Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо танилцуулав. Хуулийн төсөлд гэрлэгчид, хамтран амьдрагчдын гэрлэлт, түүнийг дуусгавар болгох, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, хүүхдийн асран хамгаалалт, үрчлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садныг тэжээн тэтгэх, харгалзан дэмжих зэрэг харилцааны хүрээг хамруулсан зохицуулалтуудыг тусгасан байна. Ингэхдээ, гэр бүлийн харилцаанд эцэг, эх, хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, үүний дотор, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхэдтэй хамт амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан хүүхдийн өмнө үүрэг хүлээхээр зааж, гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн, үрчлүүлсэн, дагавар хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил байхаар зохицуулж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд танилцуулгадаа онцолсон юм. Мөн тэрбээр, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх үүднээс гэрлэгчид гэрлэлтээ батлуулахаас өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор, сайн дураар ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдаж болохоор зааж, хэрэв холбоотой бол гэрлэхийг хориглохоор заасан гэлээ. Хуулийн төсөлд туссан бас нэг шинэлэг зохицуулалт нь гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагчдын харилцааг зохицуулсан явдал юм. Тэдэнд тавигдах шаардлага, эрх үүрэг, хамтын амьдралыг дуусгавар болгох, хүүхдийн асуудлууд зэрэг олон нарийвчтлсан харилцааг энд тусгасан байна. Түүнчлэн хуулийн төсөлд гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан зааж, тэдний эрх ашиг, эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон гэрлэлтийн гэрээний талаарх шинэ зохицуулалт нэмжээ. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг төсөлд нарийвчлан зааж, түүний үндэслэл, нөхцөл, үүсэн гарах үр дагаврыг ялгаж шинэчлэн найруулсан байна. Шүүхээс гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийг хамтад нь заавал шийдвэрлэхээр зохицуулж, тэтгэлгийн хэмжээг шүүх шийдвэрлэхээр заасан талаар Дэд сайд Б.Солонгоо танилцуулсан юм.
Түүний дараа Монгол Улсын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, бүтэц, хэв шинжийн талаарх 2018 онд хийсэн судалгааныхаа талаар Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцуулав. Уг судалгаанд 10 аймаг, 30 сум, нийслэлийн зургаан дүүргийн 62 хорооны нийт 2016 өрх хамрагдсан байна. Судлаачид монгол гэр бүлийн бүтцийг статистикын албан ёсны тоо баримтууд болон урьд өмнө хийгдсэн суурь судалгаанд суурилан дан буюу эцэг эх, үр хүүхдүүдээс бүрдсэн, нийлмэл буюу өргөжсөн, ургийн хэд хэдэн үеийнхэн хамтдаа амьдардаг, өрөөсгөл буюу эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүл гэж ангилжээ.
Мөн насны ангиллын хувьд ахмад, дунд, залуу гэр бүл гэж авч үзэхэд ахмад настай гурван гэр бүл тутмын нэг нь өрөөсгөл, дөрвөн гэр бүл тутмын нэг нь нийлмэл гэсэн дүн гарчээ. Гэр бүлтэй адилтгах харилцаатай буюу хамтран амьдрагчдын эзлэх хувь 13.5 байгаа бөгөөд нийслэлд давамгайлж байгааг судлаач хэлж байлаа. Гэр бүлийн уламжлал, үнэт зүйлийг тодруулах зорилгоор нэн шаардлагатай зүйлсийн эрэмбийг 2010 оны судалгаатай харьцуулан гаргасан байна. Энэ тухай асуултад судалгаанд оролцогчид доорх байдлаар хариулсан байна.
Монгол гэр бүлийн доторх харилцааны хэв шинжийг нэгдэл нягтралын (салангид, нэгдмэл) байдлаар авч үзэхэд 50 хувь нь салангид, 19 хувь нь тусгаарлагдсан байдалтай бол 25 хувь нь нэгдмэл, зургаан хувь нь өндөр түвшний нэгдмэл гэсэн дүн гарсан байна. Харин дасан зохицох чанарын (тогтсон болон уян хатан) байдлаар авч үзэхэд 73 хувь нь хөшүүн, 20 хувь нь уян хатан хэмээн дүгнэгджээ. Эдгээрээс монгол гэр бүлүүдийн 91.3 хувь нь дунд түвшний тэнцвэртэй гэр бүлийн төрөлд хамаарч буй нь харагдсан бөгөөд ийм гэр бүлүүд өөрчлөлтөд дасан зохицох чадвартай ч харилцаа холбоо тааруу, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдаг гэсэн дүгнэлтийг судлаач нар хийжээ.
