НИЙГЭМ
НИЙГЭМ
Ханын материалд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ
Улаанбаатар хотыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 12.6 га газарт 1800 айлын орон сууц барина. Тухайн байршилд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон холбогдох албаныхан ажиллалаа. Ханын материал орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 3000 айлын орон сууц барих ажил нийслэлийн 24 мега төсөлд багтсан. Үүнээс эхний ээлжийн 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хугацааг өнөөдрөөс эхлүүлж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ. Сонгон шалгаруулалтыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг тус тус үндэслэн явуулах бөгөөд төслийн саналыг наймдугаар сарын 7-ны 11:00 цаг хүртэл компаниудаас авахаар боллоо.Өнөөдрийн байдлаар 1800 айлын төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт 82 хувьтай, дэд бүтцийн ажлуудыг нийслэлээс шийдэж өгсөн. Долоодугаар сардаа багтаад үлдсэн газрыг чөлөөлснөөр газар чөлөөлөлтийг бүрэн дуусгахаар төлөвлөж байгааг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцууллаа.Төсөл сонгон шалгаруулалтад оролцох компаниудын хувьд хэн хамгийн өндөр хувьтай үр дүнг санал болгох, санхүү хөрөнгө, барилга барих чадамжаараа өрсөлдөнө. Өмнө нь гэр хорооллыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлтийг улсаас шийдэж өгөөгүй, дэд бүтцийн асуудал хүндрэлтэй, төсөл сонгон шалгаруулахдаа нэгдүгээрт барилга барих тусгай зөвшөөрлийг шалгуур болгож, бусад хүчин зүйлсэд түрүүнд ач холбогдол өгөөгүй зэрэг шалтгаанаас төсөл удаашрах, зогсох, улмаар иргэд хохирдог тохиолдол цөөнгүй байсан. Улаанбаатар хотоос шинээр хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах төслүүдийн хувьд өөр зохион байгуулалттай. Газар чөлөөлөлт, дэд бүтцийн гол асуудлуудыг шийдэж, зураг төслийг ерөнхий байдлаар гаргасан. Өөрөөр хэлбэл, орон сууцаа барих л үлдсэн. Тиймээс одоо гагцхүү төслийг саадгүй явуулж чадах компаниудыг төсөлд оролцохыг урьж байгаа юм.Улаанбаатар хотод шинээр хэрэгжүүлж байгаа орон сууцны төслүүдийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг цогц байдлаар орон сууцжуулах “20 минутын хот” төлөвлөлттэй уялдсан орчин үеийн хороолол болно.Энэ талаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Ханын материалын 1800 айлын орон сууцжуулах төслийн зураг төслийг хүнийг хамгийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байдлаар нарийн боловсруулж, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, кино театр, үзвэр үйлчилгээний төвүүд, оффисын барилга зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Энэ төслийн хувьд гурвалжин хэлбэртэй, гурвалжны үзүүр хэсэгтээ орчин үеийн хийцлэлтэй оффисын барилгыг төлөвлөсөн. Барилга хамгийн өндөр нь 12 давхар, доош шаталсан хэлбэрээр 9 болон 7 давхар барилгууд мөн байгаа. Орон сууцныхаа голд ногоон байгууламж бүхий тоглоомын талбайг шийдсэн. Улаанбаатар хотдоо жишиг болохуйц төлөвлөлттэй шинэ орон сууцны хороолол босно. Энэ ерөнхий төлөвлөлтүүд дээр сонгон шалгаруулалтад шалгарсан компани өөрөө хөгжүүлэлт хийгээд явах боломжтой” гэсэн юм.Улаанбаатар хотод өмнө нь 2013-2023 онд буюу 10 жилийн хугацаанд 3200 нэгж талбарыг чөлөөлж байсан бол сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд 2584 нэгж талбарт газрыг чөлөөлж, түүхэндээ байгаагүй газар чөлөөлөлт, орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна.
