Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Миний өдөр, Миний эрх, Миний ирээдүй” уриан дор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд тус зөвлөлийн тэргүүн Н.Учрал үг хэлж, хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн, цаашдын зорилтыг танилцууллаа.
Ерөнхий сайд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 37 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, хүүхдийн эрхийг хамгаалах хамгийн эхний алхам бол тэднийг сонсох гэдгийг онцлов. Бид хүүхдийн өмнөөс биш, тэдэнтэй ярилцаж, хамтын шийдвэр гаргах ёстой гэлээ. Мөн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хамгаалалд зориулсан хөрөнгө оруулалт нь зардал бус, хүний хөгжил болон улсын тогтвортой хөгжлийн үндэс гэв.

Ирэх онд боловсролын салбарт 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барина. Хүүхдийн хоолны төсвийг 194.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, зургаа, долоодугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна. Орон нутагт Кембрижийн хөтөлбөртэй, Ногоон, Google лаборатори, төрөлжсөн ахлах сургуулийн ажлууд эхэлнэ. Эрүүл мэндийн салбарт 264.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл, улсын эмнэлгүүдийн шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлнэ. Нийслэл, орон нутагт хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, хүүхдийн ордон, зуслан, гэр бүл хөгжлийн төв зэрэг бүтээн байгуулалтыг барьж, өргөтгөн шинэчлэхээр тусгажээ.
Хуралдаанаар “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, арга хэмжээний үр дүнг хэлэлцэв. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг бүртгэж, үнэлэн, шуурхай шийдвэрлэх тогтолцоо бүрдүүлж иргэдээс ирүүлсэн 998 эрсдэлийн 25 хувийг арилгажээ. Мөн байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт нэмэгдсэн байна. Сургууль, цэцэрлэгт түшиглэсэн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих хүүхдийн 83.5 хувь нь хамрагджээ.

Зочид буудлаар төлөвлөж байсан, нийслэлийн “Ногоон байр”-ыг “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” болгон тохижуулжээ. Тус ордонд робот техник, программ, инженерчлэлийн чиглэлээр жил бүр 3,000 гаруй хүүхэд суралцана. “Гэрт ойрхон хотхоны сургууль” хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд 9,700 хүүхэд гэрийнхээ ойролцоох сургуульд суралцаж буй бол 2026-2028 онд нийт 167 сургуулийг шинэ бүтэц, шинэ хөтөлбөрөөр хөгжүүлнэ.
Хуралдааны үеэр хүүхдүүдийн санал, санаачилгыг сонсож, төрийн бодлого, шийдвэрт тусгах болон “За бол Заавал хийе” хөдөлгөөний хэрэгжилтэд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарын санаачилга, манлайлал, хариуцлагын талаар хэлэлцэв. “Хүүхдийн төлөө гаргасан бодлого, шийдвэр бүр хэрэгждэг, амлалт бүр биелдэг, хариуцлага бүр эзэнтэй байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд анхааруулаад төр, гэр бүл, иргэн, аж ахуйн нэгж бүр хүүхдийн төлөөх үйл хэрэгт хамтын хариуцлага хүлээхийг уриаллаа.




