mmnews.mn | 2025-01-21

НИЙГЭМ

НИЙГЭМ
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-16 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 19 см, Баянхонгорын Гурванбулагт 23 см зузаан цастай.Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Даян, Баянхонгорын Баянбулаг цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховдын Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу байдалтай байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/12/24
194
НИЙГЭМ
Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг (2024.12.23) хуралдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа улсын болон дүүргийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэлгээ дүгнэлт болон эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүний нөөц, шинээр нэвтэрч буй технологи, санхүүжилт, засаглалын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөснийг хуралдааны эхэнд танилцуулсан юм.Хуралдаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн захирал, доктор, профессор Ц.Төмөр-Очир, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Отгонбаатар, Цэргийн төв эмнэлгийн захирал, хурандаа Б.Энх-Од, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч М.Чимгээ нар мэдээлэл хийлээ.III эмнэлэг улсын хэмжээнд зүрх судасны мэс засал, мэдрэлийн болон зүрх, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх хамгийн өндөр ачааллыг авч ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяанд Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагад ажиллаж байна. Нийт 810 ажилтантай бөгөөд үүний 191 нь эмч, эм зүйч, 376 нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд байна. Тус эмнэлэг Монгол Улсад хараахан бие даан хийх боломжгүй нарийн ур чадвар шаардсан, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй юм. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны үр дүнд тус эмнэлгийн төсөв сүүлийн гурван жилд 3.3 дахин нэмэгдсэн ч 2024 онд 19.2 дахин буурчээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгааг доктор, профессор Ц.Төмөр-Очир танилцуулав.Арьсны өвчин судлалын Үндэсний төв Монгол Улсын хэмжээнд арьс, харшил, эмчилгээний гоо заслын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж буй лавлагаа шатны төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг юм. Арьсны төрөл бүрийн өвчлөл, харшлын үр дүнтэй эмчилгээнүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд арьсны хортой, хоргүй хавдрыг авах мэс заслын аргууд, хэт авианы оношилгоог шинээр хийж, мөн харшлын паспортыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Улсын хэмжээнд арьс, харшлын тусламж үйлчилгээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын энэ талаарх чадавхыг сайжруулахад анхаарал хандуулж байгаа хэмээн тус эмнэлгийн захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг мэдээллээ.Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, тэр дундаа сувилагч нэн дутагдалтай байгааг доктор, профессор Ж.Отгонбаатар онцолсон юм. Нийт 1145 ажилтантай тус эмнэлэгт 240 эмч, 295 сувилагч ажиллаж байна. Эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлдэг тус төвд Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын дагуу 13, Олон улсын магадлан итгэмжлэл (JCI)-д хамрагдах хүрээнд 20, нийт 33 үйлчлүүлэгчийн тусламж, үйлчилгээ авч буй процессын судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд эмчилгээ, үйлчилгээг чиг үүрэг, тасаг нэгжээр хуваагдсан байдлаар бус, үйлчлүүлэгчийн авч буй тусламж, үйлчилгээний нийт процессын түвшинд авч үзэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тухай доктор, профессор Ж.Отгонбаатар ярив.Цэргийн төв эмнэлэг улсын хэмжээнд галт зэвсгийн болон хүйтэн зэвсгийн гэмтэл, эм, химийн бодисын хурц хордлогын эмчилгээ, үйлчилгээг хариуцахын зэрэгцээ Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, ахмад настнууд, тэдгээрийн ар гэрт үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, мөн Баянзүрх дүүргийн мэс заслын тусламж үйлчилгээг хариуцдаг байна. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од танилцуулаад, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг, цэргийн анги гэдгийг тодотгов. Нийт 346 ажилтан, алба хаагчийн 174 нь их эмч, 278 нь сувилагч ажээ. Эмнэлэг нийтдээ 570 ортой бөгөөд энэ сарын 10-ны байдлаар ор/хоногийн гүйцэтгэл 74.7 хувьтай байгаа гэв. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаггүй тул тус салбарын бодлогын зохицуулалт, түүнд оруулж буй өөрчлөлт зэрэг асуудлаар саналаа өгч чаддаггүй гэдгийг хурандаа Б.