2025/06/24
215
НИЙГЭМ
'Узбекистаны худалдааны төв' нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
Монгол, Узбекистаны II бизнес форум /2025.06.23/ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Энэхүү форум нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад хийх төрийн айлчлалын хүрээнд болж буй юм. Форумд Монгол Улсын Шадар сайд, Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев, Уул уурхай, геологийн сайд Б.Исламов, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын орлогч сайд И.Касимов нарын албаны төлөөлөгч оролцлоо. С.Амарсайхан “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдсэн тухай онцлон тэмдэглэж, “Монгол, Узбекистаны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тээвэр ложистик, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болон эрчимжиж байна” хэмээн мэдэгдэв.Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр орны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж, Улаанбаатар болон Ташкент хотод худалдааны төв байгуулахаар тохиролцсон нь стратегийн чухал алхам болсныг дурдав.Форумын үеэр хоёр тал Ташкент-Бишкек-Өрөмч-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах, Улаанбаатар-Ташкент хооронд шууд нислэг нээх, Узбекистанаас хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир экспортлох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн Улаанбаатар хотноо “Узбекистаны худалдааны төв”-ийг ёслол төгөлдөр нээж, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих шинэ боломж бүрдэв. Монголд одоогийн байдлаар Узбекистаны хөрөнгө оруулалттай 24 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид энэ тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Форумын төгсгөлд талууд 2024-2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, тээвэр ложистикийн саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэхээр санал нэгдлээ.
2025/06/24
212
НИЙГЭМ
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн тавдугаар сард төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж, зам дагуу гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтэд хяналт шалгалт хийлээ.Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Энэ онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Тодруулбал, хазайсан шон, өнгө үзэмж алдагдсан гэрэлтүүлгийн байгууламж, ил гарсан цахилгааны утас, кабель зэргийг цэгцлэх, зөрчлийг арилгуулахтай холбоотойгоор хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонгийн өнгө будгийг сэргээснээс гадна 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солих зэрэг засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн байна” гэв.Мөн тус хяналт шалгалтын дараа үргэлжлүүлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг цэгцлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ гэдгийг тэрбээр онцоллоо.
2025/06/23
186
НИЙГЭМ
Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалааМонгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.06.22/ Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо. Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг. Хүүхдүүдийг эрсдэлд оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа. Монгол Улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр насанд хийх товлолтой. Дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулжээ. 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд байжээ. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ. Энэ оны хоёрдугаар сараас хойш 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон хүүхэд нас бараад байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа. Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад зөвлөмж өгч, цахим сургалт зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа. Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг холбогдох албаныханд мөн анхааруулав. Үер усны аюулаас сэргийлэх, мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хангалтад анхаарч, дутагдал үүсэх тооцоололтой бол нийлүүлэлтийг одооноос төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд наадмаас өмнөх 14 хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.
2025/06/23
222
НИЙГЭМ
'Сэлбэ 20 минутын хот'-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхэлсэн. Энэ хүрээнд "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ. Энэ талаар "Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар мэдээлэл өгөв. Сэлбэ дэд төв нь 45.610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл хувийн хэвшилд бизнесийн ашигтай байршлуудыг санал болгож байна. Тодруулбал, 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн албан ёсны сайт selbecity.mn хаягаар олон нийтэд нээлттэйгээр хамтран ажиллах санал, хүсэлтийг хүлээн авч байна. Төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн компаниудаас 10 хоногийн хугацаанд санал авна” гэлээ.
2025/06/11
270
НИЙГЭМ
