол аль болох хурдан тусдаа гарч дахин ийм яншаа сонсохгүй амар болно гэж боддог байлаа. Гэтэл нэгэн өдөр ажлын ярилцлагад урьсан урилга ирэв. Ярилцлага авах газар руу гарахын өмнө ээж нь: "Асуултуудад эргэлзэхгүйгээр хариулаарай, миний хүү. Хариултыг нь мэдэхгүй байсан ч итгэлтэйгээр хэлээрэй" гэж захижээ. Ярилцлага авах газартаа иртэл үүдэн дээр ямар ч харуул хамгаалалтын ажилтан байхгүй байгааг хүү анзаарав. Орж гарч буй хүмүүст хааж нээх нь ядаргаатай байсан юм уу яасан юм, гадна хаалга онгорхой байхаар нь хаачихаад оффис руу зүглэв. Замын хоёр талаар маш үзэсгэлэнтэй цэцгүүд тарьсан байх бөгөөд цэцэрлэгч нь услагааны хоолойгоо нээлттэй орхисон бололтой ус зогсолтгүй шүршигдэж замыг нил ус болгосон байхаар нь хошууг нь жаахан хөдөлгөж ус хэрэгтэй байгаа бусад ургамлууд руу чиглүүлээд орхилоо. Угтах зааланд хүн байсангүй, харин ярилцлагыг 2-р давхарт авч байгаа гэсэн цаас хаалганд өлгөөстэй байлаа. Тэрээр дээд давхар руу шатаар өгсөж гарч ирэхэд түүнийг нэгэн хонгил угтав.Хонгилын эхэнд “Тавтай морилно уу” гэсэн бичигтэй дэвсгэр байсан ч түрүүлгээ харчихсан байв. Бага зэрэг дургүйцсэн ч дэвсгэрийг зөв талаар нь болгож засчихаад ярилцлага авах өрөө рүү чиглэлээ. Олон хүн ороод байгаа боловч өөр нэг хаалгаар цаашаа гараад байгаа бололтой нэг ч хүн буцаж гарч ирэхгүй байв. Уг нь ямар асуултууд тавьж буйг асуучих санаатай байсан ч түүнд тийм боломж олдсонгүй. Түүний ээлж ирэхэд нэлээн сандрангуй явж орлоо. Баримт бичгийг нь нэг хүн авснаа:“Та хэзээ ажиллаж эхлэх боломжтой вэ?” гэж асуув. Хашир бодов: "Энэ сорилт асуулт уу, эсвэл үнэхээр ажил санал болгоод байна уу?""Чи юу бодоод байгаа юм?" гэж нөгөө хүн асуугаад: "Бид хэнээс ч ямар ч асуулт асуугаагүй. Асуугаад ч тухайн хүний тухай сайн мэдэж чадахгүй. Тиймээс бид хүмүүсийн хандлагыг шалгасан юм. Зан төлөв, хандлагын зарим тестүүдийг зохиож, тэдгээрийгээ камераар хянаж суулаа. Өнөөдөр ирсэн хүмүүсийн хэн нь ч хаалга хаасангүй, усны шүршүүрийг янзалсангүй, гутлын дэвсгэрийг зассангүй. Ганцхан чи л бүгдийг хийлээ. Тиймээс, бид чамд энэ ажлын байрыг санал болгож байна” гэж дарга нь бололтой тэр хүн хэллээ.Ээжийнх нь “ядаргаа болсон” сургамжууд нь эхний ажилдаа орох суурь үндэс нь боллоо гэдгийг хүү тэр мөчид л ойлгов.Хандлага бол маш чухал зүйл билээ. Та хэдий сайн боловсрогдсон хүн байлаа ч хандлага 00 бол та хэн ч биш!Via- Erdenebaatar Sukhbaatar
2024/02/24
665
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Сэтгэл гутралаас сүнсний сэрэлт рүү орсон нь /бодит түүх/
Энэ удаад зочин П.Саруул  сүнсний сэрэлт, ухамсрын сэрэлтийн талаарх өөрийн маш сонирхолтой бодит түүхээ хуваалцжээ. Хэрвээ та сэтгэлээр унасан, өөрийгөө ойлгохгүй байвал энэ дугаарыг сонсоорой. Магадгүй сүнс тань сэрж байгаа юм болов уу?
