mmnews.mn | 2026-03-07
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Месес” ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн жил Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүчний асуудалд нь анхаарч, Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийн 6.3 км шугам холбосон. Монгол Улсын гангийн жилийн дундаж хэрэглээ 300 орчим мянган тонн байдаг. Гаднын хөрөнгө оруулалттай “Месес” компани нь жилд 100-120 мянган тонн ган төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ жил нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад импортыг орлосон, дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна. Тухайлбал, ДЦС-5, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам зэрэг том бүтээн байгуулалтын ажлууд хийхтэй холбоотойгоор төмрийн хэрэглээ нэмэгдэнэ. “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа барилгын компаниудад арматураа тус үйлдвэрээс авах чиглэл өгснөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Бид ойрын хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон бусад үйлдвэрүүдтэй танилцана” гэв.  

“Месес” ХХК-ийн захирал С.Амарбат “Манай үйлдвэр энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Бид дөрөвдүгээр сарын 10-аас ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүхий эдийн олдоц хэвийн байгаа бөгөөд цаашид хүдэр хайлуулах нэг зуух ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг хийлгэж байна” гэлээ.

Тус үйлдвэр нь нийт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дэлхийн дэвшилтэт технологийн металлургийн тоног төхөөрөмж, төмөр боловсруулах үйлдвэрлэлийн технологи, цэвэршүүлэх зуух ашиглан цельсийн 1080-3060 градуст төмөр хайлуулан 150 мм-ийн голчтой босоо хэвд цутгаж тасралтгүй цувих процессын аргаар олон улс болон Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын чанарын шаардлагыг бүрэн хангасан ган туйван үйлдвэрлэдэг.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