'ДЦС-3' ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.06.10) "Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-д ажиллалаа.Энэ үеэр тус станцад гарсан ослын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо.Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат уулзалтын эхэнд ослын шалтгаан, үр дагавар нь системийн болон бодлогын түвшинд анхаарах шаардлагатай болсныг онцолж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг хэмнэлт нэрийн дор танах нь ослын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг тодотгосон. Тиймээс Эрчим хүчний яамтай холбоотой хариуцлагын асуудал яригдах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэг, Б.Нарантуяа нар осолд өртөж амь насаа алдсан инженер ажилтны ар гэрт эмгэнэл илэрхийлж, хүний амь нас, хөдөлмөрийн нөхцөлийг эрхэмлэн, сэргээн босголт, нөхөн төлбөр, дотоод хяналтын бодлогыг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэг сэргээн засварлах ажилд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг шуурхай гаргаж, үндэсний аюулгүй байдлын зохицуулалтаар тендерийг саадгүй явуулах эрх зүйн зохицуулалт бий болгох нь чухал хэмээлээ."Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар, ослын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, шалтгааныг тогтоох шалгалтын явц үргэлжилж буйг тайлбарлав. Тэрбээр долдугаар машины цилиндрийн шинэчлэлийг 12 дугаар сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж буйгаа танилцуулж, тоноглолын гэмтлийн үнэлгээг хийж буй талаар мэдээлэв. Мөн 50 МВт-ын турбин, 25 МВт-ын генераторын нийлүүлэлтийг хугацаанд нь хийх шаардлагатай байгааг тодотгосон юм.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын инженер Б.Наранцацрал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ, зөрчлийг арилгасан байдал, цэвэрлэгээ, сургалт, хяналтын зохион байгуулалтын талаар танилцууллаа.Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалттай уялдуулан авч үзэх хэрэгтэйг онцолж, тендерийн үнэлгээний шалгуурт хамгийн бага үнэ бус, чанар, стандарт, ажилчдын оролцоог тусгах шаардлагатай хэмээгээд, улс төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн бүрдэл, хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулах, хариуцлагаас зугтах, эсвэл хэн нэгэн рүү нялзаах үйлдэл хэрхэвч байж болохгүй. Ослын шалгалт, нөхөн сэргээх асуудалд бүх түвшний удирдлага хариуцлага хүлээх механизмыг бий болгох ёстой хэмээв. Мөн тэрбээр ажлын байран дээр осол гарсан тохиолдолд зөвхөн зааварчилгаа өгсөн, шалгасан гэх тайлбараар асуудлыг хаах бус, бүх шатны хамтран ажиллагчид, эзэмшигчдийг хамарсан ил тод, нээлттэй хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Үүгээр зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиас гадна Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ. Түүнчлэн эрсдэлийн урьдчилсан зардлыг төсөвт тусгах, нөхөн төлбөрийг нэг удаагийн бус тогтвортой, урт хугацааны байдлаар зохицуулах шинэчлэл хийх нь зүйтэйг дурдлаа. Цаашид зөв гольдирлоор явахгүй бол ижил төстэй нөхцөл байдалтай авто зам, тээвэр, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбаруудад дээрх байдал давтагдаж болзошгүй анхааруулсан юм.Цаашид ажлын хэсгээс дээрх салбаруудад газар дээрх судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийж, холбогдох яамд, төрийн байгууллагуудтай хамтран хуулийн нэмэлт, өөрчлөлт боловсруулах, салбар дамнасан (эрчим хүч, тээвэр, уул уурхай) хамтарсан дүгнэлт гаргах байдлаар ажиллаж, УИХ-ын чуулганд танилцуулж, эрх зүйн шинэчлэлийн саналаа өргөн барих төлөвлөгөөтэй байгаагаа онцлон хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдлээ.
2025/06/11
271
НИЙГЭМ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Эх дэлхийн хүн ардыг энэрэн нигүүлсэх, эв нэгдэл, харилцан ойлголцол, зөв ёс суртахууны үзэл санааг үндэслэгч Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг иргэд Та бүхэндээ өргөн дэвшүүлье.Энэхүү өдрийг НҮБ-аас 1999 онд дэлхий дахинаа тэмдэглэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жилийг “Амар амгаланг хамтдаа бүтээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн “Төр нь шашнаа хүндэтгэнэ” гэсэн үзэл санааны дагуу 2019 оноос жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан нь ач холбогдолтой билээ.Энэ өдөр бүх нийтээрээ түүх уламжлал, ёс заншил, хүмүүний боловсрол, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэн өөр хоорондоо эвтэй найрсаг, элгэмсэг дотно хүндлэлийг илэрхийлж, саарыг тэвчин, сайныг үйлдэн, зон олноороо, гэр хотлоороо амар амгалан, баяр баяслаар дүүрэн тэмдэглэхийг Та бүхэндээ хүсэн ерөөе.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2025/06/11
240
НИЙГЭМ
Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламж болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулсан.Уг үйлдвэрийн ландфиллын байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай. Мөн өдөрт 150 тонн барилгын хатуу хог хаягдлыг буталж, дахин боловсруулан, ангилах боломжтой.Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 27 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэлтэйгээр ажлаа явуулж байна. Түүнчлэн улсын хэмжээнд барилгын хог хаягдал дахин боловсруулах цорын ганц үйлдвэр гэдгээ онцлог. Үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэж буй.Өнөөдөр тус үйлдвэрийн талбайд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.6 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах, хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй” гэдгийг онцоллоо.
