Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах тухай Монгол Улсын санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр анхнаас нь дэмжиж, зохион байгуулалтад идэвх, санаачилгатай оролцсонд талархал илэрхийллээ.
НҮБ, түүний дотор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, 60 гаруй жилийн турш хамтран ажилласан бидний найдвартай түнш гэдгийг мөн онцолсон. Цаашид тогтвортой хөгжлийн зорилгууд, жендэрийн тэгш байдал, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент, сайн засаглал зэрэг олон чиглэлд, өргөн хүрээгээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаража Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах хүрээнд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах, дасан зохицох ажлууд болон малчид, хоршоодын сайн туршлагатай танилцсан талаар онцлов. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзаж, цаашид орон нутагт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын сайн туршлага нэвтрүүлэх талаар санал солилцсон гэв. Цаашид Хоршоолол болон эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахаас гадна эрчим хүчний шинэчлэлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Талууд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар улам баяжуулж, өргөн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.