mmnews.mn | 2024-11-23
Сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 сая төгрөг, 50 сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг УОК-т хүлээлгэн өглөө

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний дунд өрнүүлсэн малчдад туслах “Бид хамтдаа” сайн үйлсийн аяны хүрээнд хуримтлуулсан мөнгөн хандив, тусламжийн барааг УОК-т хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр (2024.03.01) ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Энэхүү цуглааны ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн “Бид хамтдаа-Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 гаруй сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үзүүлж байгаа энэхүү хандив, тусламж цас зудын хүнд нөхцөл байдалд байгаа олон малчин айл өрхөд хүрч сэтгэлийн дэм, итгэлийн гал болно хэмээн итгэж байна” гэдгийг онцоллоо.

Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн үндсэн үүргээсээ гадна иргэдэд учирсан гамшгийн хор уршгийг арилгахад, нэн ялангуяа, үер, зудны хүнд үед иргэд, малчдадаа байнгын дэм, тусламж үзүүлсээр ирсэнд баярлалаа. Энэ жилийн хаваржилд хүндэрсэн аймаг, орон нутагт гүйцэтгэж байгаа ажлын гол нурууг Зэвсэгт хүчин үүрч байна.  Энэхүү мөнгөн хандив, тусламжийн барааг УОК-т хүлээлгэн өгч байгаа Зэвсэгт хүчний удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлье” хэмээсэн юм.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан өнгөрсөн 3 сарын хугацаанд Зэвсэгт хүчний 15 нэгтгэл, ангиас 84 цэргийн алба хаагч, туулц сайтай 32 нэгж техниктэйгээр 14 аймгийн 1056 малчин айл өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээлийг хүргэж, 220 айлыг  нүүлгэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нийт 12.551 км зам даваа гүвээг нээж, зам гаргах, хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчид, ард, иргэдэд тусламж үзүүлсэн.

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гаргаж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2 дугаар сарын 19-ний өдрөөс Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 185 цэргийн алба хаагч 85 нэгж техниктэйгээр 17 аймгийн 64 сумын 2136 малчин өрхөд 1703 тн, өвс, тэжээлийг хүргэн, 46 айлыг нүүлгэн шилжүүлж, цасанд суусан 76 нэгж техникийг татан гаргаж, 16.026 км зам, 20 гаруй даваа гүвээг нээж иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Мөн Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2 дугаар сарын 27-ны өдрөөс Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангиас 214 цэргийн алба хаагч, ажилтныг 21 нэгж техниктэйгээр хүч нэмэгдүүлэн гаргаж хаваржилт хүнд байгаа Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт хаваржиж байгаа цөөн ам бүлтэй малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, цасанд дарагдсан гэр, хашаа, эд хөрөнгийг цаснаас гаргах, цасыг нь цэвэрлэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхлээд байгаа юм.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