Энх-Од дурдлаа.Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Өнөр хороолол болон Баянхошуу бүсийн 150 мянга, түр оршин сууж буй 25 мянга орчим хүн амд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэргэцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мөн дүүргийн 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус төв ЭМДЕГ-тай 176 оношийн хамааралтай бүлгээр гэрээ байгуулж, гүйцэтгэлийн дагуу 14.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхэмжилсэн боловч анхан шатны маягт гүйцэд хөтлөөгүй гэсэн шалтгаанаар 1.3 тэрбум төгрөгийг эх олонлогийн хасагдлаар хассан тухай төвийн дарга, клиникийн профессор Ч.Өнөрсайхан ярив. Тэрбээр цэргийн албанд татагдах насны залуусын эрүүл мэндийн байдал тааруу байгааг анхааруулж, салбарын хэмжээнд хүний нөөц дутагдалтай байгаа, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бодитой болгох, эмнэлзүйн стандарт, заавар, удирдамжийг үе шаттайгаар шинэчлэх шаардлага байгааг тэмдэглэв.Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг бол 2004 оноос “удирдлагын гэрээгээр” ажиллаж буй цорын ганц эмнэлэг юм. Монгол хүний нас баралтын гол гурван шалтгааны нэгдүгээрт төрөл бүрийн хавдар, хоёрдугаарт амьсгалын замын өвчлөл буюу хатгаа, гуравдугаарт архины хордлого орж байгааг Хүний гавьяат эмч М.Чимгээ танилцуулгадаа онцолж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад юуны өмнө эмийн хангалт, сонголтыг зөв, оновчтой хийх нь чухал болохыг дурдсан юм. Тэрбээр эмнэлгийнхээ үйлчилгээ, менежментээр жишээлэн тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлсний үр дүнг танилцуулж, салбарын хэмжээнд эмчилгээ, үйлчилгээний өртгийг бодитой тогтоох, боловсон хүчний, тэр дундаа сувилахуйн мэргэжилтнүүдийн гадагшлах урсгалыг сааруулах шаардлагатайг анхаарах нь зүйтэй гэлээ.Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаах мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Г.Очирбат нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд эмнэлгүүдийн удирдлага, менежментийг сайжруулах, гүйцэтгэлээс илүү гарсан нөөцөө захирах эрхтэй болгох, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, ажлын ачаалал болон санхүүжилтийг оновчтой болгож, салбарын удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний тогтолцоо, засаглал, санхүүжилтийн асуудлыг илүү нарийвчлан судлах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/24
192
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 108 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.16-22/  нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 97 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/12/23
256
НИЙГЭМ
'Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот' төслийн уулзалт боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон хотыг бүтээн байгуулах “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт /2024.12.20/ боллоо. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах Гүнжийн булгийн 1 га талбайн хамгаалалт, орчны тохижилт, 71 дүгээр сургуулийн дотоод ногоон орчныг нэмэгдүүлэх, 166 дүгээр цэцэрлэгийн гадаад ногоон орчныг тохижуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын орчны чанарыг сайжруулах, хотын тоосжилтыг бууруулах, агаар дахь нүүрсхүчлийн хийг багасгах зорилгоор сул шороон хөрс бүхий гэр хорооллын айл өрхийн гудамж, талбайг зүлэгжүүлэх, гэр хорооллын гудамж талбайд амралт, зугаалгын бүс үүсгэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хот бодлогоор дэмжин оролцож байна.Тодруулбал, “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслөөр дараах үр дүнд хүрэх зорилготой.Хотын оршин суугчдад экосистемийн үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор хот, хотын ойр орчмын ой, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;Хот болон түүний эргэн тойронд уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой орон нутгийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн богино сүлжээг бий болгох, үйл ажиллагааг дэмжих;Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;Тойрог эдийн засгийн зарчмын дагуу ногоон хөдөө аж ахуйн боловсруулалт, хүнсний үр ашигтай хуваарилалт, хүнсний орчныг сайжруулах, эрчим хүч, усны нөөц, хүнсний хог хаягдлыг удирдан зохион байгуулах замаар хотын хүнсний тогтолцооны тогтвортой, хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор төслийг хэрэгжүүлж байна.
