mmnews.mn | 2024-11-23
Урлагийн сургуулийнхны дээрэлхэлт 10-аад жилийн өмнө ямархуу байв.....
Хичээлийн анхны өдөр анги дааж хариуцаж авсан багш танилцаж дуусаад, дээд курсын ах нар дээрэлхэх асуудал гарч магадгүйг сануулж байлаа. Хэд хоногоос ах нар дуудах юм байна гэж бодчихоод явж байтал багшийн сануулга хэтэрхий хурдан, хичээл тарахад л биеллээ олов.
Ангийн хөвгүүдийг дагуулж сургуулиас холхон очиж байгаад сүүлд зарим нэг киноны туслах дүрээр харагдах болсон тухайн үеийн 3-р курсийн залуу 1-р дүрэм, 2-р дүрэм... гээд л сургуулийн албан бус дүрмийг танилцуулж гарлаа. "Бид нарыг хүндэл, дуудсан үед бэлэн бай, битгий сургууль дотор мөрлөөд бай" гээд л ах нар ар араасаа томорч гарах нь тэр. Төгсгөлд нь ах нартаа архи авч өгөхийг тушаав. Гол нь бүгдийнх нь халаасан дахь мөнгийг шавхсаны дараа тийм даалгавар өгөх нь тэр. Мэдээж байгаа ганц сонголт нь нэгнийхээ утсыг ломбарданд тавих. Нэг өдөр нь тэгж салаад маргааш нь утсаа буцааж авах мөнгийг олох ёстой. Мэдээж маргааш нь дахин "дуудлага"-нд өртөхгүй бол шүү дээ.
Хичээлээ хийхийн хажуугаар багш, эцэг эхчүүдээс энэ байдлаа нууж, хааяа ах нарт зодуулж хөхөрсөн нүүрээ бас л нууж бүгдээрээ сэтгэлийн дарамттай, сургууль руу очихоос айдастай байдаг болов.
Сургуулийн анхны шинэ жилээр эрт урьдын цагт төгсөөд ажил хийж байгаа хөгшин ах нар ирчихсэн тухайн үеийн 3, 4-р курсэд сурч байсан, хип хоп дуу дуулж нэлээн олны танил болсон байсан хүүхдүүдийг зодож дээрэлхэж байгааг хараад их гайхаж билээ. Тэр олны танил хүүхдүүд бид нарыг дээрэлхдэг хүмүүс дунд харагдаж байгаагүй. Мэдээж уран бүтээл гээд завгүй, сургууль дээрээ ч бараг харагддаггүй байлаа.
Энэ байдал удаан үргэлжлэхийн хэрээр бид нар цаашид суралцах аргагүй болж, нэг дуудлагын үеэр архи авч өгч чадахгүй гэж эсэргүүцээд үхтлээ зодуулж байлаа. Авах юмгүй болсон царайтай хөвгүүд тойрч суугаад энэ байдлыг өөрчилье, бидний үеэр энэ заваан зүйл дуусаг гэж ярилцаад анги ахихын хэрээр ах нарын дарамтыг өөрсөд дээрээ авч доод курсынхнийгээ хамгаалдаг болов. Энэ үйлдэл чамгүй үр дүнгээ өгч байдал харьцангуй гайгүй болоод ирэв.
Гэвч биднийг төгсөх үед нөгөө уламжлал дахин бий болоод 3-ынхан нь 1,2-ыгоо, 2 нь 1-ийнхнээ дээрэлхсэн асуудал гарч сургууль энэ байдлаа дийлэхээ болиод бүх хөвгүүдийг хамарсан том хурал хийж байсан юм.
Энэ бол урлагийн сургууль болохоор угаасаа л тийм байдаг, ингэж байж хүндлэл үүсдэг гэж ярих ер нь буруу л даа. Ихэнх олны танил хүмүүс үүнийгээ дурсахдаа олон жилийн өмнөх хүүхэд үеийн болчимгүй явдал, буруу зүйл, энэ байдал өөрчлөгдөөсэй гэхгүйгээр байдаг л зүйл, хүмүүс л хэт дөвийлгөөд байна, манай сургуулийг муухай харагдуулж байна гэх хандлагатай байдаг нь өөрөө онцгүй үйлдэл шиг санагддаг.
Иймэрхүү асуудал хөндөх бүрдээ дурддаг нэг зүйл бол 2010 он хавьцаа Кино урлагийн сургуулийн оюутан сургуулийнхаа 00-д зодуулж нас барсан аймшигт хэрэг гарч байсан. Магадгүй тухайн үед сошиал хөгжсөн байсан бол түүний амийг нэхэх л байсан байх....




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