Тусгай замын автобус
буюу BRT (Bus Rapid Transit) нь Канад, Америк, Франц, Герман, Финланд, Англи
тэргүүтэй дэлхийн 40 гаруй улсуудад ашиглагдаж байгаа сонгодог тээврийн
хэрэгсэл юм. Энэхүү технологи нь хэдийгээр автобус буюу
уламжлалт тээврийн үйлчилгээ боловч зөвхөн тусгайлан зассан, өөрийн зориулалтын
замаар зорчих тул тогтоосон хугацаандаа иргэдэд үйлчлэх боломжтойгоороо давуу
талтай.
Монгол Улс, Азийн
хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн
төлөвлөгөө)-ийг УИХ-аар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр соёрхон баталсан. “Шинэ сэргэлтийн
бодлого”-ын баримт бичигт тусгагдсан нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн
үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Азийн хөгжлийн
банкны зээлийн санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын авто замын
сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын автобус төсөл”-ийг (UBRT) хэлэлцэж
батлав.
Мөн “Хорин минутын хот” Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар
сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний
хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцож, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус
буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман
уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн
танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжсэн юм.
UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч,
хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингээд энэхүү төслийн
талаар салбарын мэргэжилтнүүд ямархуу бодол санаатай байгааг сонирхоцгооё.