Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:
“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,
Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,
Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно
Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.
Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.
Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.
Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.
Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.
Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.
Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ.
Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.
Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.
Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.
Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.
Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.
Энэ дашрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.
Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.
Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,
Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.
Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.