Хуралдааны эхэнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа. Судалгааны үр дүнгээс шалтгаалан цаашид төрийн бүх шатны байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрт хүний эрх хамгаалах асуудлыг тусган хэрэгжүүлэх, тайлагнадаг байх шаардлагатай байгааг холбогдох албаныхан онцоллоо.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн, Дэд хорооны дарга С.Эрдэнэболд Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос дээрх танилцуулгад дурдагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдаж, шийдлээ хүлээж буй олон асуудлын шалтгаан нөхцөлийг тодорхойлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана гэв.
Үүний дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг сайжруулж зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал зөвлөмжийн талаар хэлэлцэж, хуралдааны төгсгөлд тус дэд хорооны үйл ажиллагааны тайлан болон ирэх оны төлөвлөгөөний талаар танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