2024/12/23
141
НИЙГЭМ
Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэгт агаарын чанарын хяналт, шинжилгээг 24 цагийн турш тасралтгүй явуулж, үр дүнг олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ мэдээллээс дүгнэхэд, энэ сарын 13-наас гэр хорооллын бүсүүд болох 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Налайх, Шар хад, Толгойтод бусад хэсгээс илүү бохирдол ихтэй байсан бол энэ сарын 18-наас агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд болж буйг цаг уурын мэргэжилтэн хэлж байна. Тэгвэл Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарт нөлөөлдөг. Ялангуяа Улаанбаатар хот их даралтын бүсэд оршдог. Өвлийн улиралд температурын урвуу хамаарал буюу инверс үүсэж, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг гэдгийг ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбатаас тодрууллаа.Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотын агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд байна. Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарын түвшинд нөлөөлдөг. Жишээлбэл, Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын эхэн үе хүртэл инверсийн давхарга эрчимтэй тогтож, агаарын чанарт босоо сарнилт буюу сарних үйл ажиллагааг хязгаарлаж, хэвтээ чиглэлд бохирдлын агууламжийг нэмдэг. Мөн Улаанбаатар хот хийн мандлын их даралтын бүсэд оршдог. Тиймээс хотын цаг агаар өвлийн улиралд гол төлөв цэлмэг, салхигүй байдаг. Ингэснээр газрын гадарга дээр температурын урвуу хамаарал буюу инверс үүсэж, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг онцлогтой” гэлээ.
2024/12/23
196
НИЙГЭМ
Иргэдийн дийлэнх нь Тэрэлж, 'Скай ресорт' чиглэлд агаарт гарах санал өглөө
НИТХ болон НЗДТГ сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явууллаа. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Харин  автобусны үнийн хувьд 1000 төгрөг байх, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд дэмжжээ.  Санал асуулгатай холбогдуулан  энэ бямба гариг буюу 12-р сарын 21-ний өдрөөс дээрх хоёр чиглэлд автобус гаргахаар төлөвлөж байна.   
2024/12/18
233
НИЙГЭМ
'Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал' сэдэвт үндэсний зөвлөгөөн боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.Хүн амын сэтгэцийн эрүүл  мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор чуулж буй үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Анагаах ухааны доктор Н.Хүрэлбаатар нээж үг хэллээ.Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, үндэсний зөвлөгөөнд оролцож буй Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн газрын төлөөлөл, хувийн хэвшлийн бусад байгууллагын сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлэв.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дэлхий даяар найман хүн тутмын нэг нь буюу ойролцоогоор 970 сая орчим хүн ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай бөгөөд нийт сэтгэцийн эмгэгийн 31 хувийг сэтгэл түгших, 28.9 хувийг сэтгэл гутрах эмгэг тус тус эзэлж байгаа талаар дурдсаныг тэмдэглэлээ.Манай улсын хүн амын дундаж наслалт 71.5 болж нэмэгдсэн хэдий ч 2023 оны статистик мэдээллээс үзэхэд эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 9.2 жилээр бага байгааг дурдав.Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрчүүдийн хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн байна.Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нэн ялангуяа сэтгэцийн эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн ухамсар, идэвх санаачилга, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ онцоллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх тухай зарлиг гарган амжилттай хэрэгжүүлж байгаа төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг тусгаж, сэтгэлзүйч нарыг сурган мэргэшүүлж, ажлын байраар хангах зэрэг олон ажлыг эхлүүлээд байгааг тэмдэглэв.Гэсэн хэдий ч манай улсын нийт 880 гаруй ерөнхий боловсролын сургуулиас ердөө 150 гаруй сургууль сэтгэлзүйчтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг тэмдэглээд, цаашид сургууль бүрд сэтгэлзүйч ажиллуулж, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих нь нэн чухал байгааг тодотгов.Улмаар аливаа өвчин эмгэг, нэн ялангуяа сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийг тогтолцоог улам бэхжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэх, дэд бүтцийг бий болгон хөгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэх ёстойг цохон тэмдэглэлээ.Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үндэсний зөвлөгөөнөөр  “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын бодлого, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний уялдаа, зохион байгуулалтын талаар хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарган үр дүнд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.Үндэсний зөвлөгөөний нээлтэд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар үг хэлж, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавилаа.Үндэсний зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны тайлан”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” зэрэг илтгэлийг хэлэлцүүллээ.Мөн үдээс хойш Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний нөөц, салбарын мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудал, Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн, Сэтгэцийн эрүүл мэнд ба бусад салбарын уялдаа зэрэг сэдвээр салбар хуралдаан үргэлжилж, зөвлөмж гаргав.
