УЛС ТӨР
УЛС ТӨР
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
Иргэн ямар бизнес эрхлэхээ e-business.mn системд мэдэгдээд шууд эхэлнэ. Зөвшөөрөл гэдэг нэргүй ч гэсэн дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа.“Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн иргэн бүрээ дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг л зөвшөөрөлтэй эрхэлж, үлдсэнийг нь зөвшөөрөлгүй эрхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлд хамрагдаагүй атлаа олон баримт бичиг, хугацаа шаарддаг, иргэдэд хүнд суртал үүсгэдэг үйлчилгээнүүд байна. Нийслэлд бизнес эхлүүлэхийн тулд зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад гурав, түүнээс дээш сар хүлээж байна. Иймд зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ чөлөөлье" гээд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.Тус тогтоолоор найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө.e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системийн бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ-ын удирдлагуудад даалгав.Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна-Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа-Эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдэл үр дүнгүй, 2025 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу хоёр төрлийн үндсэн цалин мөрдөж буй нь эрсдэл, үл ойлголцол үүсгэж буйг салбарынхан хэлж байгаа юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, урамшууллын тогтолцоог шинэчилж, гүйцэтгэл, ажлын ачаалал, үйлчилгээний чанарт суурилсан уян хатан системд үе шаттайгаар шилжүүлж, 2025 оны 224 дүгээр тогтоолоор тогтоосон үндсэн цалингаас тооцсон нэмэгдлийг 2026 оны тавдугаар сарын 01-нээс олгохоор шийдвэрлэлээ.“Эрүүл мэндийн салбар нэг цалинтай болж байна. УИХ-аар батлагдсан төсвийн дагуу цалин нэмэгдэж байна. Үр дүнд нь эмнэлгийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй болох ёстой”-г Ерөнхий сайд анхаарууллаа.Мөн эрүүл мэндийн салбарын үр дүн, үр ашиг, зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгалаа. Тухайлбал,Санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, үр өгөөжийг нь эмч, сувилагч, ажилтны хөдөлмөрийн гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулах,Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах, шаардлага хангахгүй эмийг зах зээлээс татан авах,Иргэд оршин суугаа бүс нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг арилгах,Салбарын ажилчдын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд суурилсан цалин урамшууллын тогтолцоог (KPI) боловсронгуй болгож бүтээмжид үндэслэсэн цалин нэмэх шийдлийг боловсруулах,2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.Тус тогтоол нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах, салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна“Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаж, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ыг баталлаа.Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулна.
2026/04/16
210
УЛС ТӨР
Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны (2026.04.13) хуралдаан 13 цаг 48 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, П.Ганзориг, Б.Жаргалан нар хүрэлцэн ирснээр ирц 71.4 хувь болсноор хуралдаан эхэлсэн юм.Энэ өдрийн хуралдаанаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь салбарын зүрх, гүүр болсон байгууллага болох онцлогтойг тус газрын захирал Ж.Золзаяа эхэнд нь дурдав. Үйл ажиллагаагаа нь зогсон ч нийтэд нөхцөл байдлыг нээлттэй мэдээлснээр өнөөдрийн байдлаар дансаа нээлгээд байгаагаа дуулгав. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь тус салбарыг хөгжүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд гаргах, улмаар “Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур” уриатайгаар зорилгоо тодорхойлсон бөгөөд 1972 онд Шинжлэх ухаан, техник, мэдээллийн төв нэртэйгээр байгуулагдаж байжээ. Барилга нь 1974 онд ашиглалтад орсон, 2002 онд байгууллагыг Мэдээлэл, технологийн үндэсний парк хэмээн нэрлэсэн байна. Тухайн оныг хүртэл жилд улсын төсвөөс 80 сая төгрөгийг үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр хуваарилдаг байсан ч 2016 онд холбогдох шийдвэрийн дагуу төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болжээ. Ингэснээр улсын төсвөөс үйл ажиллагааны санхүүжилт олгохоо больж, байгууллага орлогоороо санхүүжих шаардлага тулгарсан гэв.