mmnews.mn | 2024-11-21
'Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт'-ийн талаарх хяналтын сонсгол өнөөдөр болно

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр Улсын Их Хурлаас өнөөдөр (2024.11.20) зохион байгуулна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Хууль зүйн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулахаар тогтсон юм.

Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллах юм. Сонсгол 10.00 цагт эхэлж, Эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонсоно. Тухайлбал, Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн ХЭҮК-ын дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг таницуулна. Улсын ерөнхий прокурорын газраас эрүү шүүлт тулгах гэмт хэрийн талаарх мэдээлэл, Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулна.

Хяналтын сонсголоор үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаарх мэдээллийг сонсож, оролцогчид саналаа илэрхийлэхээс гадна иргэдээс бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг танилцуулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