УЛС ТӨР
УЛС ТӨР
Лхагвын ТОЙМ - Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
ЛХАГВЫН ТОЙМ | №44ЗОЧИН | ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл оролцжээ.
2025/01/16
237
УЛС ТӨР
ТБХ:Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.01.15/ хуралдаан 18 цаг 04 минутад гишүүдийн ирц хүрснээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.Хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хийлээ.Тэрбээр танилцуулгадаа, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Иргэний хувийн халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолыг баталсныг дурдлаа.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж, мөн хуулийн 84.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан. Иймд Төсвийн байнгын хорооны 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл нар ажилласан гэлээ.Ажлын хэсэг 2025 оны 1 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн үндэслэл хэсгийн хүрээнд хуулийн төслийг боловсрууллаа. Тодруулбал, эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд татварын хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн нөхцөл бүрдсэн бол түүний мэдээллийг зөвшөөрөлгүй нийтэд дэлгэхээр хуульчилсан нь татвар төлөгчийн хувийн мэдээлэл халдашгүй байх эрхийг хязгаарласан байна гэж үзэхээр байна. Чухам ямар хууль, тогтоомж, ямар заалтыг зөрчсөн тохиолдолд татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн хууль тогтоомжид заасан зөрчлөө арилгаагүй гэсний зөрчил гэдэгт Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, эсхүл хууль тогтоомжид заасан ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох, зөрчлийн мөн чанар, нийгмийн хор уршгийн хэр хэмжээг харгалзах эсэх нь тодорхойгүй байна гэсэн бол тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд уг зөрчил нь адил түвшний ноцтой биш байж болохыг хуулийн зохицуулалтаар хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, ялимгүй зөрчлийг хуулийн хугацаанд арилгаагүй зэрэг тохиолдолд тухайн татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх, хувийн мэдээллийг нийтэд дэлгэх замаар алдар хүндэд нь ноцтой халдах боломжтой байна. Энэ тохиолдолд тэнцвэртэй байх зарчим алдагдсан байна. Үүнтэй холбогдуулан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа хууль хяналтын байгууллагын эсвэл шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа гэж өөрчилж, тодорхой болгон тусгалаа гэв.Мөн эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд нийтэд мэдээлэх мэдээллийн агуулга, хүрээг тодорхой тусгаагүй. Тухайлбал, татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх гэдэгт ямар мэдээлэл багтаж байгаа болон уг татвар төлөгчийн нэр, хүйс, хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, зөрчил, төлөгдөөгүй өр, бусад хувийн шинжтэй мэдээлэл агуулагдах эсэх нь тодорхойгүй гэсэн бол, тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд татвар төлөгчийн талаар ямар ч мэдээллийг нийтэд мэдээлж болохоор хэт өргөн хүрээтэй хязгаарласан нь үндсэн эрхийн хязгаарлалт явцуу хүрээтэй байх, үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зайлшгүй байх зарчимд нийцэхгүй байна гэсэн байна. Үүнтэй уялдуулан дээр дурдсан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, шалгагдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх бол хууль хяналтын байгууллагын эсвэл шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаарын мэдээллийг олон нийтэд мэдээлэх зохицуулалтыг тусгаж оруулсан гэв.Түүнчлэн эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд мэдээлэх арга мэдээллийн хэрэгслийг тодорхой тусгаагүй байна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан татвар төлөгчийн мэдээллийг жагсаалт хэлбэрээр татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын албан ёсны цахим хуудсанд уг зохицуулалтад хамаарах татвар төлөгчийн талаарх мэдээллийг нийтэлж, олон нийтэд мэдээлэх зохицуулалтыг тодорхой болгон тусгасан гэлээ.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд мэдээлэх арга, хугацааг тодорхой тусгаагүй байна гэсэн бол тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд татвар төлөгчийн талаар нийтлэгдсэн мэдээлэл бодитой, үнэн зөв биш тохиолдолд мэдээлэлд засвар оруулах процессын хамгаалалтыг татвар төлөгчдөд олгоогүй нь үндсэн эрхийн хязгаарлалт явцуу хүрээтэй байх, үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зайлшгүй байх зарчимд нийцэхгүй байна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан уг зохицуулалтад хамаарах нөхцөл бүрдсэн тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй утас, цахим шуудангийн хаягаар татвар төлөгчдөд урьдчилан мэдэгдэж тайлбар, санал гаргах боломжийг олгоно. Түүнчлэн уг хугацаанд хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх зохицуулалтыг тусгаж тодорхой болголоо гэж ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолж байлаа.Эрх зүйн байдлыг тодорхой хангасан эсэх тухайд зөрчлөө арилгасан бол мэдээллийг устгах эсэх, ийнхүү устгах нөхцөл журмыг тодорхой тусгаагүй гэсэн бол тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд эрхийг хязгаарлах хуулийн үндэслэл, нөхцөл үгүй болсноор нийтэд дэлгэсэн мэдээллийг устгах хуулийн хязгаарлалт тогтоогоогүй нь үндсэн эрхийн хязгаарлалт явцуу хүрээтэй байх, үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зайлшгүй байх зарчимд нийцэхгүй байна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг хууль хяналтын байгууллагын эсвэл шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоосон бол холбогдох шийдвэр түүнчлэн эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгч сайн дураар оршин суугаа газраа тодорхойлон эсвэл хууль хяналтын байгууллага олж тогтоосноор эрэн сурвалжлах нөхцөл арилсан талаарх мэдээллийг үндэслэн цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлсэн татвар төлөгчийн мэдээллийг мэдээллийн жагсаалтаас хасах зохицуулалтыг тусгасан байна.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх тухайд мэдээллийг дэлгэх эрх бүхий этгээдийг татварын алба гэж ерөнхий байдлаар хуульчилсан байна. Татварын алба гэдэг нь нэр томьёоны хүрээнд авч үзэх юм бол татварын байцаагч бүр ийм эрх эдлэхээр ойлгогдож байгаа болно. Үүнтэй холбогдуулан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага уг зохицуулалтад хамаарах мэдээллийг олон нийтэд мэдээлэх зохицуулалт тусгасныг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.Эрх зүйн байдлыг хангасан эсэх тухайд нийтэд мэдээлж болно гэж заасан нь дээр дурдсан урьдач нөхцөлийг бүгдийг хангаж татварын хууль тогтоомж зөрчсөн улмаар оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийг нийтэд мэдээлэх, эсэхийг татварын албаны холбогдох албан тушаалтан нь өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрсдэлийг бүрдүүлжээ. Уг асуудлын шийдвэрлэх эрхийг түүний үзэмжид үлдээсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг дур мэдэж, эсвэл ялгамжтай байдлаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, урвуулан ашиглах боломжийг үүсгэсэн гэж үзэхээр байна гэсэн бол тохирсон байх зарчмыг хангасан эсэх тухайд эрхийн хязгаарлалтыг албан тушаалтны дур мэдэлд үлдээж урьдач нөхцөлийг хангасан ч нийтлэхгүй байж болохоор хэт өргөн хүрээтэй хязгаарласан нь үндсэн эрхийн хязгаарлалт явцуу хүрээтэй байх, үндсэн эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зайлшгүй байх зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан уг зохицуулалтад заасан нөхцөл бүрдсэн нөхцөлд тухай бүрд нь олон нийтэд мэдээлж байх зохицуулалтыг тусгасан. Хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулж, төслийн зүйл хоорондын нийцлийг хангасныг ажлын хэсгийн ахлагч онцолж байлаа.Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.24-т заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шат руу шилжүүлэх горимын саналыг гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/01/16
235
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Анкара хотноо /2025.01.15/ хүрэлцэн ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтлаа.Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байна.Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Хоёр улс 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн.Монгол Улс, БНТУ Иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд 1998, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д, Туркийн талаас 1995 онд Ерөнхийлөгч С.Демирел, 2002 онд Ерөнхийлөгч А.Н.Сезер Монгол Улсад айлчилж байжээ.
