УЛС ТӨР
УЛС ТӨР
'Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр'-т гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар (2024.06.24) Ташкент хотноо хоёр орны албаны төлөөлөгчдийг байлцуулан “Куксарой” ордонд Дээд түвшний хэлэлцээ хийлээ.Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Жамшид Абдухакимович Ходжаев нар Монгол Узбекистаны “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.Хамтарсан хөтөлбөрийг үзэглэснээр хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллах боломж бүрдлээ.Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, агаарын болон авто тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тогтов.Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.
2024/06/25
413
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа.Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөн нээлээ.Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд 68.6 км-ын эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна. Гүйцэтгэл 94 хувьтай, 2025 оны аравдугаар сард бүрэн дуусна гэж танилцууллаа. Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна.
2024/06/25
384
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав.Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа.Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа.Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.
2024/06/24
248
УЛС ТӨР
Монполимет группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: Олон зуун ажилчид маань ажлын байргүй, орлогогүй тэсэрч байна
Монполимет группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг баривчлан түр саатуулаад сулласан хэдий ч түүний компаниуд руу чиглэсэн хяналт шалгалт, дарамт шахалт үргэлжилсээр байгаа аж. Энэ талаар түүний охин Н.Мөнхнасан өөрийн сошл хуудсанд бичсэн байна. Тэрбээр "Хувийн хэвшлийн компанид төрийн аудит орж болдог л юм байх даа? Шинжээчдийн асуултууд нь Хөгжлийн банктай огт хамааралгүй хувь хүн рүү, шал өөр хэрэг үүсгэхэд чиглүүлсэн асуултууд ирсэн байх юм.. ямартай ч хурдхан шалгуулчихаад үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна! Гэтэл хааж лацдаад 15 хонолоо...Олон зуун ажилчид маань ажлын байргүй, орлогогүй тэсэрч байна. Бүх компаниудад татварын шалгалтууд орсон бол өчигдөр АТГ-аас дахин аудит оруулах юм байх. Ингэхдээ үүсгэн байгуулагдсан он цагаас хойшхи хувь хүмүүсийн данс тооцоо үйл ажиллагааг шалгах юм байх. Бусад ЖДҮ, зээлээ огт төлөөгүй, хууль зөрчин барьцаагүй зээл авсан нөхдүүд, нүүрсний хулгайчдаа ингэж шалгахгүй нь маш харамсалтай! Ардчилсан улсад хүн хувийн өмчтэй байх эрхтэй, түүнд төр нь ингэж дураараа халдаж болох уу??" гэжээ.
2024/06/20
504
УЛС ТӨР
Төрийн албаны тусгай шалгалт зургаадугаар сарын 19-ний өдөр Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 11:00 цагаас эхэлнэ
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын зургаа, гүйцэтгэх албан тушаалын 35, нийт 41 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн юм. Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 12-ны өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад нийт 39 иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 176 дугаар тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын гурван сул орон тоонд тав, гүйцэтгэх албан тушаалын 12 сул орон тоонд 18 албан хаагч, иргэний бүртгэлийг тус тус хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 23 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгч, өрсөлдөнө. Шалгалт зургаадугаар сарын 19-ний өдөр Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 11:00 цагаас эхэлнэ.
2024/06/19
448
УЛС ТӨР
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгээр нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.Нийслэл энэ онд багтаан үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлнэ. Нийслэл үнэт цаас арилжаалж, дараах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм.Үүнд:Эрчим хүч хуримтлуурын станцын ажилАшиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажилГэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажилАвто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлын санхүүжилтыг нэмэгдүүлэх,Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажлыг санхжүүлнэ.Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил хот, нийтийн аж ахуйн салбарын зардлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод бондын эх үүсвэрийг төсөвт тодотгон тусгах үүднээс 2024 оны төсөвт өөрчлөлт оруулж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард нийтийн тээврийн салбарт богино эргэлтийн шугамыг нэвтрүүлсэн. Тухайн үед маш их эсэргүүцэлтэй тулсан ч богино эргэлтийн шугамын 70 гаруй хувийг үргэлжлүүлсэн. Нийтийн тээврийн салбар эхний зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Хэмнэсэн 25 тэрбумаа хот, нийтийн аж ахуйн салбар руу шилжүүлж байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагаа өнөөдрийн байдлаар 93 хувьтай зарлагдаад явж байна. Энэ жил бид нийслэлийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрчимжүүлж ажиллаж байна. Энэ бол урд өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт гэдгийг хэлье” гэв. Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон төлөөлөгчдийн саналыг тусган, төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа.Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсан юм.
