Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, П.Сайнзориг болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.
Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш 26 дахь жилээ үдэж байна. Төр, нийгмийн зүтгэлтнүүд, улс төрд хамтран зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг энэ өдөр Улсын Их Хурлын зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна. Ажлын хэсэг эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулан Улсын Их Хуралд танилцуулна гэв.
Тэрбээр, Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн байх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг баримтлан ажиллана гэдгээ 126 гишүүнтэй шинэ парламент онцолж буй. Тиймээс Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын парламентын холбоотой хамтран эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хэрхэн сэргээх, хор хохирлыг барагдуулах ажил ямар явцтай байгаа, ажлын явц удааширч байгаа шалтгааныг олж холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах тал дээр анхаарал хандуулан ажиллана хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.