УЛС ТӨР
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ
Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт боллоо. УИХ, Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг, сум, багийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг анх 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор баталж, улсаа бүсчилж хөгжүүлэх талаар сүүлийн хорь гаруй жил яригдсан ч бодитой үр дүнд хүрээгүй юм. Харин Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан юм. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шуурхай шийдэх, бүсийн аймгуудын харилцааг илүү ойртуулж, хамтарч хөгжүүлэхээр Засгийн газраас зорьж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгажээ. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, гадаад, дотоод улс төр, эдийн засгийн хүчин зүйлс, хангайн бүсийг хөгжүүлэх боломжуудыг танилцуулав. Тэрбээр, Бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгож хөгжүүлэх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх нь чухал. Бүсийн аймгууд нэг дор цуглаж тулгамдсан асуудлаа шийдэх, ямар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ ил тод ярилцах шаардлагатай. Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрт онцгой анхаарч, газар дээр нь асуудлыг сонсож, холбогдох шийдвэр гаргахыг зорьж буйгаа илэрхийллээ. Ялангуяа, их хаанаар овоглосон баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгахын төлөө хангайн бүсийн иргэд онцгой анхаарах ёстойг хэллээ. Мөн Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар хангайн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулсан. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг хангайн бүсээс УИХ-д сонгогдсон есөн гишүүн нэгтгэж хэлэлцүүлэв. Хангайн бүсийн гурван аймагт баригдаж байгаа ДЦС-ын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээтэй уялдуулж дулаан, цахилгааны эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Баянхонгороос Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд тус бүсийн аймаг бүр хоёроос доошгүй ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаад зах зээл, технологи, хүний нөөц, татвар, хөрөнгө оруулалтын орчны судалгаа, шинжилгээ шийдэлтэй нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны IV улиралд багтаан гаргах, Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн хилийн боомттой холбогдох 360 км автозам, Цэцэрлэг-Баянхонгор чиглэлийн 200 км автозам, Баянхонгор хот-Шинэжинст сум хүртэлх 270 км авто зам барих, Мянганы замын босоо тэнхлэгийн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 120 км хатуу хучилттай авто замын концессийн гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг шинээр шалгаруулах, УБ-Лүн чиглэлийн авто замын хоёр урсгалтай, зургаан эгнээ автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Лүн-Хархорум хот чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах, төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлыг эхлүүлэх, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүх, шашин соёл, эрүүл мэндийн төрөлжсөн аялал жуулчлалын бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, сумдыг нэгтгэж засаг захиргааны реформ хийх зэрэг 30 гаруй саналыг салбар хуралдаанд оролцогчид гаргасан байна. Эдгээр саналтай холбогдуулж иргэдийн санал, хүсэлт, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд асуулт бүрд хариулж, хангайн бүсийг хамтарч хөгжүүлэх шийдлээ ярилцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа ярилцлаа. Хангайн бүсийн анхдугаар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмж бүрийг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар холбогдох шийдвэрийг гаргана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж хэлэхдээ Хангайн бүсийн зөвлөлийг байгуулж, албажуулахаар болсныг мэдэгдээд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгууллатын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас онцгой дэмжихээ илэрхийллээ. Мөн татварын давуу байдлыг уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглүүлэхэд бэлэн байна. Аялал жуулчлалын тухайд байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх саналыг хүлээн авч байна гэлээ. Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх, улсын төсвөөр эхлүүлсэн дутуу орхисон төслүүдийг дуусгах, ирэх жилийг Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгосон учраас энэ салбарт хэрэгжүүлэх төслүүдийн саналыг авах, хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох зэрэг нийт 17 багц асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарт даалгалаа. Хангайн бүс 90.2 мянган өрхтэй, 293.9 мянган хүн амтай, 144 мянган ажиллах хүчтэй, хүний хөгжлийн индекс 0.74 байна. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ДНБ нь 2.7 их наяд төгрөг, үүнийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 6770 аж ахуйн нэгжтэй, дундаж цалин 1.4 сая төгрөг байна.
2025/04/15
256
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав. Элчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
2025/04/14
267
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг болон бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтлах болно. Тухайлбал, Пүрэв гарагийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудалтай холбоотойгоор 10.00 цагт эхэлж, 11.00 эсхүл 11.30 цаг, 12.00 цагт өндөрлөх нь тодорхой, үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа мөн ялгаагүй тодорхой байдлаар зарлана. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс цаг хугацааг тодорхой болгон, товлодог болж байна. Аливаа асуудлыг богино хугацаанд хэлэлцэж байгаа учраас Улсын Их Хурлын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана. Гишүүд асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ жагсаалтад оруулчихаад, хуралдааны дундуур танхимыг тодорхой хугацаагаар орхих асуудал нийтлэг байсан. Цаашдаа хуралдааны хугацаа маш тодорхой болж байгаа учраас гишүүд хуралдааны танхимд бүрэн сууж, аливаа хэлэлцүүлэгт идэвхтэй, хариуцлагатай оролцдог байх шаардлагыг тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, чуулганы хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхиж гарсан тохиолдолд тухайн гишүүний нэрийг жагсаалтаас шууд хасахаар зохион байгуулж ажиллана” гэв.Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу, Улсын Их Хурал аливаа асуудалд хариуцлагатай байх үүднээс унасан саналыг босгохын тулд олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно хэмээн анхаарууллаа. Тал бүрдээ хариуцлагатай байх үүднээс гишүүд тухайн асуудлыг зарчмын хувьд дэмжиж оролцсон бол холбогдох шийдвэр нь гардаг болох нь зүйтэй хэмээлээ. Улсын Их Хурлын гишүүдийг хуралдаанд идэвхтэй оролцохыг онцлон сануулаад “Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудал бүрд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. Улсын Их Хурал иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна" гээд энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/12
278
УЛС ТӨР
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Б.Уянга, Г.Хосбаяр нар (2025.04.10) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг талууд онцлоод, энэ хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэлээ.Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар нэн тэргүүнд 2021 онд эхэлсэн Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн талаар Элчин сайд Чой Жин Воноос тодруулав. Тус төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ноён Чой Жин Вон өгөөд, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 10 дулааны станцыг ашиглалтад оруулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулан, холбогдох талуудтай нягт хамтран ажиллаж байгаагаа дуулгасан.Үргэлжлүүлэн талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд аж үйлдвэржилтийн арвин туршлагатай БНСУ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцоод, хоёр орны аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны түвшинд ахиц гаргахад онцгой анхаарч Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой нягт хамтарч ажиллахаар санал нэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/11
289
УЛС ТӨР