Үүнээс хойш салбарын хүний нөөцийг бэлтгэх, технологийн гарааны бизнесүүдийг бойжуулах, тэдгээрт оффисын таатай нөхцөлийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг Ж.Золзаяа захирал Дэд хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрбээр 2023 оноос тус газрын захирлаар ажиллаж байгаа аж.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам байгуулагдан, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр тус газар хууль дахь 11 чиг үүргийг гүйцэтгэж, мөн Мэдээллийн технологи үйлдвэрлэл, туршилтын технологийг хөгжүүлэх үндэсний Зөвлөлийн ажлын алба болжээ. Үүний зэрэгцээ 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Виртуал бүсийн үйл ажиллагааг хариуцаж байгаа гэв. Өдийг хүртэл Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, Виртуал бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх үйл ажиллагаа доголдолтой байгааг дурдав.“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга нийтдээ 9000 м2 талбай ч үүний 1/3 хэсгийг нэр бүхий аж ахуйн нэгж кино театр болгон ашиглаж, маш бага төлбөрөөр 14 жил түрээсэлж байгаа гэв. Бусад инкубатор компани хоёр жил бойжоод, дараагийн шатандаа шилждэг бол нэг компани 14 жил дангаараа дээрх орон зайг эзэлж, маш бага түрээс төлж ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, дамжуулан түрээсэлж асар их ашиг, орлого олсон нөхцөл байдлыг тайлбарлав. Энэ талаар нийтэд ил тод мэдээлж, нөхцөл байдлыг тайлбарласнаар 2025 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу одоогоос дөрвөн сарын өмнө кино театрыг албадан чөлөөлүүлсэн байна.Тус байгууллага одоо гарааны бизнесүүдийг бойжуулахаас гадна салбарынхантай хамтран олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд болон 50 гаруй улс оронтой хамтын ажиллагаа өрнүүлдэг байна. Тус төвд өнөөдрийн байдлаар технологийн 40 компани байршин, хиймэл оюун ухаан, программ хангамж, эрүүл мэнд, боловсролын чиглэлээрх мэдээллийн технологийн үйл ажиллагаа гээд давхардалгүйгээр “бойжиж” байгааг танилцуулсан. Мөн төрийн цахим үйлчилгээний болон аюулгүй байдлын чиглэлээрх байгууллагууд байрлаж байна гэлээ. Данс хаагдахад цахилгаан, дулаан хангамж таслалдахад, энэ нөхцөл нь зөвхөн тэнд ажиллаж байгаа 450 хүний асуудал биш, e-mongolia.mn сайтаас төрийн үйлчилгээг цахимаар авч буй 2000000 хүн, үйлчилгээг цахимаар үзүүлж буй төрийн асуудал болж байна хэмээн тайлбарлалаа. Дэд бүтцийн дээрх хүндрэлтэй байдал нь зөвхөн тус байгууллагын биш тухай барилгад байрлаж буй байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа, улсын хэмжээний болон олон улсын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буйг мэдээлсэн.“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт ажилтны 70 хувь нь бодлогын ажлаа боломжгүй, орлого бүрдүүлэх ажлыг гүйцэтгэдэг болохыг Дэд хорооны гишүүдэд тайлбарласан. Тус байгууллагын нийтдээ 9000 м2 талбайн 1/3 хэсгийг түрээсэлж байсан аж ахуйн нэгжүүд түрээсийн асуудал дээр маргаж, талбайгаа чөлөөлж авсан “Мэдээлэл, технологийн үндэсний парк” 791 сая төгрөгийн төлбөр төлөх болоод байгаа гээд холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй танилцуулсан. Шүүхийн шийдвэрээс үүдэн “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дансыг битүүмжилснээр үйл ажиллагаа нь зогсох, ажилтнуудынхаа цалинг олгож чадахгүй байдалд хүрчээ. Өнгөрсөн Баасан гарагт дансаа нээлгээд, 791 сая төгрөгийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр Хууль зүйн яаманд хандаад байгаа гэв.Үргэлжлүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ холбогдох танилцуулгыг хийлээ. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” нь 2016 оны арван хоёрдугаар сарын 01-ний 21-ний өдрийг хүртэл улсын төсөвт үйлдвэрийн газар байж байгаад 2017 оноос төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болжээ. Тэрбээр тус газрын сүүлийн зургаан жилийн орлогын мэдээллийг, хүний нөөцийн талаар танилцуулаад, үүсээд буй нөхцөл буюу тус барилгад талбай түрээсэлж байсан байгууллагууд, түрээсийн гэрээний нөхцөлийн талаар танилцуулсан.Үүсээд буй нөхцөл байдал болон хууль эрх зүйн орчинтой уялдуулан “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ыг судалгаа, бизнес хөгжүүлэлтийн төв болгож өөрчлөн зохион байгуулах санал танилцуулав. Энэ чиглэлээрх өөрчлөн байгуулалтын асуудлыг тусгасан хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь хэлэлцүүлгийн шатанд байгааг тайлбарласан. Цаашид төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудлыг шийдвэрлэх, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга ашиглалттай холбоотой саналыг танилцууллаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Б.Жаргалан, Р.Батболд, Д.Рэгдэл, Ч.Анар нар тодруулга хийж, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөллөөс тайлбар, мэдээлэл авав. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “… Хуралдаанд тухайн … хороонд харьяалагддаггүй гишүүн оролцож, асуулт асууж, үг хэлж болно …” гэсэн заалтын дагуу тус Дэд хороонд харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, О.Батнайрамдал нар асуулт асууж, ажлын хэсгийн дээрх бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар авсан.“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, Ч.Анар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан тухайлсан шуурхай шийдэл боловсруулан, арга хэмжээ авахыг Б.Тулга гишүүн хүсээд, Дэд хороо энэ талаар чиглэл өгсөн шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Дэд хорооны дарга Ч.Анар “Энэ нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын алдаа болон төрийн өмчийн “хулгай”-н асуудал юм. Улсын Их Хурал хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд анхаарал хандуулж байна” хэмээгээд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжилтийг дэмжих хүрээнд Улсын Их Хурлын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн сонссон мэдээлэлд үндэслэн Дэд хороо дараагийн хуралдаанаараа холбогдох шийдвэрийн төслийг хэлэлцэнэ хэмээн Ч.Анар дарга хэлснээр хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/04/14
226
УЛС ТӨР
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв.Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны арван хоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм.Төрийн болон албаны нууцын тухай хууль урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас ялгагдах зарчмын шинжтэй харилцаа нь албаны нууц гэх ойлголтыг оруулж ирсэн, түүнчлэн Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталж байхаар өөрчлөлт орсон байдаг.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт “...улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр...-ийн нууцыг хуулиар тогтоон хамгаална...” хэмээн заасан. Ардчилсан нийгэмд төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа олон нийтэд аль болох ил тод, нээлттэй, энэ талаарх мэдээлэл хүртээмжтэй байх ёстой. Хэдий тийм ч нийтийн ашиг сонирхол буюу “улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах” зорилгоор тодорхой мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох замаар иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хязгаарлаж болохоор Үндсэн хуульд заасан.Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон нь хэлбэрийн хувьд Үндсэн хуульд нийцэхгүй байгаагаас гадна мэдээллийг төрийн нууцад хамааруулах шалгуур, босго “намсаж”, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хяналт байхгүй болсон хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Үүний улмаас Засгийн газар нь мэдээллийг төрийн нууцад авахдаа Улсын Их Хурлын хяналтгүй, дур зоргоор шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэв. Үүнийг дагаад иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хязгаарлагдаж, Засгийн газар хууль бус үйлдлээ нууцлах эрх зүйн үндэс бий болсон хэмээн үзсэн байна.Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу төрийн нууцад хамааруулж байсан мэдээлэл 60 орчим байсан бол Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад авсан мэдээллийн тоо давхцалгүй тоогоор 400 гаран болж даруй долоо дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага нь “төрийн байгууллагын нууц” гэсэн ойлголтыг дотооддоо бүрдүүлэх болсон аж. Тодруулбал, төрийн байгууллага бүр мэдээллээ нууцалдаг болсон нь нууцын талаарх ойлголтыг “хавтгайруулж”, иргэдийн мэдээлэл авах эрхийг боогдуулж, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд саад болох болжээ.Иймд Төрийн нууцын тухай хуулийг төслийг санаачилж, Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар бус Улсын Их Хурал баталдаг байх; албаны нууц гэсэн ойлголтыг халах гэсэн зарчмын хоёр асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/04/14
201
УЛС ТӨР
Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, баталлаа
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо (2026.04.13) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдан 2026 онд хийх хяналт шалгалт, сонсгол зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, баталлаа.Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг танилцуулаад, хэлэлцэх асуудлын хоёрдугаарт бичигдсэн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох нь зүйтэй гэсэн горимын санал гаргав. Уг саналыг дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг Байнгын хороогоор хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.Хуралдаан Дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төлөвлөгөөний төсөл болон төсөлд тусгуулахаар Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн санал бүрийг хуралдаан даргалагч С.Эрдэнэболд уншиж танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд 2025 онд дэд хороо төлөвлөсөн ажлаа тун амжилттай хэрэгжүүлснийг сануулсан. Харин өнөө жил 17 ажил үйлчилгээг дэд хороо төлөвлөжээ. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөө хангагдаж буй эсэх, хууль тогтоомжуудын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалт явуулах, улсын төсвийн төсөл болон хэлэлцүүлэгт хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хүн төвт парламентын стратеги төлөвлөгөөний хүрээнд хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх талаар аймаг, дүүргийн Засаг дарга нартай байгуулах гэрээнд заавал тусгадаг байх чиглэлийг Засгийн газарт хүргүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр боловсруулах хүрээнд "Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ"-г боловсруулах талаар Олон Улсын парламентын холбоотой санал солилцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн хэрэгжилт, цахим орчин дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, Хүүхдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэргийг төсөлд тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэхдээ, хүний эрх зөрчигдсөн гэх иргэний өргөдлийн талаар танилцуулаад, цаашид Хүний эрхийн дэд хороо ийм гомдлыг хэлэлцэх боломжтой эсэх талаар тодрууллаа. Дэд хорооны дарга, уг асуудал шүүхэд шилжсэн учраас, мөн хувь хүний нууцад хамаарах асуудлыг ил тод мэдээлэх, хэлэлцэх боломжгүй гэв. Хүний эрхийн дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул энэхүү төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 83.8 хувь нь дэмжсэн тул төлөвлөгөөг баталсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/04/14
208
УЛС ТӨР
