mmnews.mn | 2024-11-23
Баянзүрх дүүргийн охид эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс ХНХЯ, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагатай хамтран “Because i am a girl” охидын эрхийн чуулганыг 03 сарын 04-ний өдөр зохион байгуулна.
      Тус чуулган нь охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой.
       
Баянзүрх дүүргийн 500 охид оролцох тус чуулганд дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ, мөн дүүргийн Хүүхдийн элч “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн, “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү,  Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа нар Because i am a girl, Охидын манлайлал, Хандлагын хүч, Миний хайртай би зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.  
 
Оролцогчид:
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа
Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх
“Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү
Баянзүрх дүүргийн хүүхдийн элч “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн
 Загвар өмсөгч Б.Цэрэндолгор
 Эрх зүйч, мисс Б.Гүнзаяа
“Gangbay” хамтлаг
Хугацаа:
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14:00-16:00 цагийн хооронд
Зохион байгуулагдах газар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордон
 
Монгол Улс 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон бөгөөд 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталж хүүхэд хамгааллын тогтолцоо, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлсон. Хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд энэхүү эрхийг нийгмийн бүхий л орчинд хангах нь хүүхэд, өсвөр үеийн чадавхад, нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлнө хэмээн тодорхойлсон байдаг.
1995 онд 200 гаруй орон оролцсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Бээжингийн Тунхаглал ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ. Бээжингийн Тунхаглал нь охидын эрх гэсэн хэллэгийг анх дурдсан Тунхаглал юм.
Энэхүү Тунхаглалын үр дүнд жил бүр илүү олон охид сурч боловсрох эрхээ эдэлж, олон охид бага насандаа хүчээр гэрлэхээс татгалзаж чадаж байна.
Өсвөр үеийнхэн боловсролын систем дэх тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт болон өөртөө итгэх итгэл, өөрийнхөө хувийн орон зай, эрх мэдэлд халдсан гэмт үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцэж эхэллээ.  
НҮБ-ын судалгаагаар 15 хүртэлх насны хүүхдүүдийн 49 хувь нь гэр бүлийн орчинд хатуу ширүүн шийтгэлийг амсаж байна. Мөн интернетийн хүртээмж нэмэгдэж буйтай холбогдуулан цахим орчинд хүүхдүүд тэр дундаа охид зохисгүй контентод өртсөөр, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болсоор байна.
 
 Холбоо барих утас: БЗД ХГБХХХ. 91161029



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