УЛС ТӨР
УЛС ТӨР
Ахмадын үндэсний чуулган чуулж байна
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2024.01.08) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцож буй юм.Ахмадын үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр, ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулав.Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настны талаар хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтын тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэнд, эм хангамжийн тухай тус тус танилцуулна. Мөн Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавих юм.Үндсэн илтгэлүүдийн дараа “Сайн туршлага, идэвхтэй оролцоо: Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт панел хэлэлцүүлэг болох бөгөөд үүнд Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа нар панелистаар оролцоно.Үндсэний чуулганы үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаны хүмүүс тухайн салбаруудын бодлого, шинэчлэл, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээний тухай танилцуулах юм. Түүнчлэн ахмад настны эрхийг хангах болон ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны талаар үндэсний чуулганд оролцогчдын төлөөллөөс илтгэл, танилцуулга хийнэ.Үндэсний чуулганаас оролцогч ахмад настнуудын саналд үндэслэн зөвлөмж гарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/08
236
УЛС ТӨР
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргахаар ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд /2025.01.07/ “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.Нийслэл Улаанбаатар хотоос түлшний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хагас коксон шахмал түлшний туршилт, судалгааны талаар ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Насантогтох нар танилцууллаа.Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчлэх хүрээнд одоо ашиглаж байгаа мидлингийг ирэх гуравдугаар сарын 01-нээс хэрэглэхээ больж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжмалын үйлдвэрийн “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн сайжруулсан түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багасаж, нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчийг шинэчилж, шигшиж ангилсан түлшинд “грийн көүл” бүтээгдэхүүнийг нэмэлтээр хийж, түлшний чанарыг сайжруулна. Шахмал түлшний болон барьцалдуулагчийн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж буйгаа хотын дарга тайлбарлав.Үүнээс гадна Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчинтой болсноор гэр хорооллын 198 мянган яндан, 500 гаруй мянган автомашин, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, ДЦС зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү уг хуулийн зохицуулалт чиглэнэ. Хуулийг хэрэгжүүлснээр утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, одоо үйлчилгээнд явж байгаа 1300 автобусыг хийн түлшинд шилжүүлэхээс гадна Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүсийг нийслэлд тогтоох боломж бүрдэх аж.Тусгай дэглэм бүхий бүсийг ногоон болон шар бүс гэж ангилж байгаа бөгөөд ногоон бүсэд стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлшинд /LNG, LPG/ айл өрхүүдийг шилжүүлнэ. Урьдчилсан зураглалаар энэ бүсэд 48,118 нэгж талбарын 50,189 өрхийн 202 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.Ногоон буюу яндангүй бүсийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр шинэчлэн нэмэгдүүлнэ. Тус бүсэд стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид Евро 5-аас доош стандартын автобензин, дизель түлшийг худалдан борлуулахгүй байх зэрэг агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн зохицуулалтуудыг бас тусгажээ.Шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах бөгөөд эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлана. Цаашид нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах аж.Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн “Нүүрс, химийн цогцолбор”-ийн Нүүрс-пиролизийн үйлдвэрийн “Хөх нүүрс” төслийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Нийт 190 сая ам.долларын санхүүжилтээр байгуулах тус үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны арванхоёрдугаар сард, эцсийн байдлаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн утааг 60-80 хувиар бууруулах төдийгүй 100 Мвт-ын эрчим хүч үйлдвэрлэх тооцооллыг судлаачид хийсэн байна.Жилд 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг томоохон уурын болон нам даралтын зуух, ДЦС-уудыг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэх ажлын явцын талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа танилцуулсан.“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжинд стандартыг шинэчилж батлуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний барьцалдуулагчийг импортоор болон дотоодоос нийлүүлдэг байсан. Гэвч дотоодынх нь чанар муу талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр тайлбарлав. Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарласан. Тэгэхээр Засгийн газар нийслэлд онцгой анхаарна. Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Ковидын үе шиг бэлэн байдалд энэ штаб ажиллана. Бямба гариг бүр хуралдана. Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудал бүрийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын ахалсан Шуурхай штаб ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч үүнд оролцох ёстой. Утааг бууруулах тухайд сайжруулсан шахмал түлш, “0” давхаргын баяжмал, хагас коксон түлшний дараагийн буюу эцсийн шийдэл, хамгийн том шилжилт бол шингэрүүлсэн хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, Улаанбаатарыг утаагүй болгох явдал гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцлов.