Ерөнхий сайд Н.Учрал: 'COP17' бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Талуудын 17 дугаар бага хурал” буюу СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хуралд /2026-04-13/ оролцов.Гадаадын хөрөнгө оруулалт татах, инновац, олон улсын түншлэлийг хөгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой тус хурлын төсвийн захиран зарцуулалт олон нийтэд эхнээсээ нээлттэй ил, тод байх шаардлагыг Ерөнхий сайд тавилаа.Мөн хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад Засгийн газар онцгой анхаарч, асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар тулгамдсан асуудлуудаа ярилцаж нэгтгээд, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар албан даалгавар гаргаж шийдвэрлэнэ гэлээ."COP 17" бага хурал нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын бодит шийдэлд чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж. Монгол Улсын Засгийн газар Ногоон хөгжлийг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мөн илэрхийллээ.Манай улсад энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох “COP 17” бага хуралд НҮБ-ын гишүүн улс орнууд, харьяа байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирнэ. Ойролцоогоор 8-10 мянга орчим төлөөлөгч ирэх тооцоолол гарчээ. Хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 12 дэд хороо байгуулсан. Хороодын төлөвлөсөн 782 ажлын биелэлт 55.9 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2026/04/14
215
УЛС ТӨР
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ.Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн гишүүд Байнгын хорооны гишүүдэд танилцуулж, асуултад хариуллаа.Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хуулийн төсөлдөө:• Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,• Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,• Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно гэж Ерөнхийлөгч үзэж байна.Мөн УИХ-ын гишүүн сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
2026/04/08
238
УЛС ТӨР
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал /2026.04.07/ Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Нийгмийн даатгал болон Татварын газрын удирдлагуудтай уулзаж, Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулга авч, үүрэг даалгавар өглөө. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих тогтоол гаргаж, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй хуулийн этгээдийн дансыг нээхээр болсон. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээ зарласан. Энэ дөрвөн чөлөөлөлтийн хамгийн чухал нь эдийн засгийн чөлөөлөлт. Ирж буй эдийн засгийн сорилтыг хэрхэн давж гарах вэ гэвэл иргэд, аж ахуйн нэгжүүддээ итгэж боломж олгох. Ийм зорилгоор Засгийн газрын тогтоол гаргалаа. Данс нь хаагдсан, татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ. Тодорхой хугацаанд дансыг нээж, энэ хугацаанд татвараа, нийгмийн даатгалаа төлөх боломжийг олголоо. Ингэж байж эдийн засгаа идэвхжүүлнэ гэдгийг онцлов. Засгийн газар цаашид хаадаг, хязгаарладаг биш нээдэг, чөлөөлдөг зарчмыг баримталж ажиллана. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Энэ бол иргэд, аж ахуйн нэгждээ итгэж буй хэрэг. Энэ итгэлийг аж ахуйн нэгжүүд маань зүтгэлээр хариулах ёстой гэлээ. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран төлөвлөгөө гаргаж, эргэн төлөх боломжийг нь олгож ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал анхаарууллаа.Мөн Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж өргөн мэдүүлэх шаардлагатай. Монголын төр иргэддээ итгэж байж эдийн засаг идэвхэжнэ гэлээ.Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-с чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстойг Ерөнхий сайд хатуу анхааруулаад Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 12,153 татвар төлөгч хуулийн этгээдийн 3,547.0 тэрбум төгрөгийн өрд арилжааны банк дахь данс битүүмжлэлтэй байсан. Данс битүүмжлэлийг чөлөөлөх ажиллагаа улсын хэмжээнд бүрэн хэрэгжсэн гэж Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, есөн дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нартай цахим хурал зохион байгуулж данс нээх ажиллагааг чирэгдэл үүсгэхгүй зохион байгуулна. Нийгмийн даатгалын газруудад зөвлөх утсаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн уулзалт хийж, өр төлөх график гаргаж өгч байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажил олгогч болон ажилтны тоо 2025 онд 20 гаруй мянгаар нэмэгдсэн. Энэ нь НДШ төлөхийн ач холбогдлыг иргэд ойлгож, хариуцлагатай хандаж буйн илрэл гэж ГБХНХ-ын сайд Т.Аубакир хэллээ.
