mmnews.mn | 2024-11-22
“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 10 дугаар зүйлийн 10.2.7 дахь заалтын хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.


Энэхүү сургалтад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл  оролцож, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон оюуны өмчийн талаарх ойлголт, сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой анхаарах зүйлс гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарвал зохих үр өгөөжтэй мэдээллүүдийг хүлээн авч, харилцан санал бодлоо солилцов.


ДХИС, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хэлтэс, Оюуны өмчийн газар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагаас холбогдох албан хаагчид тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж,  сэтгүүлчид аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө уг мэдээллийн үнэн эсэхийг эх сурвалжаас тодруулах, буруу сэдлийг үзэгч, уншигчдад төрүүлэхгүйн тулд мэдээлэл хүргэх өнцгөө зөв тодорхойлох, хүний эрх, халдашгүй дархан байдал, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндийг дээдлэх зэрэгт зайлшгүй анхаарах ёстойг тэдний зүгээс онцлон тэмдэглэж байсан юм. 





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