2025/01/15
216
УЛС ТӨР
ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө
Эдийн засгийн байнгын хорооноос (2025.01.14) зохион байгуулж буй нэр дэвшигчийн томилгооны сонсголын төгсгөлд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй 6 нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хэлэлцсэн юм. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн юм.Эхлээд нэр дэвшигч Төмөрбаатарын Гарамжүгдэрийн талаар сонсгол даргалагч танилцуулав. 1988 онд Дорнод аймагт төрсөн тэрбээр өдгөө 37 настай. 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэлээр төгссөн бол 2019 онд Австрали Улсын Жеймс Кук их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. 2010-2016 онд УБ Сонгдо эмнэлэгт Санхүүгийн албаны захирал, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тэрбээр 2019 оноос хойш Австрали улсын “Welken” LLC, Санхүү татварын зөвлөх; 2021 оноос одоог хүртэл “Эй Би Эй Жи Скрийнин” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна. Улсад 15 жил нэр дэвшигч Т.Гарамжүгдэр нь Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Л.Соронзонболд гишүүд зөвлөлийнхөө журам, үйл ажиллагаатай сайтар танилцаж, зарчмын дагуу ажиллахыг хүсэв.Дараа нь нэр дэвшигч Дорждэрэмийн Цолмонг Р.Сэддорж дарга танилцуулав. 1988 онд Дархан хотод төрсөн, 37 настай. 2006-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйчээр төгссөн. 2015 онд АНУ-ын Калифорнийн их сургууль, (Беркли) Хууль зүйн сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр 2010-2013 онд “Говийн зам” ХХК-д гэрээний мэргэжилтэн; 2013-2016 онд өмгөөллийн “Батбаяр энд Партнерс” ХХН-ийн ахлах хуульч, 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын зөвлөхийн туслах; 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч; 2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга; 2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2024.07 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Улсад 14 жил нэр дэвшигч Д.Цолмон нь Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.Иймд дараагийн нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн юм. Ганболдын Золбоогийн талаар сонсгол даргалагч танилцуулав. Тэрбээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. 1997-2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр, 2009-2011 онд Вельсын их сургуульд суралцаж, олон улсын бизнес удирдлагаар төгсжээ. 2020-2022 онд Санхүү, эдийн засгийн сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. 2013-2018 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн Нэгтгэлийн хэлтсийн зөвлөх, Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж; 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн Нэгтгэлийн хэлтсийн дарга; 2022 оноос одоог хүртэл Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 12 жил ажилласан нэр дэвшигч Г.Золбоо Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа аж. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл нэр дэвшигчид амжилт хүсч, үг хэлсэн.Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Идэшийн Батхүүгийн талаар хэлэлцэж, Р.Сэддорж дарга сонсголд оролцогчдод намтарыг танилцууллаа. И.Батхүү нь 1981 онд Увс аймагт төрсөн, 44 настай. 2001-2005 онд БНСУ-ын Инха их сургуулийг төгссөн. 2005-2007 онд БНСУ, Сөүлийн үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2008-2010 онд Сангийн яамны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж 2010-2012 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн; 2012-2013 онд Эдийн засаг, хөгжлийн яаманд мэргэжилтэн; 2013-2016 онд “Бридж групп”-т Газрын захирал; 2016-2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Тасгийн дарга; 2018-2022 онд Сангийн яамны газрын дарга; 2022 оноос одоог хүртэл Эдийн засаг, хөгжлийн яамны Газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.Тэрбээр улсад 17 жил ажиллаж байгаа бөгөөд Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч И.Батхүү сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүдэд өөрийнхөө талаар танилцуулсны дараа П.Сайнзориг гишүүн асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэллээ.Дараа нь нэр дэвшигч Дамдиндоржийн Мягмарцэрэнг сонсгол даргалагч танилцууллаа. Д.Мягмарцэрэн нь 1975 онд Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай. 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, эрх зүйчээр төгссөн. 2008-2009 онд Шихихутуг их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 1999 онд “Монголтранс” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажлын гараагаа эхэлж, 2000-2002 онд “Стелла интернэшнл” ХХК-ийн хуулийн зөвлөх; 2002 онд “Айвенхоу майнз” ХХК, геофизикч; 2003-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч; 2007 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газарт референт, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа, улсад 26 жил ажилласан байна. Тэрбээр Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.Энэ өдрийн нэр дэвшигчийн томилгооны сонсголын төгсгөлд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй зургаа дахь нэр дэвшигчийн Авирмэдийн Даваасүрэнгийн талаар хэлэлцэж, Р.Сэддорж дарга дэгийн дагуу нэр дэвшигчийг танилцууллаа.Нэр дэвшигч А.Даваасүрэн нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 61 настай. 1987 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дунд сургууль, 1997 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийг төгссөн. 2001 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийн аспирантурт, 2014 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн докторантурт тус тус суралцжээ. Тэрбээр 1987.09 сараас 1993.12 сар хүртэл Зэвсэгт Хүчний 137 дугаар ангид онгоцны радиолокацийн тоноглолын мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 1993-1995 онд “Титэм” ХХК-ийн захирал; 2002-2004 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт Эдийн засгийн бодлогын зөвлөх; 2004-2005 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимд багш; 2005-2006 онд БХИС-ийн Удирдлага, технологийн дээд сургуулийн захирал; 2006-2007 онд ОБЕГ-ын Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ, улсын нөөц хариуцсан Дэд даргаар ажиллажээ. Мөн 2007-2008 онд Авлигатай тэмцэх газарт Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих төсөл”-ийн дэд төсөл “Төрийн албан хаагчын ашиг сонирхлын зөрчлийн менежмент” төслийн үндэсний зөвлөх; 2009-2010 онд МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал; 2011 онд Соёл, урлагийн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Дэд захирлаар ажиллаж байсан байна. 2013-2016 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх; 2008 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Орос судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд улсад 38 жил ажилласан А.Даваасүрэн нь холбогдох хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.Нэр дэвшигч сонсголын дэгийн дагуу өөрийн талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асуух, мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэсэн зохицуулалттайг Р.Сэддорж дарга танилцуулав.Мөн холбогдох тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлж, parliament.mn цахим хуудаст байршуулна гэлээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, томилох шийдвэрийг гаргах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/15
