mmnews.mn | 2024-05-20

СОНИРХОЛТОЙ ТҮҮХ

СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Аттила хаан гэж хэн бэ
Европт Хүннүгийн хүчирхэг улсыг байгуулсан хаанЕвропын Баруун Хүннү нарын хаан (434-453 онд хаанчилсны дотор ахтайгаа хамтран 445 он хүртэл хаанчилжээ). Тэрээр Ромын эзэнт гүрнийг довтолж байсан нүүдэлчин аймгийн удирдагчдын дотроос хамгийн алдартай нь юм. Тэр өөрийн ах Бледагийн хамт Альпийн нуруу, Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх өргөн уудам нутгийг залгамжлан авчээ. Ромчууд амласан татвараа төлөөгүй учир Аттила 441 ба 443 онд Дунай мөрний дагуу довтолгоон хийжээ. Тэр өөрийн ахыг 445 онд алсан байна. 447 оноос Балканы хойгт байх мужууд болон Грекийг амжилттай довтолсны дараа энхийн гэрээг байгуулж Зүүн Ромчуудаас их хэмжээний төлбөр авахаар болжээ. Тэрбээр 451 онд Галль мужид довтлон орсон боловч Ромын жанжин Аэтиус ба Визигот нарын холбоот цэрэгт ялагджээ. Түүний 452 онд Италид хийсэн аян дайн өлсгөлөн, тахлаар дуусчээ. Аттилагийн учруулсан эвдрэл сүйтгэл зарим хүмүүст бурханы үзүүлж буй залхаалт шийтгэл мэт санагдаж байсан тул түүнийг “Бурханы ташуур” гэж нэрлэдэг. Аттила хуримын сүйт бүсгүйдээ хорлогдож нас нөгчсөн бололтой. Түүний хөвгүүд эзэнт гүрний засгийн эрхийг авсан боловч удалгүй задран унасан билээ.Аттила 453 онд бусдад хорлогдон нас нөгчжээ. (Ц.Төрбат)
2024/01/31
955
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Атрын аяны үүсэл
Атар газрыг хагалж, газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготой өргөн олныг хамарсан үйл явц    Атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу атрын гурван удаагийн аян өрнүүлжээ. Атрын анхны аяныг явуулах тогтоолыг1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргасан бол хоёр дахь аян 1976 оноос өрнөжээ. Атрын эхний аянуудыг МАХН-ын удирдлагаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллага гардан зохион байгуулж,залуучуудыг өргөнөөр татан оролцуулж, шинээр байгуулагдсан САА-г шефлэн авч ажиллаж байв.    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг баталсан. Атрын гурав дахь аяны үндсэн зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байв. (Б.Пунсалдулам)
2024/01/31
377
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Залуухан хамтрагчаа амиараа хамгаалсан баатарлаг гал сөнөөгч
2012 оны хавар Дорнод аймгийн Баяндун сумын нутагт аймшигт гал түймэр гарч, Онцгой байдлын дөрвөн албан хаагч амь насаа алдсан харамсалтай явдал тохиолдсон билээ. Бүлгийн дарга, дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч С.Бат-Эрдэнэ, Ж.Одбаяр нар гал түймрийн газар дээр амиа алдсан бол ахлах ахлагч Г.Багабиш 90 хувийн түлэгдэлттэйгээр Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад хэд хоногийн дараа таалал төгсчээ. Талийгаач Г.Багабиш тухайн үед 40 настай байсан бөгөөд 25 настай залуухан хамтрагч А.Болорсүхийг “Чи залуу хүн, амьд үлдэх ёстой” гээд дороо дарж хэвтэн амийг нь аварсан байна. Биеийнх нь 90 хувь түлэгдсэн Г.Багабиш эмнэлэгт өөрөө алхаж ороод,  “дүүг түрүүлж эмчил” гэж хэлээд ухаан алджээ. Түүний амиа золин байж аварсан гал сөнөөгч асан А.Болорсүх түүнээс хойш Солонгост гурван ч удаа эмчилгээнд явж, группт орсон бөгөөд таксигаар хүмүүс зөөн аж амьдралаа залгуулдаг болжээ. Баатарлаг аврагч агсан Г.Багабишийг таалал төгсөх үед хоёр хүү, эхнэр нь бие давхар үлдэж, хоёр сарын дараа талийгаачийн хүсэн хүлээж байсан охин нь хорвоод мэндэлсэн байна. Б.Батчимэг охин аавдаа үнсүүлж үзээгүй хэдий ч аавынхаа зургийг үнсэх дуртай аж.  Тэдгээр баатарлаг гал сөнөөгчдөд зориулж босгосон “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” нэртэй хөшөө Чойбалсан хотын төвд байдаг. Эх орон, ард түмэн нь тэднийг санан дурсаж, алдар гавьяаг нь мартах ёсгүй юм.Д.Мигаа
2024/02/01
1391