2024/12/18
188
НИЙГЭМ
Ерөнхийлөгч Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулан  байгууллаа.Энэ талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.Ажлын хэсэг хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ.Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллах юм.Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтжээ.Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн орчим барьж 4-5 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусгажээ.Манай улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байгаа.Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах нь чухал гэж үздэг.Энэ үүднээс аймгуудад хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд эмнэлгүүдийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг ч орон нутгийн төсөвт тусгажээ.
2024/12/18
203
НИЙГЭМ
Нийтийн тээврийн тусгай маршрутын талаар санал авч байна
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт,  жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрутын талаар санал авч байна. Та бүхэн доорх линкээр саналаа өгнө үү.https://forms.gle/7TPNiNBtpuxL26QB7
2024/12/17
144
НИЙГЭМ
М.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах инженерийн байгууламж юм
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барьж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар төлөвлөж, зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлж буюу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтанд оруулсан. Дараагийн төслүүдийн ажлын явц, хэрэгжилтийн талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа.-Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамддаг асуудал нь газар чөлөөлөлтийн ажил болохыг мэргэжилтнүүд дурддаг. Тэгвэл төмөр замын доогуур нүхэн гарц барих төслийн тухайд газар чөлөөлөлтийн ажилд хэр зэрэг хугацаа зарцуулж байна вэ?-Төлөвлөлтгүйгээр олон жилийн турш эмх замбараагүй газар олгосноос үүдсэн хохирлыг өнөөдрийн Улаанбаатарын түгжрэлээс харж болно. Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлэхэд ч зам, гарц гаргах боломжгүй байдалтай нүүр тулдаг. Гэхдээ бид төслийг шуурхай явуулах үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудтай байнга зөвшилцөн ажиллаж байна. Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвар дахь нүхэн гарцын төслийг хэрэгжүүлэх явцад 20 нэгж талбар өртсөн. Үүнээс зургаан нэгж талбарыг чөлөөлж гэрээ хийгээд байна. Үлдсэн талбарт нь нөхөх олговор олгох зэрэг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх ажил үргэлжилж байгаа. Эдгээр ажилд чирэгдэл учруулахгүйгээр зөвшилцөж газраа чөлөөлж өгсөн компани, иргэд ч бий. Мөн шүүхийн маргаан үүсгэсэн тохиолдол ч гарсан. Харин Геологийн төв лабораторийн байршлын хувьд, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар хойноос урагш зорчих хэсгийн тунелийн төмөр бетон хийцлэл дууссан. Ирэх хавар гэхэд урдаас хойшоо чиглэлийн тунель хийгдэнэ. -Хермес төвийн байршлын хувьд?-Тус байршлын газар чөлөөлөлтийн ажил ерөнхийдөө дууссан гэж хэлж болно. Бүтээн байгуулалт буюу тунелийн их биеийн төмөр бетон хийцлэлийн ажил дууссан. Ирэх хавар дулааны шугам сүлжээ шилжүүлгийн ажлыг хийсний дараа урьдчилан бэлтгэсэн технологийн дагуу түлхэх технологиор төмөр замын доор байршуулна. Дараагийн ажил бол Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварт барих нүхэн гарцын төсөл юм. Одоогоор зураг төслийн ажил хийгдэж байна. -Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц гэдэг нь цогцоороо ямар ойлголт вэ?-Олон нийтийн дунд нийтлэг ташаа ойлголт байгаа нь вагон зам доогуур нүх ухаад зам барьчихсан мэт ярьдаг. Тийм биш л дээ. Нүхэн гарцын бүтээн байгуулалт бол их бие тунель, холбоос авто замууд, гэрлэн дохио, явган хүний нэг түвшний гарц болон төмөр замтай өөр түвшинд огтлолцох гарц, босоо, хэвтээ замын тэмдэг тэмдэглэгээ, ус зайлуулах систем, мэдээлэл холбооны шугам сүлжээ, дулаан, цахилгаан, шилэн кабель зэрэг зам, замын байгууламжийн цогц ойлголт юм. Нүхэн гарц доогуур инженерийн шугам сүлжээний ажил өрнөдөг. Тухайлбал, үерийн ус хаанаас орж болзошгүйг урьдчилан тооцоолж, түүнийг зайлуулах, хөөх насос хэрэгтэй. Таван шарын нүхэн гарцын хувьд, тус бүр нь 1400 м/куб ус шахах хүчин чадалтай, 3 хос насос байршуулсан. Бүх нүхэн гарцуудад яг ийм ус зайлуулах систем хийгдэнэ. Хамгийн чухал нь төмөр зам доогуурх нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах инженерийн байгууламж юм.-Таван шарын нүхэн гарцын ажил бүрэн дууссан уу?