mmnews.mn | 2024-11-22
Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймагт ажиллалаа

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна. Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн хэмжээнд 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Сумын төвөөсөө 16 километр зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагджээ. Тэднийх 400 гаруй толгой малтай тоолуулсан, 30 хувьтай нь л үлджээ. 
Сангийн сайдаар ахлуулсан шуурхай бүлэг хоёр хуваагдаж малчдад нэн яаралтай өвс тэжээл, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, сум, багууд руу зам гаргах, сумдад шаардлагатай машин илгээх зэргээр тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж байна.



Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас өөр аргагүй байна. Зургаан бүсийн чиглэлд шуурхай бүлэг гарч ажиллаж байна. Онцгой байдлын газраас хийсэн үнэлгээгээр Төвийн бүсийн гурван аймгаас Төв аймаг маш хүнд гэж гарсан. Төв аймгийн зарим сум шилэн зудтай байна. Ялангуяа, урд талын зургаан сум маш хүнд байдалтай байна. Шилэн зудтай Эрдэнэсант сумаас манай бүлгийн ажил эхэлсэн. Нийт зургаан сум байгаа учраас манай бүлэг хоёр хэсэгт хуваагдаж малчдын хотонд шуурхай тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Аймаг, сумын төрийн албан хаагч, онцгой байдлын ажилчид бүхий л боломжоороо сайн ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэсант сумыг тойрсон цасанд хаагдсан 1500 км замыг нээсэн. Харамсалтай нь тасралтгүй үргэлжилж байгаа шуурганаас болж хоёр хоногийн дараа өнөөх нээсэн зам буцаад хаагдчихаад байна. Тиймээс малчдад шаардлагатай эрүүл мэнд, өвс тэжээл болон бусад үйлчилгээг үзүүлэх, зэрлэг ан амьтдад ч өвс тэжээл хүргэх хэрэгтэй байна. Өнөөдөр малчдад нэн шаардлагатай тусламж нь хаагдсан зам, давааг нээх. Тиймээс сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, шатахуун олгож, зарим сумын ШТГ-дад тавьсан өрийг тэгэллээ. Дархан-Уул аймгаас тусламжаар хоёр ковш авчирч малчдын өвөлжөө рүү зам гаргуулахаар болсон. Мөн хивэг, тэжээл өвсийг малчдынд хүргүүлж байна гэдгийг хэлээд нэн хүнд энэ цаг үеийг монголчууд нэгдмэл байж давж гаръя гэж уриаллаа.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2024-02-22 10:57:58
202.126.91.26
Сүрхий каракул малгайгаа аваад өөр юм өмсөж , Ичсэн бна да
Төстэй мэдээ