2024/06/19
468
УЛС ТӨР
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв.Хоёр орон газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч баялаг өв, соёл уламжлал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоотойг онцоллоо.Элчин сайд Вецоп Намжил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсондоо баяртай буйгаа илэрхийллээ.Цаашид улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа хэллээ.Монгол Улс, Бутаны Хаант Улс хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
2024/06/18
418
УЛС ТӨР
'Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай' Улсын Их Хурлын 2023 оны 112 дугаар тогтоолын танилцуулга
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан бөгөөд үүнийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.4, 12.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.17 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын аймгийг долоон, нийслэлийг зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 13 тойрог байгуулахаар тогтоов.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2, 3 дугаар тойрогт баруун бүсийн Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг, 1, 4 дүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг, 5, 7 дугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийг, 6 дугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар тойрогт Улаанбаатарын бүсийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийг хамруулан тогтоолоо.
2024/06/17
387
УЛС ТӨР
Жендэрийн үндэсний хорооны МЭДЭГДЭЛ
Монголын ард түмэн хууль тогтоох дээд байгууллагаа бүрдүүлэх ээлжит сонгуулийн энэ чухал цаг мөчид нэр дэвшигчид тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдийн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан жендэрийн тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим ноцтой зөрчигдөж, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах зэргээр хүний эрх эрх чөлөөнд халдах байдал түгээмэл гарч буйг онцгой анхаарч таслан зогсоохыг уриалан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Хороо, түүний ажлын алба нь жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу өрнөж буй сонгуулийн сурталчилгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд харш байгааг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд анхааран шүүмжлэлтэй хандаж буйг онцлон тэмдэглэж байна. Сонгогч түмэн олон, нам эвслүүдийн дэмжигч нарт сонордуулах нь: 2011 оны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг эрэгтэй, эмэгтэй хүн бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх хэмээн тодорхойлсон. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаахыг хориглож энэ нь гуравдагч этгээдэд мөн хамаарахыг хуульчилсан. 2021 оны Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.12-д зааснаар “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл байх бөгөөд “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл юм. Уг мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахаар хуульчилсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 14.1 дүгээр зүйлд хүнийг … хүйс, … бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан, 14.8 дугаар зүйлд сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол тус тус ял шийтгэхээр заасан байдаг. Иймд олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг дээдэлж, хүн хоорондын харилцааны уламжлалт болон дэлхий нийтийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, түүний дотор эмэгтэй нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, улс төрийн сонгогдох эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, хүний хувийн болон эмзэг мэдээллийг олон нийтэд түгээн тархааж байгаа хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг, хууль дээдлэх иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна. ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/06/14
683
УЛС ТӨР
Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулна
НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар санал солилцсон юм.Эл төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зүгээс нийслэлийн төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд ногоон, тогтвортой, уян хатан, хүртээмжтэй, чанартай дэд бүтцэд үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх аж.Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн Яам болон Азийн хөгжлийн банк хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг publicinvestment.gov.mn системд холбосон. Цахим системд холбогдсонтой холбоотойгоор техникийн туслалцаа үзүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор сургалтад хамруулах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв. Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болсон. Уг төслийн хүрээнд нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлснээр хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн систем болон чадавх бэхжин, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар аргачлал сайжирч, орон нутгийн хөрөнгийн удирдлагын систем боловсронгуй болно” гэлээ.
2024/06/14
389
УЛС ТӨР
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө.Эрхэм зочдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.Айлчлалын хүрээнд хийсэн төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно уур амьсгалд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн ололт амжилтаа бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ жарны хуудсыг нээлээ.Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдаг.Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой боллоо.
2024/06/13
488
УЛС ТӨР
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.Хоёр улс далайд гарцгүй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнууд гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглээд, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухлыг онцолж, цаашид энэ чиглэлд хувь нэмэр оруулахаа нотлов.Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочилж, нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс бүрдсэн бэсрэг наадам үзэж сонирхлоо.