-Уг нүхэн гарц нь хоногт 32500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай 169 м/урт, 5м өргөн байгууламж юм. Одоогоор гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Явган хүний гарцын зохион байгуулалт, гэрэлтүүлгийн ажил удахгүй шинэчлэгдэж, ашиглалтад орно.-Таван шарын нүхэн гарцын төсөл ашиглалтад орсноос хойш тус байршилд түгжрэл нэмэгдсэн тухай гомдол их байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?-Хотоос гарах хөдөлгөөн саадгүй үргэлжилж байгаа. Хот руу орох чиглэлийн гурван талаас цугласан зургаан эгнээ замаас гурван эгнээ рүү ороход түгжрэл үүсч байна. Түүнчлэн төмөр замын хаалттай гарам дээрх хөдөлгөөний аюулгүй байдал талаас ч олон эрсдэл дагуулж буй учир төмөр замын гармыг хаах шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргасан. Төмөр замын гарам татан буулгах тухай Зам, тээврийн сайдын тушаал гарсан байгаа. Урьдчилсан байдлаар энэ сарын 21-22 ны өдрүүдэд хөдөлгөөнийг хаахаар УБТЗ-аас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Харин явган хүний хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд гармын жижүүр зохицуулна.
2024/12/17
145
НИЙГЭМ
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.09-15/  нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 21 суманд аюулт үзэгдэл, ослын  84 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 8 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/12/16
155
НИЙГЭМ
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээг 2024 оны есдүгээр сарын 6-нд байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ. Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм.“Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс батарейн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж, арванхоёрдугаар сарын 6-нд анх төвийн системд эрчим хүчийг нийлүүлж эхэлсэн. Анх 1, 2 дугаар блокоос 25-30МВт чадал нийлүүлж эхэлсэн. Үүний дараа 3, 4 дүгээр блок ашиглалтад орсноор нийт 40-50 МВт чадлыг төвийн системд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар батарей хуримтлуурын станц бүрэн чадлаар хоёр удаа төвийн системд эрчим хүчийг нийлүүлсэн бол 12 өдрийн хугацаанд нийт 1800МВт эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна. Батарей хуримтлуурын станц бүрэн хүчин чадлаараа ажилласан үед нийт 25 мянга орчим айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой” гэдгийг хэллээ.Ж.Чен: Батарей хуримтлуурын станц шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчийг хуримтлуулдагХарин “Энвижн энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чен “Багануурын батарей хуримтлуурын станц дээр манай компаниас 27 ширхэг багц батарейг нийлүүлсэн. Нэг багц батарей нь дотроо 2 хэсэг болж хуваагддаг. Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний хэрэглээ бага шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчний хэрэглээ өндөр оройн цагт цахилгаан эрчим хүчийг нийлүүлдэг онцлогтой. Ингэснээр тус станц нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, цэвэр ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй юм. Цаашид бид энэ үйл явцын дагуу ажилладаг илүү чадлын батарей хуримтлуурын станц болон салхин цахилгаан станцыг дахин нийлүүлэх зорилготой байгаа” гэв.“Улаанбаатар энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүх “Батарей хуримтлуурын станцын туршилт, тохируулгын ажлууд хийгдэж дууссан. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ хугацаанд тоног төхөөрөмжүүдэд огт гэмтэл, саад учраагүй. Төсөлд монгол инженерүүд гар бие оролцож, цаашид бие даан удирдах явах бэлтгэл бүрэн хангагдсан” хэмээсэн юм.
2024/12/16
141
НИЙГЭМ
Сүхбаатар дүүргийн албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүдийн ажилтан, албан хаагчид хамтран 9, 11-20 дугаар хороодын айл өрхүүдэд хяналт, шалгалт явуулж, зөвлөн туслахаар 12 сарын 10-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай аян зарлажээ.Аяны хүрээнд албан хаагчид сайжруулсан түлшний нөөц, хангалт, борлуулалт, түгээлт болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуухны аюулгүй байдлыг шалгах, угаар мэдрэгчийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, түүхий нүүрсний хэрэглээг хянах юм. Мөн түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг айл, өрх бүрээр нэг бүрчлэн шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулан, угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, сайжруулсан түлшний галлагаанд зөвлөмж мэдээлэл өгч ажиллана.