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы \2025.04.10\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, зээлийн зэрэглэл тогтоосноос зээлийн хүү бууруулах бодит нөхцөл байдал бүрдэнэ гэж хууль санаачлагч танилцуулж байсан. Тиймээс зээлийн хүү ямар шатлалаар буурах талаар тодруулахад УИХ-ын Э.Батшугар хариулахдаа, дэлхийн 28 орны туршлагыг судалж үзсэн. Тухайлбал, 2004-2019 оны хооронд зээлийн зэрэглэлээ тогтоосон улс орнуудаас харахад зээлийн хүү нь 3,2- 3,4 хувиар буурсан жишээ байна. Мөн Вьетнам улсын зээлийн хүү манайх шиг 18 хувьтай байснаа 12,14 хувь рүү буурсан байна. Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлаад 100 хувь гэж харахад 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардалд орж байна. Иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна. Зээл судлах үйл ажиллагааг эрхэлдэг олон ажилтан байдаг. Онооны системд шилжихэд зээлийг судлах гэж олон өдөр хоног болох шаардлагагүй, тэр хэрээр зардал буурна. Энэ мэтчлэн банкны үйл ажиллагааны зардлууд буурч, зээлийн хүүг бууруулах боломжтой гэв.УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зээлжих зэрэглэлийг Монгол банкнаас гаргасан аргачлалын дагуу хэрхэн тогтоох, УИХ-ын гишүүн М.Мандухай зээлдэгчийн зээлийн мэдээллийн тогтолцоог хэрхэн сайжруулах, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай худалдаа эрхлэгчид өдрийн маш өндөр хүүтэй зээл авч байна. Өөрөөр хэлбэл, тэд сарын 10, жилийн 100 хувийн хүүтэй зээл авч мөнгө хүүлэгчдийн өгөөш болж байна. Энэ асуудалд хэрхэн анхаарах талаар асуулаа.Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батгшугар, ажлын хэсгийн гишүүн, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Энхтайван нар гишүүдийн асуултад хариулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Батшугар, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхийг үнэлэх зорилгоор ашиглана гэж заасан. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өсөөд явна төлөхгүй бол буурна, эргээд төлөхөд дахин өсөх динамик горимд шилжихийг зорьж байна. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь буурна хэмээн үзэж байна гэв. Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлээс гадна тухайн хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр, авлага ордог. Харин гар утасны зээл, хэрэглээний зардал зэргээ төлөөгүй бол муу зээлийн түүхэнд орж ангилагддаггүй. Тухайн хэрэглэгч нь хэрэглээний зардлаа төлж барагдуулахад төлөв нь хэвийн болно. Ер нь хар жагсаалт гэж байдаггүй. Зөвхөн зээл авсан, төлсөн, түүний нөхцөлийн талаарх мэдээлэл зээлийн мэдээллийн санд ордог юм. Иргэд хэт өндөр хүүтэй зээл авч, улмаар санхүүгийн дарамтад орж байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөлд өдрийн зээлийн дээд хязгаарыг тогтоосон заалтыг оруулсан гэв.Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, богино эргэлттэй, өндөр хүүтэй мөнгө хүүлэх байдал газар авсан нь ажиглагдсан. Ирэх долоо хоногт Монгол банк болон арилжааны банкны удирдлагуудтай зээлийн хүүг бууруулах асуудлаар нээлттэй ярилцлага зохион байгуулна. Банкууд дэргэдээ Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад банкнаас арилжааны зориулалтай зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өгч байна. 2024 онд банкуудаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбумд хүрчээ. Банкнаас жилийн 24 орчим хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувь хүртэл хүүтэй зээлж байна. Улмаар ломбардууд дахин илүү өндөр хүүтэй зээл олгох зэрэг иргэдэд санхүүгийн дарамт үзүүлж буй асуудлыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдээлэл өглөө.УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Батбаатар нар хуулийн төслийг дэмжиж үг хэлсний дараа Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.Түүний дараа “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан.Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос, Хятад багтаж буй юм байна.Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан. Тус зарчмуудын зорилго нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах үндэс суурийг бий болгожээ. Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэв.Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Тэрбээр, "Транс- Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр "-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 04 дугээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дээрх хэлэлцээр хэрэгжих тохиолдолд эдийн засгийн симуляцыг тодорхой хийх, эдийн засгийн эргэлтийг түргэтгэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа шинжилгээ, хэрэгжих тодорхой үечлэл, хугацааны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат транзит тээврийн үнэ өртгийн талаар, зорчигч тээврийн болон ачаа тээвэрлэлтийн хугацааг нарийн баримтлах талаар, төмөр замд хэчнээн ажилтан, албан хаагчид ажилладаг талаар тодруулан асууж, хариулт авлаа.Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Д.Ганбат нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын гэрээ, хэлэлцээр нь зөв зүйтэй бөгөөд цаашид экспортын бодлого, худалдааны бодлого, эдийн засгийг илүү бэхжүүлэх бодлогод анхаарч идэвх, санаачилгатай ажиллах, төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, цахилгаан галт тэрэгтэй болох боломж нөхцөлийг судлах, транзит тээврийн асуудлыг нарийн төлөвлөж, боловсруулах шаардлагатай талаар үг хэлсэн гээд тус хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар асуулт асуув. Тухайлбал, шинээр төмөр зам тавих талаар Засгийн газар ямар бодлого баримталж буй талаар болон Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн тухай асуусан. Эдгээр асуултад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариулахдаа, уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж буй улсынхаа төмөр замын царигт тааруулан төмөр замаа барих нь зүйтэй гэж үзэж байна. Улаанбаатар төмөр зам 75 жилийн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн. Гэхдээ цаг үеийн шаардлагаар төмөр замаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилтантай. Анх байгуулагдахдаа тухайн газарт ажиллаж буй ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд цэцэрлэг, сургууль, соёлын төв зэргийг байгуулсан учраас бүтэц, бүрэлдэхүүн нүсэр байгаа юм. Олон иргэдийг ажлын байраар хангаж ирсэн гэж хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэхүү хуулийн төслийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлээд гадаад, дотоодод өргөн сүлжээтэй төмөр зам барих талаар санаачлагатай ажиллахыг хүслээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан энэ хүрээд өндөрлөж, тус хуулийн төслийг баасан гарагийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/11
276
УЛС ТӨР
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын даргын 99 дүгээр захирамжаар байгуулагдсан “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хуралдаан /2025.04.10/ боллоо.Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд ахалж байна. Хуралд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа нар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, 20 минут Үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөллөөс оролцлоо.Хурлын эхэнд “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрх” сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулга хийлээ. Тэрбээр, танилцуулгадаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны төслийн талаарх мэдээллийг хүргэв.Тодруулбал, нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 5551 орон сууц байгаагаас газар хөдлөлтөд тэсвэргүй 672, ашиглахыг хориглосон шийдвэртэй 385, Нийслэлийн Засаг даргын дахин барилгажуулах захирамжтай 178 орон сууц байна.Мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2025 оны байдлаар 16 байршил 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа аж.Танилцуулгын дараа гишүүд хууль, эрх зүйн орчны практик хэрэглээнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа. Түүнчлэн ажлын хэсгийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр талуудын төлөөллийг тэгш хамруулж, хэлэлцүүлгийн түвшинд зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/11
318
УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Х.Баттулгад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тогтоолын төслийг батлав
