Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан, “Тэсо” группийн гүйцэтгэх захирал С.Болор нар панелистаар оролцсон юм.
Нийслэлийн суурьшлын бүсийн 58.2 хувийг гэр хорооллын бүс эзэлдэг. Улаанбаатар хотын 1.7 сая орчим хүн амын 841 мянга нь орон сууц, 797 мянга нь гэр хороололд амьдарч байна. Замын хөдөлгөөний түгжрэл, төвлөрөл, агаар, орчны бохирдол зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор ажиллаж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулж байгаа бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан.
Хэлэлцүүлэгт оролцогчид дэд төвийн бүтээн байгуулалт, орон сууцжуулах бодлогын талаар дараах саналыг хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь барилгажих талбай байх бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нам давхрын орон сууц барина. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн байгууллагуудыг цогцоор нь төлөвлөж, нэгдсэн тогтолцоонд оруулан, жишиг дэд төв болгох юм. Дэд төвийг бүтээн байгуулахдаа хувийн хэвшил, иргэн хоёрыг холбож орхилгүйгээр төр оролцоотой байхаар ажиллаж байна. Тухайлбал, орон сууцжуулах ажлыг санхүүжүүлэхээр нийслэл олон улсын бонд гаргахаар болсон. Энэ бүтээн байгуулалтыг жишиг болгон хийгээд бусад дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх юм. Түүнээс гадна зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах бодлогод хамруулахын тулд ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох зайлшгүй шаардлага байна.
НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
-Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд гарсан алдаа нь хувийн хэвшилд даатгаад орхих, хэрэгжилтийг хянахгүй байх, дэд бүтэцгүй газарт дахин төлөвлөлтийн байршил заагаад түүнийхээ араас дэд бүтцээ шийдвэрлэх зэрэг асуудал байсан. Тиймээс уг алдааг засах, давтахгүй байх зорилгоор гэр хорооллыг орон сууцжуулахдаа дэд төвүүдийг түшиглэж байна. Эдийн засаг, хүн амын нягтрал багатай бүсэд эдийн засгийн эргэлтийг бий болгон, төвлөрлийг сааруулах юм. Орон сууц барих газрыг чөлөөлөхдөө иргэдийн амьдрах орчин нөхцөлийг дордуулахгүй байхад голчлон анхаарч байна. Хууль, эрх зүйн орчин ч бүрдсэн.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:
-Бүсчилсэн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай хийх нь зөв. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ иргэдийн эдийн засаг, санхүүгийн чадамж буюу амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд мөн анхаарах хэрэгтэй. Иргэдийн суурь асуудлыг шийдвэрлэж байж бусад асуудал шийдэгдэнэ. Хотыг тэлэхдээ нийслэл бодлого, төлөвлөлтөө гаргаад, гүйцэтгэлийг хувийн хэвшлээр хийлгэх нь зүйтэй.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач:
-Дэд төв, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн байгууламжаас гадна ажлын байрыг бий болгоход анхаарах хэрэгтэй. Тухайн бүсэд ажлын байрыг бий болгосноор замын хөдөлгөөний түгжрэл буурна. Мөн худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулах зэргээр цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Орон сууцжуулах бодлого бол хотыг зөв төлөвлөх боломж.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан:
-Гэр хорооллын бүс дэх иргэн, өрх бүрийн орлого, амьжиргааны түвшин адилгүй. Хашаандаа сайхан амьдаръя гэж байгаа айлууд санхүүгийн тодорхой чадамжтай байдаг. Гэтэл амьжиргааны түвшин доогуур, орлого багатай иргэд орон сууцанд тухтай амьдармаар байдаг ч ипотекийн зээлийн нөхцөл, шаардлагад хүрдэггүй. Манай хороодын иргэдийн зүгээс хөнгөлөлттэй зээлийн шаардлага, шалгуурын талаар их асуудаг. Тиймээс ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй.
“Тэсо” группийн гүйцэтгэх захирал С.Болор:
-Хувийн хэвшил аливаа бизнесийг хийхдээ урт хугацаанд хэрэгжиж, оролцогч тал бүр ашигтай байхад анхаардаг. Хамгийн чухал нь суурь судалгаа, олон улсын сайн жишиг. Барилга, бүтээн байгуулалтын ажил хийчхээд араас нь өөрчилж болдог зүйл биш учраас төлөвлөлтийн шатанд сайтар анхаарах хэрэгтэй. Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулахын тулд логистик, дэд бүтцийг эхний ээлжид шийдэх ёстой. Нийтийн хэрэгцээ, иргэдийн асуудлыг шийдэхэд нэгдсэн, цогц төлөвлөлт хамгийн чухал нь юм.