mmnews.mn | 2024-11-22
Хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. 


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын дүрэм”-д гарын үсэг зурцгаасан юм. Уг комиссын дүрмийг үзэглэснээр талууд цаашид олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэхээ харилцан нотоллоо. 


Мөн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар ноос импортлох нөхцөл харилцан зөвшөөрөх тухай мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг солилцов.


Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн бүлгийн дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Т.Аубакир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