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Х.Баттулга нарт ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Эхний хэлэлцэх асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/013 дугаартай албан бичгээр “Баялагтаа эзэн Монгол” НҮТББ-ын тэргүүн Г.Хажидмаагаас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзээд Монгол Улсын Үндсэн хууль, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу холбогдох арга хэмжээ авч эгүүлэн татахыг хүссэн шаардлага ирүүлсэн болно. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 10.5-д шалгалтын явцад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооны дарга тухайн гишүүнийг дуудан уулзаж, зөвлөгөө өгнө гэж заасан. Дүрмийн дагуу М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүй, харилцаандаа анхаарах талаар зөвлөгөө өгсөн. Тиймээс Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах тухай горимын саналыг гаргаж байна гэв.Горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа санал хэллээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад нийгмийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгааг буруу юм хэмээн арга хэмжээ авч байсан. Гэвч УИХ-ын гишүүн өөрөө биш түүний нөхөр нь түүний хаягаар нь бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгаа нь өмнө нь өгсөн сануулах арга хэмжээг бүрэн гүйцэд биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс сануулах арга хэмжээ авсан Байнгын хорооны тогтоол хүчинтэй гэдгийг сануулж, дүрэм зөрчсөн асуудлаар ярилцсан гэв. Ингээд "УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар өнөөдрийн хуралдааны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа П.Наранбаяр нар зодолдсон асуудлаар 2025 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр байнгын хорооноос энэ талаараа 04 сарын 15-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх агуулга бүхий албан бичиг явуулсан гэв.Түүний дараа "УИХ-ын гишүүн Х.Баттулгад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн ирцтэй холбоотой мэдээллийг гаргаж, шаардлагатай бол Байнгын хорооны хуралдаанд оруулж танилцуулан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулах чиглэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяад өгсөн. Түүнийг энэ чиглэлийг баримтлан хэрхэн ажилласан талаараа танилцуулга хийхийг хүсье гэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46.5.13-т “гишүүн нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн тус бүрээр, өдөр, цаг, минутаар Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргасан мэдээнд үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас олон нийтэд мэдээлдэг. Энэхүү ирцийн мэдээг авч үзэхэд УИХ-ын 2024 оны анхдугаар, ээлжит бус, намрын ээлжит чуулган 162:49:00 цаг хуралдсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон буюу 67:20:00 цаг хуралдаандаа оролцоогүй байна.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар шинэ бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг тасалсан цаг, минутаар гаргаж, олон цаг тасалж, хоцорсон гишүүдэд хэдийгээр 40 цаг хүрээгүй ч цаашид анхаарч, хуралдаандаа идэвхтэй оролцохыг сануулсан байгаа. Байнгын хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Д.Батбаяр, Д.Батлут, Х.Баттулга, Д.Ганбат, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар нарт сануулах бичиг хүргүүлсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7.3-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг тухайн жилд хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын 5 өдрийн цагаас дээш гарсан бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанд оруулна" гэж заасны дагуу миний бие “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтад үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай биечлэн уулзаж, тайлбар авсан болно. Ингээд УИХ-ын гишүүн Х.Баттулгад “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын дагуу “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна. Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг /тасалсан цаг 38:37:00/ хугацаанд эмнэлгийн чөлөөтэй /акттай/ байсан гэдгээ “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар олон нийтээс уучлал гуйж, хүлцэл өчсөн гэв.Түүний дараа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь заалтыг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн Х.Баттулгад уг дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг баримтлан “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын хариуцлага ногдуулах тогтоолын төслийг танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуулт асууж, саналаа хэллээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн С.Лүндэгт хариуцлага тооцохгүй үндэслэл юу вэ гэж асуугаад УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохоос өмнө тэдэнд ёс зүйгээ сахиулах, хариуцлагатай байх тухай анхаарч ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Түүний асуултад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариулахдаа "Хэн нэгнийг ялгаж үлдээсэн асуудал байхгүй. Гагцхүү хуулиар хариуцлага хүлээлгэх 40 цагийн хязгаарыг баримтлан хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн" гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан тус Байнгын хорооны дарга Б.Баярбаатар санал гаргав. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Баттулга нь итгэл хүлээлгэсэн сонгогчид болон УИХ-ыг үл хүндэтгэсэн байдал гаргасан гэж үзэж буй учраас албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах тухай ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг 6 сар хүртэл 20 хувиар бууруулах болгон өөрчлөх саналтай байна гэв. Байнгын хорооны хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/09
319
УЛС ТӨР
Ажлын хэсгүүдийг байгуулж, УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.09) хуралдаан 15 цаг 37 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Энэхүү ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг ажиллах бөгөөд ирэх долоо хоногт төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулахаар тогтов.Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар төсөл санаачлагчаас тодруулга хийсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргав. Эл горимын саналыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 10 нь дэмжсэн тул холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр баталсан юм. Энэ хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар ажиллах юм.Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар хэлэлцэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Б.Энхбаяр гишүүн, ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төслүүдийн хэлэлцүүлгийн шатанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх зохицуулалтад анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас Эрүүгийн хуулиар зохицуулагддаг байсан ажлын байрны дарамтын талаар асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болсон талаарх шүүмжлэл ирүүлээд байгаа талаар Д.Цогтбаатар дарга хэлээд ажлын хэсгийн хүрээнд энэ талаар судлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэллээ. Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 86.7 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал дээрх ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахшиг нар ажиллана. Хуралдаанаар мөн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нар ажиллана.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг мөн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүн ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нарын гишүүд ажиллана.Байнгын хорооны хуралдааны үеэр Д.Цогтбаатар дарга Дархан-Уул аймагт ажиллан, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцсон талаараа мэдээлэл танилцуулсан.Хуралдаанаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Х.Тэмүүжин гишүүн танилцуулга хийлээ. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөхтэй холбоотой Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн талаар буюу энэ төрлийн тодорхой шийдвэртэй холбоотой гомдлыг нэр бүхий иргэн шүүх, Үндсэн хуулийн цэцэд гаргаад байгааг дурдав. Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн зөрчил үүсээд байгаа талаар Х.Тэмүүжин гишүүн дэлгэрэнгүй тайлбарлаад Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Г.Уянгахишиг дээрх танилцуулга болон уг саналтай холбогдуулан асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс уг санал болон үүсээд буй нөхцөл, хууль тогтоомжийн уялдааг судлах, холбогдох судалгаа, мэдээлэлтэй сайтар танилцах хугацаа шаардлагатай хэмээх санал гарч байв. Иймд уг асуудлын хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулах саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн юм.Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлжээ.Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй. Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан байна.2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв. Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, П.Сайнзориг нар асуулт асууж, Б.Жаргалсайхан прокурор болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нараас хариулт авав. Үргэлжлүүлэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох тухай саналтай холбогдуулан үг хэлсэн.Х.Тэмүүжин гишүүн, прокурор ажлаа хуулийн дагуу шударгаар гүйцэтгэдэг байх, мэргэжлийн ур чадвараа шүүхийн өмнө гаргаж ажиллаж чадаж буй эсэх нь энэ байгууллагын үнэ цэн гэдгийг тодотгоод энэ чиглэлээр зарчмын шинэтгэл, Б.