УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгож, “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан. Харин Улсын Их Хурал Улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд Засгийн газраас төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх тусгайлсан зохицуулалт байхгүй тул уг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм гэв.
Түүний дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан юм. Хуулийн төсөлд Засгийн газраас жилийн төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэхдээ төсвийн төслийн танилцуулга, тооцоолол, судалгааг Төсвийн тухай хуулийн дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байх бөгөөд төсвийн нийт зарлага, алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, Улсын Их Хурал өргөн мэдүүлсэн жилийн төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлах өөрчлөлтийг тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн аймаг, нийслэл, сум, дүүрэг тухайн шатны төсвийн төслийг батлах цаглаврын талаар болон төсвийг буцаасан тохиолдолд Засгийн газар дахин өргөн мэдүүлж, батлах үндэслэлийг хуулийг хүчингүй болгохоос бусад бүх нөхцөлийг тусгах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар жилийн төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд Улсын Их Хурал төсвийг дахин хэлэлцэх дэгийн зохицуулалтыг бий болгох, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд төсвийн төслийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг батлах цаглаврыг нарийвчлан тооцох, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Заяабал нар жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах зохицуулалтыг боловсронгуй болгох талаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах нь зүйтэй талаар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын Н.Наранбаатар, Ж.Батжаргал нарын гишүүд улсын төсөв батлах хугацаа хойшлогдоод аймаг, орон нутагт төсөв батлах явц хүлээгдсэн байдалтай байна. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсвөө хугацаандаа багтаж батлахгүй болвол гарах үр дагаврын талаар асуув.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг 12 дугаар сарын 12-ны дотор баталж, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 12 дугаар сарын 20-ны дотор батлах шаардлагатай гэсэн шахуу төлөвлөгөөтэй байна гэсэн хариулт өгсөн. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах болсон шалтгааныг тодруулахыг хүсэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Төсвийг алдагдалгүй батлах шаардлага гарсан учраас таналт хийх нь мэргэжлийн яамны хариуцах ажил юм. Тиймээс УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, 2025 оны Төсвийн тухай хуулийг хүчингүй болгож, дахин өргөн барих тогтоолыг баталсан. Төсвийн тухай хуулийг дахин өргөн барихаасаа өмнө улс төрийн намуудад зарчмаа танилцуулж, нэгдсэн байр суурьт хүрч, хариуцлагатай хандахыг хүсье гэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ирэх оны төсөвт шинээр баригдах Хавдар судлалын эмнэлгийн дэд бүтэц болон холбогдох бэлтгэх ажлыг хангах хөрөнгө тусгахыг хүссэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг чанартай, хариуцлагатай хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Эцэст нь санал хураалт явуулахад Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89,5 хувь нь дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.