216
УЛС ТӨР
'Орано Майнинг' компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхийг даалгавМонгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна. “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан татварын хөнгөлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байгаа юм. “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурнаМонгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурна.Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна. Товч мэдээ· Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах болсон тул уг асуудлаар холбогдох байгууллагуудад “Зөвлөмж” хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт, зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
2025/01/15
216
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
2025/01/14
223
УЛС ТӨР
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгав.Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг:- Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,- Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,- Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,- Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,- Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,- Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,- Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлсон.Засгийн газар 2024-2028 онд- Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,- Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,- Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,- Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,- Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,- Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,- Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,- Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж буй юм.Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
2025/01/14
218
УЛС ТӨР
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва: Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргаж буй нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад ач холбогдолтой
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.-Монгол Улсын Үндсэн хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлээр гаргаж байгаа юм байна. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?-Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн дагуу шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурал хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах бүхий л үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах зарчмыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна. Энэ бол Монголын парламентын “Гурван төгөлдөршил”-ийн стратегийн тэргүүн эрэмбийн зарчим гэдгийг олон нийт нэгэнт мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, хүнийг ямар ч байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Ялангуяа харааны, сонсголын бэрхшээлтэй, бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн эмгэг согогтой, өвчтэй ядруу байдлаасаа болоод хүн нийгмийн харилцаанаас хоцордог, үлддэг байж болохгүй. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тодорхой зааж, тэдний эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах талаар нарийвчлан хуульчилсан. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан түгээмэл загвар, хэрэглэгдэхүүнээр хангах, стандарт, шаардлагад нийцүүлж ажиллах тухай тодорхой заасан байдаг. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар хэдхэн хоногийн өмнө, тодруулбал энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан бэлтгэсэн аудио хувилбарыг гаргасан бол энэ удаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэддээ зориулж дохионы хэлээр гаргаж байна.-Сонсдог болон дохионы хэлээрх Үндсэн хуулийг хаанаас үзэх вэ?-Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлмэрчээр “уншуулж” аудио хувилбартай нь нэгтгэсэн видео хувилбарыг бид маргаашаас Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим талбарт байршуулна. Мөн Улсын Их Хурлын нийгмийн сүлжээн дэх албан хуудсууд, мэдээллийн цахим сайтуудаар түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Монгол Улсад 2023 оны байдлаар 11,418 гаруй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Дээр нь харааны бэрхшээлтэй 12,053 орчим иргэн бий. Иймд бид Үндсэн хуулийн аудио болон дохионы хэлээрх хувилбаруудыг аль болох хүртээмжтэй, олдоцтой байдлаар түгээхэд анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас эхлэн олж авснаар бусад хуулийн зохицуулалтыг эрж олох, мэдэх, цаашилбал, өөр өөрийн эрхийг нэхэх, эдлэх боломжийг нээж буй ихээхэн ач холбогдолтой юм.
2025/01/13
234
УЛС ТӨР
Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ерөнхий сайдын дэргэдэх нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан /2024.01.11/ боллоо. Хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.Уг хуралдаанаар түгжрэл, утаа, агаарын бохирдол бууруулах чиглэлээр нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Улаанбаатар хотод 2025-2028 онд нийслэлийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгааныг өөрчлөх 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ онд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам зэрэг төслийн ТЭЗҮ, сонгон шалгаруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тухайлбал, Улаанбаатар метроны сонгон шалгаруулалт гуравдугаар сард, бүтээн байгуулалт есдүгээр сард эхэлнэ. Улаанбаатар трамвай төслийн тендерийг зургадугаар сард зарлана. Трамвайн нэгдүгээр шугамыг 2028 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Туулын хурдны зам болон тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим 2008, 2009 оны үед очих тооцоолол гарчээ.Нийслэлд ногоон бүс байгуулах, халаалтын зуух болон ДЦС-уудын яндангийн шүүлтүүрийг шинэчлэх, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.Тухайлбал, Москва хороолол, Баянхошуу, Хөтөл, III, IV хороолол, Эх нялхсын арын дэнж орчим, Хайлааст, Дэнжийн мянга, 32-ын тойрог, Мамба дацан, Дарь эх орчмыг ногоон бүс болгосноор агаарын бохирдол 15 хувь буурна гэж үзжээ. Ногоон бүс дэх айл өрхийг шингэрүүлсэн хийн түлшинд холбох ажил энэ сараас эхэлж байна. Мөн нийтийн тээврийг цахилгаан болон шингэрүүлсэн түлшинд шилжүүлэх бөгөөд ирэх сард тендер зарлах ажээ.Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жигнэсэн нүүрс, сайжруулсан түлш, хөх нүүрс, хийн түлш, грийн көүл гэхчлэн өөр өөр нэр томъёо ашиглахгүй байх, нэгдсэн нэг нэршил ашиглаж хэвшихийг албаны хүмүүст сануулав. Мөн нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр дүнг нарийн тодорхойлж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан танилцуулахыг үүрэг болголоо. Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб бямба гаригт хуралдаад тардаг биш байнгын ажиллагаатай байх ёстойг Засгийн газрын тэргүүн онцлоод ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт штабын уялдаа холбоо, чиг үүргийг сайжруулахыг даалгалаа. Мөн нийслэлд хэрэгжих эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхзүйн орчны зохицуулалтыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлж ажиллахыг штабын гишүүд, холбогдох сайд нарт даалгалаа.