Жаргалсайхан прокурорыг энэ чиглэлд өөрчлөлт хийнэ хэмээн найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн шүүх хуралдаанд оролцож буй шүүгч, прокурорын тусгай өмсгөл, хувцаслалтын талаар баримт, мэдээлэл хуваалцан зохих өөрчлөлтийг хийх шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийллээ. Эл саналыг Б.Энхбаяр гишүүн дэмжээд, шударга ёсны тогтолцооны цөм хэсэг нь прокурорын байгууллага гэж тодотгоод байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг даргалж ажилласны хувиар зарим мэдээллийг дурдан, үүнтэй холбоотой прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажиглалтаа хуваалцан холбогдох саналаа хэлсэн юм. Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд улируулан томилохыг дэмжиж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлээд, прокурорын байгууллагын цахимжилтыг эрчимжүүлж, дуусгахтай холбоотой асуудлаар санал хэлэх, прокуроруудыг мэргэшүүлэхтэй холбоотой саналыг хэлсэн.Б.Заяабал гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа хэмээгээд энэхүү албан тушаалд ажил, амьдарлын арвин туршлагатай нэгнийг томилохын чухлыг онцлов. Үүний зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр анхаарч ажилладаг байх шаардлагатайг дурдаад энэ шаардлагад Б.Жаргалсайхан прокурор нийцэж байна хэмээн үзэж буйгаа хэлсэн. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хараат бусаар, зоригтой ажиллахыг прокурорын байгууллагын хамт олонд уриалаад, хуулийн дагуу шударга ёсыг сахиулж ажиллахыг хүсэв. Хууль зүйн байнгын хороо бүрэн дэмжиж ажиллана хэмээгээд хүний эрхийг хангаж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлснээр авлигыг бууруулах үр дүнгээ онилж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн тус байгууллага дотоод хэрэгцээндээ хиймэл оюуныг нэвтрүүлэн, дотоод хяналтдаа ашиглах боломжийн талаар санал хэлээд “Прокурорын байгууллагын хараа хяналтад Монгол Улсын иргэний дархан эрх хамгаалагдах ёстой” гэв.Ингээд Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/09
296
УЛС ТӨР
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаан 15 цаг 44 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.Дараа нь Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвших тухай хүсэлтийн загварыг тусгасан тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь дэмжив.Хуралдаан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцсэн.Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, "Иргэн Э.Батбаяраас Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай өргөдлийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 33042 иргэн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.3-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95.3-т заасны дагуу Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд уг саналыг 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай" хэмээв.Ингээд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан саналыг 33042 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакираар ахлуулах горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/09
276
УЛС ТӨР
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 09-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэнМонгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч буй. Гадаад валютын албан нөөц энэ сарын 07-ны байдлаар таван тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд байна. Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад есөн хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тус хуралдаанд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортод тулгарч буй тээвэрлэлт, агуулах, биржийн арилжаанд үүсээд буй хүндрэл зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд мэдээллээ. Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллааТавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар туссан.Станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны зургадугаар сард зарласан боловч тендерт оролцогчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай “Төгрөг нуур” нүүрсний ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. “Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Шаардлагатай тохиолдолд санхүү, эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ авахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, тус асуудлаар мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржинийн арлууд болон Кайманы арлууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг, Бүгд Найрамдах Сингапур Улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлд, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолд заасан ашигт малтмалын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг яаралтай боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд тус тус даалгалаа.
2025/04/09
299
УЛС ТӨР
Үндэсний зөвлөлүүдийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчдийг томиллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.04.08)-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч хараат бус шинжээчид нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүд дэмжээгүй юм. Иймд энэ сарын 07-ний өдөр хийх байсан нэр дэвшигчдийн сонсголыг хойшлуулж 14-ний өдөр зохион байгуулахаар товлоод байна.НДҮЗ болон ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргаж, сонсголд танилцуулах шинжээчийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, ШУА-ийн Бага чуулганы гишүүн Ч.Энхбаяр, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн нар саналаа ирүүлсэн байна.НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах шинжээчид нэр дэвшигч Ч.Энхбаяр сүүлийн 20 гаруй жил МУИС-д ажиллаж байгаа бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм. Харин ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргах хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Хоролсүрэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 2023 оноос багшилж буй бөгөөд 2021 оноос тус сургуулийн захирлын албан үүргийг эрхэлж байна.Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Ж.Чинбүрэн нар хараат бус шинжээчид нэр дэвшигчдэд хандан үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа НДҮЗ-ийн болон ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд тус бүр нэг хүн нэр дэвшиж байгаа, харьцуулалт хийх боломжгүй ч гэсэн тэдний талаар үнэн бодитой, зоригтой дүгнэлт гаргаж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын нөхцөл байдлыг сайтар судалж, бодит байдлыг үнэлж дүгнэсний үндсэн дээр уг сангуудын цаашдын үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчрах шийдвэрийг хурдтай гаргаж ажиллах чадвар, бусдын нөлөөнд автахгүйгээр даатгуулагчдын эрх ашгийн үүднээс ажиллаж чадах эсэх талаас нь нэр дэвшигчдийг сайтар харж шинжлээрэй гэлээ. Мөн тэрбээр сангуудын үйл ажиллагааг сайжруулахыг, Үндэсний зөвлөлүүдэд мэдлэг чадвартай, мэргэжлийн хүмүүсийг сонгож томилохыг олон нийт харж, хүлээж байгаа гэдгийг сануулав.Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хараат бус шинжээчээр ажиллахаар саналаа ирүүлсэн Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарт амжилт хүсээд, судалгаа шинжилгээндээ асуудлыг өргөн цар хүрээтэй харж, оновчтой дүгнэж чадах чадвартай эрдэмтэн, судлаач нар нэр дэвшиж байгаад баяртай байна гэсэн юм. Тэрбээр ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг даргалах учир Л.Хоролсүрэн шинжээчтэй хамтран ажиллах болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг болон хуулийн үзэл санааг ойлгох чадвартай мэргэжлийн хүмүүсийг хараат бус шинжээчээр ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаа Нийгмийн бодлогын байнгын хороонд талархал илэрхийлж, ялангуяа ЭМДҮЗ-өөс өнгөрсөн хугацаанд гаргаж байсан шийдвэр, сангийн захиран зарцуулалт ихээхэн алдаатай явж ирснийг анхааруулан, Үндэсний зөвлөлүүдэд даатгуулагчдын эрх ашгийг төлөөлж ажиллах гишүүдийн зарчимч, тууштай байдал, үзэл санааг түлхүү харгалзаж дүгнэлт гаргахыг хүсэв. Мөн сангуудын үүрэг, зарчим, нөөц бололцоог нягтлан үзэж, үнэлгээ дүгнэлтдээ харгалзаарай гэлээ.Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга Л.Энхнасан шинжээчдэд амжилт хүсэж, Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн үг, саналыг харгалзаж ажиллахыг хүсэв. Тэрбээр, хараат бус шинжээчийг “...Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг танилцуулаад санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 75.0 хувь нь профессор Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг тус тус дэмжсэнээр “Хараат бус шинжээчийг томилох тухай” тогтоол батлагдлаа. Тогтоолоор нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд хүргүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож дүгнэлтээ танилцуулахыг хараат бус шинжээчдэд үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/08
304
УЛС ТӨР