2025/01/08
240
УЛС ТӨР
АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудад хяналт, шалгалт явуулах ажлын хэсгийн удирдамжийг батлав
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.01.07) хуралдаж, өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд байгуулагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, С.Замира, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар ажиллах юм.Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжид ажлын хэсэг Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, тухайн паркуудын үйл ажиллагааг эрхлэгчид, “Эрдэнэс ҮТП” ХХК болон бусад холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг сонсож, “Багахангай” ҮТП , “Шивээ-Овоо” ҮТП, “Тавантолгой” ҮТП (мега төсөл), “Дорнын баялаг” ҮТП, “Гэрэлт говь” ҮТП, “Алтан ширээт” ҮТП, “Налайх” ҮТП, “Бор өндөр” ҮТП, “Багануур” ҮТП, “Эрдэнэт” ҮТП, “Дархан” ҮТП, “Хөтөл” ҮТП, “Шинэ Ховд” ҮТП, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, хяналт шалгалт хийхээр тусгасан байна. Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой сэдвээр талуудын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа хийж зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх юм.Ажлын хэсэг удирдамжид заасан хяналт шалгалтыг явуулсан талаарх танилцуулга, санал дүгнэлт болон холбогдох шийдвэрийг төслийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/07
205
УЛС ТӨР
ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.01.07/ 10 цаг 28 минутад гишүүдийн ирц 52 хувьд хүрснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ хэлэлцээд дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дахин хэлэлцэн баталж, нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах хугацааг 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг хүртэл Төсвийн байнгын хорооны 213 тоот өрөөнд хүлээж авсан. Энэ хугацаанд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлснээс Г.Алтансүх, Б.Ганбаяр нарын материал журмын дагуу бүрдэл дутуу мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул санал хураалтад оролцох боломжгүй гэж үзсэнийг Байнгын хорооны дарга тодотгоод үлдсэн дөрвөн нэр дэвшигчийг танилцуулав.Нэр дэвшигч Б.Ариунболд нь 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. 2012 онд “Нэйшнл инженеринг групп” ХХК, “УБ транс” ХХК-д хүний нөөцийн ажилтан, үйл ажиллагаа хариуцсан менежер, 2013-2014 онд “Фаст рооф” ХХК-д гүйцэтгэх захирал, 2017-2020 онд Хас банканд хувийн банкир, мэргэжилтэн, шинжээч, 2021 онд Хөгжлийн банканд төслийн санхүүжилтийн судалгааны захирал, 2020-2024 онд “Эй кей энд икс финанс” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна гэв.Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн, 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн олон улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байна гэлээ.Нэр дэвшигч Л.Батзориг нь 1988 онд төрсөн, 37 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг их сургуулийн эрх зүйн бакалавр, санхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажиллаж байна гэв.Нэр дэвшигч Б.Зундуй нь 1990 онд төрсөн, 35 настай. Санхүүч мэргэжилтэй. 2012 онд Хас банканд харилцааны менежер, 2012-2016 онд Барилгын хөгжлийн төвд мэргэжилтэн, 2016-2017 онд “Эм Жи Эл интернэйншл” ХХК-д гүйцэтгэх захирал, 2021-2022 онд Оюу толгой төсөл, СААДИ группт гэрээ, санхүүгийн менежер, 2022-2023 онд “БИД” санхүүгийн группт газрын захирал, 2024 онд “Есөн шижир инвест” ББСБ-д Стратеги хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа аж.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн дээрх дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураалаа. Нэр дэвшигч Ц.Бархас хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь буюу олонхын саналыг авсан тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу тус хорооны орон тооны бус нэг гишүүнд Төсвийн байнгын хорооноос Ц.Бархасыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.Дараа нь Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.Төсвийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай 07 тоот тогтоолыг баталсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131.1-д Байнгын хороо нэр дэвшигчийг сонгох ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуух асуулт саналыг цахимаар эс үгүй бол шуудангаар хүлээн авна гэж заасны дагуу дээрх тогтоолд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцууллаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.Хуралдаан Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-ын б заалт, төслийн 11.1.2-ын в заалт хооронд зөрчил үүсэх эсэхийг тодруулахад Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн эдгээр заалтын хооронд хуулийн зөрчил үүсэхгүй хэмээн хариулсан. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/01/07
194
УЛС ТӨР
Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүнд,-Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,-“Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх,-“Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах,-Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашигийг судалж, хэрэгжүүлэх,-Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх,-Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав. “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулж, гурван Шадар сайд ахалж, холбогдох сайд нар ажиллахаар тогтлоо.Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах , “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэНийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдал, ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцлээЗарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-уудын үйл ажиллагааны талаар танилцуулжээ. Уул уурхай, иргэний агаарийн тээвэр, банк санхүүгийн салбарын эдгээр таван компани, үйлдвэрийн газар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт 15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар, 380 тэрбумыг нь бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.Засгийн газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрхзүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүтээмжтэй, үр өгөөжтэй явуулах тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.