2025/06/09
226
НИЙГЭМ
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх сануулга юм. Өнөөдрийн байдлаар иргэд, жолооч нар руу давхардсан тоогоор 348 мянган сануулах зурвасыг явуулсан байна. Өмнө нь иргэдэд зөрчил гаргасан нь хиймэл оюун ухаанд бүртгэгдсэн талаарх зурвасыг илгээдэг байсан. Харин өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг боллоо.Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системтийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал, Хурд хэмжихГэрэл дохионы зөрчил илрүүлэхЧиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэхАвтобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэхЭгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэхАгшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэхТүр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэхЯвган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж буй. Харин өнөөдрийн байдлаар эдгээр зөрчлөөс эхний ээлжид гурван зөрчлийг илрүүлж, иргэд рүү сануулах зурвасыг илгээж байгаа юм. Тодруулбал, Зогсох шугам давж зогссон зөрчлийг илрүүлэхЭгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэхЗогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэн, мэдээллийг зурвасаар илгээж байна.Түүнчлэн программ дээр ачаалал үүсэж байгаатай холбогдуулан сануулах зурвас хоцорч илгээгдэх тохиолдол ихээр гарч буй. Өөрөөр хэлбэл өмнөх өдөр гаргасан зөрчлийн талаарх мэдээлэл бүхий сануулах зурвас цаг хугацааны хувьд зөрчил гаргаснаас хойших хугацаанд иргэдэд хүрч байгаа гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг онцолж байлаа.
2025/06/02
234
НИЙГЭМ
'Бүтээмж ба инновац-UB2025' форумын шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг зохион байгуулж буй. Аяны хүрээнд НЗДТГ-аас “Бүтээмж ба инновац-UB2025” сэдэвт харилцах суралцах арга зүйн болзолт уралдааныг зохион байгуулж, шилдэг сайн туршлагаа шалгарууллаа. Болзолт уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, 16 аймаг 25 сайн туршлагаа танилцуулсан юм. Шилдэг сайн орон нутгийн туршлагаар:1-р байранд Говь-Алтай аймгийн “Ажлын байрны эмх цэгц-Хялбар тайлагналт”,2-р байранд Дорноговь аймгийн “Цахим Дорноговь”,3-р байранд Булган аймгийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах нь” нэртэй сайн туршлагууд тус тус шалгарлаа.Шилдэг сайн дүүргийн туршлагаар:1-р байранд Налайх дүүргийн “Улирлын ажилтан БНСУ-д туршлага солилцох нь”,2-р байранд Сүхбаатар дүүргийн “Power BI-HR”,3-р байранд Баянзүрх дүүргийн “Үнэлгээ хийсэн AI” нэртэй сайн туршлагууд тус тус шалгарлаа.Бүтээмж ба инновац-UB2025 хөтөлбөр нь тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар хоёр сарын турш хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд идэвх санаачилгатайгаар зохион байгуулж оролцсон албан хаагчдыг шалгаруулан урамшууллаа.Үүнд:Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн Ж.Буянхишиг,Байгаль орчны газрын ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа,Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хороо хариуцсан мэргэжилтэн Г.Чойжилсүрэн нар бусдыгаа манлайлаг шилдэг зохион байгуулагчаар шалгарсан.Шалгарсан сайн туршлагуудын талаар товч дурдвал “Ажлын байрны эмх цэгц-Хялбар тайлагналт” нэртэй сайн туршлагыг хэрэгжүүлсний үр дүнд “Цахим Дорноговь” нэртэй сайн туршлагаар Нээлттэй Дорноговь гэсэн гар утасны аппликейшин нэвтрүүлж төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн нь иргэдийн талархал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлжээ. “Power BI-HR” сайн туршлагыг нэвтрүүлснээр хүний нөөцийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна төрийн байгууллагын ашиглахад хүндрэлтэй олон янзын дата мэдээллийг боловсруулж, бодлого, шийдвэр гаргалтад ашиглах боломжийг олгосон гэдгээрээ үр дүнтэй байлаа.“Үнэлгээ хийсэн AI” сайн туршлага нь AI технологи ашигласнаар төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээнд хувь хүний үзэмж нөлөөлөхгүй үнэлгээ хийж, удирдлагын ачаалал, зарцуулах хугацааг 80 хүртэлх хувиар буруулсан, алдаа гарах магадлал 0 хувь болсон гэдгээрээ онцгойрон шилдэг туршлагаар шалгарлаа. Танилцуулагдсан сайн туршлагуудын ихэнх хувь нь төрийн захиргаа, хүний нөөц, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн бөгөөд төрийн үйл ажиллагаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээнд дижитал технологийг нэвтрүүлэх нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй болох нь харуулж байна.
