mmnews.mn | 2024-11-22
Олон сувгаар ‘шахсан’ ярилцлагыг Ерөнхий сайд асан С.Баяр шүүмжилжээ

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын гол удирдагч агсан С.Зориг бусдын гарт онц хэрцгийгээр амь үрэгдсэнээс хойш даруй 26 жилийн нүүр үзээд байгаа хэдий ч уг хэргийн илрүүлэлт эргэж буцсан байдалтай, энгийн иргэд бидний хувьд үл ойлгогдом бантан жонхуу болж, харин ганц онцлог нь ээлжит сонгууль бүрийн өмнө эрчимтэй сөхөгддөг нэг ёсны суртал ухуулгын зэвсэг төдий болсоор байна.

Энэ удаад ч уг сэдвийг зүгээр орхисонгүй. 1998 оны 10 сарын 02-ны тэрхүү хар өдрөөс хойш хэвлэлд төдийлөн нээлттэй ярилцлага өгч байгаагүй Б.Булган /С.Зориг агсаны гэргий/ ТВ нэвтрүүлэгт орж гэнэт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь хүмүүсийн анхаарал, сонирхлыг ихэд татсан хэдий ч түүний дараа олон нийтийн сэтгэгдэл нэг л гонсгор, хардалт ихтэй болон үлдэв. 

Б.Булганыг өнгөрсөн 26 жилийн туршид юу эсийг туулсан гэхэв хэмээн өрөвдөх хэсэг байгаа ч ярилцлагын үед түүний илэрхийлж байсан үг хэллэг, биеийн хэлэмжийг өөлж шүүмжлэх хүмүүс ч мундахгүй олон байлаа.

Энэхүү ярилцлагын талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр олон нийтийн сүлжээ /Х/ хуудсандаа:

“Хэнтэй ч, юу ч ярьж болно. Гэхдээ тэр ярилцлагаа бүх ТВ-ээр шахна гэдэг нь ПРОПАГАНДА. БНАСАУ, ОХУ мэт улсад тэр нь үйлчилдэг байж мэднэ. Харин 30 жил манайх шиг задгай явж ирсэн нийгэмд тэр нь юу л бол” хэмээн бичжээ.

Үнэхээр ч иймэрхүү сэтгэгдэл олон хүмүүст төрсөн байх. Өмнө нь хийсэн “Улаанбаатараас ярьж байна” хэмээх нэвтрүүлэг мөн л ингэж бараг бүх сувгаар цацагдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Хөгжлийн банкны асуудал, нүүрсний хулгай гэх мэт халуун сэдвүүдийг нээлттэй хэлэлцэх замаар олон жил бугшаад буй авлига, хээл хахуулийн асуудалтай тууштай тэмцэнэ хэмээн зориглон зүтгэж байгааг дэмжмээр санагдах хэдий ч ийм явуургүй Пиар хийж өрсөлдөгчдөө намнахыг оролдож байгаа нь олон нийтийн дунд түүний рейтингийг доош нь чангаасан үйлдэл болоод байна. Өөрөөр хэлбэл,   сурталчилгаа нь цөмрөхаюулд орж магадгүй нь.

Сайхан, чанартай нэвтрүүлэг хийгээд, нийгэмд нөлөө бүхий ганц хоёрхон телевизээр цацсан бол илүү итгэл үнэмшил төрүүлж, үнэ цэнд хүрч мэдэхээр байлаа. Гэтэл 15 ТВ-ээр цацаад унахаар илтэд эргэлзээ хардлага төрүүлж, ард түмний тархийг угаах гэсэн зохион байгуулалттай үйлдэл мэт санагдан, олон нийт дургүйцэхэд хүрэв....

Г.Чингүн




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