mmnews.mn | 2024-11-23
Охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ХНХЯ, Нийслэлийн БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагуудтай хамтран
“Because i am a girl” охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа. БЗД-ийн ЗДТГ-аас 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан  Охидын эрхийн анхдугаар чуулганыг Because i am a girl буюу “Би охин болохоор” гэсэн агуулгын хүрээнд олон улсын хүүхэд хамгаалал, охидын эрхийн хөдөлгөөнд нэгдэж охид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар дуу хоолойгоо нэгтгэхэд анхаарч байна.
Чуулганы эхний хэсэгт хүний эрх, хүүхэд хамгааллын оролцогч талууд болон шийдвэр гаргагчдын төлөөлөл болох ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа, ХГБХХГ, БЗД-ийн Засаг Дарга Н.Баярмөнх хүрэлцэн ирж төрийн бодлого шийдвэрт охидын асуудлаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Дүүргийн охидыг төлөөлөн Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ Because i am a girl, буюу охидын ялгаатай байдал, нийгмийн хэвшмэл ойлголтын талаарх илтгэл, “Охидын манлайлал”,  “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү Миний хайртай би Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа “Хандлагын хүч”, зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа.
Чуулганы хоёрдугаар хэсэгт охидын өмнө тулгамдсан асуудал, шийдлүүдийг нээлтэй ярилцах, чуулганы төлөөлөгч охидод болон оролцогч талуудад охидын  эрх, хамгаалал, оролцооны талаарх  анхаарах асуудалд чиглүүлж Загвар өмсөгч Б.Цэрэндолгор Эрх зүйч, мисс Б.Гүнзаяа, Өсвөрийн парламент хөтөлбөр-2023 дэд дарга Э.Энхрийлэн, Хөөрхөн зүрх ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн, МСДТ-ийн захирал Б.Цэвэлмаа нар панелистаар оролцож өөрсдийн зохион байгуулан ажиллаж байгаа туршлага арга зүй, үзэл бодол хуваалцлаа.
Статистик
БЗД-ийн хэмжээнд 0-18 насны нийт 160 мянга орчим хүүхэд байгаагаас ЕБС-д суралцаж буй 91 мянга гаруй хүүхэд байна.  Үүний 45 мянга гаруй буюу 49,5% нь охид.
2023-2024 онд БЗД-ийн хүүхэд хамгааллын байранд 321 хүүхэд үйлчилгээ авснаас 61% нь охид.
Дүүргийн хэмжээнд охидод тулгамдсан асуудлуудын хүрээнд онцолбол:
•        108, 102 утасуудад ирж байгаа дуудлагын 65 хувь охидын эрх, хамгаалалтай  холбоотой асуудал.
•        Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өсвөрийн кабинетээс өгсөн мэдээллээр 19-өөс доош насны төрөлт 2022 онд 175, 2023 онд 174 байжээ. Үр хөндөлт хийлгэсэн охид 2022 онд 3 2023 онд 7, жирэмсэн, тэмбүү хавсарсан охидын тоо 2022 онд 8 байсан бол 2023 онд 11 бүртгэгджээ.
 
1995 онд 200 гаруй орон оролцсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Бээжингийн Тунхаглал ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ. Бээжингийн Тунхаглал нь охидын эрхийг тунхагласан бөгөөд энэхүү тунхаглалын үр дүнд дэлхийн олон улсад охид эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөсөөр байгаа ч тулгамдсан охидын эрх, хамгааллын олон асуудал байсаар байна.
 
Чуулганаар эцэг эх асран хамгаалагч нартайгаа харилцах харилцаа, үерхэл нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, хувийн орон зай, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээ, чөлөөт цаг, зорилго зэрэг хөгжлийн олон асуудлыг ярилцахын зэрэгцээ нийгэмд тулгамдаж буй хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг мөн хэлэлцлээ. Тухайлбал охидын цахим дээрэлхэлтэд өртөж байгаа байдал нь хөвгүүдээс 2 дахин өндөр байгаа, Хүчиндэх гэмт хэргийн хохирогч охидын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд нийт хохирогчдын 46,8% нь 8-17 насны охид байна. Үүний 50% нь нийслэл хотод үйлдэгдэж байна. ЯХИС-ийн хийсэн судалгаагаар өсвөр насны судалгаанд хамрагдсан охидын 51% нь өөрийг нь хэн хамгаалах талаар муу мэдлэгтэй эсвэл огт мэдлэггүй байдаг бол 11% нь энэ талаар мэдлэгтэй гэжээ.
 
Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас 2022 онд хороодын хүүхэд хамгааллын хамтарсан багт сар бүр олгодог санхүүжилтээ 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2024 оныг хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