2025/01/03
249
УЛС ТӨР
Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцохыг урьж байна
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулна.Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцох иргэдийг урьж байна.Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэлМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.10 дахь хэсэгт зааснаар хараат бус шинжээч нь:131.10.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;131.10.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;131.10.3.энэ хуулийн 131.8-д заасан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт бичгээр гаргах;131.10.4.нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсгол, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.Имейл: [email protected]Утас: 51-260749Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба
2025/01/02
269
УЛС ТӨР
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.Нэр дэвшигчдийн мэдээлэл: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Ч.Сайнбилэг, А.Халиунаа нарын нэрийг дэвшүүлсэн байна.Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-426, /Лавлах утас: 267155/Цахим шуудангийн хаяг: [email protected] имэйл Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба
2024/12/30
212
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 1992-2024 он хүртэл нутаг дэвсгэрийг төлөөлсөн 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол, 2024 оноос хойш сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламент, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар өөрийн түүхийг бичиж эхэлж байна.Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн 2024 он өндөрлөх дөхөж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийг шинээр харах нийгмийн захиалга бүхий түүхэн хариуцлагатай 2025 он эхлэх дөхөж байна. Өнгөрснөө зөв дүгнэхгүйгээр, ирээдүйг зөв тодорхойлох боломжгүй гэдэгчлэн өнөөдрийн энэхүү мэдээллийг ондоо багтаж өгөх нь зүйтэй гэж үзлээ.Өчигдөр та бид хамтдаа 16-20 жил гацсан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын хувьд улс орны хөгжлийн томоохон асуудлыг том зургаар нь харж, дэмжсэнд талархал илэрхийлье.Төслүүд гацсан үндсэн суурь шалтгаан эрх ашгийн сонирхол байсан гэдгийг ч олон талаас нь дүгнэн ярилцлаа. Шүүхийн шатанд, цэцийн шатанд төслүүд гацсан шалтгаанууд, улс төрийн нөлөөлөл, авлигын хэргүүдийн шүүхийн шатанд эргэж буцсан олон шийдлүүдийн зангилааг ч үе солигдсон шинэ парламент нөлөөтэй толины тусгалгүй олж харж, тогтолцооны хувьд засаж чадна гэдэгт гүнээ итгэж байна.Ирээдүйн хөгжлийн боломжоо дахин алдахгүйн тулд бид өнөөдөр өвчнөө зөв оношилж, зөв эмчлэх ёстой. Хуримтлагдсан асуудлуудыг хамгийн зөв оношлох аргачлал бол хүний оролцоогүй цахим шилжилт билээ.Аливаа асуудалтай тэмцэхийн тулд асуудлыг бүрдүүлж буй хөрстэй нь тэмцэх ёстой гэдэгтэй ч санал нэг байна. Энэ л агуулгаар төрийн байгууллагуудын салангид мэдээлэл, өгөгдлийг цэгцэлж, нэгдсэн дүгнэлт хийхийн тулд E-Mongolia платформыг Эстони улсын туршлагад тулгуурлан нээж, өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчтэй болж, 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байна.E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн өөрийн цахим хаягнаас татаж авдаг байх, банкны салингад төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байсан.Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгож, зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь Улсын Их Хуралд нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдаж түвшинд очсон нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн гэж үзэж болно.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу хоёр жил долоон сарын хугацаанд уг хуульд байнга нээлттэй байхаар заасан таван чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.Энэхүү мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ намрын чуулган завсарлахаас Улсын Их Хуралд өмнө өргөн барихаар бэлтгэл ажлаа хангасан. Энэхүү хууль батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацийн зарчмаар ажиллах болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн төсвийн байгууллагын 1511 нь мэдээллээ нээлттэй байршуулсан бол төрийн өмчит 119 компанийн ашиг, алдагдлын мэдээлэл нийтэд ил болоод байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!Засгийн газраас ирэх хаврын чуулганаар цахим өгөгдөлд тулгуурлаж, татварын багц хууль, нийгмийн даатгалын багц хуулийг, хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын өргөн төлөөлөлтэйгээр олон жил яригдсан энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газрын мега төслүүд амжиж хөдлөх нь суурь тоонуудыг тооцоход амин чухал байгаа гэдгийг дахин хэлье.Эдгээр гурван эрх зүйн реформыг бид хаврын чуулганд багтан цогцоор нь шийдвэрлэж чадвал, 2025 оны улсын төсөв их өгөгдөлд тулгуурласан төсөв байх боломж бүрдэх бөгөөд зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү илүүтэй чиглүүлэхээр тооцож байна.2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай.Бид асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн шинэ эрин үед амьдарч байна. Хүн төрөлхтөн уурын хөдөлгүүр үүсэж, механикжсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас, дотоод шаталтын хөдөлгүүр нэвтэрч, авто машин, нисэх онгоц, эрчим хүч хэрэглээнд нэвтэрч, масс үйлдвэрлэл хөгжсөн хоёрдугаар хувьсгал хүртэл дунджаар 100-120 жилийг зарцуулсан бол компьютер, тоон технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас интернетийн сүлжээ, ухаалаг технологид шилжсэн дөрөвдүгээр хувьсгал хүртэл ердөө 30 орчим жилийг зарцуулсан байна. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан шинжлэх ухаан, өндөр технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн тав, цаашлаад зургадугаар хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, шинэ эдийн засгийн бүтэцтэй болоход Монгол Улс дараах гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна. Үүнд,Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт:o Их өгөгдөлд суурилсан төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинo Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэхo Төрийн бүтээмж, гүйцэтгэл, үнэлгээний уялдаа холбооo Төрийн үйлчилгээний оновчтой, хүртээмжтэй байдал сайжрах Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилт:o Цэвэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний шилжилтo Цахилгаан автомашины хэрэглээний шилжилт o Ногоон байгууламжийн стандарт, орчны бохирдлыг бууруулахo Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээр, усны нөөцийн асуудалГуравдугаарт, Хүний нөөцийн шилжилт:o Боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлийн уялдааo Нийгмийн даатгал, татварын орчин, орон сууц, Баялгийн сангийн уялдаа холбооo Хөдөлмөрийн үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхЦахим шилжилт бол зөвхөн төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, эсхүл аль нэг салбарын асуудал биш, харин бүх салбарыг хамарсан шинэ эдийн засгийн суурийг бүрдүүлэх зөөлөн дэд бүтэц юм. Их өгөгдөл байхгүй бол дүн шинжилгээ хийх боломжгүй, дүн шинжилгээ хийхгүй бол оновчтой, зөв шийдвэр гаргахгүй.Өнөөдрийн мэдээллийн үндсэн зорилго бол Засгийн газраас эдгээр гурван шилжилт болон үүн дотор цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүсэж байна.Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
2024/12/28
269
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хурал баталсан билээ. Бодлого, засаглал тогтворгүй, эрх зүйн орчин ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй, том төслүүдээ улс төржин гацаадаг гэсэн нэршил “Монголын за андгай буй заа” хэмээн ирсэн та бидний язгуурын философиос нэлээдгүй зөрсөн нь нууц биш юм. Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөн 2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна. Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна. Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгаан:Нэгдүгээрт, олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл Хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэлГуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц юм. Эдгээр гурван нөлөөллийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн юм. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон бий. Сонгуулийн холимог тогтолцоо, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар ийм нөхцөл байдлыг даван гарч, улс орныхоо хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Засгийн газар 100 хоногтоо багтаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотод 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн ашиглалтад орж чадлаа. Гал авч шийдвэрлэсэн энэхүү шийдвэр өнөөдөр хүнд ч, ирээдүйд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээх түүхэн шийдвэрүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү шийдвэрийг дэмжсэн парламентын гишүүдэд талархал илэрхийлье. Ийм шийдвэрүүдийг гагцхүү холимог тогтолцоогоор бүрдсэн парламенттай үед, хамтарсан Засгийн газар л шийдвэрлэж чадах билээ. Ерөнхий сайдын булангийн орнуудад энэ сард хийсэн айлчлалаар үнэ чөлөөлсөн энэхүү шийдвэр болон сэргээгдэх эрчим хүчний экспортын хэлцлийг улс орнуудтай хийж чадвал эрчим хүчний томоохон мега төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийхэд бэлэн байгаагаа булангийн орнуудын Засгийн газар, Баялгийн сангууд албан ёсоор илэрхийлсэн. Тийм ч учраас шинэ тогтолцоонд шилжсэн эхний үр дүнгүүд гарч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлж байна гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна. Он солигдох дөхөж буй энэ үед 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг Засгийн газар өнгөрсөн хуралдаанаар хэлэлцэж дүгнэсэн. Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын хувьд түүхэн дээд амжилтад хүрсэн байна. Гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирлаа. Харин импорт даган нэмэгдэж 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсны 42.5 хувийг автомашин бүрдүүлж байгаад бид хамтдаа дүгнэлт хийх учиртай. Энэ ч агуулгаар Засгийн газар 2025 оныг бүхэлд нь Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ндбаталсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэж үзэхэд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримтлалын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Эдгээр тоог тогтвортой өсгөхөд гацсан мега төслүүдээ хөдөлгөхөөс өөр сонголт Монгол Улсад байхгүй ээ. Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд бид өнгөрсөн алдаагаа засахаас өөр сонголт бидэнд байхгүй ээ. Өнөөдөр Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой. Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр энэхүү төслийн талаар Улсын Их Хурал дэлгэрэнгүй ярьсан тул, Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбохбүтээн байгуулалтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар илүү төвлөрч ярья. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно. Бид 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байлаа. Ирээдүйд дахиж ийм боломжийг алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж нийтийн эрх ашгийг төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын гэрээг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар ирэх хавар энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болох болно. Цаг хугацааны цаглабарын хувьд энэхүү төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байна. Товч байдлаар дүгнэж хэлэхэд, эдгээр хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацалт үүссэн байна. Мөн төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, Тавантолгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзсэнээр улс төрд томоохон хэмжээний эсрэг блок үүсгэж, улс төрчид болон олон нийтийн нөлөөлөгчдөд эдийн засгийн хувьд нөлөөлсөөр ирсэн нь нууц биш юм. Хэлэлцээр явж байх үед ч энэ асуудал Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг ил болгох, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарлах асуудал Улсын Их Хуралд танилцуулагдахын өмнө болсон түүх хэрхэн давтагдаж байгааг Та бүхэн харж байгаа биз ээ. 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын төрийн тэргүүнийг байлцуулан зурагдсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын санхүүжилтийн гэрээнд үндэслэн Хятадын Ганцмод хилийн боомт талын бүтээн байгуулалт 2015 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, харин манай улсын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж, эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг болон бусад хилийн боомт холбогдохгүй байх харилцааны асуудал үүссэн байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үүссэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна. 1/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх; 2/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх; 3/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх; 4/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох; 5/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх; 6/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын нарийн царигаар баригдаж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг зөрөх; 7/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах; 8/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулах боломжийг хангах; 9/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх; 10/ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттай эхлүүлэх тохиролцоонд хүрэх; 11/ Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг харилцан ашигтай, хувилбарт шийдэл бүхий холбогдох гэрээг 16 жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллах зэрэг болно. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/12/27
255
УЛС ТӨР
ТБХ:Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2024.12.25/ хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.Тэрбээр, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн 48 МВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 МВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 МВт-д хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус станц нь Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гидравлик горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг ба Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-12 хувиар өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд дулааны цахилгаан станц бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэ эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна гэлээ.Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатад ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцын суурин дээр 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөжээ.Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг дахин илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. “Интер РАО Экспорт” компаниас төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 8 дугаар сард Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна.Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай харилцан зөвшилцөөд байгаа гэв. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороотой тус тус зөвшилцсөн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 48 дугаар захирамжаар Эрчим хүчний сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд нар 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хэлэлцээр нь Монголын талын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар “Интер РАО Экспорт” компани тендерт шалгарсан байгаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, хуультай нийцэж буй эсэх, мөн төслийн зураг төсөв батлагдаад явбал олон улсын дундаж үнэтэй харьцуулахад хэр байгаа талаар болон энэ асуудалд салбарын яамны байр суурийг лавлаж байлаа.Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад монголын талд хүлээлгэн өгсөн. Энэхүү техник эдийн засгийн үндэслэлдээ нэг тэрбум 322 сая еврогоор төслийг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тусгасан байгаа юм. Олон улсын дундаж үнээр 1кВт нь дулаангүйгээр 2 сая шахам ам.