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. Ассамблейд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга Фабиан Хамилтон болон гишүүдтэй уулзлаа.Уулзалтын эхэнд талууд өнгөрөгч гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг тодотгож, энэ нь хоёр улсын харилцаанд онцлох үйл явдал болсныг цохон тэмдэглэлээ. Монгол, Британи улсууд газарзүйн байршлын хувьд хол ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон нь харилцаа, хамтын ажиллагааны тулгуур болсоор ирснийг УИХ-ын дэд дарга онцоллоо.Түүнчлэн хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн шинээр бүрдсэн парламентаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйг тодотгоод хэлэлцэн баталсан зарим хууль, тогтоомжуудаас дурдлаа.ОУПХ-той харилцах Британийн парламент дахь бүлгийн дарга Фабиан Хамилтон, Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, парламентад жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч, эмэгтэй гишүүдийн эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлтэд хүрснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, УИХ-ын даргын айлчлалын үеэр Уэстминстерийн ордонд уулзалтууд амжилттай болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, айлчлалын үр дүнг бататгахад олон талт хэлбэрээр хамтран ажиллахаа хэллээ.Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн төлөөлөл энэ оны 6 дугаар сард манай улсад айлчлахаар болсонд баяртай буйгаа илэрхийлэхийн сацуу уг айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ тодотголоо.Энэхүү бүлэгт Британийн парламентын Нийтийн болон Лордын танхимын гишүүд элсдэг бөгөөд дарга, дэд дарга болон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг жил бүр сонгон томилдог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/08
278
УЛС ТӨР
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо “Нийгмийн хөгжлийн төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Дэлхийн 140 орны 1700 гаруй төлөөлөгчид чуулж буй Ассамблейн үеэр ОУПХ-ны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо.Энэ удаагийн хуралдаанаар парламентад шинэ гишүүдийг хүлээн авах, боловсон хүчний сургалт, хөгжил, парламентын үйл ажиллагааны хүртээмж, ил тод байдал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд оролцогчид өөрийн орны холбогдох хууль тогтоомж, хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэлцүүлгийн үеэр шинэ үеийн парламентыг төлөвшүүлэхийн тулд УИХ-аас баталсан стратеги, үйл ажиллагааны онцлогоос танилцуулж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хоёр талын уулзалтуудад оролцов. Энэ хүрээнд парламент, түүн дотроо Тамгын газар хоорондын харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ чиглэлийн хүрээнд харилцан санал солилцлоо.ОУПХ-ны 150 дугаар Ассамблейн үеэр нийт 90 гаруй дэд хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Эдгээрээс “Газрын тухай хууль тогтоомж: Газар эзэмших эрх болон тэгш эрхийг хангахад парламентын гишүүдийн үүрэг” сэдэвт дээд түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцов. Энэ үеэр холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт болон эрх зүйн орчныг боловсронгуй болгоход авах арга хэмжээний хүрээнд оролцогчид нээлттэй ярилцлаа.Чуулга уулзалтад оролцогчид дэвшилтэт хандлага, хамтын санаачилгад тулгуурлан парламентын чиг үүргийг бэхжүүлэх, цаашид бүс нутгийн түншлэлийг эрчимжүүлэх хүрээнд санал нэгдэж, зөвлөлдөв. Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/07
247
УЛС ТӨР
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы (2025.04.03)-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус тус танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуув.Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг дэмжих боломжгүйгээ илэрхийлээд, төсөлд тусгагдсан харилцаа нь Хууль тогтоомжийн тухай хуулиар бус захиргааны эрх зүйн хүрээнд шийдвэрлэх асуудлууд болохыг онцолсон юм. Тэрбээр орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар хуваарилагдсан эрх мэдлийг Улсын Их Хуралд төвлөрүүлэх эрсдэлтэй байна гэсэн юм. Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хариулахдаа, холбогдох хуулиудаар нэгэнт хуваарилагдсан эрх мэдлийг энэ хуулиар өөрчлөх, хязгаарлах зүйл байхгүй. Харин эрх мэдлийг хуулиар хүлээн авсан субьект цаашаа өөр этгээдэд хуулиас давсан журмаар дахин хуваарилахгүй байх тухай асуудлыг тусгасан гэсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан манай улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 920 гаруй хууль, 3500 орчим журам байгааг дурдаад, аливаа хууль, эрх зүй, засаг захиргааны хэм хэмжээ тогтоох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн, шийдвэрлэдэг байх ёстой гэлээ. Хуулиар эрхээ авчихсан гээд хуулиас давсан журам гаргаад байж болохгүй бөгөөд үүнийг цэгцлэх зорилгоор Д.Цогтбаатар нарын Улсын Их Хурлын гишүүд энэ хуулийн төслийг санаачилсан гэдгийг тодотгов. Мөн хууль, эрх зүйн зохицуулалт уян хатан байх ёстой гэсэн үзэл баримтлалаар хуулийг ихээхэн ерөнхий баталж, нарийвчилсан харилцааг журмаар зохицуулахаар заадаг жишиг өнөөдрийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон гэсэн юм.Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулахдаа хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж ажилласан, холбогдох салбарын аж ахуйн нэгжүүд, иргэд, олон нийтийн саналыг авсан эсэх, хуулиас давсан дүрэм, журам баталж, хүнд суртал, завхрал үүсгэсэн албан тушаалтнуудад хариуцлага ногдуулж байгаа эсэх, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засгийн харилцаанд үл ойлголцох үүсэх эрсдэл бий эсэхийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, яаралтай горимоор өргөн барьж, батлуулсан хууль тогтоомжийн зайлшгүй шаардлагад хийсэн судалгаа, үнэлгээ дүгнэлт бий эсэх, ийм горимоор төсөл өргөн мэдүүлэхийг хэрхэн хязгаарлах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хуулийн төслийг боловсруулахдаа олон нийтийн хэлэлцүүлгийг заавал хийдэг байх зохицуулалтыг хэрхэн баталгаажуулж байгааг, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа албан татвар, төлбөр хураамж тогтоох асуудлыг зөвхөн Улсын Их Хурал шийдвэрлэх тухай заалт хэрэгжих боломжтой эсэхийг нягталж, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудад чөдөр тушаа болох эрсдэл бий эсэхээс болгоомжилсан байр суурь илэрхийлсэн юм. Мөн тэрбээр хууль хэрэгжихгүй байгаа явдлыг шинжлэн судалж, шалтгаан нөхцөлийг тогтооход анхаарах нь зүйтэй гэсэн юм.Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг захиргааны хэм хэмжээ тогтоох Засгийн газрын эрхийг хязгаарласан нь ямар учиртайг, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хор уршгийн судалгаа хийсэн, эсэхийг болон хууль, Улсын Их Хурлын шийдвэрийг эс хэрэгжүүлсэн сайд, дарга нарт оногдуулах хариуцлагыг тодорхой болгох, гол хуулийн үзэл баримтлалаас өөр нэмэлт, өөрчлөлтүүдийг боловсруулах, батлахаас сэргийлэх хязгаарлалтын зохицуулалтын энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр тусгах боломжтой эсэхийг асууж Хууль зүйн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийг гишүүдээс тодорхой хариулт авав. Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг, Хууль тогтоомжийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн эрүү, иргэн, захиргааны анхдагч хууль болон шинэчилсэн найруулгын төсөл, мөн өмчтэй холбоотой хууль санаачилж болохгүй гэж заасан байдаг. Захиргааны эрх зүй бол захирах, захирагдах шинжтэй нийтийн эрх зүйн харилцаа шүү дээ. Иймд энэ харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг зөвхөн Засгийн газар хариуцдаг байж болохгүй гэж үзээд Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүнд захиргааны хэм хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар хууль санаачлах эрхийг нээж өгч байгаа гэсэн хариулт өглөө. Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан түүний асуултад хариулт өгч, хууль тогтоомжууд хэт ерөнхий, зохицуулах ёстой харилцаагаа иж бүрэн зохицуулж чадахгүй байгаа учир хэрэгжилт нь хангалтгүй байгааг дурдан, үүний зэрэгцээ хууль тогтоомжийн хоцрогдлыг арилгах ажил өөрөө хоцрогдолтой буюу цаг үеэсээ хоцроод байна гэлээ.Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал аливаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулахдаа иргэдийн утга учиртай, хариу үйлдэлтэйгээр оролцоог бодитой хангах байдалд ямар ахиц гарах болон хүний эрхийн хязгаарлалтын талаарх хуулийн сахиулах байгууллагын албан хаагчид, иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатайг баримтаар жишээлэн ярьсан юм. Хэлэлцэж буй хуулийн төсөлд аливаа хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа эрх ашиг нь хөндөгдөх хэсэг, бүлгийн саналыг заавал авч тусгах, мөн олон нийтийн хэлэлцүүлгийг цахимаар бус бодитойгоор хийх зохицуулалтуудыг тусгаж буйгаа хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тайлбарласан юм. Хүний эрхийг хамгаалах, дээдлэн эрхэмлэх Үндсэн хуулийн язгуур үзэл санаа хууль боловсруулах үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжих вэ гэдгийг Хууль тогтоомжийн тухай хуульд суулгахад энэ өөрчлөлт чиглэж байгаа гэдгийг Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын даргын зөвлөх Т.