mmnews.mn | 2026-09-18
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Улаанбаатар хотын 2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийслэлийн нутгийн захиргааны 104 байгууллага, НИТХ-ын төлөөлөгчдөөс санал авч, өнөөдөр батлууллаа. Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөгөөр авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүний хөгжилд анхаарсан олон төсөл хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгасан агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг эрчимжүүлнэ. Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлсэн. 2027 онд 10-15 мянган айлыг хий рүү шилжүүлж, дагалдах бэлтгэл ажлуудыг хийнэ. Энэ онд 8 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд шилжүүлсэн бол ирэх онд 25-30 сургуулийг шилжүүлнэ. Баруун салаа, Зүүн салааны 800 айлыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 10-15 хувиар бууруулна” гэдгийг тодотгов.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар "Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө", "Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай", "Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай" зэрэг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн баталлаа. 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