2024/02/14
1297
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Багш болоход нөлөөлсөн мартагдашгүй дурсамж
Нэгэн багш залуу, бага ангийнх нь багш байсан хөгшинтэй гудамжинд таарч: - Та намайг таньж байна уу? Би таны шавь байсан... - Танилгүй яах вэ, гуравдугаар ангид байсан хүү мөн шив дээ. Одоо хаана ямар ажил хийж байна? - Нэг сургуульд багшилж байгаа. - Яагаад багш болохоор шийдсэн юм бэ? Юу чамд нөлөөлөв? - Юу биш... хэн гээч. Тэр хүн бол Та шүү дээ. - Би яаж нөлөөлдөг билээ? - Та миний сэтгэлийг хөглөсөн шүү дээ... бага ангийн багш болмоор санагдтал. - Хэдийд тэр вэ? - Та үнэхээр санахгүй байна гэж үү? Тэгвэл би танд юу болсныг ярьж өгье... Нэг өдөр манай ангийн нэг жаал, аав ээж нь бэлэглэсэн гээд гоё бугуйн цаг зүүчихсэн ирсэн. Тэгээд тэр цагаа тайлж, ширээнийхээ шургуулганд хийчихэв. Би тийм цагтай болохсон гэж мөрөөддөг байлаа л даа... тэгээд биеэ барьж дийлэлгүй өнөөх цагийг нь авчихсан юм. Удалгүй нөгөө жаал тан дээр уйлж ирээд цаг нь алга болчихож гэв. Тэгтэл та биднийг тойруулж харснаа “Энэ хүүхдийн цагийг авсан хүн түүнийг нь буцаагаад өгчихгүй юу” гэж тайвнаар хэлэв. Би ичсэндээ үхэх гэж байсан ч цагийг буцааж өгмөөргүй байсан тул чимээгүй өнгөрсөн. Тэгсэн та ангийн хаалгыг дотроос нь түгжээд биднийг хана дагуу зогсоож “Та нарын халаасыг шалгахаас даа... бүгд нүдээ анина шүү!” гэв. Бид ч таны хэлсэн ёсоор нэг эгнээ болон зогсох тэрхэн агшин миний хувьд амьдралын минь хамгийн ичгүүртэй нь байж билээ. Ингээд та хүүхдээс хүүхэд, халааснаас халаас дамжин шалгасаар өнөөх гайтай цагийг миний халааснаас олсон ч нэгжлэгээ үргэлжлүүлсээр эгнээний төгсгөлд хүрээд: “Хүүхдүүд ээ, бүх юм зүгээр. Та нар ширээ ширээндээ сууцгааж болно” гээд өнөөх цагийг эзэнд нь эргүүлж өгсөн. Тэгээд тэр явдлыг дахин хэзээ ч сөхөж байгаагүй. Тэр өдөр та миний нэр төрийг аварсан. Намайг ангийнхны минь өмнө хулгайч, худалч, өөдгүй жаалаар нь дуудаагүй… тэр бүү хэл хэргийн талаар надад ганц ч үг хэлээгүй. Таныг яагаад чимээгүй өнгөрснийг би хэзээ хойно ойлгосон. Та жинхэнэ сурган хүмүүжүүлэгч байсан тул гүйцэд төлөвшөөгүй гэнэхэн шавийнхаа нэрийг сэвтүүлэхийг хүсээгүй байж. Тэр сайхан үйлдлийг тань бахадсандаа би яг тан шиг багш болохоор шийдсэн юм... Хоёр багш өнгөрсөн явдлыг дурсаж сэтгэл нь хөдөлсөн бололтой хэсэг чимээгүй суулаа. Тэгтэл залуу багш: - Багш аа, одоо та намайг санав уу? гэвэл хөгшин багш: - Үнэндээ бол санахгүй байна... учир нь та нарын халаасыг шалгаж явахдаа багш нь ч бас нүдээ аньчихсан байсан юм гэв. Via Uka Ulziibat
2024/02/14
530
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Соёлын довтолгоон
Амьжиргааны хэв маяг, ахуй соёлын хуучирсан дадал, хэвшлийг халан өөрчилсөн үйл явц     БНМАУ-д социализмын материал техникийн бааз байгуулах зорилтын хүрээнд хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлэх, үзэл суртал, соёлын салбарт социализмд үнэнч сэхээтнийг бий болгох шаардлага тавигджээ.