2024/06/13
490
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Лаос Улс нь эртний түүхэн хэлхээ холбоотой, өв соёлын уламжлалтай, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцоллоо.БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 17 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, элэгсэг, халуун дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит чин сэтгэлийн талархал илэрхийлэв.Хүнд бэрх цаг үед хоёр улсын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдаж, дэлхий нийт, бүс нутаг, улс гүрнүүдийг хамарсан өөрчлөлт шинэчлэлийн бүхий л цаг үед Монголын ард түмэн Лаосын ард түмний талд бат зогсож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйл хэргийг тууштай дэмжиж ирсэнд мөн талархлаа. БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь Монгол, Лаосын “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцааны шинэ жарны хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв.Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон санал, санаачилгууд бодит ажил хэрэг болж буйг сайшаалаа.Мөн өнгөрсөн онд хүрсэн ололт амжилтаа энэ удаагийн айлчлалаар улам бүр бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон ашиглаж, харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан, улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг нотлов.Төрийн тэргүүн нар өнгөрсөн онд “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан юм.Үүний мөрөөр “Монгол Улсаас Лаос Улс руу хөлдөөсөн хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-г тохирч буй нь хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, агаарын гарц нээх нь иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцоллоо.Хоёр орны хооронд байгуулсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хамтын ажиллагааг эхлүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод байгуулах “Эко олон улсын цэцэрлэгт хүрээлэн”-д хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болгон Лаос Улсын нэрэмжит талбай бий болгох боломжийг лаосын тал судалж, хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв.Энэ нь иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, залуу, хойч үеийн найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ.Талууд бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах болсонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсонд талархал илэрхийлэв.Монгол Улсын зүгээс Лаос Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд байршуулах монгол хивсийг хүлээлгэн өгч буйд лаосын тал талархал илэрхийлэв. Хэлэлцээний дүнгээр талууд хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
2024/06/12
507
УЛС ТӨР
Метро барихад зөвлөх үйлчилгээг БНСУ-ын "Dohwa Engineering" компани үзүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, дөрвөн компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын "NPS Engineering", БНХАУ-ын "China Railway Design Coorporation", "Guangzhou Metro Group" БНСУ-ын "Dohwa Engineering" сүүлийн шатанд өрсөлдсөн юм. Үнэлгээний хорооноос БНСУ-ын "Dohwa Engineering" болон “Korea national railway”, “Soosung Engineering”, “Korea railroad corporation” компаниудын хамтарсан консорциум хамгийн сайн үнэлгээ авч, метроны зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон байна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлнэ” гэв.Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.“Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтарсан түншлэлийн товч мэдээллийг хүргэж байна.БНСУ-ын “Dohwa Engineering” компани нь Филиппин, Алжир, Панама улсуудад төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай аж. Бүх төрлийн инженерингийн төслийг дотооддоо болон олон улсад хэрэгжүүлдэг байна.“Korea National Railway” компани төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, засвар арчилгаа, менежментийг хийдэг бөгөөд өндөр хурдны галт тэрэгний гурван төсөл хэрэгжүүлжээ. Азийн 15 улс, Европын гурван улс, Африкт , Өмнөд Америкт төмөр замтай холбоотой төсөл хэрэгжүүлжээ.“Korea Railroad Corp” компани нь Манила хотын Метроны долоодугаар шугам дээр барилгын явцын зөвлөх үйлчилгээ болон оперешны зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж. БНСУ-д их багтаамжийн нийтийн тээврийн томоохон 15 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна.“Soosung Engineering” компани нь метро, төмөр зам болон бусад дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ, суурь судалгаа, дизайн хийдэг бөгөөд БНСУ-д 500 гаруй судалгаа хийсэн байна. Мөн Ази, Өмнөд Америк, Африк тивүүдэд сүүлийн 20 орчим үйл ажиллагаа явуулж байгаа аж.
2024/06/11
517
УЛС ТӨР
Н.Мөнхнасан: Энэ янзаараа дампууруулж санаа нь амрах юм шиг байна
'Монполимет' группын ерөнхий захирал Ц.Гарамжавыг хэд хоногийн өмнө баривчлан саатуулж байгаад сулласан билээ. Гэвч хэрэг явдал ингээд дуусаагүй бололтой. Түүний компаниудыг татвар, хяналт шалгалтаар дарамтлаад эхэлсэн талаар охин Н.Мөнхнасан өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд ийнхүү бичжээ."Заа тэгээд татварын шалгалтууд нь гэнэт өнөөдрөөс орох мэдэгдлүүд ирлээ. Мөрдөн байцаагч нар нь хэдэн машинаа дүүртэл хамаг санхүүгийн бичиг баримтууд аваад явчихсан, энэ хэд нь одоо юугаа шалгах юм бол доо. Ид ажил бужигнадаг үеэр ингэж хааж боож байгаа нь байгууллагын хувьд асар их хохирол алдагдалд оруулж байна. Тууштай хөдөлмөрлөөд улс, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулаад явах хүсэл эрмэлзэл байвч энэ мэт дараалсан дарамт, шахалт зогсохгүй нь бололтой. Энэ янзаараа дампууруулж санаа нь амрах юм шиг байна" гэжээ.
2024/06/11
716