mmnews.mn | 2025-02-05
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл жагсаалын талаар ийнхүү мэдэгджээ

Нэгдүгээр сарын 11-ний өдөр Эрх чөлөөний эвсэл намаас "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг төв талбайд зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан  жагсаал цуглаанд оролцож байгаа иргэд, оюутан залууст аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байх, цаашилбал хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас уриалсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр энэ сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаалын тухай мэдээлэл хийхдээ:  "Иргэд жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Жагсаалын хоёр дахь өдөр иргэн Цацралын биед халдсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэн Цацрал одоогийн байдлаар ямар нэгэн гомдол гаргаагүй байна.  Жагсаалын үеэр гарсан зарим асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайлбал, жагсаалын үеэр талбай руу автомашинтайгаа дайрч орсон этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан хүн байгаа. Хэрэв олон хүн дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа.  Алба хаагчдыг хутгалж буй мэт дүр зураг үзүүлсэн этгээд өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлж байсан этгээд. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Мөн төлбөртэй жагсаал, цуглаан хийх нь хориотой байдаг. Органикаараа маш олон хүн ирсэн ч мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг албадсан байж болзошгүй мэдээллүүд шалгагдаж байна. Үүнд хэд хэдэн нэр бүхий этгээдүүд бий" гэлээ. 

 Дашрамд дурдахад, энэхүү жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөөний эвсэл намын зүгээс:  “Засгийн газар огцор жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн байна.

С.Хүслэн

 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