2025/01/13
224
УЛС ТӨР
'20 минутын хот' Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн: Иргэдэд сонголт өгөх замаар ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг зохицуулах аргыг олон улсад хэрэгжүүлдэг
"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.– Та Улаанбаатар хотыг “20 минутын хот” болгох ажлыг анхнаас нь ярьдаг байсан. Энэ онд Улаанбаатар хот томоохон төслүүдээ “хөдөлгөнө”. Харин “20 минутын хот” бодит байдалд хэрэгжих үү?- Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг. Хүйтэн хотууд бүгд л агаарын бохирдолтой, утаатай, дэлхийн том хотууд бүгд түгжрэлийн зовлонг амссан. Өндөр өртөгтэй зам гүүр, дэд бүтцүүдийг барьж, туршиж л байсан. Боломжит хувилбаруудыг бүх л орон хэрэгжүүлсэн. Ард иргэдээ бухимдал стресст оруулсан. Одоо тэд бүгд хөгжлийн замаа эргэн харж, эргэцүүлэн бодож эхлээд байна. Ялангуяа цар тахлын дараагаас “20 минутын xот” концепц тренд болж, хүнд зориулсан xот төлөвлөлт хийж эxэлцгээе гэдэг дээр санал нэгдэж, xөгжлийн бодлого, xот төлөвлөлтөө xүнд ээлтэй байxад чиглүүлж эхэлсэн. Монгол Улс ч мөн энэ чиглэлд хот төлөвлөлтөө чиглүүлье, өнгөрсөн xугацаанд нийслэлд xийсэн төлөвлөлтийн алдаагаа шинээр бий болгож, алдаагаа давтаxгүй байя, хамгийн чухал нь хүнд, иргэндээ ээлтэй хот байя гэдэгт санал нэгдсэн. Жишээлбэл, “20 минутын хот”-д иргэн та ажилт, сургууль, эмнэлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээ, кофешоп, хоолны газар, зугаалаx паркдаа алхаж яваад л хүрдэг, тийм орчныг цогцоор нь төлөвлөдөг болъё гэж зорьж байгаа.Ерөнхий сайд өөрөө нийслэлийн асуудалд анхаарал хандуулж, 2025 оныг “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Дэд бүтцийн том төслүүдээ эрчимжүүлэх зорилгоор шуурхай штаб байгуулан, өөрөө удирдаад ажиллаж байна. Шуурхай штабынхан Бямба гариг бүр хуралдаж, олон салбарын уялдаа холбоог хангах, зохион байгуулалтыг төлөвлөж байна.2025 оны зургадугаар сарын 1-нээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар улсын чанартай 6 хот, орон нутгийн чанартай 35 хот, 4 дагуул хот тус тус байгуулахаар болж байгаа. Шинээр байгуулах хотуудыг бүр анхнаас нь иргэндээ, хүндээ ээлтэйгээр зохион байгуулна.Өнгөрсөн 30 жилд монголчууд зөвхөн нийслэлдээ буюу нэг газраа хэт төвлөрсөн буруу төлөвлөлт хийж ирсний үр дагавраар өнөөдрийн Улаанбаатар хотын иргэдэд аюултай, эрүүл бус орчин болж хувирсан. Үүнийг засч залруулан, олон төвтэй, иргэдэд нийгмийн үйлчилгээг ойртуулсан, цоо шинэ төлөвлөлтийн аргаар шинээр байгуулагдах хотуудыг зохион байгуулах болно.– Таны удирдаж буй "20 минутын хот" Үндэсний хорооноос Улаанбаатарт зарим бүсийг төлбөртэй болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн яриа үнэн үү?- Үгүй ээ. Би тайлбарлая. Улаанбаатар хотын авто замын түгжрэл дараах хүчин зүйлүүдээс нэмэгдэж байгаа гэж судлагдсан. Нэгдүгээрт, хүн амын өсөлтийн асуудал байна. 1990 оноос хойш Монгол Улсын хүн ам гурав дахин өссөн. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн өсөлтийг дурдахгүй бол болохгүй. Зөвхөн сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгсэл хоёр дахин өссөн. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн уялдаа холбоо алдагдсан. Дөрөвдүгээрт, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Тавдугаарт, зах, худалдааны төвийн бөөгнөрөл. Хамгийн сүүлд нь замын хөдөлгөөний соёл, зан байдал. Энэ зургаан хүчин зүйлээс хүн амын өсөлтийг бид удирдаж чадахгүй. Хот төлөвлөлтийн уялдаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, зах худалдааны төвийн бөөгнөрөл гэсэн гурван хүчин зүйл нь урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө мөнгө шаардагдах зохицуулалтууд. Өнөө маргаашдаа үр дүн хурдан гарахгүй.Түгжрэлд нөлөөлдөг гол хүчин зүйлсээс ойрын хугацаандаа удирдаж чадах нь дараах 2 зохицуулалт юм. Тээврийн хэрэгслийн өсөлтийг татвар хураамжийн бодлогоор зохицуулна. Замын хөдөлгөөний соёл, зан байдлыг төлбөртэй бүс болон нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг бий болгох, иргэдийн соёл хандлагыг өөрчлөх замаар удирдана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудын хамт боловсруулж байгаа. Олон улсын туршлагыг судалсан олон янзын санал гарч байна. Гэхдээ огт албан ёсоор яригдаагүй асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа ойлголт болгон түгээж, нийгэмд талцал үүсгэж байгааг буруу гэдгийг хэлмээр байна. Төрийн тэр дундаа Засгийн газрын шийдвэр, аливаа мэдээлэл албан болж байж нийтэд мэдээллэнэ. Түүнээс өмнөх ташаа ойлголтуудыг иргэд маань албан ёсны эх сурвалж биш бол худлаа гэдгийг нөгөө талдаа ойлгох хэрэгтэй болов уу.- Төлбөртэй бүсэд төлбөрийн ямар зохицуулалт хэрэгжих вэ?- Хуулиар төлбөрийн дээд, доод хязгаарыг л баталж өгдөг. Нийслэлийн ИТХ төлбөрт бүсэд хэдэн төгрөгийн төлбөр тогтоох, төлбөр хэдэн цагт үйлчлэх, хаана тогтоох зэргийг жил бүр хэлэлцдэг байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа.- НИТХ-аас 2025 оны 1 сарын 1-нээс авто машины татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж байгаа. Гэтэл төлбөртэй бүсийг хуульд тусгах нь хэр зохицуулалт вэ?