СПОРТ
СПОРТ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.Хоккейн үндэсний шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн.Мөн залуучуудын шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны удирдлага болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.Цаашид бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, зохион байгуулалтаа сайжруулан амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан хоккейн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй гэдгийг дурдаж, Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй Спортын ордон баригдсан үеэс хоккейн спортын хөгжлийн шинэ 60 жилийн түүх бичигдэж эхэлсэн гэдгийг онцоллоо.Дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс анх удаа алтан медаль хүртэж, III дивизионд тоглох эрхээ авсан нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт урам, итгэл өгсөн гэдгийг тодотгов.Хоккейн үндэсний шигшээ баг нь 17-41 насны тамирчдаас бүрддэг бөгөөд Залуучуудын шигшээ баг 2024 оны 09 дүгээр сард БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах цомын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.Хоккейн тамирчид Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018, 2018 онд алтан медаль, 2023 онд хүрэл медаль хүртэж байсан юм.
2024/05/16
618
СПОРТ
'Улаанбаатар марафон'-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ
Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, 540 гаруй хүн энгэрийн дугаараа авсан байна. “Улаанбаатар марафон 2024” гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл бол 1.5 км-ийн гэр бүлийн гүйлт юм. Одоогийн байдлаар 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлсэн байна. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг гишүүний бүртгэлийн хаягаар хамтад нь хийх бөгөөд гүйх гишүүн тус бүр 5000 төгрөгийн хураамж төлнө. Гэр бүлийн гүйлтэд оролцогчид зөвхөн веб хуудсаар буюу https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгүүлэхийг анхаарна уу. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 1.5 км зайд тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг. Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй. Та бүхнийг "Улаанбаатар Марафон 2024" олон улсын гүйлтэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо оролцож, нэгэн өдрийг эрүүл мэндийнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийг урьж байна.Бүртгүүлэх холбоос:Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/appНЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/05/15
750
СПОРТ
Д.Жигмэд Дэлхийн цомд түрүүллээ
Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эмэгтэйчүүдийн 86 кг-д Б.Уранжаргал нар хүч үзэв. Тэмцээний 54 кг-ын жинд Д.Жигмэд эхний өргөлтөөр цээжнээс 128 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, залуучуудын Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дараагийн хоёр өргөлтөөр 131, 140 кг-ыг амжилттай шахсанаар дээд амжилтаа дахин шинэчилж, олон улсын хэмжээний мастер цолны болзол хангалаа. Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургадугаар сарын 20-26-нд болох юм.
2024/05/13
564
СПОРТ
Жүдо: Насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын 18 бөх барилдана
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болно. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг Л.Сосорбарам, -57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 О.Хүслэн, +78 А.Адъяасүрэн нар барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, +100 О.Цэцэнцэнгэл нар өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид оролцох боломжтой аж. Тэмцээний хуваарь: 05.19-нд -48,-52,-60кг05.20-нд -57,-66,-73кг05.21-нд -63,-81кг05.22-нд -70,-78,-90кг05.23-нд +78,-100,+100кг 05.24-нд Холимог багийн ДАШТ
2024/05/13
2821
СПОРТ
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон Улсын Токио хотод энэ оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “International Friendship” олон улсын тэмцээн, БНХАУ-ын Hangzhou хотноо энэ сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын “Киокушин карате”-ийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Дээрх тэмцээнүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 3100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс тулааны +80 кг жинд мастер ангилалд аваргын “Алтан медаль”-ыг тус тус хүртлээ. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж, алтан соёмбот далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн эрхэм дэд хурандаа Танд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье. ЦЕГ
2024/05/10
688
СПОРТ
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2024.04.18) Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг ... ” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх”-ийн тулд 2021-2030 онд Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх тухай заасан.“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ” гэж заасан нь Биеийн тамир, спортын тухай хуулийг үзэл баримтлалын түвшинд эргэн харах, шинэчлэх шаардлага бий болсон.Үндэсний статистикийн хорооноос 2019 онд зохион байгуулсан Цаг ашиглалтын судалгааны үр дүнгээс үзвэл Монгол Улсын Хэмжээнд 12-оос дээш насны хүн амын хувьд дунджаар өдөрт 6 минутыг биеийн тамир, спортоор хичээллэхэд зарцуулжээ. Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай гэсэн судалгааны дүн гарчээ. Илүүдэд жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-35 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн байна. Харин 35-69 насны арван хүн тутмын зургаа нь илүүдэл жин, таргалалттай болжээ.Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн найруулж, 8 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Уг хуулийн төслийн зорилгыг биеийн тамир, спортоор дамжуулан бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны болон олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино гэж заасан. Урьд өмнөх хуулийн зорилгоос ялгаатай зүйл нь “бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны боловсрол олгох” болон “зөв дадал хэвшлийг дэмжих” гэж заасан нь сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар өрнөж буй биеийн тамир, спортоорхичээллэх орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийнхээ хэрэгцээнд нийцүүлэх, бие бялдар болон оюун санааны хувьд эрүүл, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй иргэний тоог нэмэгдүүлэх чиг хандлагыг Монгол Улсад хуульчлах боломжийг нээхийг зорьсон байна.Улс үндэстний эрүүл чийрэг байх нь хувь хүний өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг, оролцоо хамгаас чухал болохыг тодорхойлж, эрх үүргийг зохицуулж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл”-ийг шинээр нэмж тусгажээ.Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг тул гэр бүлийн хүрээнд биеийн тамир, спортын талаар дараах хандлагыг эрхэмлэвэл зохих хэм хэмжээг томьёолон шинэчилсэн найруулгын төслийн 5 дугаар зүйлд тусгасан байна.Биеийн тамир спортын салбарын ёс зүйн зарчим, хэм хэмжээг тодорхойлох, нийгэмд хүмүүнлэг боловсролын үлгэр дуурайллыг биеийн тамир, спортын салбар манлайлан оролцох, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол хариуцлага хүлээж байх зохицуулалтыг оруулжээ.Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулиар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эдийн засаг, санхүүжилтийн зохицуулалтыг төвлөрсөн төсвийг захиран зарцуулах эрхийн хэмжээнд батлуулж аймаг дүүрэгт хуваарилдаг зарчмаар явж байгаа боловч удирдлага, хүний нөөцийн асуудлыг тухайн аймаг, нийслэлийн удирдлага өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг холимог тогтолцоотой байна. Харин хуулийн шинэчилсэн найруулгад биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага удирдлага, зохион байгуулалтын асуудал буюу аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын хорооны даргыг томилж, чөлөөлөх босоо удирдлагын тогтолцоонд шилжихээр тусгасан гэдгийг хуулийн төсөл санаачлагч онцоллоо. Мөн спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/18
528
СПОРТ
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг 'Go Mongolia' элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийллээ. Сагсан бөмбөгийн 3x3 үндэсний шигшээ баг тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шарамжамцын Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатар нарт хүртээж байсан юм.
2024/04/17
595
СПОРТ
'ПАРИС-2024' Зуны олимпын наадмын 10, паралимпын дөрвөн эрх баталгаажаад байна
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо. Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45, паралимпын наадамд 12 эрх авч оролцох зорилт тавиад байна. Одоогоор зуны олимпын зургаан төрөлд 10, паралимпын гурван төрөлд дөрвөн эрх баталгаажжээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүний Олимп, паралимпын наадамд өмсөх ёслолын болон спорт хувцасны сонгон шалгаруулалт хийж байна. 10 мянга орчим иргэнээс санал асуулга авчээ. “ADIDAS”, “KELME”, “MIZUNO” брэндийг эхний шатанд шалгаруулснаас хамгийн өндөр оноо авсан “MIZUNO” брэндийн компанийг спортын хувцасны нийлүүлэгчээр албан ёсоор сонгож гэрээ байгуулах, хувцасны бүрдлийг тодорхойлох, өнгө, загварыг сонгож байна.
2024/04/11
452
СПОРТ
Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд Монголын 12 тамирчин цэц сорино
Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-нд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор нийт 12 тамирчин цэц сорихоор тэмцээн болох хотыг зорьсон байна. Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө. Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл Бээжингийн олимпын наадмаас хойших 16 жилийн дараа болж буй олимпын наадамд Монгол улсаас одоогоор О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох эрхээ аваад байна.
2024/04/10
560
СПОРТ
Завхан аймагт бүсийн сургалт зохион байгуулагдлаа
Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй Бүсийн сургалт Завхан аймагт боллоо. Тус аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй хэв маяг, эрүүл аж төрөх салашгүй хэсэг болгон мэргэжлийн спортыг дэмжин тамирчдыг улс, тив, дэлхийн төвшинд өрссөлдөх, амжилтыг нэмэгдүүлэх зорилт хэвшлүүлэн жил бүрийн аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган төсөв батлуулан ажиллаж байгаа юм байна. 2023 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй хөтөлбөртэй уялдуулан Хөдөлгөөн эрүүл мэнд арга хэмжээг хэрэгжүүлэн 50 гаруй биеийн тамирын арга хэмжээг Завхан аймгийн 24 сумын хэмжээн зохион байгуулж, 60.139 хүнийг тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэж, тус арга хэмжээг дэмжин Засаг даргын нөөц сангаас 58.1 сая төгрөгийг шийдвэрлэж, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан хувь хүнд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Завхан аймагт болсон зөвлөгөөнд Завхан, Увс аймгийн БТСГ-ын багш, дасгалжуулагч, ЭМГ, СӨБ, ЕБС-ийн арга зүйч, биеийн тамирын багш 150 гаруй хүн оролцож, мэдлэг ур чадвараа хөгжүүлсэн юм.
