Боловсролын яам, харьяа газар, хэлтсийн удирдлагууд хувийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонслоо. Улсын болон хувийн цэцэрлэгийн төлөөлөлтэй тусгайлан уулзалт зохион байгуулж буйд эрхлэгч нар талархал илэрхийлж байв.
Өнөөдрийн уулзалтад Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх хувийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нар оролцсоноор нийслэл дэх төрийн болон төрийн бус өмчийн бүх цэцэрлэгийн удирдлагатай уулзаж дууслаа. Эрхлэгч нараас гарсан санал хүсэлтэд хувьсах зардал, орон тооны норматив, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой стандартууд зэрэг асуудал зонхилж байна. Холбогдох байгууллага, нэгжүүд санал хүсэлтийг нэгтгэж, асуудлуудыг эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах бөгөөд энэ төрлийн уулзалтыг тогтмол хугацаанд зохион байгуулж, асуудал, шийдэл, үр дүнг ярилцах юм.
Төр, хувийн хэвшил хоорондоо зохисгүй өрсөлдөх бус хувийн цэцэрлэгүүд зах зээлийн зарчмаар өрсөлдөхөд төр саад учруулахгүй, хариуцлагатай түншлэх зарчим баримтална гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд төрийн ачааллаас үүрэлцэж буй хувийн цэцэрлэгийн удирдлагуудад талархал илэрхийлэв.