- Уг хууль нийтлэг зохицуулалттай. Бид зөвхөн дээд доод хязгаарыг л тогтоож өгнө. НИТХ-аас нөхцөл байдлыг харгалзан үзэж, төлбөр тогтоох уу, доод хязгаар 0 төгрөгөөр тогтоох уу, түгжрээд явах уу, нийтийн тээврээр зорчих уу гээд л зохицуулалтыг шийднэ. Хуулийн төсөлд төлбөртэй авто замыг зөвхөн тодорхой цагт буюу оргил ачааллын үед л төлбөртэй байлгахаар оруулсан байгаа. Жишээлбэл, сургууль, цэцэрлэгийн хүүхэдгүй хүмүүс онцын шаардлагагүй бол ажлаа зохицуулаад яг тэр төлбөртэй цагаар нь уг замаар зорчихгүй байхад л ачаалалд маш том нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол иргэдэд сонголт өгөх замаар ачааллыг тэнцвэржүүлж байгаа зохицуулалтын л арга юм.–Замын хөдөлгөөний ачаалал ихтэй бусад хотод төлбөртэй бүс болон өөр ямар зохицуулалт хэрэгжүүлдэг вэ. Тэр нь амжилттай хэрэгждэг үү. Улаанбаатартай адил туршлага байдаг уу?-Олон улсын туршлагаас харахад түгжрэлийг шууд алга болгоно гэхээс илүү хэт их түгжрэхээс сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, татвар, төлбөрийг нэвтрүүлэх замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтыг илүү үр дүнтэй болгосноор авто замын түгжрэлийг амжилттай бууруулж байна. Тухайн орнууд түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийг хөгжүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр ашгаа өгч байна. Ийм жишээг Сингапур, Лондон, Стокхолм хотын туршлагаас харж болно. Ер нь төлбөртэй бүс бий болгох, төлбөртэй зам бий болгох, шатахууны борлуулалтын татвар тогтоох гэсэн 3 аргыг улс орнууд түгээмэл ашигладаг юм билээ. Хамгийн хурдан үр дүнгээ өгдөг арга нь төлбөртэй зам тогтоох арга бөгөөд АНУ, Япон, Австрали улсууд хэрэглэж, замын хөдөлгөөний ачаалал 30-80 хүртэл хувь буурч байсан бодит туршлага байна.– Цаашид "20 минутын хот" Үндэсний хорооноос түгжрэлийг шийдэх ямар ажлууд хийх вэ?- Засгийн газар Улаанбаатар хотын асуудалд онцгой анхаарч, шуурхай штаб байгуулан дэд бүтцийн төслүүдийг хурдасгахаар ажиллаж байгааг ярицлагын эхэнд хэлсэн шүү дээ. Мөн бүтээн байгуулалтын ажлууд дээр хувийн хэвшлийг татан оролцуулах зорилгоор Ерөнхий сайдын санаачилгаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, татварын буцаалт олгохоор болсон нь бүтээн байгуулалтын ажлуудын үйл явцыг эрчимжүүлэхэд эергээр нөлөөлнө.Үүнээс гадна өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод гарсан хот төлөвлөлтийн алдааг бид бага багаар засч залруулах шаардлагатай. Тухайлбал, иргэд автомашинаас татгалзаж явган алхах, дугуй унах замыг стандартын дагуу барьдаг байхаар төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Энэ онд “20 минутын хот” Үндэсний хорооноос хамгийн багадаа явган замын 20 км трасс барихаар зураг төслийн тендер удахгүй зарлах гэж байна. Мөн хотод байгаа түгжрэл үүсгэгч 10 гол уулзвар, гарцууд дээр нүхэн эсвэл давхар зам барьж, хөдөлгөөний урсгалыг чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна.
2025/01/10
393
УЛС ТӨР
П.Очирбат:Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн
Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, зарим зүйлийг асууж тодрууллаа.-Монгол Улс өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа.-Монгол Улс өнө эртний эрх зүйн уламжлалтай орон. Тодруулбал, 1206 оны Чингис хааны “Их засаг” хууль нь Үндсэн хуулийн эхлэлийн тавьсан гэж хэлж болно.Улмаар 1924 онд монголчууд анхдугаар Их Хурлаа зарлан хуралдуулж, Үндсэн хуулиа баталж, хаант засгийг бүгд найрамдах засгаар сольсон явдалд түүхэн ач холбогдол нь оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед хаант засгийг бүгд найрамдах засгаар солино гэдэг нь өөрөө Монголын нийгэмд цоо шинэ үеийг нээж өгсөн хэрэг.Харин 1940 онд баталсан Үндсэн хуулиараа Монгол Улс хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгон хөгжих зарчмаа тунхагласан юм. Тухайн цаг үедээ шилжилтийн сонин, өвөрмөц хууль болсон гэж боддог. Үргэлжлүүлээд 1960 онд баталсан Үндсэн хуулиараа социализмын замаар замнах зарчмаа тунхагласан хэрэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа социализм байгуулах зорилтыг дэвшүүлж тавьсан. Хөгжлийн өвөрмөц шилжилтийг агуулсан ач холбогдолтой хууль байсан гэж тухайн үедээ үнэлэгдэж байсан юм.1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох том зорилтыг дэвшүүлсэн. Ямар нэгэн социализм байгуулах, нийгэм журмаар дэвших гэх мэтийн цаг үеийн зорилтыг дэвшүүлээгүй. Харин хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн хууль байгаа юм. -Та шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Иймд 1992 оны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг юу гэж үнэлж дүгнэдэг бол…?-Юуны өмнө 1992 оны Үндсэн хуулийн томоохон ач холбогдол нь Монголын ардчиллыг эрх зүйн талаас нь бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардчилал гэдэг нь хуулийн нарийн зохицуулалттайгаар хэрэгжих Үндсэн хуулиараа баталгаажсан байх шаардлагыг тавьсан байдаг. Ардчиллын энэ зарчимд Үндсэн хууль нийцсэн байгаа юм.Түүнчлэн 1992 оны Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг урьд өмнөх хуулиудад байгаагүйгээр дэлхийн жишигт хүргэсэн. Тухайлбал, Үндсэн хуулийнхаа Хоёрдугаар бүлгийг хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглүүлсэн байх жишээтэй. Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг маш нарийн тунхагласан. Цаашлаад итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөг баталгаатай тунхаглах, ил тод байх зарчмыг Үндсэн хуулиар хуульчилж өгсөн.Нөгөөтэйгүүр, шинэ Үндсэн хуулиар өмчийн харилцаанд томоохон өөрчлөлт оруулсан. Хуулийн чухал заалт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай асуудлыг анх удаа хөндсөн. Монголын түүхэнд газрыг иргэн өмчлөх харилцааг 1992 оны Үндсэн хуулиар нотолж өгсөн.