Үүний тулд бүх насанд хүрэгчдийг бичиг үсгийн мэдлэгтэй болгох, ариун цэвэр, эрүүл, соёлч ахуйг хүмүүсийн амьдралд бүрэн нэвтрүүлж, дадал заншилтай болгох, эх нялхсыг хамгаалах, өргөн тархсан өвчнүүдийг устгажүндсийг нь таслах, эх оронч, хамтач интернационалч үзлийг бадруулах, биеийн тамир спортыг хөгжүүлэх, соёл олон түмний ажлыг хөгжүүлэх, урлаг утга зохиолыг хөгжүүлэх үүднээс 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоолгаргажээ.         Улс орон даяар 1959 оноос эхэлсэн соёлын довтолгооныг аймаг, хотын намын хороод удирдсан. Харин үйл ажиллагааг тэргүүлэн гүйцэтгэгчид нь сэхээтнүүд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага, МХЗЭ болон бүх сонин хэвлэлүүд, сум, нэгдэл, бригад, үйлдвэрийн соёлын довтолгооны ажлыг хариуцсан комиссууд байв. Соёлын довтолгоон 1959 оноос-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөжээ. 1961-1963 оны 2-р шатны соёлын довтолгооны жилүүдэд “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн  харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, ”Эрүүл энх аж төрөхийн төлөө”гэсэн гурван уриа лоозонгийндор олон талт үйл ажиллагаа өрнүүлсэн байна.       Соёлын довтолгооны кампанит ажлыг ухуулан сэхээрүүлэх, заримдаа захиргаадах аргыг хослуулан өрнүүлснээр айл, ард иргэддээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гарчээ. (Б.Пунсалдулам)Эх сурвалж: Монголын түүхийн тайлбар толь
2024/02/05
513
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Ангела Меркель: Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш
Европын нөлөө бүхий улстөрч, Германы канцлер асан Ангела Меркелийн тухай сонирхолтой баримтуудаас дурдъя:16 жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Ангела Меркель нэг ч хамаатан садангаа төрийн албанд томилоогүй. Физикч, квантын химич мэргэжилтэй түүнд Герман улс "баярлалаа, баяртай" гэж хэлэн 6 минутын турш орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм. Тэр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй завь, хувийн онгоц худалдаж аваагүй.16 жилийн турш хувцаслалтынхаа стилийг өөрчлөөгүй... /Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр  сэтгүүлч түүнээс “Бид таныг өмнө нь өмсөж байсан хүрмээ өмссөн байхыг анзаарлаа...Танд өөр хүрэм байдаггүй юм уу?” гэж асуухад Меркель: “Би төрийн албан хаагч болохоос загвар өмсөгч биш” гэж хариулсан байдаг/. Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр “Танд гэр орныг тань цэвэрлэдэг, хоол ундыг тань бэлддэг гэрийн үйлчлэгч бий юу?” гэж нэгэн сэтгүүлчийг асуухад “Надад байхгүй ээ, шаардлага ч байхгүй. Нөхөр бид хоёр гэрийн бүх ажлаа өдөр бүр өөрсдөө хийдэг” гэж тэрээр хариулжээ.. Өөр нэг сэтгүүлч “Та хоёрын хэн нь хувцсаа угаадаг вэ?” гэж асуухад “Би ялгаад, тэр угаалгын машинаа ажиллуулдаг даа” гэж хариулсан байдаг.Хатагтай Меркель жирийн иргэдтэй адил орон сууцны байранд амьдардаг. Энэ байрандаа Герман улсын Канцлераар сонгогдохоосоо өмнө амьдарч байсан.. Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн канцлер Ангела Меркель бол үнэ цэнийг дээдэлсэн, амин хувийн ашиг сонирхлыг ардаа орхисон, зарчим, факт, бусдыг ойлгох сэтгэлээр жигүүрлэсэн манлайллын нэгэн агуу жишээ юм...
2024/02/05
574
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Хүний дээд, хайрт аавынхаа гэгээн дурсгалд...
