
Энэ удаагийн хуралдаанаар парламентад шинэ гишүүдийг хүлээн авах, боловсон хүчний сургалт, хөгжил, парламентын үйл ажиллагааны хүртээмж, ил тод байдал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд оролцогчид өөрийн орны холбогдох хууль тогтоомж, хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэлцүүлгийн үеэр шинэ үеийн парламентыг төлөвшүүлэхийн тулд УИХ-аас баталсан стратеги, үйл ажиллагааны онцлогоос танилцуулж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хоёр талын уулзалтуудад оролцов. Энэ хүрээнд парламент, түүн дотроо Тамгын газар хоорондын харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ чиглэлийн хүрээнд харилцан санал солилцлоо.
ОУПХ-ны 150 дугаар Ассамблейн үеэр нийт 90 гаруй дэд хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Эдгээрээс “Газрын тухай хууль тогтоомж: Газар эзэмших эрх болон тэгш эрхийг хангахад парламентын гишүүдийн үүрэг” сэдэвт дээд түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцов. Энэ үеэр холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт болон эрх зүйн орчныг боловсронгуй болгоход авах арга хэмжээний хүрээнд оролцогчид нээлттэй ярилцлаа.
Чуулга уулзалтад оролцогчид дэвшилтэт хандлага, хамтын санаачилгад тулгуурлан парламентын чиг үүргийг бэхжүүлэх, цаашид бүс нутгийн түншлэлийг эрчимжүүлэх хүрээнд санал нэгдэж, зөвлөлдөв. Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.