
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдаа гадаад, дотоодын их дээд сургууль, академид сургаж бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас ДХИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2, магистрын хөтөлбөрт 9 алба хаагч, нийт 11 алба хаагч хамрагдсан байна. Мөн гадаад улс оронд болсон богино хугацааны сургалт, семинарт 6 алба хаагч хамрагдаж мэдлэг, туршлагаа, ур чадвараа дээшлүүлжээ.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь ГТУА-67 дугаар анги, Улсын нөөцийн 114 дүгээр салбарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийх үеэрээ онцолсон юм.
Мөн “Та бүхэн эв нэгдэлтэй байгаарай. Нэгэндээ хүндэтгэлтэй хандаарай. Бидний алба маш их эрсдэлтэй. Гал, гамшиг, гашуун зовлонгийн түрүүнд явдаг. Та бүхний нуруун дээр, та бүхний мэдлэг, чадвар дээр ард түмний амар амгалан байдал, амь нас, эрүүл мэнд оршдог. Тийм учраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадвар дээр байнга анхаарч ажиллаарай. Би чадна гэж эрдэж болохгүй шүү” хэмээн захилаа.