Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит туршлага судлах сургалт БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуулийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын тэнхимийн (Lab of digital conservation solution) дижитал соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лабораторитой хамтран 1 сарын хугацаатай зохион байгуулж буй бөгөөд сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан үндэсний музейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдаж байна.
Сургалтын хүрээнд соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны төрөлжсөн лабораторитой танилцах, 3 хэмжээст баримтжуулалт хийх олон төрлийн аргазүйн чиг хандлага, ялгаатай тал, судалгааны ач холбогдол болон давуу тал зэрэг орчин үеийн 3 хэмжээст метаверс технологийг хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны аргазүйд нутагшуулж соёлын салбарт хэрхэн ашиглаж болох талаар онол дадлага хослуулан суралцаж байна. Манай улсын талаас БНСУ-ын Кёнхи их сургуульд Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаа болон Монгол орны түүх, соёлын өв, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны ерөнхий ойлголт, сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.