mmnews.mn | 2024-11-22
Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөгийг хандивлав

Улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ “ХНН”/ нэгдэж 500 сая төгрөг хандивлав. Хандив гардуулах ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

Уулзалтад ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар байлцаж, УБТЗ “ХНН”-ийн нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Б.Гантөмөр нар хүрэлцэн ирж оролцов.

ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Төмөр болон шилэн зуд хавсарсан нь эрсдэл ихээр үүсгэж байна. Зам харгуй нээж малчдад төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулж байгаа зэргээр үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулав. Мөн хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй энэ үед Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа төмөр замчид санаачилга гарган малчдадаа тусалж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хандивыг хууль, журмын дагуу хүлээн авч зарцуулалтыг шилэн дансаар нээлттэй мэдээлнэ гэлээ.

УБТЗ “ХНН”-ийн төлөөлөл, үндэсний эрх ашиг хөндөгдөхүйц хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж мал, малчин зутарч байгаа энэ цаг үед иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцолж хандивын аянд нэгдэхийг уриалав. 

 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