2024/04/08
502
СПОРТ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм.Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид эв нэгдэлтэй, хөдөлмөрч, сахилга баттай байж чадвал олон боломж байгааг онцолж, цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүслээ.Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл Монгол Улсын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Ази тивдээ жишиг тогтоож, хүлээн зөвшөөрөгдөж чадсаныг онцлов. Үндэсний шигшээ багийн тамирчид 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор Хонг Конгийг зорино гэдгийг дуулгалаа.Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2024 онд 3х3 сагсан бөмбөгийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд 3х3 сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.
2024/04/05
415
СПОРТ
Пара жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ
Турк улсын Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Л.Туруунаа нар хүрэл медаль хүртлээ. Пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын наадамд оролцох тамирчдыг зургадугаар сарын 30-нд албан ёсоор зарлах бөгөөд үлдэж буй хугацаанд манай жүдочдыг тавдугаар сарын 18-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод болох нэг гранпри тэмцээн хүлээж байна.
2024/04/03
400
СПОРТ
Монголын тусгай олимпын хорооны баруун бүсийн өвлийн наадам Баян-Өлгий аймагт эхэлнэ
Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, Баян-Өлгий аймгийн БТСГ, Баян-Өлгий аймаг дахь ХБЭЭХХ-той хамтран Баруун бүсийн өвлийн нээлттэй наадмыг Баян-Өлгий аймагт спортын дөрвөн төрлөөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг наадамд баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай Завхан аймгуудаас гадна Өвөрхангай, Орхон аймаг, "Сайн найз" клуб болон нийслэлээс баг тамирчид оролцох юм.Баруун бүсийн өвлийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Э.Хүрэлчулуун, МТОХ-ны спортын захирал Б.Мөнх-Од, МТОХ-ны манлайлагч тамирчин Э.Хатанболор, МТОХ-ны ажилтан, эцэг эх, тамирчдын төлөөлөл Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна.
2024/03/28
621
СПОРТ
'Улаанбаатар марафон' гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
2024/03/22
538
СПОРТ
'Улаанбаатар лиг' сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ. Шигшээ үе шат гуравдугаар сарын 22 хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байна.Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг:-“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь таван үе шаттай зохиогддог. Тэмцээнд түрүүлсэн ахлах насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ОХУ-д зохион байгуулагддаг “Супер шигшээ” тэмцээнд оролцох эрхтэй болдог гэдгээрээ онцлогтой. Нийт 192 сургуулийн охид, хөвгүүдийн 8208 багийн 90,550 сурагч өрсөлдөөд байна.119-р сургуулийн сурагч Г.Ернар:-Тэмцээнд орсон сэтгэгдэл маш өндөр байна. Уг тэмцээний ач холбогдол нь тэвчээр суулгах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Би сагсан бөмбөгөөр хичээллээд дөрвөн жил хагас болж байна. Спортоор хичээллэснээр миний биед асар их өөрчлөлт орсон. Жишээ нь, биеийн хөгжлийн хувьд өндөр болохоос гадна тууштай хичээх, тэвчээртэй байхыг сурсан. Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас Билгүүн, Санчир, Сэргэлэн нарыг дэмждэг. “Хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Э.Ариун-Үйлс:-“Улаанбаатар лиг”-д хоёр дахь жилдээ оролцож байна. Тэмцээн хүүхдүүдэд чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломж бий болгодог. Тавдугаар ангиасаа хойш долоон жил сагсан бөмбөгөөр хичээллэж байна. Том тэмцээнд орох сэтгэгдэл үнэхээр гоё байдаг төдийгүй хамт олонтойгоо тэмцээнд ороод хожих мэдрэмж нь хамгийн сайхан. “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагч Э.Маргад:-“Улаанбаатар лиг”-т хоёр дахь жилдээ тоглож байна. Медаль авахаас илүү бэлтгэлийн үеэр сурсан мэдсэн зүйлсээ үеийнхэндээ үзүүлж, туршлага солилцох нь чухал гэж боддог. Улс, дүүргийнхээ хүүхдүүдтэй өрсөлдөхийн зэрэгцээ ирээдүйн зорилготой ирдэг учраас энэ тэмцээн ур чадварыг маань хөгжүүлэхэд тусалдаг.“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ жил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас гуравдугаар сарын 22-ны хооронд спортын гурван төрлийг гурван насны ангилал, таван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.
2024/03/21
374