долларын үнийн саналыг цахилгаан станцуудад ирүүлээд байгаа үнээс өндөр байна. Ийм өндөр үнээр бид хийлгэж чадахгүй гэдэг нөхцөлийг зөрүүлж тавьдаг. Иймд оросын тал зургаа хийгээд түүнийг нь магадласны дараа төсвөө гаргая. Төсвөө гаргасны дараа дахин магадлаад үнийн асуудалд дахин тохиръё гээд байгаа ч манай талаас олон улсын дундаж үнээс өндөр байгаа тул үнээ буулга гэсэн саналыг тавьсан хэмээн хариулав. Мөн энэ удаа ямар нэгэн байдлаар ОХУ-ын компанийг тендерт шалгаруулсан гэх яриа байхгүй. Харин оросын талтай ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлээр төслийг санхүүжүүлье гэдгийг нөхцөлийг л тохирсон. Олон улсын экспортын зээлүүд хүүний хувьд татаастай, хугацаа урт байдаг ч хариуд нь тухайн улсын компаниудаар ерөнхий гүйцэтгэгч байхыг шаарддаг. Энэ жишгийн дагуу л ОХУ “Интер РАО Экспорт” компаниа шалгаруулаад манай талд санал тавиад явж байна. Харин төсөлд гарын үсэг зурах эрх нь Засгийн газарт байгаа. Үүнээс өмнө УИХ-ын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөөд дараа нь хэлэлцээр хийгээд УИХ-аар соёрхон батлуулах юм. Энэ нь олон ажлын эхлэл нь гэж ойлгож болно гэхийн зэрэгцээ оруулж ирж буй асуудал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуультай нийцэж байгаа гэв.Ингээд “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээДараа нь Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа.Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлийн хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилжээ.Дээрх маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад "татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;", 34.4.3 дахь заалтад "татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Түвшин нар үг хэлэв. Гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гээд төсвийн орлого бүрдүүлэхийн тулд татвар төлөгч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн дансыг хаахаас эхлээд захиргааны арга хэмжээ авдаг. Иймд цаашдаа татварын хувь хэмжээ, татвар бүрдүүлэлтийн асуудлыг Улсын Их Хурал өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж байлаа.Ингээд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлэхээр заасны дагуу Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, сонгон шалгаруулах зарыг нийтэд хүргүүлсэн гэв.Мөн сонгон шалгаруулах зарыг 2024 оны 12 дугаар сарын 05-18-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл Төсвийн байнгын хороо хүлээн авсныг дурдаад өнгөрсөн хугацаанд холбогдох материалаа ирүүлсэн дөрвөн нэр дэвшигчийг танилцуулсан юм.Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн 35 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа аж.Нэр дэвшигч Л.Батзориг нь 1988 онд төрсөн 36 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг Их Сургуулийн эрх зүйн бакалавр, санхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажиллаж байна гэв.Нэр дэвшигч З.Батмөнх нь 1982 онд төрсөн 42 настай. ШУТИС-ийн Компютер, технолог, мэдээллийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Япон Улсын Сайтамагийн Их Сургуулийн эдийн засгийн магистр, үйлдвэрлэлийн удирдлага мэргэжилтэй. 2005 оноос Сангийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа ажээ.Нэр дэвшигч Ж.Эрдэмзаяа нь 1984 онд төрсөн 40 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн магистр, санхүүгийн менежмент мэргэжилтэй. 2006-2011, 2020 онд СЭЗДС-д багш, 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн судалгааны төвд гүйцэтгэх захирал, 2014-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд статистик судлаач, 2016-2020 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах референт, 2024 оноос “Ди би эм ассет менежмент” үнэт цаасны компанид дотоод зөвлөх буюу төсөл хэрэгжүүлэгч нэгжийн санхүүгийн эрсдэлийн мэргэжилтнээр хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байна гэлээ. Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураахад олонхын санал авсан хүн гараагүй тул уг асуудлыг дахин хэлэлцэхээр тогтов.Хуралдааны төгсгөлд “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг томилохоор тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/26
238
УЛС ТӨР
ТББХ: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /2024.12.25/ хуралдаж, “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулав. УИХ-ын 101 гишүүнээс өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа.Жамсрангийн Самбуу Монгол Улсын XX зууны түүхэнд чухал байр суурь эзэлсэн, улс орныхоо хөгжил дэвшил, олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, төрийн ажил үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн нэрт зүтгэлтэн гэдгийг тэрбээр танилцуулгын эхэнд тодотгов.УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Самбуу БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар 18 жил ажиллахдаа олон чухал шийдвэр гаргаж, улс орны хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмрээ оруулжээ. Түүнчлэн Элчин сайдаар ажиллаж, олон улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласан нь Монголын дипломат албаны түүхэнд чухал байр суурь эзэлдэг.