Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс мэдээллийн технологийн сургалтын дэд хөтөлбөрийн хүрээнд (2024.03.11) “Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалтыг явуулав. Энэ удаагийн парламент нь хууль тогтоох үйл ажиллагаанд цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж, Тамгын газрын зүгээс өдөр тутмын үйл ажиллагаандаа техник, технологийн дэвшил, шийдлийг ашиглан түргэн шуурхай ажиллах туршлагыг бий болгосон хэдий ч мэдээллийн болон кибер аюулгүй байдлыг хангаж, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагад өртөхгүй байх дадлыг хэвшүүлэх, чадавхжуулах нь чухал хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нээлтийн үгэндээ онцолсон юм.
Монгол Улс нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатандаа кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийн менежментийн үндэсний чадавхыг бэхжүүлэхээр тусгасан байдаг. Тиймээс аюулгүй байдлын бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх шаардлагатайг сургалтын үеэр сургагч багш, бригадын генерал, доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх инженер, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх Д.Баасандамба сануулж байв.
Өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд оролцлоо.