Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай (2026.06.12) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын засгийн газрын тэргүүлэгч Бао Ган уул усаар холбогдсон бидний найрсаг, сайн хөрш Монгол Улстай бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж, худалдааны эргэлт есөн хувиар нэмэгдэж, боловсрол, эрүүл мэндийн хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжиж буйг онцоллоо. Тэрээр, дөрөвдүгээр сард ӨМӨЗО-нд эдийн засгийн тусгай гурван бүс туршилтаар нээгдсэн нь хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны агуулга улам бүр баяжиж байна гэлээ. Түүнчлэн Монгол Улстай боомтын хүчин чадлыг сайжруулах хүрээнд Замын-Үүд-Эрээний орох гарах гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухаан ашиглах зэргээр жишиг боомт болгох асуудлаар санал солилцов. 

Шадар сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарын мэндчилгээг хүргэж, хоёр улсын Төрийн тэргүүн нарын найрсаг харилцааны үр дүнд харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч чадсаныг онцоллоо. Цаашид хоёр орны бүхий л салбар дахь хамтын ажиллагаа одоо байгаа үеэсээ улам бүр хөгжих бүрэн боломж бий хэмээв. Энэ хүрээнд Бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдын хувьд Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд уялдуулан хөгжлийн чиг баримжаагаа судалж, бодлого төлөвлөлтөө хийж буйг дурдлаа. Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөрш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, баруун болон зүүн төмөр замаар гурван улсын эдийн засгийн коридорыг бодит үр дүнд хүргэх нь чухал гэдгийг тодотгож байна. Ингэснээр бүс нутаг, Төв Ази болон Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллах боломж бүрдэх юм гэлээ. Түүнчлэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хөрөнгө оруулагчдыг дэмжих, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл явуулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа. Тэрээр, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн тусгай бүсийг цоо шинэ түвшинд хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны томоохон үр дүн болгох сонирхолтой байгаагаа уламжлав. Мөн Эдийн засгийн тусгай бүсэд эм болон малын вакцины үйлдвэрлэл, барилгын болон хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Өвөр Монголын Өөртөө засах орны Засгийн ордны тэргүүлэгч Бао Ган Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чухал асуудал гэдгийг цохон тэмдэглээд малын шүлхий, мялзан зэрэг өвчний вакцин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв. Мөн мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, ноолуурын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлж байна.