2026/04/08
243
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай статистикийн мэдээллийг илүү нарийвчлалтай боловсруулах асуудлаар үүрэг чиглэл өгөв Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.07) Улсын Их Хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Үндэсний статистикийн хорооны бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, танилцах уулзалт хийлээ. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Эдийн засгийн нөхцөл байдал-өрхийн санхүү” сэдвээр мэдээлэл хийж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.Эдийн засгийн өсөлтийг өмнө нь улирлаар тооцдог байсан бол одоо сараар тооцдог болсон байна. Тоо баримтаас харахад 2025 онд эдийн засгийн жилийн өсөлт 6.8 хувьтай гарсан бол 2026 оны эхний эхний хоёр сарын байдлаар 7.6 хувийн өсөлттэй харьцангуй сайн дүр зураг харагдаж байгаа ч гадаад, дотоод нөхцөл байдлаас хамаарсан инфляцын өсөлтийн эрсдэл байгааг анхаарч, бага дунд орлоготой иргэдээ дэмжих бодлого хэрэгжүүлж, ажиллах шаардлагатай байгаа талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэлдээ дурдав. Мөн статистикийн мэдээллийг илүү нээлттэй, улсын хэмжээнд мэдээллийг дэлгэрэнгүй нарийвчлалтай гаргах давтамжаа нэмэгдүүлэх зорилгоор өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх, өөр хоорондоо мэдээллийг хуваалцах, ашиглахтай холбоотой зохицуулалт дутагдаж буй талаар хөндөн ярилаа. Энэ хүрээнд Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа гэв. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, суурь мэдээлэл, тоо баримт үнэн зөв, чанартай байж, шийдвэр зөв гарна. Тиймээс статистикийн байгууллага хараат бус, нээлттэй, ил тод ажиллах зарчмыг мөрдлөг болгоход анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Ингээд судалгаа, мэдээллийг бүрэн гүйцэт цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг иж бүрэн гүйцэтгэх, улмаар төрийн байгууллагууд мэдээллээ өөр хоорондоо саадгүй хуваалцахтай холбоотой шийдлийг тус тус боловсруулж, танилцуулахыг үүрэг чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/04/07
246
УЛС ТӨР
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.06/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой уулзаж, гадаад, дотоод зах зээлд үүсэж буй эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Ойрхи Дорнодын зөрчилдөөний улмаас эдийн засагт үүсэх сөрөг нөлөөлөл болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн гадаад валютын улсын нөөцийг хамгаалах, ханшийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанк хуульд заасан арга хэмжээг нөхцөл байдалд нийцүүлэн тухай бүр авч, олон нийтэд ил тод мэдээлэл хүргэж ажиллаж байна гэлээ.Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын төгсгөлд дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтууд манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхлээд буйг дурдсан бөгөөд ийм эгзэгтэй үед цаашид Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл зөвлөмж ирүүлж байхаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/04/06
243
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.06) Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв. Энэ хүрээнд Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдлаа. Үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, хурлаа тасалдаг байдалд тодорхой хязгаарлалт тавих чиглэлээр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Улсын Их Хуралд суудалтай намуудын удирдлагууд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг төлөө эвлэлдэн нэгдэх, Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, нээлттэй ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.Хуваалцах:
2026/04/06
253
УЛС ТӨР
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Өнөөдрөөс түгжээгүй болсон данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдсэнээр 12100 компанийн хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Эдийн засагт онцгой байдал үүссэн бол ийм арга хэмжээ авч болох Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгавраа гаргасан юм байна. Зөвхөн УИХ хууль батлах эрхтэй тул татварын хуульд өөрчлөлт оруулна. Харин Засгийн газар хууль хэрэгжүүлэх өөрт байгаа эрх мэдлийнхээ хүрээнд энэ шийдвэрийг өөрчлөлт хүлээлгүй гаргалаа. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д хагас жилээ дүгнээд, төсвийн тодотголтой цуг татварын хуульд оруулах өөрчлөлтөө өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм. Компаниудад үйл ажиллагаагаа сэргээх, татвар төлбөрөө барагдуулах, цалин хөлсөө олгох боломж нээж байна. Татварын өрөөс болж хаагдсан дансыг нээсэн нь зах зээл, эдийн засагт эерэг дохио өгч идэвхжүүлэх зорилго агуулжээ. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа дэвшүүлж батлуулсан хувийн хэвшил, иргэндээ итгэж, төрийн хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгаа эхний шийдвэрээсээ хэрэгжүүлж эхэллээ.