Алтангэрэл онцлов.Анхдагч болон гол хуулийнхаа үндсэн зарчимтай харшилсан нэмэлт, өөрчлөлт, дагалдах хуулийн төсөл өргөн барьдаг явдлыг хэрхэн засах, хуулиас давсан журмыг бүртгэж байгаа, эсвэл бүртгэхгүй байгаа асуудалд ямар хариуцлага тооцож буй болон хариуцлагыг хэрхэн чангаруулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асууж, хууль тогтоомж амьдралд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ дүгнэлт хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат хуулийн төсөл хүний эрхийг зөрчиж байгаа эсэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн дүгнэлт гаргахаар заасан нь оновчтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчин бий болгох стратегийн зорилтын хүрээнд хуулийн бичилтийг маш их өөрчлөх, нарийвчлах шаардлага үүсэж байгааг хэрхэн тусгасан болон хуулийн хэрэгжилтийн зардлын тооцоог Улсын Их Хурлын Тамгын газар хийхээр заасан нь хэрэгжих боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан юм. Энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар мөн хөндөж, хуулийг хэрэгжүүлэх зардлын тооцоог хийхэд шаардагдах санхүүжилтийг Улсын Их Хурлын гишүүдийн зардлаас шийдвэрлэх боломж хомс гэдгийг дурдав. Түүнчлэн бусад улс орнуудын эрх зүйн харьцуулсан судалгааг хэтэрхий нарийвчилсан байдлаар хийхээр зохицуулах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, анхдагч болон гол хуулийнхаа зарчим, үзэл баримтлалаас зөрсөн хууль баталсан тохиолдлуудыг судалж үзсэн эсэх талаар асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийн бүрдэл хангагдаагүй байхад яам өөрөө хангасан гэсэн дүгнэлт өгч, хууль зөрчиж байгаад ямар дүгнэлт хийж байгааг асуугаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зөрчилтэй, дагаж мөрдөхөд түвэгтэй зохицуулалтыг хэрхэн өөрчлөх тухай тодрууллаа. Мөн тэрбээр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаасаа хойш ямар хугацаанд хэрэгжилт нь жигдэрнэ гэж тооцож байгааг асуусан юм. Энэ асуултыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан мөн тавьсан бөгөөд тэрбээр хүний эрхийг хангахтай холбоотой зохицуулалтууд тунхагийн шинжтэй, хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байдлаар тусгагдсаныг анхаарч ажиллахыг зөвлөв.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Бямбацогт нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхийг холбогдох байгууллагууд хуулиар авсан байдгийг дурдаж, хуулиар эрх авалгүйгээр элдэв янзын журам гаргаад байгаа мэт буруу томьёоллоор ярьж буй нь олон нийтийг төөрөгдүүлнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар эрх олгосон хэмжээнд багтааж татвар, хураамжаа тогтоож буйг тэрбээр сануулаад, үүнийг цаашид зөвхөн Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг байх нь буруу гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг дэмжихийг уриалаад, хэрэв хэлэлцэхийг дэмжихгүй бол засаж, сайжруулах шаардлагатай олон асуудал хэлэлцэгдэхгүй болчих эрсдэлтэй гэлээ.Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.6 хувь нь татгалзав. Байнгын хорооны саналаас татгалзсанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.Дараа нь Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав. Хуулийн төслүүдийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор боловсруулсныг тэрбээр илтгэлдээ дурдаж, үүний хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааг уялдуулах, иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зохицуулалт бүхий Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуульчийн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүлж тодорхой болгосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээг өргөжүүлэх, уг шийтгэлийг цөөрүүлэх, зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяаллын алдааг засах зохицуулалттай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг танилцууллаа. Мөн Монгол Улсын иргэнийг хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, сайдын шийдвэрээр зохицуулж байсан хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмыг хуулиар зохицуулах зорилготой Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, албаны нууцын тодорхойлолтыг нарийвчилж, хүрээ, хязгаарыг багасгах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор боловсруулах Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдийн хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын бодит оролцоог хангах зохицуулалт бүхий Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад олон улсын гэрээ, конвенцын ойлголт мэдлэгийг олгох сургалтын хөтөлбөр, хөшүүрэг бий болгоход чиглэсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, мөн хүний эрхийг хангах үнэсний хөтөлбөр, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.Эдгээр хуулийн төслүүдийг баталснаар олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, тэдгээртэй холбоотойгоор ирүүлсэн зөвлөмж, хүний эрхийн үндэсний болон олон улсын байгууллагаас Засгийн газарт ирүүлж, түүнийг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээний биелэлт, хууль тогтоомж дахь хүний эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг засахад тодорхой ахиц гарна гэж хууль санаачлагч үзсэн байна.Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг багц хуулийн төсөл нь нэг үзэл баримтлалтай байгаа нь Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байгаа эсэх талаар, хуулийн төсөл дэх Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан өмгөөлөгчийн нийтэд тустай үйл ажиллагаа, хууль зүйн мэргэжлийн туслалцааг үнэ төлбөргүй хийх зохицуулалт нь оновчтой эсэх талаар, хүний нэр төрийг доромжлон харьцахыг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон нэмж тусгаж байгаатай холбогдуулан зөрчлийн тухай хууль, тогтоомжийн хүрээнд оногдуулсан торгууль, шийтгэлийг чөлөөлөх асуудлын зардлын талаар, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан томилгоотой холбоотой зохицуулалтын үндэслэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг багц хуулийн төсөл дэх Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн ба албаны нууцын ангилал, зааг ялгааг хэрхэн тодорхойлсон талаар, үүнтэй холбоотой хууль санаачлагчийн хийсэн судалгааны талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуулийн төслүүдийг агуулгын хувьд дэмжиж байгаа ч хэд хэдэн хуулийн төслийг багцлан боловсруулахдаа тухайн харилцааг зохицуулж байгаа аль нэг ерөнхий хуулийн үзэл баримтлалыг боловсруулан өргөн мэдүүлэх тухай Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох эх сурвалжийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр багц хуулийн төслийн жишгээр цаашид хүний эрхтэй холбоотой бүх хуулиудыг багцлан оруулж ирэх жишиг тогтох эрсдэлийг тооцох, анхаарах талаар тус тус үг хэлжээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжээгүй байна. Бусад төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.Хууль зүйн сайдыг илтгэл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Энхтуяа, О.Цогтгэрэл, Х.Баасанжаргал, Б.Уянга, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, П.Батчимэг, Б.Хэрлэн, Ц.Мөнхтуяа нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслүүдийг дэмжиж байгааг илэрхийлсэн бөгөөд хүний эрхийг хангахтай холбоотойгоор дараа дараагийн хуулийн төслүүдийг даруй өргөн барьж, хэлэлцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт зөвлөж байлаа. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуульчдын нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд иргэний болон захиргааны хуулиар мэргэшсэн хуульчид эрүүгийн хэрэгт өмгөөлөл үзүүлэх үүргээ төлбөр хураамжаар хаах зохицуулалтыг хуульчлах боломжтой эсэхийг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох байгууллага, албыг байгуулахад анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, иргэдийн мэдэх эрхийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зохицуулалтууд боомилж буйг анхааруулаад, хүний эрхийг хязгаарлах, авилга цэцэглэх хөрс болсон энэ хуульд зарчмын өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр боловсруулах асуудал тусгагдсан боловч эдийн засгийн механизм нь тусаагүй байгааг анхааруулж, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд судалгаа, тооцоотой хандахыг зөвлөсөн юм. Улстөрийн, иргэний эрхтэй холбоотой асуудлууд хуулийн төслүүдэд тусгалаа олж байгаа хэр нь эдийн засгийн болон соёлын эрхтэй холбоотой зохицуулалт орхигдсоор байгааг тэрбээр мөнхүү анхаарууллаа.Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хүний эрх, эрх чөлөөг хангах хуулийн зохицуулалтуудыг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх асуудлыг иж бүрнээр буюу гүйцэт шийдвэрлэх, эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн сэтгэл санааны хохирол, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч буйг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асууж, хариулт авсны зэрэгцээ нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаанд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хүний эрхийг хуулиар баталгаажуулахын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ биелэлтийг иргэд хэр хангаж байгаад дүгнэлт хийж, энэ асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир өнөөдөр хэлэлцэж буй хуулиудаас гадна бусад хууль дахь хүний эрхийн зөрчлийг арилгах ажлыг эрчимтэй хийхийг захиж, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг сайжруулах, тэр дундаа хүүхдийн тэтгэмжийн төлбөрийг барагдуулах талаар санаачилга гаргаж ажиллах цаг болсныг сануулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд салбарын үйлчилгээ эрхлэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн саналыг авсан эсэхийг асууж, албаны нууцад хамруулсан баримтын тоо 1043 болсон нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилт гажуудсаныг илтгэн харуулж байгааг анхааруулав.Хөдөлмөрлөх эрхийн зөрчил, ажлын байрны дарамт, хүчирхийллийн асуудлыг тодорхой болгож, энэ талаарх ойлголтыг цэгцлэх, хуулийн зохицуулалтыг нарийвчилж, хүлээлгэх хариуцлагыг тодорхой, оновчтой болгох шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн онцлон дурдаж, хүний нэр хүндэд халдах, дооглох доромжлох, үл хүндэтгэх, үйлдэл, эс үйлдлээрээ үл хүндэтгэх, ялгаварлан гадуурхахад хүлээлгэх хариуцлагыг эргэн харж, чангатгах нь зүйтэй гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа төрийн үйлчилгээний албан хаагчдын улс төрийн эрхийг хаасан хууль, тогтоомжийн холбогдох заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэсэн санал хэлэв.Асуулт, хариултын дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, Х.Тэмүүжин нар байр сууриа илэрхийлж үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хууль, шүүхийн байгууллага хүний алдар хүнд, нэр төрийг хохироож байгаа асуудалд онцгой анхаарч, энэ хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг жишээ баримтаар дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын гэрээ, конвенцийг ашиглах талаар ойлголт өгөх, цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахад сургах, Хүний эрхийн хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхой хуульчлах зэрэг санал хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа дурдаад, нэг зүйлийг буюу Эрүүгийн хуульд хүний нэр төрийг доромжлох гэдэг зүйлийг буцаан бичих гэж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр, олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг зохицуулалтад Эрүүгийн хуулийг нийцүүлэх хүрээнд хуулийг баталсны дараа хүнлэг бус харьцахтай тэмцэх дагнасан байгууллага болон шүүх, гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллагуудыг байгуулах шаардлагатай гэсэн юм.Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаарх санал хураалтыг чуулганы (2025.04.04)-ийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/04
284
УЛС ТӨР
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2025.04.02) хуралдаан гишүүдийн 86.4 хувийн ирцтэйгээр 15 цаг 38 минутад эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд асуудалд ул суурьтай хандаж, нухацтай хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж Байнгын хорооны дарга хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тус дүгнэлтийг хэлэлцээд, санал хураалт явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.2-т заасны дагуу санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд Байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Ерөнхий сайдын саналыг танилцууллаа.Авлигатай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4-т заасныг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулахаар саналаа ирүүлжээ. З.Дашдавааг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 37 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай, шударгаар, үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласан хэмээн танилцуулав.З.Дашдаваа нь 1974 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 51 настай, яс үндэс халх, эрэгтэй. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч болохыг Н.Учрал сайд танилцуулав. Тэрбээр 1995-2019 оныг хүртэл цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгч эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс, тасгийн дарга, хэлтсийн дарга, дэд даргаар дэвшин ажиллаж, улмаар 2019 онд Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон байна. Тэргүүн комиссар З.Дашдаваа нь цагдаагийн байгууллагад 24 жил, Авлигатай тэмцэх газарт зургаа дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа аж.Үргэлжлүүлэн З.Дашдаваагийн томилогдон ажилласан хугацааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, улсын аюулгүй байдал, эдийн засагт сөрөг үр дагавар бүхий олон их наяд төгрөгөөр хэмжигдэх хохиролтой авлигын хэргүүдийг богино хугацаанд шалган тогтоох ажлыг удирдан, хууль сахиулах байгууллагуудтай хамтран хянан шийдвэрлэсэн байна. Мөн олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн орнуудын хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах эхлэлийг тавьж, хөрөнгө буцаах байгууллага хоорондын авлигын эсрэг сүлжээний харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн батжуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гэв. Гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, гадаад улсад байгаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураан авах, хөрөнгө буцаан авах үйл ажиллагааны хүрээнд 2021-2024 онд нийт 13.9 сая ам.долларын үнэ бүхий хулгайлагдсан хөрөнгийг улс орондоо буцаан авчирч, улсын орлого болгосон байна. Мөн хуулийн дагуу ХАСХОМ гаргагч нийтийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн татвар ногдох орлогоо үнэн зөв мэдүүлээгүй нөхцөл байдлыг шалган 2023 онд 8.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 637 сая төгрөг, 2024 онд 2.1 тэрбум төгрөгийн зөрчилд 136.4 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж барагдуулсан байна.Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд залуучуудад шударга ёсны үнэ цэн, үнэт зүйлийг ойлгуулах, хүмүүжил дадлыг бий болгоход туслах, авлигыг үл тэвчих үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд тодорхой бүлгийн онцлогийг харгалзан зохион байгуулсан нь зохих үр дүнд хүрч, үнэлгээгээр хүүхэд залуучуудын шударга байдлын түвшин 0.8 пунктээр нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг Н.Учрал сайд онцолсон юм. З.Дашдаваа нь улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хууль шударга, ёсны зарчмыг дээдэлж, хүний эрхийг хангаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ чин шударгаар нэр төртэй биелүүлж ирснийг онцлон Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрын даргаар албан тушаалд улируулан томилуулах саналтай байгаа гэв.Н.Учрал сайдын дээрх танилцуулга болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Ж.Алдаржавхлан, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр, М.Нарантуяа-Нара, Ч.Ундрам нар үг хэлэв.Авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг бөгөөд үүнд Авлигатай тэмцэх газар бүхий л үйл ажиллагааг нэгтгэн, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлж, хариуцлага тооцох ажлыг гүйцэтгэдэг онцлогтойг гишүүд тодотгон тэмдэглээд, цаашид бүх нийтийг соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих хандлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр илүү эрчимтэй ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлд анхаарах, шаардлагатай бол санал хүсэлтээ Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороонд нээлттэй ирүүлж, түүнийг нь дэмжин ажиллахаа илэрхийлж байв. Г.Уянгахишиг гишүүн, Авлигатай тэмцэх газрын даргын үйл ажиллагааны үнэлгээг бүрэн эрхийнх нь хугацаагаар тодорхойлдог үнэлгээ, шалгууртай байх нь зүйтэй хэмээсэн бол Д.Ганбат гишүүн З.Дашдаваа даргын авлигатай тэмцэх эрмэлзэл, үйл ажиллагааг үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Төрийн өмчийн компаниудад авлигын гол асуудлууд үүсдэг бөгөөд үүнийг хянахад бэрх болж байгаа талаарх З.