2025/06/02
252
НИЙГЭМ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Гүүрний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж буй. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил дууссан. Түүнчлэн дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсрах бөгөөд үүнээс есөн алгаслыг угсраад байна. Ташрамд дуулгахад Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байв.
2025/06/02
236
НИЙГЭМ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, дэд төвүүдийг холбох зорилгоор “Шинэ хоёрдугаар тойрог зам”, “Шинэ тойрог зам” болон “Туулын хурдны зам” төслүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан бөгөөд трассын нөхцөл байдал, дэд бүтцийн судалгааг хийлээ. Тодруулбал, “Шинэ II тойрог зам”-ын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг БНХАУ-ын Гуандун мужийн Зураг төслийн хүрээлэн боловсруулж байна. Төслийн явц одоогоор 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. ТЭЗҮ нь нэгдүгээр тойрог замын төлөвлөлттэй уялдуулан хийгдэж байгаа бөгөөд трассын хувьд гурван өөр хувилбарыг боловсруулаад байна. Энэ талаар Нэгдсэн төслийн удирдлагын газрын авто зам, замын байгууламжийн менежер А.Ербол “Шинэ II тойрог замыг хотын баруун болон зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Баруун талын зам 15 км, зүүн талын зам 5-6 км орчим урттай байх юм. Замын трассыг гаргахдаа “Улаанбаатар-2040” ерөнхий төлөвлөгөөнд туссан дэд төвүүд болох Тахилтын ам, Баянголын ам зэрэгтэй холбохоор тооцсон. Мөн тус зам нь Туулын хурдны зам болон СХД-ийн тойрог, урд талаас Туулын хурдны замтай холбогдох авто замын сүлжээний нэг хэсэг болж төлөвлөсөн” гэдгийг тодотгосон юм.
2025/06/02
261
НИЙГЭМ
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ
Улс үндэстэн, ураг төрлийн мөнх оршихуйн хэлхээ болсон Монголын хүүхэд багачууддаа "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг өргөн дэвшүүлье.Ардын хувьсгалын дараах 100 гаруй жилийн хугацаанд эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амаа өсгөх бодлогын үр дүнд хүн ам 6 дахин өсөж, 3.5 сая гаруй иргэнтэй болсон явдал юм. Өнөөдөр нийт хүн амын 37.5 хувь нь 0-18 насны хүүхэд залуус байна.Манай улс 1952 оноос эхлэн энэ өдрийг эх үрсийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн бол 2003 оноос хуульчилж, нийтээр тэмдэглэх хүүхдийн баярын өдөр болгосон.Хүүхэд, гэр бүлийн эрх зүйн иж бүрэн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд Монгол Улсын Их Хурал онцгой анхааран ажиллаж байна. 2025 оны улсын төсөвт хүүхдийн төлөө санд 20.6 тэрбум төгрөг баталсан нь өмнөх оноос 15 хувиар нэмэгдэж, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг олон улсын конвенцод нийцүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих чухал үүрэгтэй юм.Энэ өдөр хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг аав, ээж, гэр бүлийн гишүүд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье.Мөн Төрийн шагнал “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан мянга мянган ээжүүддээ халуун баяр хүргэе.Аз жаргалтай үрсийн инээд хөөр амьдралд хөг нэмж, авьяаслаг ирээдүй үеийнхний зүтгэлээр Монгол орон минь цэцэглэн хөгжихийг ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2025/06/02
262
НИЙГЭМ
Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо
Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг /2025.05.30/ нээж, анхны зочдоо хүлээн авлаа.Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, үүгээрээ хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/05/31
271
НИЙГЭМ
'Монгол ард Эскадрилийн дурсгалын хөшөө'-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөө"-нд өнөөдөр цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОХУ-аас Монгол Улсад суугаа цэргийн аташей, хошууч генерал П.В.Петрунин, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр болон Иргэний нисэхийн Үндэсний төв, МИАТ-ТӨХК-ийн удирдлагууд болон ахмад дайчид оролцсон юм.Монгол улсад 1925 оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнжид Ю-13 онгоц бууснаар Нисэх хүчин байгуулагдсан түүхтэй.
2025/05/23
257