2026/04/06
268
УЛС ТӨР
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
2026/04/05
283
УЛС ТӨР
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ.Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов. Мөн ёс зүйн болон ажлын хариуцлага шаардаж ажиллахаа илэрхийлж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг ажиллах ёстойг анхаарууллаа.Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Жадамбын ЭнхбаярМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын ДоржхандМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Нямтайширын НомтойбаярМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Баттөмөрийн ЭнхбаярМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн БатцэцэгМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Загджавын МэндсайханМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сайнбуянгийн АмарсайханМонгол Улсын Засгийн газрын гишүүн- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын ДамдиннямМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дамбын БатлутМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Цэндийн Сандаг-ОчирМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-АмгаланМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы АубакирМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн ДэлгэрсайханМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Жуковын АлдаржавхланМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-АмгаланМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Цагаанхүүгийн ИдэрбатМонгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Чинбатын НоминМонгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдаар Бадрахын НайдалааМонгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдаар Энхбаярын Батшугар
2026/04/05
250
УЛС ТӨР
ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.03/ хуралдаан 09.11 цагт О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар Ж.Батжаргал, С.Бямбацогт, Л.Гантөмөр, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын гишүүд ирснээр 56.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.Хуралдаанаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд УИХ-ын гишүүн Х.Тэмүжин нарын 17 гишүүн өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин төслийн талаар танилцууллаа.Тэрбээр, Өнөө цагт парламентын спикер төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах нь парламентын ардчилал, парламентын дархлааны салшгүй гол зарчим болсон байна. Учир нь парламентын нийтийн танхимыг олон намын төлөөлөл бүхий чөлөөт хэлэлцүүлгийн орчин, олонх цөөнхийн бодлогын мэтгэлцээний талбар, улс төрийн зөвшил ойлголцлын механизмаас гадна, нээлттэй, хяналттай төрийн үйл ажиллагаа, иргэний мэдэх эрхийн гол эх үүсвэр байлгах нь парламентын спикер, түүнд тавигдах шаардлага, түүний томилгоо, чөлөөлөлттэй шууд холбоотой байна.2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой болсон төдийгүй парламентын давжаа байдлыг засаж 126 гишүүнтэй болсон. Үүний үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Улсын Их Хуралд 4 нам, 1 эвсэл суудал авч олон намаас бүрдсэн Улсын Их Хурал олонх цөөнхийн байр сууриас намын лидерүүд нь мэтгэлцэж, зөвшилцдөг парламентын ардчиллын тулгуур зарчим Монгол Улсад төлөвшиж, хөгжих боломж нэмэгджээ хэмээн танилцуулав. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, 2025 оны долдугаар 9-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурал асуулгын цагтай болж Ерөнхий сайд, сөрөг хүчний лидер бодлогын мэтгэлцээн хийдэг, гишүүд цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдаас шууд асууж, хариулт авдаг улс төрийн шинэ соёл бий болсон билээ.Улсын Их Хурлын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгохгүй бол парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олонхийн шийдвэр гаргах, цөөнхийн хяналт тавих эрхийг баталгаажуулах болон олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг Улсын Их Хуралд хэрэгжүүлэх явдлыг алдагдуулах эрсдэлтэй байна гэлээ.Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулах тухай шинэ зохицуулалт, парламентын хяналтын шинэ механизм бий болгосон.Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл Хянан шалгах түр хороо ажиллахаар заасан нь парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг доголдуулсан төдийгүй нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудал дээр Улсын Их Хурал ажиллаж чаддаггүй, олон нийтийн дуу хоолойг сонсдоггүй, нийтийн төлөө санаа тавих хүсэл зориггүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэж иргэд олон нийт үнэлэх дүгнэх үр дагавартай байна гээд, дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан гэдгийг тодотгов.Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад парламентын ардчилал бэхжих, улс төрийн намууд хариуцлагажих, хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/04/03
242
УЛС ТӨР
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД:Бүгд Найрамдах Грек Улсын Элчин сайд Евгениос Димитриос Калпирис,Бүгд Найрамдах Тунис Улсын Элчин сайд Адел Эларби,Доминиканы Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Алехандро Ариас Зарзуэла,Испанийн Хаант Улсын Элчин сайд Марта Бетанзос Рой,Данийн Хаант Улсын Элчин сайд Старбек Кристэнсэн нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Элчин сайдууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.
2026/04/03
249