Дашдаваа даргын үгэнд анхаарал хандуулахыг Б.Энхбаяр гишүүн онцлоод, аливаа улсын авлигын эсрэг тэмцэл нь улс төрөөс, Засгийн газраас, улс төрчдийн манлайллаас ихээхэн хамаардаг гэв.Ингээд санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 16 нь Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг дэмжив. Иймд Байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүнээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилсэн юм. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх I үе шатанд “1.Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тус тус заасан байдгийг тэрбээр дурдав.Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй.” гэсэн байдаг.Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент шинэ тутам бүрдэж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байгааг Байнгын хорооны дарга илтгэлдээ онцоллоо.Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөрүүлжүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурь нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах юм хэмээгээд тус хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв.Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-д заасны дагуу санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээгүй, үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Хууль зүйн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав.“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.Энэ зорилгын хүрээнд дараах хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн О.Алтангэрэл сайд танилцуулсан юм. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар Монгол Улсын иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зохицуулалт бүхий Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой үйл ажиллагааг буюу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг Хууль зүйн туслалцааны тухай хуультай уялдуулах зохицуулалт бүхий Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.Эрүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн тодорхой болгох зорилгоор боловсруулах Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан гэв.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяаллын алдааг засах зохицуулалт бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.Монгол Улсын иргэнийг Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, сайдын шийдвэрээр зохицуулж байсан хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмыг хуулиар зохицуулах зорилготой Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон албаны нууцын тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох, албаны нууцын хүрээ, хязгаарыг багасгах, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцад хамааруулж байгаа зохицуулалтыг эргэн харах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгааг арилгах зорилгоор боловсруулах Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг хууль санаачлагчийн илтгэлд дурдав.Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдийн хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын бодит оролцоог хангах, тэдгээрийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох зохицуулалтыг бий болгох зорилгоор Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад олон улсын гэрээ конвенцын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уг асуудлыг хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт тусгах хөшүүрэг бий болгох зохицуулалт бүхий Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулснаа О.Алтангэрэл сайд танилцуулав.Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.Хуулийн төслүүдийг баталснаар олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, тэдгээр байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, хүний эрхийн үндэсний байгууллага болон эрх бүхий олон улсын байгууллагаас Засгийн газарт хүргүүлж, түүнийг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээний хэрэгжилт, хууль тогтоомжид хүний эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг засахад тодорхой ахиц дэвшил гарна гэж хууль санаачлагч үзжээ.О.Алтангэрэл сайдын танилцуулсан илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг нар асуулт асууж, сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Б.Энхбаяр, П.Сайнзориг, Г.Уянгахишиг нарын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-д заасны дагуу хуулийн төсөл нэг бүрийг үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Гишүүдийн олонх төсөл тус бүрийг дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, Улсын Их Хурлын 2024 оны 18 болон 5 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улс дахь болон хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ. Үргэлжлүүлэн төсөл дэх зохицуулалтуудын талаар О.Алтангэрэл сайд хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан юм.Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох, мөрдөн байцаалтыг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх зохицуулалтыг тусгасан байна. Мөн шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулдаггүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Олон оролцогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоох, хавтаст хэргийг цахимжуулах журмыг боловсронгуй болгох; төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид танилцуулах, гардуулан өгөх журмыг нарийвчлан зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.Шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох, хорих ял эдэлж байгаа ялтанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үед хорих ялын хугацаа дуусахаар бол хуульд заасны дагуу цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүх шийдвэрлэдэг байхаар, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, хадгалах хугацааг нарийвчлан тодорхойлохтой холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Холбогдох хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг уялдуулах; сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах талаарх зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шатанд хэргийг шилжүүлдэг байх; мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргадаг байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасныг О.Алтангэрэл сайд Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Мөн хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолыг гардуулан өгөх; шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлийг тухайн шийдвэртээ тодорхой тусгах зэрэг зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг тусгажээ.Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх юм байна.О.Алтангэрэл сайдын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуугаагүй бөгөөд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 64.7 хувь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд Байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах тохиолдлыг тусгасан байдаг ба мөн зүйлийн 8.6.3-д “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа” гэж заасан нь шалгалтад орох хуульчийн эрхийг дордуулж байгаа учраас төслийг боловсруулсан гэв. Өмгөөллийн тухай хуулийн 15.1.12 , 15.1.13-д өмгөөллийн үйл ажиллагаанд хавсран эрхэлж болохгүй албан тушаалыг тусгайлан заасан нь өмгөөллийн үйл ажиллагааг хараат бусаар эрхлэх боломжийг бий болгох зорилготой болохыг Г.Уянгахишиг гишүүн тодотгоод “Өмгөөлөгч нь төрийн албан тушаалыг хавсран эрхэлсэн тохиолдолд шүүн таслах үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарт ажиллаж амьдарч байгаа этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгч болохын хувьд албан тушаалтны нөлөөнд автах, эсхүл ажил, албан тушаалаар дамжуулан нөлөөлөх, давуу байдал үүсэх зэрэг эрсдэлийг үүсгэнэ гэж үздэг. Гэтэл хуульчийг өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авах эсэх нь тодорхойгүй үе шат буюу өмгөөллийн шалгалтад бүртгүүлэхэд ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг шаардах нь хуульчийн эрх зүйн байдалд сөрөг үр дагавар үзүүлж байна” хэмээв. Үндсэн хуулийн цэц 2022 оны 02 дугаар дүгнэлтээрээ энэ талаарх шийдвэрийг гаргасан бөгөөд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.Ингэхдээ уг дүгнэлтийн үндэслэх хэсэгтээ “Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай” гэж хүлээн зөвшөөрсөн байдгийг Г.Уянгахишиг гишүүн дурдсан. Тухайн үед Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ч үүнийг Улсын Их Хурал өөрчлөх боломжтой гэж үзэж байсныг хэллээ.Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн дээрх хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Б.Энхбаяр гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хороооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/03
290