Дээрх судалгаагаар хосуудын харилцаа, гэр бүлийн доторх эрх мэдлийн хуваарилалт, үүрэг, хариуцлага, түүний тэнцвэр, хүүхдийн хүмүүжилд хэрэглэдэг аргууд, нөлөөлдөг зүйлс, эцэг, эхийн оролцоо, тэдний боловсролын түвшин, амьдралын хэвшил, зуршил, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн нөлөөллийг хүртэл авч үзсэн байна. Гэр бүл салахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг судалгаанд оролцогчид анхаарал халамж дутагдах, эрүүл мэндийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэхчлэн нэрлэсэн бол бодит шалтгаануудыг үзэл бодлын зөрчил, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа гэхчлэн дурдсан байна. Доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцуулгаа дүгнэхдээ, монгол гэр бүлийн төр засгаас зохицуулалт, дэмжлэг хүссэн гол асуудал бол хөдөлмөр эрхлэх боломжийг өсгөх, орлого нэмэгдүүлэх явдал гэдгийг онцлоод, төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хөгжлийн болон дэмжин туслах үйлчилгээг бий болгож, гэр бүлийн амьдралын мөчлөг бүрийн хэрэгцээнд суурилан хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Тэрбээр, гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг өгүүлж, хуулийн хэрэгжилт, түүний шударга байдлыг иргэд урьд өмнөхөөс илүүтэй хүсэмжлэх болсныг тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг сонссоны дараа оролцогчид санал бодлооо хэлсэн юм. Хэлэлцүүлэгт дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг болон гэр бүл, ниймийн харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож, олон талын санал, байр суурийг илэрхийлэв. “Улаанбаатар эрдэм” Их сургуулийн багш Н.Алтангэрэл, шинэчилсэн найруулгын өсөл өмнөх хуулиас дээрдсэн юмгүй байна хэмээн шүүмжлээд, зарим дэвшилтэт зүйл байгаа боловч гэр бүл салалт зэрэг тулгамдсан асуудлуудынхаа суурь шалтгааныг олж хараагүй байна гэлээ. Тэрбээр гэр бүл салалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг анхааруулж, үүнийг бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч, эрх зүйн зохицуулалтыг боловсруулахад харгалзан үзэх шаардлагатай гэлээ. Мөн хүүхдийн тэтгэлэг эзэддээ очдоггүй, олддоггүй байдлыг харгалзан үзэж, сан байгуулах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Гэр бүл судлаач Х.Баавгай, гэр бүлийг эдийн засаг, нийгмийн харилцаа, эрх зүйн уялдаанд авч үзэх ёстой гээд, эдийн засгийн талаар хэрхэн урамшуулах, нийгмийн харилцааны хувьд зөвлөгөө өгдөг, үйлчилдэг төвүүдийг бий болгож хөгжүүлэх зэрэг асуудлыг уялдаатай шийдвэрлэсэн эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатайг онцлов. “Монголын чөлөөт ахмадын холбоо” ТББ-ын тэргүүн Г.Баасан, гэр бүлд тавигдах босго хугацааг 10 жилээс доошгүй байхаар тогтоосон хэрнээ хамтран амьдрагчдад таван жил тавьж өгсөн нь ямар харилцааг төр, засгаас түлхүү дэмжиж байна вэ гэдгийг харуулж байна гээд, гэр бүл бол гэрээн дээр биш итгэлцэл, хайр дээр тогтох ёстойг онцлов. Тэрбээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд сануулах, торгох зэрэг арга хэмжээ хэрэглэхгүйгээр шууд 9-30 хоног хорьж, гурван удаа давтвал эрүү үүсгэдэг нь тэр айлын амьдралыг эерүүлэх, өөрчлөх бус харин ч улам хүйрэх, салахад нөлөөлж байна хэмээгээд, айл гэрт бий болсон хүйтэн уур амьсгалыг дулаан болгох зохицуулалт хаана байна вэ гэсэн асуулт тавив.
Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Ундраа Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн харилцааны гол хууль болохыг онцолж, гэр бүлийн асуудлааг дагнасан шүүхийг нийслэлд байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, сум, дүүргийн соёлын төвүүдийг түшиглэн гэр бүлд зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах боломжийг хуульчлах, гэр бүлийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг илүү нарийвчлах шаардлагатай гэлээ. Мөн дагавар хүүхдүүдийг хамгаалах, гэр бүлээс гадуурх харилцааг шийдвэрлэх талаар хуулийн төсөлд нарийвчилсан заалтуудыг тусгах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв. Хуульч Б.Бадамханд, Монгол Улсын Үндсэн хуульд, гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэж заасан тул ижил хүйстнүүдийн харилцааг энэ хуульд тусгаж зохицуулах тухай саналуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, угийн бичиг хөтлөх тухай хууль хэрэгжихгүй байгаа тул ДНХ-ийн шинжилгээнд сайн дураар бус заавал хамруулдаг байхаар зааж өгөх хэрэгтэй гэсэн юм. Мөн тэрбээр, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа этгээдийг албадан ажил хийлгэдэг байхаар хуульлах санал дэвшүүлж, хүүхдийн тэтгэлгийг төлүүлж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нөхөр, эсвэл эхнэр гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа алдсан бол тэтгэлэг гаргуулна гэсэн заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаагаа хэлэв. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар настан буурлуудаа хүндэтгэх хүүхэд, залуусын хүмүүжил төлөвшлийн дээшлүүлэх, ахмад настны өмчлөлийг хамгаалах, асран хамгаалах үүргээ ухамсарлаагүй үр хүүхдэд хариуцлага тооцох асуудлуудыг хуульд тусгах шаардлагатай гэсэн бол Монголын Угийн бичгийн холбооны тэргүүн Н.Түмэн-Өлзий гэр бүлийн харилцааны үндсийг угийн бичигт суурилах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Hold International байгууллагын төлөөлөгч н.Тунгалаг, хууль хэнд зориулагдсан бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай гэсэн зарчмын санал хэлж, тухайлбал, хүүхэд үрчлэх асуудлыг гадаад, дотоодын иргэдэд өөр өөр зохицуулалттайгаар тусгах шаардлагагүй гэсэн саналтай байгаагаа дурдсан бол “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-ын тэргүүн Ч.Сэмжидмаа дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхдээс гадна нөхрөөсөө далдуур өөр хүнээс олж гаргасан хүүхдийн асуудал, мөн ижил хүйстний эмчилгээ, үйлчилгээний асуудлыг зохицуулах шаардлага бий талаар ярив. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үнэн шударга холбооны тэргүүн Г.Үнэнбаяр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг гэр бүлийнхэн нь залгидаг байдлыг таслан зогсоох, мөн хүүхдээ төрөнгүүт эмээ, өвөөгйнх нь нэр дээр бүртгүүлж, халамж, тэтгэвэр завших явдлыг хориглох нь зүйтэй гэлээ. Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг, гэр бүл цуцлахыг хориглох нөхцлүүдийн дотор хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдсан гэсэн нөхцөл байгаа нь гэр бүлийн хүчирхийлэгч этгээд ар өврийн хаалгаар, аахар шаахар шалтгаанаар групп тогтоолгочихоод хүчирхийллээ үргэлжлүүлсээр байх хуулийн цоорхой болох вий гэж болгоомжилж байгаагаа онцлов. Мөн Жи Би Эм консалтинг ХХК-ийн хуульч Б.Жавзанханд хуулийн зохицуулалтыг илүү нарийвчлахгүй бол хэтэрхий ерөнхий байна гээд, гэр бүлд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдийн хүрэлцээ муу байгааг анхаарах шаардлагатай гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдын санал, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нар хариулт, тайлбарт өгсөн юм. Гэр бүлийн тухай хууль бол энэ харилцааг зохицуулах ерөнхий хууль бөгөөд гэр бүлийг дэмжих харилцааг зохицуулсан хуулийг тусад нь гаргах шаардлагатай гэж үзэж байгаагаа Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг дурдав. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлаар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэж Ажлын хэсэг байгуулаад байгаа тул хэлэлцүүлэгт оролцогчид саналаа өгч, төсөлд тусгуулах нь нээлттэй талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тайлбарлаад, эмэгтэй гишүүдээс санаачилсан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг төлөгч этгээдийн орлогын 50 хувиар тогтоох тухай асуудалд мөн саналаа өгөөрэй гэлээ. Хэлэлцүүлэт оролцогчдоос гаргасан гэр бүлийн гадуурх харилцаанд эрүүгийн хариуцлага ногдуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой асуудлууд олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр хориглогдсон талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тодорхой тайлбарлаж, дагавар хүүхдийг хамгаалах зохицуулалт төрсөн хүүхдийн адил байна гэсэн заалтаар хэрэгжих боломжтой гэсэн хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.