Мөн Монголын эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт, олон намын системийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан.-Шинэ Үндсэн хуулийн үнэ цэн, эрхэмлэн дээдэлж нандигнах ёстой гэдгийн агуулга, мөн чанарын талаар та залуу, хойч үедээ хандаж юу хэлэх вэ?-Өнөөдрийн ардчилсан нийгэм, эдийн засаг, улс төр гээд бүхий л харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай тулсан. Тийм ч учраас 1992 оны Үндсэн хуулийг баталж, тэдгээр шаардлагыг хангаж ирлээ. Ер нь Монгол Улс ардчилсан нийгмийг тогтолцоог сонгож, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцад амжилт олсон нь Үндсэн хуулиа маш богино хугацаанд боловсруулж, баталж хэрэгжүүлсэнтэй холбоотой.Гэтэл Үндсэн хуулиа боловсруулж, батлах, хэрэгжүүлэх үйл явцаа удаашруулснаас зарим улс орнууд улс төрийн хүнд нөхцөл байдалд орсныг бид бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Румын, Болгар зэрэг улс Үндсэн хуулиа баталж, цэгцэлж амжаагүй байдал нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа амь насанд халдах харамсалтай үр дагаварт хүрсэн. Энэ утгаараа нийгмийн харилцааг хуулиар зохицуулах явдал нь Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулиараа нийгмийг жолоодох хуулийн засаглалыг бий болгох нь чухал асуудал.Монгол Улс Үндсэн хуулиараа төрийн эрх барих байгууллагуудын эрх дархыг тодорхой нарийн хуваарилсан. Тодруулбал, хууль тогтоох дээд эрх нь Улсын Их Хуралд хадгалагдах, эдийн засаг, нийгмийг удирдах, хууль хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар гүйцэтгэх, нийгэмд гарах янз бүрийн зөрчил, маргааныг шүүх засаглал хариуцах жишээтэй. Ингэж төрийн эрх мэдлийн гурван салаа мөчрийг тус тусад нь үүрэг, хариуцлагаар нь зааглаж өгөөд харилцан хамааралтай, харилцан хяналттай байхыг тогтоож өгсөн. Энэ нь Үндсэн хуулиараа нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцаа хуулиар зохицуулагдана гэдгийг баталгаажуулсан хэрэг.Иймд Үндсэн хуулиа “Мэдэгтүн, сахигтун !” гэж төгсгөдөг. Үүнийг монголын иргэн бүр мэдэж, сахиж байх ёстой шүү гэдгийг захьсан эрхэм хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчим нь аливаа нийгмийн хөгжиж, дэвших харилцааны үндэс.-2023 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлтээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, шинэ парламент үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү өөрчлөлтийн талаарх таны байр суурийг сонирхвол…-Парламентад аль болох олон ургалч үзлийг уралдуулж, төлөөллийн бүлгийн санаа бодол, дуу хоолойг өргөн хүрээтэй сонсож, асуудлыг шийдэхэд оновчтой, илүү олон шүүлтүүртэй, боловсруулах гэдэг талаас нь бодолцож, тэрхүү өөрчлөлтийг хийсэн байх гэж бодож байна.Улсын Их Хурлын гишүүдийн тоо хэд байх нь чухал бус. Харин Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд заасан ард түмний элч байх, нийгмийнхээ төлөөллийг хангаж хууль тогтоох үйл ажиллагаандаа идэвхтэй оролцох тэрхүү үүргээ сайн гүйцэтгэж үндсэн ажлаа л сайн хийх хэрэгтэй гэж боддог.Шинээр бүрдсэн парламентад залуучууд, эмэгтэйчүүд түлхүү орж ирсэн байна. Нийт гишүүдийн 25 гаруй хувь нь эмэгтэйчүүд болсон. Энэ нь дэлхий нийтээрээ яриад байгаа жендэрийн асуудал, төрийн удирдлагад эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх нь зүйтэй гэсэн тэр шаардлага, захиалга руу дөхсөн. Энэ мэт шинээр бүрдсэн парламентад дэвшилттэй зүйл байна. Тэгэхээр парламент өөрт ноогдсон үүрэг, эрхийг сайн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
2025/01/10
212
УЛС ТӨР
'Газрын тос боловсруулах үйлдвэр барих' EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, 'Орано Майнинг САС' компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, "Орано Майнинг САС" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг хүргүүлэв.Сүүлийн жилүүдэд үүссэн эдийн засгийн хямрал, бараа материал, техник тоног төхөөрөмжийн үнийн өсөлт, технологийн лиценз эзэмшигчдийн зүгээс тавьсан нэмэлт шаардлагуудтай холбоотойгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын үнийн дүн 2018 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тооцоолсон зардлаас 30 орчим хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор төслийн нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн байна. Тиймээс нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлж буйг Монгол Улсын Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.“Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болно гэж тооцоолсон талаар Монгол Улсын Засгийн газраас танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/01/09
229
УЛС ТӨР
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, олон улсын жишиг хандлагыг баримтлан компанийн сайн засаглалыг бүрдүүлэх шаардлагатай байна.Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай дараах үр дүн гарна гэж үзэж байна.-Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялаг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрдэнэ.-Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг тодорхой болгоно.-Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно.-Компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна.-Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.Мөн энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.
