Комиссын гишүүн Б.Энхболд Улаанбаатар хот, 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 157 албан тушаалтныг хамруулсан чухал зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж буй ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны алба хаагчдад талархал илэрхийлээд оролцогчдод хандаж, цагдаагийн байгууллага жилд 2.7 сая орчим зөрчил шалган шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор мөн тооны ард иргэдтэй цагдаагийн алба хаагчид өдөр тутамдаа харьцаж, зөрчил шалган шийдвэрлэхээр ажилладаг гэсэн үг юм. Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахдаа эрх, эрх чөлөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоодог онцлогтой ч хууль дээдлэх, хүний эрх, чөлөөг хүндэтгэх, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах ёстойг цохон тэмдэглээд Комиссоос баримталж буй бодлогын талаар танилцууллаа.
Тухайлбал,
- Зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгоход холбогдох байгууллагуудад санал хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих.
- Зөрчил шалгах ажиллагаанд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хангах чиглэлээр төв, орон нутгийн цагдаагийн газрын саатуулах болон эрүүлжүүлэх байрны орчин нөхцөлийг сайжруулахад тогтмол анхаарах.
- Хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх. Шинэ тутам үүсэж буй сорилт, бэрхшээлд тохирсон хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.