Япон Улсын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт өндөр хүчин чадал бүхий, орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх үйл ажиллагаа болж, Боловсролын сайд П.Наранбаяр Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбалын хамт оролцлоо.
Монгол, Японы Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжиж буй “Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд туулах чадвар өндөр, алсын түргэн тусламжийн машин, MRI орчинд ажиллах боломжтой унтуулгын аппарат, 3D цээжний хөндийн мэс заслын тоног төхөөрөмж зэргийг Япон Улсаас АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт нийлүүлж байна. Ингэснээр эмнэлгийн үйлчлүүлэгчдэд дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна АШУҮИС-ийн оюутнууд тэдгээр өндөр хүчин чадалтай төхөөрөмж дээр дадлагажих, үүнийг даган сургалтын орчин, чанар илүү сайжрах ач холбогдолтойг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж онцоллоо.
Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ технологи, стандартыг эх орондоо нутагшуулж, оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсрол, эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын бодлоготой хослуулан хөгжүүлж байгаад талархал илэрхийлэв.