Жамсрангийн Самбуу нь төрийн болон дипломат албаны зэрэгцээ олон нийтэд зориулсан үнэ цэнтэй ном, судалгааны бүтээл туурвиж, ард түмэндээ мэдлэг, мэдээлэл түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардад сануулга сургаал” зэрэг бүтээл нь малчдад зориулсан зөвлөгөө, мэдээллийг агуулсан чухал гарын авлага юм гэлээ.Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан улс орны хөгжил дэвшил болон олон улсын харилцааг бэхжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, амьдрал, үйл ажиллагааг судлан таниулах, залуу үед сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишгүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.Мөн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.Хууль, тогтоолын төслүүдийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан юм.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж болон бусад бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, хот төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгажээ.Монгол орны төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн онцлогийг тээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл бүхий иргэндээ ээлтэй хотыг байгуулахын тулд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг дэмжихтэй холбоотой эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна.Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд бүс нутгийн хөгжлийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үндсэн зорилго нь оршиж буйг сайд Л.Гантөмөр танилцуулгадаа дурдсан.Засгийн газар оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, шинжлэх ухаан, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс нутагт шинээр бий болгосноор хүн амын хэт төвлөрлийг бууруулахаас гадна дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ.Хуулийн төслийг D.Parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа хэмээсэн.Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Зулпхар, Б.Батбаатар нар асуулт асууж хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Шинэ Хархорум” хотыг байгуулах асуудал нь үндэсний үйл хэрэг, эрмэлзэл, итгэл үнэмшил, татах хүч учраас хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд хотын газар зохион байгуулалт, хот хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн бол, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хотын эрх зүйн байдлыг тогтоох асуудлыг зохицуулахаас илүүтэй бүтээн байгуулалтыг дэмжих агуулгын хүрээнд хуулийн төслийг дэмжиж байна хэмээсэн. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцлээ.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хуулийн 2024 оны 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хүчингүй болсонтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/26
270
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж буй юм.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг САС” хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
2024/12/26
259
УЛС ТӨР
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оныг "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарлавЗасгийн газрын тогтоол гарч, “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.Мөн нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэхийг төрийн болон орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болголоо.2025 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод ногоон шилжилтийг эрчимтэй хийж эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих юм.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн баринаУлсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн баринаМонгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.Уг төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулан ажиллаж буй.Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын талтай өндөр түвшний уулзалтуудыг удаа дараа хийж, “Чайна Энержи” группээс тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаатай байлгах, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан.УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
2024/12/25
277
УЛС ТӨР
Хамтарсан хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2024.12.24/ хамтарсан хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн.Хамтарсан хуралдааныг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар даргалсан бөгөөд хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.Тэрбээр мэдээлэлдээ, Байгаль орчин, уур амьсгалын салбарт 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөнгөн дүнгээр нийт 182.4 сая ам.долларын санхүүжилттэй байгааг дурдаад Байгаль орчны мэдээллийн санд байгаа мэдээллээр 1998-2023 оныг хүртэл үзэглэж, батлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд 107 байна. Нийт дүнгээрээ 360 орчим сая ам.доллар эл салбарт зарцуулагдаад байна гэв.Үүнээс онцолбол тусгай хамгаалалттай газар нутагт нийт санхүүжилтийн гуравны нэг нь ногдож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 24 хувь зарцуулагдсан. Олон улсын байгаль хамгааллын чиглэлийн донор байгууллагуудын санхүүжилтийн гол сонирхол нь урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгөх, хамгаалагдсан газар, байгаль хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхийг илүүд үздэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамгийн их санхүүжилт хийж байгаагийн нэг шалтгаан гэлээ.2024 оны байдлаар Даян дэлхийн байгаль орчны сан, БНСУ, ХБНГУ, Уур амьсгалын ногоон сан, Европын холбоо, Япон, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 28 төсөл хэрэгжиж байна.