mmnews.mn | 2024-11-23
'Өвөл, хаварт бэлэн үү' сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, сургамж, асуудлын талаар санал солилцлоо

"Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран зохион байгуулсан “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тэрбээр илтгэлдээ “Зуд болоход хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл бид 138000 километр замыг туулж зам даваа гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн.
Бидэнд зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Жишээлбэл, 1999-2002 онд малчдын сэтгэл зүрхэнд хар толбо болж үлдсэн айхтар зуд болж байлаа. Тухайн үед 1999-2000 оны зудад 13 аймгийн 157 сумын мал өртөж, 3,5 сая мал хорогдсон. 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал хорогдсон байдаг. 2001-2002 оны зудад долоон аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон дүн мэдээ бий. Мал аж ахуйн орон гэгддэг манай улсын хувьд зудын гамшиг нийгэм, эдийн засагт хүндээр тусдаг. 2009-2010 онд мөн л зуд болж  улсын хэмжээнд 9,7 сая толгой мал хорогдож, нийт 526 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна. Өнгөрсөн жилийн зуднаар л гэхэд малчид  ихээхэн хохирол амслаа. 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Манай онцгой байдлын алба хаагч нар ч эрвийх дэрвийхээрээ ажилласан. Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс нийт 4,9 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлжээ. Иймд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангадаг болмоор байна. Малын тоо толгойд бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэх зэрэгт анхаармаар байгаа юм. Нөгөөтэйгүүр малчин өрх хувийн бэлтгэлээ маш сайн хангамаар байна. Хүүхдийнхээ хичээл сургуулийг тасалдуулахгүй байхад ч гэсэн малчид өөрсдөө анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байжээ гэсэн судалгаа гарсан. Сумын засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай байна” хэмээн тэмдэглэсэн юм.

Боловсролын судалгааны хүрээлэнгээс зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар анх удаа судалгаа хийсэн байна. Судалгаанаас харахад зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцоллоо.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Зуд нүүрлэж малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадаж амьдрахаас өөр сонголтгүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөн нэмэгдэж байна. Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ. Энэ нь найман аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа юм. Шилжин ирэгсэдийн дийлэнх нь залуу гэр бүл. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан. Ийм байдлаас болоод залуу малчдын тоо буурч байна” гэлээ.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