2024/12/13
197
НИЙГЭМ
Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байна
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна.Энэ талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хийсэн хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, өгсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг хийж байна. Энэ удаагийн шалгалтаар ШТС-ын зай хэмжээ, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ШТС, хийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа авто тээврийн хэрэгслийг шалгалаа. Илэрсэн зөрчил, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж, Улсын онцгой комисс, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн. Нийтлэг илэрсэн зөрчлийн хувьд ШТС, автомашин хийгээр цэнэглэх станцын агуулахуудын зай хэмжээг эдэлбэр газраас 25 метрийн зайд байлгахаар холбогдох норм, дүрмүүдэд тодорхой заасан байдаг. Гэвч норм, дүрмийг биелүүлэхгүй, зөрчил давтагдсаар байгаа нь эрсдэлд хүргэж болзошгүй. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт байрлах энэхүү ШТС-ын хажууд барилгын ажил үргэлжлээд явж байгаа нь эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хангахгүй байна. Уг зөрчлийг холбогдох зөвшөөрөл өгч буй байгууллагуудад хүргүүлж, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.Шалгалтын хүрээнд шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаанаас үүдэн зарим норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Иргэдийн болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох норм, дүрмээ баримтлахыг албаны хүмүүс анхаарууллаа.Ц.Хадбаатар: Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэх зөвшөөрөл аваагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүйНийслэлд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд НХШГ-аас урьдчилан сэргийлэх шалгалтыг гүйцэтгэлээ. Тус шалгалтад 6 аж ахуйн нэгжийн 70 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Нийтлэг илэрсэн зөрчлийн талаар НХШГ-ын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатараас тодрууллаа.Тэрбээр “Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүд уг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлагын талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, түүнийг үндэслэн Замын цагдаагийн газраас тээвэрлэлтийн замнал, цагийн хуваарийг тохирч, зөвшөөрөл авах ёстой. Бидний хийсэн шалгалтаар аж ахуйн нэгжүүд энэ зөвшөөрлийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Мөн тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг бүрэн хангахгүй байна. Тиймээс Замын цагдаагийн газраас өгдөг тухайн зөвшөөрлийг аваагүй шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байлгах тухай мэдэгдлийг Тээврийн цагдаагийн албанд хүргүүллээ. Хяналт шалгалтын газраас уг мэдэгдлийн хүрээнд тээврийн хэрэгслүүдэд хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.
2024/12/13
193
НИЙГЭМ
'Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил' форум боллоо
Бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форумыг өчигдөр зохион байгууллаа. Тус форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон НҮБ-ХАБИТАТ, ДЭМБ хамтран зохион байгуулж буй.Форумын үеэр хот төлөвлөлтийн үзэл баримтлал, шийдэл болон хот байгуулалтын хамтын ажиллагаа сэдвээр хуралдаж, илтгэл хэлэлцүүллээ. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ Зуунмод хот, Шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт болон бусад төслүүдийн танилцуулгаар үзэсгэлэн гаргасан бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “20 минутын хот”-ын үзэл баримтлалын төсөлд санал асуулга явууллаа."Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форумын үеэр нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар 2040: Амьдрахад таатай хот” сэдэвт илтгэл танилцууллаа.Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш 6 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2017 оноос эхлэн Улаанбаатар хот цаашдаа ямар үзэл баримтлалтай хөгжих талаар төлөвлөлтийг боловсруулан. Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарын зүгээс 2 удаагийн хэлэлцүүлэг хийж, 1200 хүнээс 246 санал, зөвлөмжийг авч уг төлөвлөлтөд тусгасан. Мөн 14 яам, түүний харьяа байгууллагатай зөвшилцсөн. Хөгжлийн төлөвлөгөөний талаар 12 мянган иргэнээс санал ирүүлснийг нэгтгэн боловсруулсан” хэмээн танилцууллаа.Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн УИХ-аар батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг тогтоол шийдвэрийг үндэслэн нэмэлт боловсруулалт, санал авах ажил үргэлжилж байна.
2024/12/13
192