Өнөөдрийн байдлаар 2028 он хүртэл 10 жилийн хугацаанд буюу 2018-2028 оны хооронд эдгээр төслүүдээр дамжин 170 орчим сая ам.долларын дотогшлох урсгал бий болж байна. Үүнийг эрчимжүүлэх, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төслүүдийн зарим нь тухайн улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх нөхцөл тавьдаг тул Монгол Улсын Засгийн газраас ойролцоогоор 100 сая ам.долларын шууд бус санхүүжилтийг оруулах үүрэг хүлээсэн. Иймээс улсын болон орон нутгийн төсвөөс байгаль хамгаалалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээг дахин авч үзэх, сайтар судлах шаардлагатай байна. Эдгээр төслүүдээс 2028 он хүртэл ямар хэмжээний санхүүлжилт хийх боломжтойг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд жил бүрээр төслүүдийн санхүүжилтийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг харьцуулан харвал хангалттай биш байна. Яамнаас шалтгаалж байгаа асуудлууд болон дэмжлэгтэйгээр сайжруулж болох асуудлуудыг тодорхойлж байгаа гээд удаашралтай байгаа төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв.2024 оны байдлаар хэрэгжиж буй 28 төслийн хувьд авч үзэхэд Хөвсгөл, Завхан, Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад 2-5 төсөл хэрэгжиж байна. Төслийн санаачилга гараад эцэслэн батлагдаж хэрэгжих хүртэл ойролцоогоор 2 жилээс багагүй хугацаа зарцуулагдаж байгаа тул 2024 оны байдлаар хэрэгжиж эхэлж байгаа төслийн үндсэн концепц хэрэгжих байршил нь 2022 он, түүнээс өмнө батлагдсан болохыг сайд онцлоод төслийг хэрэгжүүлэхдээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хил хязгаарт тулгуурладаггүй бөгөөд байгалийн бүс, бүслүүр, экосистемийн хил хязгаар, хамгаалалтын дэглэмийн нөхцөлүүдэд тулгуурлан тогтоодог нийтлэг шинж чанартай гэлээ.Төслүүдийн санхүүжилтийн дийлэнх нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд чиглэж байгаа нь (53%, 97.5 сая ам.доллар) байгаль хамгаалал, биологийн төрөл зүйлийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлт (16 хувь буюу 29.1 сая ам.доллар), химийн хортой бодисын аюул (6 хувь буюу 11.9 сая ам.доллар), цөлжилт (8 хувь буюу 14.6 сая ам.доллар) зэрэг бусад чухал асуудлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч байна. Ойжуулалт, ойн салбарын шинэчлэл, цөлжилтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 8 хувь буюу 14.6 сая ам.долларын гурван төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 16 хувь буюу 29.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Химийн хорт, аюултай бодисын чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 6 хувь буюу 11.9 сая ам.долларын 3 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 7 хувь буюу 12.1 сая ам.долларын 5 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 10 хувь буюу 18.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг С.Одонтуяа сайд мэдээлэлдээ онцолсон.Мөн тэрбээр цаашид Монгол Улс нь байгаль орчны төслүүдээ хэрэгжүүлэхэд гадаадын санхүүжилтийг татах шаардлагатайг дурдаад үүний тулд олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжилт хийх (co-financing) шаардлага үүсч байна. Ингэснээр санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, төслийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой гэв.Түүнчлэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулахын тулд үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг бодитоор хэмжиж, зорилгодоо төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог шинэчлэх, Сангийн яамны мэдээллийн сантай бүрэн нийцүүлэх, байгаль орчны салбарт санхүүжилтийг хуваарилахдаа зөвхөн нэг чиглэлд төвлөрөхгүй, харин цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, химийн хортой бодис зэрэг бусад чухал асуудлуудад ч анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ. Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, С.Замира, М.Мандхай, Ц.Идэрбат М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа нар үг хэлсэн. Гишүүд эл салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашдаа олон шалгуур үзүүлэлтээр үнэлж, үр дүнг нь илүү тодорхой нарийвчлалтай гаргадаг болох, мөн салбарын яамнаас урт хугацаандаа байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдээр дамжуулан ямар үр дүнд хүрэх талаараа тодорхой танилцуулж, иргэд, малчдыг мэдээллээр хангахад бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх төслүүдийг уур амьсгалын өөрчлөлт, өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, тэднийг малжуулах, амьжиргааг нь дэмжих, цаашлаад бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг тодорхой чиглэлд хандуулахад онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/25
227
УЛС ТӨР
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа.Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцав. БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийллээ. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл нь 2009 оноос хойш яригдсан бөгөөд 16 жил гацсаны эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр талууд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар уг төсөл дахин хөдлөхөөр болсон. Тус төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломж бүрдэх юм.
2024/12/25
246