mmnews.mn | 2024-11-24
Өөдөө тэмүүлэх Go Mongolia

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Welcome to Mongolia"-г түлхүүр үгээ болгож манай улсын өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид аялал жуулчлалын салбараас гадна эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үгийг тогтоон хэрэглэх шаардлагатай болсон.

✅Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн Экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Эделмань олон улсын брэндинг, маркетингийн компани, үндэсний зөвлөх, холбогдох байгууллага, бүтээлч багтай хамтран Монгол Улсын үндэстний брэндийн дизайны олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг судалж, олон улсад танигдах үндэсний брэндийн харагдах байдал, дүрслэлийг боловсруулан, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэстний брэндинг, маркетингийн стратегийг тодорхойлон, маркетингийн стратегийн төлөвлөгөө боловсрууллаа.

✅Энэ хүрээнд 14 сарын туршид нийгмийн бүхий л бүлгийг оролцуулсан судалгааг хийж эдийн засгийн бүтэц болон Тогтвортой хөгжлийн зорилгод Монгол Улсын оруулж буй хувь нэмэр болоод тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон эрдэмтэн судлаачид, улс төрч, сэтгүүлч, соёл урлагийн салбарын төлөөллийг оролцуулсан.

✅Судалгааны үр дүнд Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогын хүрээнд соёлын болоод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Монгол Улс болоод монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг тодорхойлсон.

✅Монгол Улс дэлхийд Монголд зочлох жилийг тохиолдуулан гаргасан Welcome to Mongolia брэндийг 2022 онд зарлаж, олон улсад Монгол Улсад зочлохыг илтгэж, үр дүн, ач холбогдлоо өгсөн бол харин 2024 оноос Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлахад бэлэн боллоо.

✅Залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн уриалах утгыг агуулж байгаа бол олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар салбарыг сурталчилж болох өргөн утга агуулгыг багтааж байгаа энгийн атлаа хүчирхэг түлхүүр үг болох нь судалгааг нотлогдсон.

✅Олон улсын сайн туршлагаас үзвэл үндэсний брэнд түлхүүр үг, өнгө төрх нь дунджаар 5-10 жилийн настай байдаг бөгөөд улс орны хөгжлийн бүтэн нэг үеийн өнгө төрхийг илтгэж, тухайн цаг үед амьдарч буй ард иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, үндэсний бахархлыг төрүүлдэг. Иймд Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай “Go Mongolia” брэнд Монгол Улсыг илтгэх болно. 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