mmnews.mn | 2024-12-04
Арилжааны хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Арилжааны хуулийн төслийн үзэл баримтлал, зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. 

 
Уг хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо үг хэлэхдээ “Арилжааны бие даасан хуультай болсноор бизнес эрхлэгчдийн ашгийн төлөө зорилгыг дэмжих, гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх, бизнес эрхлэгчдийн ажил үүргийн хүрээнд тогтсон зан заншлын хэм хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлнэ”  гэв. 

Манай Улсад худалдаа, арилжаатай холбоотой харилцааг Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хууль зэрэг тусгайлсан бусад хуулиар зохицуулж байгаа боловч аж ахуй эрхлэгч хоорондын харилцаа, түүн дотор ашгийн төлөө зорилго бүхий арилжаа эрхлэгч нарын арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж байхгүй байгаа юм. 

 

 

Түүнчлэн  иргэний эрх зүйн нийтлэг зохицуулалттай харьцуулахад арилжааны (бизнесийн) харилцаа нь уян хатан, түргэн шуурхай, эрх зүйн тогтвортой байдлаас ихээхэн хамаардаг тул худалдаа эрхлэгчдийн бизнесийн эрх зүйн харилцааг хөнгөвчлөх буюу хялбаршуулах нь чухал ач холбогдолтой байдаг.  

 

 

Иймд аж ахуй эрхлэгчдийн зарим харилцааг Иргэний хуулийн зохицуулалтаас илүү нарийвчилсан зохицуулалттай, худалдаа арилжаа эрхлэхэд нийтлэг хийгддэг үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж, Арилжааны хуулийн төслийг боловсруулж байна.

 

 

Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү нар “Арилжааны хуулийн хэрэгцээ шаардлага”, “Арилжааны хуулийн төслийн үзэл баримтлал, зарим асуудал”, “Арилжааны маргааныг шийдвэрлэхэд иргэний хуулийг хэрэглэж буй шүүхийн практик” зэрэг сэдвээр илтгэл  тавилаа. Илтгэлийн дараа асуулт асууж, Арилжааны хуулийн асуудлаар нээлттэй санал солилцлоо. 

 

 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