mmnews.mn | 2024-11-23
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2024.09.20) парламент, түүний Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. 


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ахмадуудад мэндчилгээ дэвшүүлээд “Өнөө цагийн парламентыг үүсгэн хөгжүүлэх, бэхжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан та бүхэнд хувиасаа болон Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээв. Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй ес дэх удаагийн Улсын Их Хурал нь олон намын оролцоотой, ардчилсан парламентын засаглалыг бий болгож, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох Үндсэн хуулийн зорилтыг хангах хүрээнд боловсруулж буй 2024-2028 оны үйл ажиллагааныхаа стратегийн талаар танилцуулав.


Түүнчлэн Улсын Их Хурлын дарга “Бид шинэтгэлийг хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах  үндсэн гурван чиглэлд төвлөрч ажиллана. Үр дүнд нь ард иргэдэд тулгамдаад буй хүнд суртал, авлигал, тэгш бус байдал нэг мөр цэгцэрнэ гэж үзэж байна” гэлээ.



Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Улсын Их Хурлын гишүүн асан Ч.Авдай нар үг хэлж, монгол төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад анхаарал тавьдаг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