Энэхүү эмгэнэлтэй атлаа гэгээн хайр шингэсэн бичвэрийг олон нийтийн сүлжээнд нэгэн бүсгүй бичжээ. Түүний хойд аав үнэхээр хүний дээд, ухаантай эр хүн байсан аж. "Хэн нэгэн надаас хорвоо дэлхий дээрх хамгийн том зүрхтэй хүнийг нэрлээч гэвэл би аавыгаа гэж хэлнэ. Намайг ухаан орох үед л аав минь хажууд байсан. Би өөрийгөө нэлээн том болж юмны учир ойлгодог болтлоо (хүүхэд байсан болохоор арьсны өнгө ч мэддэггүй байлаа)  хойд аавтай хүн гэдгээ мэддэггүй байсан. Аав минь намайг тэгж л хайрласан. Айлын хүүхдүүдэд шоглуулчихаад "аавдаа хэлнэ дээ" гэж хэлж чаддаг тийм л хүчирхэг аавтай байлаа би. Аавыгаа ээжээсээ илүү хайрлалаа гэж ээжийгээ хүртэл гомдоодог аавдаа дэндүү хайртай аавын охин байлаа би. Оюутан болоод өөрийгөө том хүн болчихлоо гэж сэтгээд гарч орж гүйх гээд аавыгаа уурлуулахад загнахын оронд "хаа хүрэх гэж байгаа юм тэр болтол чинь дагана" гээд чимээгүй ард явж байсныг нь одоо ч би боддог. Үгүй ээ, мөн их тэвчээрээ. Аав минь фэйсбүүк ашигладаггүй,  мэддэг ч үгүй байсан юм. Саяхан эгч хаяг нээж өгөөд утсан дээр нь суулгаж өгсөн. Би залгаад л дүрсээ харж ярьдаг болов. Тэгсэн над руу нэг орой өөрөө залгаад "аав нь ухсаар байгаад охиноо олчихлоо" гээд ярьсан юм. Тэр бүр "хайртай шүү" гэж хэлж байгаагүй аав минь их л тод "Аав нь хайртай шүү!" гээд тэр оройны яриа дуусав. Би ч хөөрөөд анх удаа ааваас видео дуудлага авдаг байна шдээ гээд баярлаад байсан, үүнээс хойш яг 3 хоног дараалж над руу яриад тэгээд л хорвоогоос бүр мөсөн явчихсан... Гурван хүүхдээ минийх, чинийх гэж ялгалгүй хайрлаж өсгөсөн ааваараа бид мөн ч их дутна даа... Аавд минь эмгэнэл илэрхийлж сэтгэл санаагаар дэмжиж хамт байсан ах дүүс, найз нөхөддөө бүгдэд нь баярлалаа. Та бүхэн минь энх байж, мөнх жаргаарай. Аав минь та эх орныхоо алтан хэвлийд үүрд мөнх тайван нойрс доо. Охин нь тандаа хайртай шүү!"
2024/02/04
526
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Тэсвэр тэвчээрийн эцэст шагнал ирдэгийн тод жишээ
Техас мужийн Браунсвилле хотын ахмад дайчин Волтер Свор хотынхоо хамгийн муухай ааштай үйлчлүүлэгчээрээ алдаршсан байж. Яравгар царай, яхир бөгөөд олон аашийг нь тэсвэрлэж үйлчлэх зөөгч бараг байхгүй. Ааш муутай өвгөн олон зоогийн газар, түргэн хоолны газарт асуудал үүсгэж хэрүүл маргаан дэгдээж зарим нь түүнд үйлчлэхээс татгалздаг болжээ. Нас ахих тусмаа улам яхир болох өвгөний аашийг олж аргалж чаддаг нь “Luby” зоогийн газрын зөөгч Мелина Салазар байжээ. Бусад зөөгчид өвгөнийг орж ирэнгүүт түүнийг үлдээгээд зугтдаг байв. Гагцхүү Мелина л өвгөнд үйлчилдэг агаад сүүлийн хоёр жилийн турш муухай аашийг нь тэсэж тэсвэрлэж иржээ. Энэ хугацаанд өвгөний яхир бүдүүлэг зан, доромж харьцааг нь тэсэж урдаас нь нэг ч удаа хэрэлдэж, үг сөрж тайлбар хийж байгаагүй гэнэ. Өвгөн ч байнга үйлчилдэг зөөгчтэйгөө муухай харьцдаг хэвээрээ төдийгүй цайны мөнгө ч өгдөггүй байжээ. Гэхдээ сүүлийн нэг жилд овоо зөөлөрсөн хэмээн зөөгч бүсгүй дараа нь дурссан байна. 2007 оны хавраас өвгөн ирэх нь цөөрч сүүлдээ бүр харагдахгүй болжээ. Зөөгч бүсгүй муухай аашт үйлчлүүлэгчээ бүр санасан гэнэ. Удалгүй сонин дээрээс ахмад дайчин Волтер Свор 89 насандаа бурхан болсон тухай гашуудлын мэдээг уншаад цочирдон хүлээж авчээ.Энэ явдлын дараахан талийгаач өвгөний өмгөөлөгч ирж Волтер Сворд нас барахдаа өөрийн хөрөнгөнөөс 50 мянган долларыг зөөгчид гэрээслэн үлдээсэн болохыг хэлжээ. Бусад зөөгчид үйлчлэхээс татгалзаж байхад өөрийнх нь муухай занг хоёр жилийн турш тэсэж хоолыг нь хүссэнээр нь яг халуунаар авчирч өгдөг зөөгчийг ийнхүү шагнасан байжээ. Энэ шагнал ч цагаа олж иржээ. Байр худалдан авахаар мөнгөө цуглуулж байсан бүсгүйд сонгосон байраа авахад нь 40 мянган доллар яг дутаж байсан аж.Oojoo Ochiroo
2024/02/01
10398