2025/01/09
207
УЛС ТӨР
'Эрдэнэс Тавантолгойн' '0' давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэНийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.Хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.Хуулийн үндсэн зохицуулах харилцаа нь:Нийслэл хот нь агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, шар бүстэй байна. Бүсийн хилийн зааг, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэжээ. Ногоон бүсэд тухайлбал,-стандартад нийцсэн хийн болон шингэн түлшээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах; /бүх төрлийн хатуу түлш/-стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах;-инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;-Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;-Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;-Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгажээ.“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулга хийлээ.Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан түүхий эд нийлүүлэх гэрээ дууссан, “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөх талаар холбогдох судалгаанууд хийжээ. Тухайлбал, хагас коксон /хөх нүүрс/ шахмал түлш, “Эрдэнэс тавантолгой”-н ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байна.“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлнэ.Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.Нийслэлийн агаарын бохирдлын 6 хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирчээ. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөжээ. Товч мэдээ· Төрийн өмчит компаниудын 2025 оны бизнес төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ТӨХК-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. · “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтын зарыг олон улсад мэдээлж, түгээхээр боллоо.· Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.· Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлэв.
2025/01/09
228
УЛС ТӨР
Ахмадын үндэсний чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв.Эх орныхоо өнцөг булан бүрээс мянга мянган нөхдөө төлөөлөн энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Та бүхэндээ айлчлан ирсэн шинэ оны мэндийг дэвшүүлж, 2025 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөж мэндчилж байна. Ахмадууд хэзээний эртэч, ажил хэрэгч зангаараа энэ удаагийн Үндэсний чуулганаа оны эхэнд хийх саналаа ирүүлснийг Улсын Их Хурлын даргын зөвлөл баяртай хүлээн авч, дэмжсэнээр Та бид өнөөдөр энэхүү танхимд чуулж байна.2025 онд Монголын парламент болон Засгийн газрын хувьд эрх зүйн төгөлдөршил, эрүүл монгол хүн, мега төслийн бүтээн байгуулалт, алдагдалгүй төсөв зэрэг алсдаа үр өгөөжөө өгөх амбицтай томоохон зорилтыг дэвшүүлсэн. Тэр хэмжээгээр Та биднээс зүтгэл чармайлт, бас тэвчээр хүлээлт шаардах их сорилтын жил байх болно.Иймд эх орныхоо XX зууны их бүтээн байгуулалт, 1990 ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилт, зах зээлийн үеийн баяр жаргал, бэрхшээл сорилтыг биеэрээ туулж яваа ахмадууд Та бүхний нийгмийн оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байна.Тийм учраас энэ удаагийн Үндэсний чуулган ахмадуудын нийгмийн асуудлын зэрэгцээ ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн олон талт оролцооны талаар түлхүү хэлэлцэнэ гэж итгэж байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль анхлан батлагдснаас хойш 20 жил, мөн Ахмад настны тухай хуульд өнгөрсөн онд оруулсан шинэчилсэн найруулгын хэм хэмжээний томоохон нэмэлт, өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх цаг хугацаатай энэ чуулган давхцаж байгаагаараа онцлог юм.Чуулганы зочид, төлөөлөгчид өөАль ч цаг үе, аль ч нийгэмд ахмад үеийнхний нийгмийн үүрэг оролцоо нэн чухал байсан, байсаар ч байх болно. “Ахмадын сургаал алт, өвгөдийн эрдэм өв” хэмээн хэлэлцдэг монгол ухаан үүнийг нотолж байна. Ахмад үеийнхэнд амьдралын туршлага хэмээх нийгмийн үнэт капитал буюу баялаг нөөц бий. Ахмадын туршлага бол тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын ухаарал сургамж, ажил мэргэжлийн ур чадвар, амьдрах ухааны хуримтлал байдаг. 2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 10.1 хувь буюу 385.3 мянга нь ахмад настан байна. Ахмадууд Та бүхний туршлага, мэдлэгийн хүч нөөцийг улс орныхоо хөгжилд хэрхэн үр өгөөжтэй ашиглах нь аливаа улс орны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэг үзүүлэлт, нэгэн шалгуур болж байна.Дэлхий нийтэд ч сүүлийн жилүүдэд төрөлт буурч, дундаж наслалт нэмэгдэж, үүний улмаас ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн сангийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй асуудал тулгарч байна. Энэ бүхэн манайд ч тулгамдсан асуудал болж байна. Үүнийг даван туулахын тулд улс орон бүр өөрийн өөрийн арга барилаар тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд ахмад настны эрхийг хамгаалах, эрүүл, идэвхтэй насжилт руу чиглэсэн байнгын сургалтад хамруулах, технологид суралцуулах, эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгалын системийн тогтолцоонд шинэчлэлт хийх, асаргаа сувилгаа, сэргээн засал болон ахмадын тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх зэрэг шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, ажиллаж байна. Бид ч мөн адил цаг алдалгүй зөв зохистой бодлого барьж ажиллах ёстой.Иймд ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэх зорилгоор дараах 5 чиглэлд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай.Нэгдүгээрт эрүүл мэнд. Энэ нь хүн бүрд нэн чухал, тэр дундаа, ахмад настны эрүүл мэндийн асуудал нийгмийн бодлого, халамж, үйлчилгээний нэг гол чиглэл байх ёстой. Ахмад үеийнхэн маань улс орон, өрх гэрийнхээ өнөөгийн амьдралыг бий болгохын төлөө залуу нас, эрүүл мэндээ зориулсан бас золиосолсон хүмүүс юм. Одоо тэдэнд анхаарал халамж, асаргаа сувилгаа нэн чухал. Ахмадууд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах онцгой, бүрэн эрхтэй.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ хийж, тэднийг урьчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт хамруулах замаар эмнэлгийн яаралтай тусламж, сэргээн засалт, асрахуй сувилахуйн болон эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг олон улсын жишиг, орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ бүхэнд чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулъя.Хоёрдугаарт, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн асуудал. Энэ талаар Улсын Их Хурал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд боломж бололцоондоо нийцүүлсэн шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хувь тэнцүүлсэн болон тэтгэврийн доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285.2 мянган төгрөг байсан бол 2025 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 848.0 мянган төгрөг болсон. Тэтгэвэр авах хүний тоо 2016 онд 376.5 мянга байсан бол 2024 оны байдлаар 499.2 мянга буюу бараг хагас саяд хүрчээ. Үүнийг дагаад тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд 2025 онд 5.4 их наяд төгрөгийг төсөвлөж баталсан. Энэ онд инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувь нэмсэн. Энэ бодлогыг цаашид тууштай, баримталж, хэрэгжүүлэх болно. Ингэснээр ахмад настны авч буй тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байгаа юм. Гуравдугаарт, ахмад настны хөдөлмөр эрхлэлт. Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэхээр байна. Хэдийгээр ахмадууд маань нийгмийн амьдралын бүхий л салбарт хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэврийн насанд хүрч, гавьяаны амралтаа эдэлж байгаа ч тэдэнд хөдөлмөрлөх чадамж бололцоо, хүсэл эрмэлзэл их байгаа.2024 оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203.779, 60-69 насны эрэгтэй 83.336 байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед Та бүхний маань хувь нэмэр нэн чухал юм. Судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл байна.“Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Ахмадын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа үндсэндээ тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн. Одоо харин хуулиа хэрэгжүүлэхэд хаана хаанаа хүчин чармайлт гаргах ёстой. Төр хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг ч сануулж хэлье. Ахмадууд өөрсдөө ч дангаараа болон хамтрах, хорших хэлбэрээр шинээр ажлын байр болон ажиллах боломж бүрэн нээлттэй байна.Ингэж ажиллаж сайн туршлага, үлгэрлэл, манлайлал үзүүлж байгаа олон ахмадууд байгаа. Тэдэндээ энэ индрээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.Дөрөвдүгээрт, ахмад настны хөгжил, идэвхтэй амьдрал. Шинжлэх ухаан, технологийн эрчимтэй өөрчлөлт бүхий шинэ цаг үе нь ахмадын амьдрал, хөгжил, аж төрөх ёсыг шинэчилж байна. Нийгэмд хүүхэд, залуусын шинэ үе ирж байдгаачлан ахмадын шинэ үе ирж байна. Насан туршийн суралцахуй, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг нь шинэ үеийн ахмадуудын нийтлэг дүр төрх болж байна. Манай ахмадууд ч энэ жишгийг дагаж амьдралын хэв маягаа өөрчилж байна.Өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон ажил төрөл эрхлэх, шинэ ур чадварт суралцах, шинэ технологи эзэмших болон эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүй ба амирхахуйн дасгал бясалгал, спортын санаачилга, биеийн тамирын хөдөлгөөнүүдэд хамрагдах нь ахмад настны хөгжил, тэдний эрүүл насжилт, идэвхтэй амьдралын үндсэн нөхцөл юм.Тавдугаарт, ахмадын эрхийг хамгаалах тэдний нийгмийн оролцоог дэмжих нь ахмад настны талаар баримтлах бодлогын нэг анхаарах чиглэл байх болно. Хуулийн энэ зарчмыг аливаа иргэн, асран хамгаалагч, аж ахуйн нэгж, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хэн боловч хэрэгжүүлж байх үүрэгтэй. Бидний амьдрал, ахуйд ахмад настны эсрэг нийгмийн хүчирхийлэл янз бүрийн хэлбэрээр гарсаар байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байна. Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд мөн. Иймд холбогдох байгууллагууд онцгой анхааралдаа авч, Хүний эрхийн Үндэсний Комисс энэ тухай тайлангаа ирэх жилүүдэд Улсын Их Хуралд танилцуулбал зохино.Эрх нь хангагдсан ахмадууд нийгмийн дунд идэвхтэй амьдрах боломж бүрдсэнээр тэдний нийгмийн оролцоо аяндаа өргөжих юм. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын нийт ахмадуудын нийгмийн оролцоо нэн чухал. Манай парламентын насаар ахмад гишүүн Д.Рэгдэл гуайгаар ахлуулсан “Ахмад настны оролцоог дэмжих” бүлэг байгуулагдан ажиллаж байгааг дуулгахад мөн таатай байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлд амжилт хүсье. Оролцоог нь нийтээрээ дэмжье, урамшуулъя. Хамтдаа иргэндээ ээлтэй, шинэ нийгмийг байгуулж ажиллахыг бүх иргэдэдээ уриалъя.Чуулганы зочид оо,Ахмад настны нийгмийн асуудлаарх дээр дурдсан бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүх шатандаа хүчин чармайлт гаргаж, үйл ажиллагаагаа нэгтгэж, эрчимжүүлж, үр дүн гаргах нь чухал байна.Үүний төлөө Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу Ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй хууль, бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээж ажиллана. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй, ахмадын төлөөлтэй манай парламент хүн төвтэй хуулийн үзэл баримтлалын хүрээнд Ахмад настны тухай болон түүнтэй холбогдох бусад хууль, журмуудын зохицуулалтыг иж бүрнээр боловсронгуй болгох чиглэлээр санаачилгатай ажиллах болно.Энэ цаг үед мөн ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх үүрэг бүхий ахмадын байгууллагын үйл ажиллагаа ч шинэчлэгдэх шаардлагатай.Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогын баталгааг хангах, идэвхтэй насжилтыг дэмжих, оролцоонд суурилсан ахмад настны цогц тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, тэдний эсрэг, нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хүчирхийллийг гаргуулахгүй, газар авхуулахгүй байх чиглэлээр бүх шатны төв орон нутгийн байгууллага, иргэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах шинэ эрэл хайгуул нэн чухал юм.Ахмадын холбоод маань харилцан сайн туршлагаа солилцож, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж, хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриалж байна.Энэхүү чуулганаас 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор болсон “Шинэ сэргэлт: Ахмадын оролцоо” сэдэвт чуулганы үр дүнгээ хэлэлцээд цаашид бид хэрхэн хамтран ажиллах, ямар арга барилыг нэвтрүүлэх талаар үнэтэй санал, зөвлөмж гарах болно гэсэн хүлээлттэй байна.Өмнөх чуулганаас гаргасан зөвлөмжид тусгагдсан Улсын Их Хуралд хамаарах 5 арга хэмжээ үндсэндээ бүрэн биелсэн болохыг Та бүхэндээ дуулгахын ялдамд энэ чуулганаас гарах санал, зөвлөмжийг бүрэн дэмжиж, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлье.Ахмадуудынхаа зөвлөмж, дэмжлэг, нийгмийн оролцоотойгоор Та бид хамтдаа илүү тав тухтай, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.Эрхэм хүндэт ахмадууд, чуулганд оролцогч зочид, төлөөлөгчид Та бүхэндээ болон Монголынхоо нийт ахмадууддаа гарч байгаа шинэ он, ирж буй могой жилдээ эрүүл энх, эрч хүч, амжилт ололтоор дүүрэн байхыг ерөөж, чуулганы ажиллагаанд амжилт хүсье. 2025.01.08Улаанбаатар хот
2025/01/08
259